Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2026/00007

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 309/ШШ2025/01321 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

30 000 000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

“Би ******* гэх эмэгтэйтэй 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. ... 2015 онд *******д 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч Дорнод аймаг, Хэрлэн сумын одоогийн 11-р баг, 72б байранд 2 өрөө орон сууц авахаар болсон. Тус байранд орсны дараа үлдэгдэл мөнгө болох 30 000 000 төгрөгийг төлөхөөр болж “” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ******* гэх хүнтэй уулзаад Хаан банкны дансанд мөнгө хийгээрэй гэж хэлэхэд нь 2014 оны 01 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 01 сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус хийсэн.

... Гэтэл миний худалдан авсан гэж ойлгож байсан орон сууцыг “” ХХК нь *******, ******* гэх хүмүүстэй гэрээ байгуулан 2015 онд худалдаж, өмчлөх эрхийн гэрчилгээг тэдгээрт шилжүүлсэн байсан. Миний амьдарч байсан орон сууцыг “” ХХК бусдад худалдсан атлаа үүний дараа буюу 2017, 2018 онуудад тус компанийн захирал ******* нь надаас байрны үлдэгдэл төлбөр гэж 30 000 000 төгрөгийг үндэслэлгүй авсан. Тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээг *******, ******* гэх хүмүүсийн нэр дээр 2015 онд шилжүүлсэн байсан тул 3 шатны шүүхээс *******ын нэхэмжлэлийг хангаж, намайг тус орон сууцыг чөлөөл гэсэн шийдвэр гарсан.

Иймд *******ээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р багт байрлах ******* байрны ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөрт зориулж шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга: “... Манай эхнэр байрны гэрээ, төлбөр тооцоог хариуцдаг болохоор би энэ асуудалд оролцдоггүй байсан.

Манай эхнэрт Б.******* нь “Миний дүү нөхрийн хамт цэргийн ангид ажилладаг. Тэдний нэр дээр гэрээ байгуулж өгөөч” гэж гуйсан байдаг. Ингээд *******, ******* нартай гэрээ хийсэн бөгөөд байрны урьдчилгаа төлбөр болох 25 000 000 төгрөг 2015 оны 10 сард *******ын данснаас орж ирсэн. *******ын Б.*******д өгөөрэй гэж өгсөн 25 000 000 төгрөг манай дансанд орж ирээгүй.

... Харин 2016 оны 12 сарын 25-нд 15 000 000 төгрөгийн төлбөр хугацаандаа хийгдээгүй учир манай эхнэр Д.Лхагважав Б.*******тай холбогдож тооцоо хийхийг шаардахад ******* манай хүн тооцоо хийнэ гээд *******ын утасны дугаарыг өгсөн гэдэг. ... Ингээд Н.Энбаатартай ярихад “Тийм ээ, би удахгүй төлбөрөө хийнэ” гээд 2017 оны 01 сарын 04-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 27-нд 10 000 000 төгрөг, 2018 оны 01 сарын 23-нд 5 000 000 төгрөг хийгдэж 72б байрны ******* тоот 2 өрөө байрны тооцоо бүрэн төлөгдөж дууссан.

Бид Б.*******д итгэл хүлээлгэн байрны төлбөр тооцоо бүрэн хийгдээгүй байхад байрандаа оруулсан. Ер нь эдгээр хүмүүсийн хамт амьдарч байсан эсэх, эхнэр, нөхөр мөн эсэх зэрэг хувь хүмүүсийн дотоод асуудал нь надад огт хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

*******, Б.*******, ******* нарын хоорондын асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс үндэслэлгүйгээр авсан 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 307,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтуудад үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж байна.

1. Нэхэмжлэгч нь 2014 оноос эхлэн өөрийн хамтран амьдарч байсан Б.******* гэх эмэгтэйтэй харилцан зөвшилцөж орон сууцанд амьдрах зорилгоор түүнийг “” ХХК-тай уулзалт хийлгэж хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авахаар тохирч, өөрөө тус компани дээр очиж орон сууцыг сонгон авсан талаар нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан. ... Мөн тухайн орон сууцыг худалдан авахад хүрэлцэхүйц хөрөнгийн эх үүсвэргүй тул ... нэхэмжлэгчийн хамтран амьдарч байсан Б.*******гийн төрсөн дүү *******, түүний нөхрийн нэрээр орон сууц худалдан авах гэрээг байгуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрээр хангалттай нотлогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх орон сууцыг дангаараа худалдан авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ... Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн харилцан тохиролцсон нөхцөл байдлыг шүүх илэрхий буруу дүгнэлт өгч хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь орон сууцны ипотекийн зээлийг *******, ******* нарын нэрээр гарснаас хойш даруй 7 жилийн турш орон сууцандаа амьдрахдаа орон сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. *******гаас гэр бүлийн харилцаагаа дуусгавар болсонтой холбоотой үүссэн маргааны улмаас орон сууцны өмчлөлийн асуудал үүссэн нь хариуцагч тэдгээрийн өмнө үүрэг хүлээх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг “” ХХК-ийн захирал буюу хариуцагчийн дансанд хийсэн учраас орон сууцны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулах үүрэг үүссэн мэтээр шүүх шийдвэрийн агуулгаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчаас орон сууцыг худалдахдаа талуудын хүсэл зоригийн дагуу нэр заасан этгээдтэй гэрээг байгуулж улмаар арилжааны банканд зээлийн нөхцөл хангагдсан талаар хүсэлт илгээснээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан. Харин нэхэмжлэгч болон түүний хамтран амьдрагч Б.******* нарын хүсэлтээр ипотекийн зээлээс буцааж нэхэмжлэгчийн хамтран амьдрагч эмэгтэйд хариуцагч зээлүүлсэн дээрх мөнгийг буцаан төлөх нөхцлийг тохирсон гар бичмэл хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгчийн төлсөн гэх 30 000 000 төгрөг нь орон сууцны зээлийн үлдэгдэл үү, эсвэл “” ХХК- иас зээлсэн мөнгөө төлсөн үү гэдэгт анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадсангүй. ... Ипотекийн зээл “” ХХК-д орж ирснээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн ба үүнээс цааших төлбөр тооцооны асуудал нь тус компаниас зээлж авсан төлбөртэй хамааралтай байна.

3. Нэхэмжлэгч нь ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр “******* нь эдгээр хүмүүстэй нийлж намайг залилаад миний байрны өмчлөх эрхийг авсан" гэж тодорхой мэдүүлсэн. Нэхэмжлэгч тухайн үед орон сууцны эрхийг хэн залилсан талаар мэдэж байсан, тухайн үед залилсан гэх хүмүүстэй орон сууцны талаарх гэрээг хэрхэн байгуулах, гэрчилгээг хэний нэрээр авах, зээлийг хэн хэн авах талаар тухайн үед тохиролцсон нь ойлгомжтой байгаа нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс бодит дүгнэлт хийж өгнө үү.

4. Шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үр дагавартай холбоотой асуудлаар шаардлагаа тодорхойлсон. Тиймээс шүүх гэрээний талуудыг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцэхээр байхад төлбөрийг өөрийн дансаар хүлээн авсан этгээд болох *******ийг хариуцагч гэж дүгнэсэн нь хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна. Хэрвээ *******ийг хариуцагч гэж үзсэн нөхцөлд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн ямар харилцаа хэзээ үүссэн талаар шүүх шийдвэртээ тодорхой тусгаж, дүгнэх үүрэгтэй байсан боловч үүнийг хэрэгжүүлээгүй.

5. Анхан шатны шүүхээс *******ийн дансанд төлбөр шилжүүлсэн үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шинжтэй. ... Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл хэн энэ гэрээний үр дүнд үндэслэлгүй хөрөнгөжсөн бэ гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас огт өөрөөр буюу дур зоргын байдлаар хууль зүйн дүгнэлт гаргаж *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч шаардлагадаа үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгох ямар нэгэн шаардлага огт гараагүй байхад шүүхээс ийнхүү дүгнэж байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг авахдаа тухайн байрыг *******, ******* нарт 2015 онд зарагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан талаар *******т мэдэгдэх боломжтой байснаас үзвэл уг төлбөрийг авах үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2015 онд *******гийн эгч болох *******тай хамтын амьдралтай хэвээр байсан бөгөөд тухайн үед өөрөө дээрх нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байсан. Хариуцагчийн хувьд өөрийн хууль ёсны өмчөө гэрээний үндсэн дээр зарсан тул хөрөнгийг хэний нэр дээр шилжүүлсэн, хэнд зарсан талаар заавал бусад этгээдэд мэдэгдэх үүрэггүй байхад шүүх энэ үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий гараагүйн гол нотолгоо болно ...

8. ... Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарын хүрээнд дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтыг дур зоргын байдлаар дүгнэж байгаа нь хууль зөрчсөн.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг шүүх илэрхий буруу тайлбарласан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олсон байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх, эд хөрөнгө олж авсан явдал нь хууль болон гэрээнд үндэслээгүй байх нөхцлийг гэрээний бус үүргийн харилцаанд шаарддаг. Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний бус үүрэг үүссэн гэж дүгнэхдээ хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн ямар эд хөрөнгийг олж авсан, эсвэл нэхэмжлэгчийн зардлаар ямар эд хөрөнгөтэй болохдоо хууль болон гэрээг зөрчсөн ямар үйлдэл гаргасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ...

10. Хэрвээ хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-ын "шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэх хуулийг хэрэглэх ёстой байсан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт гаргахгүйгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэээгүй. Талуудын хооронд гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тооцох үүргийг шүүх хуулиар хүлээх бөгөөд энэ нэхэмжлэлийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйл баримт хангалттай нотлогдож байгаа тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар эд хөрөнгө олж авсан этгээд нь ******* гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байх ба шаардаж буй 30 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр бүхий орон сууц буюу эд зүйлсийг , гэх хүмүүс одоогийн байдлаар өмчилж, хөрөнгөжсөн нь талуудын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдоно. Хуулийн гол үзэл санаа нь " төлбөр биш эд зүйлсийг биетээр олж авсан" байх нөхцлийг шаардаж байхад хариуцагчийг өөрийн өмчийг худалдан борлуулсны төлбөрийг хүлээн авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан анхан шаты шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий биш, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

 “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. *******аас ******* рүү 30 000 000 төгрөг шилжүүлсэн үйлдэл хийгдсэн. Анхан шатны шүүхээс зөв дүгнэлт өгсөн. ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ “, нар хэн хэндээ мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй” гэдгийг хэлж байна. Энэ үгтэй санал нэгдэж байна. Мөнгө төлөх ёсгүй байсан. ... Тухайн мөнгийг зөвхөн *******т л шилжүүлсэн. мөнгө өгөх ёсгүй байсан учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. ... Гэхдээ тухайн үед үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг огт мэдээгүй байсан. Сүүлд буюу 2022 онд иргэний хэрэгт оролцох үедээ л мэдсэн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй байна. ...Хариуцагч нь “” ХХК гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ тайлбар үндэслэлгүй юм. гэх хувь этгээдийг тогтоож байгаа нь үндэслэлтэй бөгөөд зөв гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн хүний нэр бүхий данс руу 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх бөгөөд талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь “... тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээг *******, ******* гэх хүмүүсийн нэр дээр 2015 онд шилжүүлсэн байсан тул гурван шатны шүүхээс *******ын нэхэмжлэлийг хангаж, намайг тус орон сууцыг чөлөөл гэсэн шийдвэр гарсан учир *******ээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р багт байрлах ******* байрны ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилнэ ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч ******* эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Хэрлэн сумын 11 дүгээр багт байрлах 72б байрны ******* тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ... нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ... ” гэж мэтгэлцдэг.

5. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч *******ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “” ХХК нь *******, ******* нартай 2015 оны 01 сарын 05-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 72б байрны ******* тоот орон сууцыг худалдахаар тохиролцож улмаар улсын бүртгэлийн хэлтэст "" ХХК-аас орон сууцны үнийг төлсөн талаарх албан бичгийг, мөн *******, ******* нар өргөдөл болон холбогдох баримтыг бүрдүүлж өгснөөр 2015 оны 10 сарын 21-ний өдөр тэдний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, дээрх гэрчилгээ гарсны дараа нэхэмжлэгч Б. нь хариуцагч *******ийн ХААН банкны тоот дансанд 2017 оны 01 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн ******* нь *******ын хууль бус эзэмшлээс уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг  гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусгавар болсон үйл баримтууд тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтуудыг зөв тогтоосон байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх “ ... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

7. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасныг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоосон үйл баримттай холбогдуулан зөв тайлбарласан байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 309/ШШ2025/01321 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 309/ШШ2025/01321 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Г.УРТНАСАН

       ШҮҮГЧИД                                                                   Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                    

                                                                                               С.ГАНЧИМЭГ