| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 309/2025/00949/И |
| Дугаар | 201/МА2026/00008 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 201/МА2026/00008
“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 309/ШШ2025/01622 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,733,764.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,127,439.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 620,383.10 төгрөг нийт 8,481,586.44 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,733,764.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,127,439.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 620,383.10 төгрөг нийт 8,481,586.44 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: “*******, ******* нар нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “******* *******”-тай ЗГ4710004682 дугаарт зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сар, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сар, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар тус цалингийн зээлүүдийг авсан болно. Зээлдэгч ******* болон ******* нар нь 4710004682 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1981 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироосон байна.
Зээлдэгч ******* болон ******* нараас “******* *******” ХК-тай байгуулсан 4710004682 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,733,764.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,127,439.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 620,383.10 төгрөг нийт 8,481,586.44 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч *******, ******* нарын татгалзал, үндэслэл: “ ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, хүүг нь төлөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,646,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үндсэн зээл буюу 3,733,764,00 төгрөгийн зээлд хүүгийн төлбөрийг 110 хувиар бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны журамд заасны дагуу хүү төлбөр нь тухайн зээлдэгчийн авсан зээлийн 50 хувиас илүү гаргахгүй байх ёстой талаар заасан. ...” гэж тайлбарлан маргажээ.
6. Хэрэгт цугларсан баримтаар зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ4710004682 дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ” /нэмэлт цалингийн зээл/-ний дагуу 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ4710004682 дугаартай 3,500,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлдэгч нь нийт 1,290,552 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг *******инд төлж, 2,209,448 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчид олгосон зээлийн хэмжээг 4,800,000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдлийн нийт хэмжээг 6,709,448 төгрөг болгохоор тохиролцсон, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дээрх дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, *******наас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдлийг 7,792,322.63 төгрөг болгохоор талууд харилцан тохиролцож, “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ” /цалингийн зээл/-г байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь зохигчдийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.
Зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөх, зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлбэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
10. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас үндсэн зээл 3,733,764.00 төгрөг, үндсэн хүү 4,127,439.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 620,383.10 төгрөг нийт 8,481,586.44 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5,646,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх ба хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөөгүй бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна.
11. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан.
Хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан “Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 20-нд дууссан, зээлийн нийт үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 5,174,891.39 төгрөг байна. Үүнийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,306,695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 309/ШШ2025/01622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,857 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ