| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0292/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/308 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч И.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И.Б-ид холбогдох эрүүгийн 1938005910386 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, И.Б-,
Шүүгдэгч И.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт нагац эгч И.Эрдэнэчулууныг өмөөрч иргэн Х.Г-ийн толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт нагац эгч И.Эрдэнэчулууныг өмөөрч хохирогч Х.Г-ийн толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005910386 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 08-27 тоотод өөрийн гэртээ очиход эхнэр Эрдэнэчулуун маань гэртээ ганцаараа байсан. Тухайн үед эхнэр Эрдэнэчулуун маань намайг “гар утсаа аваагүй” гэсэн шалтгааны улмаас надтай муудалцсан. Тэгж муудалцаж байхдаа намайг барьж аваад байх үед нь би гарыг тавиулахдаа хүчтэй татахад эхнэр Эрдэнэчулуун маань уруул хэсгээрээ гоожуур луу мөргөөд уначихсан. Эхнэр Эрдэнэчулуун маань тэр айл руу орчихоод гарч ирэхдээ цагдаа болон эгчийнхээ хүүхдийг дуудчихсан байсан. Намайг жорлонд бие засаад байж байхад Эрдэнэчулууны дүү И.Б- гаднаас орж ирээд жорлон руу тоосго шидээд унасан. Тэгээд би бие засаад гарахад эхнэр Эрдэнэчулуун маань арын айлаас орж ирж таарсан. Эрдэнэчулуун дүүгээ харангуутаа над руу дайрсан. Тэр үед би эхнэр Эрдэнэчулууныгаа түлхэхэд Эрдэнэчулууны дүү И.Б- эгчийгээ өмөөрч намайг зодсон. Тухайн үед И.Б- миний толгой руу гараараа 3-4 удаа цохиж, хөл болон бие рүү маань 2-3 удаа өшиглөсөн. Ингэж байх үед л гаднаас Эрдэнэчулууны ээж болон цагдаа нар орж ирээд намайг авч явсан...Миний хувьд И.Б-гой маргалдаж муудалцсан зүйл байхгүй. И.Б- бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй. Миний бие одоо зүгээр байгаа. Өвдөж зовиурлах зүйл огт алга байна. Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
Гэрч И.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Х.Г-тойгоо гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Тэгж маргалдах үедээ нөхөр маань намайг угаалтуур луу уруулаар маань мөргүүлсэн. Тэгж мөргөхөд миний уруулнаас цус гарсан. Тэгээд би Х.Г-ийг бие засах гээд жорлонруу гарсан хойгуур хойд айл руу орж цагдаа дуудаж, эгчийнхээ банди болох И.Б-ийг дуудсан. Тэгчихээд буцаад хашаа руугаа ороход дүү И.Б- дүү маань ирчихсэн байсан. Тэгээд И.Б- дүү маань намайг цустайгаа холилдсон байхыг хараад уурлаад Х.Г-той ноцолдож зодолдож эхэлсэн. Тухайн үед нөхөр Х.Г- маань согтуу байсан. Тэгээд удаа ч үгүй байж байхад гаднаас цагдаа болон ээж маань ирсэн.Харин цагдаа нар Х.Г-ийг аваад явсан...Тухайн үед ямар ч байсан И.Б- дүү маань “чи эгчийн маань царай зүсийг яаж байгаа юм бэ” гээд мзргалдаж, барилцаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
Шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн гэртээ аав Идэр, ээж Цэндрагчаа нарынхаа хамт байж байхад миний нагац эгч Эрдэнэчулуун над руу залгаад “эгчийг нь Х.Г- ах нь алах гээд байна, хурдан хүрээд ир” гэж байсан. Тэгэхээр би “за” гэж хэлээд тэдний гэрт очсон. Эрдэнэчулуун эгчийн хашаанд ороход: Эрдэнэчулуун эгч уйлчихсан, нүүрнээс нь цус гарчихсан байдалтай байсан. Харин хүргэн Х.Г- ах жорлонгоос гарч ирээд “чи миний амьдралыг сүйтгэсэн” гээд над руу дайрахаар нь би түүнтэй барилцаж ноцолдсон. Тэгж ноцолдож байхад түүнийг цохиж, өшиглөсөн нь үнэн. Миний хувьд Х.Г- ахтай Эрдэнэчулуун эгчийг өмөөрч л маргалдсан. Тэрнээс биш түүнтэй маргалдах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Энэ асуудал гарснаас хойш би буруугаа хүлээж Х.Г- ахаас уучлалт гуйж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...Би хүнтэй маргалдаж, зодолдох нь надад ямар хор хохиролтой болохыг сайн ойлгож авлаа ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаартай: Х.Г-ийн биед хүзүүний 5-р нугаламын их биеийн цууралт, урд доод ирмэн сэлтэрсэн, тархи доргилт, баруун дээд зовхи, хоолой, хэвлий, зүүн шуунд цус хуралт, баруун хөмсөг, нуруу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Х.Г-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р тал/
Хохирогч Х.Г-ийн шүүгдэгч И.Б-той сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 41-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч И.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт нагац эгч И.Эрдэнэчулууныг өмөөрч хохирогч Х.Г-ийн толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хохирогчийн гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч И.Б- нь хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч И.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч И.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч И.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч И.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938005910386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч И.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938005910386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР