| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/01667/И |
| Дугаар | 201/МА2026/00009 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 201/МА2026/00009
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШШ20*******/01368 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
“95 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* бид хоёр 2019 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2020 оны 12 сарын 21-нд хүү *******, 2023 оны 08 сарын 16-нд охин ******* нар төрсөн. Таарч тохирохгүй байсаар 2024 оны 5 сараас тусдаа амьдарсан. ... Би 20******* оны 05 сарын 27-нд хүүхдүүдээ асрамжиндаа авч тэтгэлэг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. ... Бид хамт амьдарч байхдаа өөрийн гэсэн орон гэртэй болж үр хүүхэдтэйгээ жаргалтай сайхан амьдрах талаар олон зүйл төлөвлөж ярилцаж би жирэмсэн байхад ******* энхийг сахиулах ажиллагаанд явж байрны урьдчилгааны мөнгө хийж ирээд *******-р байрны ******* тоотын 3 өрөө 41 мкв талбай бүхий байрыг 75 000 000 төгрөгт тооцож авч, нөхөр байрны 30 хувь болох 22.5 сая төгрөгийг төлж 52.5 сая төгрөгөөр ипотекийн зээл авч байсан. Одоо энэ байрыг өөр хүнд түрээсэлж байгаа. Би хүүхдүүдтэйгээ өөрөө байр түрээсэлж амьдардаг. Хоёр бага насны хүүхэдтэй, амьдарч байгаа байр маань хүйтэн, байнга ханиад хүрдэг. Уг байрыг хамтын амьдралын явцад бий болсон хамтран өмчлөх орон сууц мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь нөхөр ажил хийж хөрөнгийн эх үүсвэрийг бий болгосон ч би тэр хооронд 2 хүүхэд төрүүлж, өсгөж ажиллах боломжгүй байсан. Гэвч амьдралдаа нэмэр болох гэж ажилдаа орж цалин мөнгөөрөө гэр бүлийн бүхий л хэрэгцээ байрны ашиглалтын зардал, үр хүүхдийн хоол хүнс зэрэг бүхий л хэрэгцээнд цалингаа зарцуулж, нөхөр зээлээ төлдөг байсан. Тиймээс хамтын амьдралд зориулсан хамтын хүчээр төлбөр мөнгө, амьдрал үр хүүхдээ авч явахад зориулагдсан хөрөнгө юм. Уг байрыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлбэл 130 000 000 төгрөг болно. Хүүхдүүд болон өөрт ноогдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна. Энэ байрыг надад болон хүүхдүүдийн эрх ашгийг төлөө үлдээхийг хүсч байна. Гэвч *******т ноогдох хувь хөрөнгө байх ёстой гэж үзэж байна. Иймд байрны үнийн ¾ хувийг буюу 95 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хүүхдүүдийнхээ ээжтэй танилцаж 2019 оноос гэрээр нь орж гарч цаашид хамтдаа сайхан амьдрахаар болж удалгүй бие давхар болсон. 2020 онд энхийг сахиулах ажиллагаанд явсан, явж ирсэн мөнгөөрөө буюу 22 500 000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгч 9 сая төгрөгөөр өөрөө засвар хийж 52 500 000 төгрөгийн Голомт банкнаас зээл авч *******-р байрны ******* тоотыг 75 сая төгрөгөөр худалдан авсан. Энэ байрыг худалдан авахад нэхэмжлэгч талаас ямарч мөнгө төгрөг гаргаагүй, би өөрийн хүч хөдөлмөрийн үр шимээр олж авсан миний хуваарьт хөрөнгө юм. Одоогийн байдлаар цалингаасаа сар бүр 326 000 төгрөгийг энэ байрны зээлэнд төлдөг. Нэхэмжлэгч бид хоёр гэр бүлээ батлуулж байгаагүй. Энхийг сахиулах ажиллагаанд явах үед хүү маань төрж шүүх хурлаар орж байж хүүгээ өөрөөрөө овоглосон. ...Бид таарч тохирохгүй болсон тул тусдаа амьдарч байгаа ба шүүхээр орж хүүхдүүддээ тэтгэлэгээ төлдөг. Нэхэмжлэгч нь тухайн үед чиний байраар дутахгүй гэх мэт хандлага гаргаж байсан ба анхан шатны шүүхийн шийдвэрт хэн хэн нь давж заалдаагүй. Би энэ байрыг хуваахыг хүсэхгүй байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, энэ байрыг авахад зөвхөн миний хөдөлмөрийн үр шимээр худалдан авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******оос 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие хүүхдүүдээ ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн амьдруулахын тулд Хэрлэн сумын 7-р багт байрлах 52 м2 тайлбайтай баригдаж буй байранд 215 сая төгрөгөөр байр худалдан авахаар захиалга өгсөн. ******* нь өөрийн өмчинд 3 өрөө байртай. Энэхүү байрыг тухайн үеийн ханшаар 95 сая төгрөгөөр үнэлж үүнийгээ 4 хувааж өөрт болон 2 хүүхэддээ ногдох хувийг өгүүлэх талаар нэхэмжлэл гаргасан. Байранд хувь нэмэр оруулаагүй гэх үндэслэлээр шийдвэрлэгдээгүй ч би түүний тайлбарыг сонсоод байр захиалаад авах болсноо хүртэл шүүхэд баримтаа өгсөн. Уг байрыг авахад эцэг хүн ч хүүхдийнхээ төлөө туслах үүрэгтэй гэдгээр янз бүрийн байдлаар нэхэмжлэлээ тайлбарласан боловч шүүх тэр талаар ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хүүхдийн төлөө бүхнийг гэдэг ч шүүх хүүхдүүдийд эрх ашгийг тэтгэлгээр хязгаарлаж байгаад гомдож байна.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* хамтын амьдралаа бол үгүйсгээгүй. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсон. Хүүхдийн тэтгэлэг төлөх талаар шүүхийн шийдвэр гарчихсан. Уг нь бол гэрлэлтээ батлуулсан эсэхээс үл хамааран хүүхдийн эрх ашиг хамгаалагдах ёстой. Гэтэл ингэж хоёр хүүхдэд хөрөнгө ноогдохгүй байх боломжгүй. Энэ бол эрх ашгийг нь зөрчиж байгаа явдал юм. ... Ер нь бол хүүхдийн аятай тухтай байдлыг хангах үүрэгтэй. Энэ бол зөвхөн ээжийнх нь үүрэг биш. Гэтэл шүүхээс хүүхдийн эрх ашгийг анхаар үзсэнгүй. Энэ хэсэгт дүгнэлт өгсөнгүй.*******д ноогдох хэсгийг өгөхгүй байя гэж бодъё. Гэхдээ хүүхдийн ноогдох хэсэг яригдах ёстой. ... Хамтран амьдрагч нарын дундын хөрөнгийг хуваах хуулийн заалт байхгүй ч гэсэн төсөөтэй харилцаагаар зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэх боломжтой. Иргэний хуулийн 129.3 дахь заалтыг баримтлах бүрэн боломжтой. Мөн 129.4, 129.5 дахь хэсгийг баримтлах боломжтой. ... 218 сая төгрөгийн байр захиалсан. Үүний урьдчилгаа 65 000 000 төгрөгийг төлөх ёстой, энэ мөнгийг төлөөд өгөөч гэдэг саналыг гаргаж байсан. ... Иймээс гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хоёр хүүхдийн эрх ашгийг хамгаалуулах, ядаж урьдчилгааны 65 000 000 төгрөгийг гаргуулах саналтай байна.” гэв.
6. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Судан улсад үүрэг гүйцэтгээд явж ирсэн. Тэр үеийн мөнгөн шагналаар байр авсан.******* уг нь өөртөө байртай. Тэр байрандаа ээжийгээ амьдруулдаг. Би уг нь тэтгэлэг авахгүй тухайн байрандаа очоод амьдарчих гэж хэлсэн. Гэвч тэтгэлгээ авна гэж хэлсэн. ... Би өөрөө бүтэн жил гаран явж байж мөнгө олж ирсэн.******* өөрөө юу ч авч байгаагүй. Ээжийнхээ авсан зүйлсийг өөрөө аваад л явсан. Би эрс эсэргүүцэж байна. Наад хүн чинь өөрөө байртай.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь *******-р байрны ******* тоотын 3 өрөө 41 мкв талбай бүхий орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж орон сууцны үнийн ¾ хувь буюу 95 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ тухайн орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч талаас ямар ч мөнгө гаргаагүй, өөрийн хөдөлмөрийн үр шимээр олж авсан миний хуваарьт хөрөнгө гэж тайлбарлан мэтгэлцдэг.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний болон гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, үйл баримтуудыг зөв тогтоосон байна.
6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той 2019 оноос эхлэн хамтран амьдарсан, тэдний дундаас 2020 онд хүү *******, 2023 онд охин ******* нар төрсөн бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь таарч тохирохгүй болж 2024 оноос 5 сараас тусдаа амьдарч эхэлсэн, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 05 сарын 27-ны өдрийн 309/ШШ20*******/00611 дугаартай шийдвэрээр хүү *******, охин ******* нарыг эх *******ийн асрамжинд үлдээж, хариуцагч *******оор сар бүр тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн, ******* нь тэтгэлэгийг сар бүр төлж байгаа үйл баримт тогтоогдож байна.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүх хуралдаан гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар “хэдийгээр *******, ******* нар нь хууль ёсны гэрлэгчид биш боловч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж, орон сууцнаас хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулж болно” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тогтоодохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндэслэлээ өөрөөр тайлбарлаж байгаа боловч талууд дээрх үндэслэлээр маргаж мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШШ20*******/01368 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ