Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 769

 

                              

 

 

 

 

 

2019        10          07                                    2019/ШЦТ/769

 

     

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтайван,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

иргэдийн төлөөлөгч Ц.Ундран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрээмарал овогтой Жигжидийн Энхбаатарт холбогдох эрүүгийн “1911000000767” дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Согоотын 18-827 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хүрээ марал овгийн Ж Э /РД:УП/,

Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-827 тоотод байрлах байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ж.Төмөрбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хэвлий болон хүзүүний баруун хэсэгт хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би тухайн өдөр ахтайгаа архи ууж байсан. Эхний 1 шил архийг уусны дараа би болих гэтэл ах чи байж бай гэж гарч явчихаад эргэж орж ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Тэгээд бид 2 дахин архи ууж юм ярьж суусан. Би ахад та битгий архи уугаад бай эхнэр, хүүхэд дээрээ очиж амьдар би таньд мөнгө өгье гэж хэлсэн. Гэтэл ах миний амьдрал чамд хамаагүй гээд агсан тавьж эхэлсэн. Би хэрүүл болно гэж бодож гэрээс гарах гэтэл намайг араас цохисон гэж бодсон. Миний хоолой боогоод би амьсгалж чадахгүй нүүр дагаж цус урсаж юу ч харагдахгүй байсан. Би ширээн дээр байсан хутгыг авсан. Би ахыг хэдэн удаа хутгалснаа ч мэдээгүй, тухайн үед яаж ийм үйлдэл хийснээ сайн санахгүй байгаа. Би гарч гэрийн үүдэнд байсан буцаж орохоор дахиад ах над руу дайраад байх юм болов уу гэж бодоод гадаа үүдний амбаарт сууж байсан. Нилээн байж байгаад орсон гэтэл ах хөнжил нөмөрчихсөн ахын царай нэг л хэцүү болчихсон харагдсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаж цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би хэсэг зуур зүүрмэглэчихсэн байх үед цагдаа нар ирж намайг авч явсан. Маргааш өглөө нь цагдаагийн хэлтэст байхад ахыг нас барсан гэж сонссон. Би мөрдөгчид бүх үнэнээ хэлсэн...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт миний хүүгийн ялыг нь багасгаж өгнө үү гэх,

Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08:00 цаг өнгөрөөгөөд босоод “Хүчит шонхор” зах луу мах авахаар явсан. Төмөрбаатар ах мөн босоод Баянхошуу руу ээж дээр очно гээд явсан. Ингээд би зах дээр очиж татсан мах аваад 10:00 цаг дөхүүлээд гэртээ иртэл Төмөрбаатар ах, ээж дээр очоод ээжээс 25,000 төгрөг авсан гээд нэг шил 0,75 литрийн “Монгол стандарт” архи аваад гэрт ирчихсэн байсан.Тэр авчирсан архийг нь Төмөрбаатар ах бид хоёр хувааж уугаад дуусаад Төмөрбаатар ах гарч яваад дэлгүүрээс дахин нэг шил 0,75 литрийн “Монгол стандарт” архи авчирч мөн тэр архийг нь хувааж уусан. Сүүлийн архийг нь уугаад бараг дуусаж байх үед би Төмрөө ахад энд ингэж архи ууж байхаар Ховдоос эхнэр, хүүхдээ авчир гэж хэлсэн. Түүнээс болоод Төмрөө ах надад миний хэрэг чамд хамаагүй гээд агсараад эхэлсэн. Тухайн үед ах бид хоёр нилээд согтсон байсан бөгөөд би аягүй бол хэрүүл зодоон болно гэж бодоод гэрээсээ гарах гээд том өрөөнд буйдан дээр сууж байснаа босоод үүд рүү алхтал Төмөрбаатар ах араас миний толгойны баруун тал руу хатуу зүйлээр цохиод миний толгой хагараад маш их цус гараад ухаан балартсан. Яг ямар зүйлээр цохисныг нь сайн санахгүй байна. Би бодохдоо үнсний сав, эсхүл архины шил болов уу? гэж бодож байна. Ингээд намайг газар унахад Төмөрбаатар ах миний дээр гараад хоёр гараараа багалзуурдахаар нь би ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг аваад Төмөрбаатар ахын цээж рүү нь хэд хэдэн удаа хатгасан. Ингээд бид хоёр ноцолдоод ах бүр над руу дайраад байхаар нь би ахаас мултраад шууд галын өрөө рүү ороод шүүгээнээс мөн бор иштэй заазуур аваад буцаж том өрөөнд ороод ахын нүүр болон бие рүү нь хэд хэдэн удаа заазуураар цохисон. Ингээд Төмөрбаатар ах газар унаад хэвтээд өгөхөөр нь би гадаа гараад жорлон руу очиж бие зассан. Миний толгойноос маш их цус гараад байхаар нь би жорлонгийн тэр хавьд хэсэг зогсож байгаад буцаад байшингийнхаа үүдэнд шатан дээр суусан. Тэр үед миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь буцаж гэртээ ороход ах буйдангийн урдуур газар хэвтчихсэн нүүр ам нь нил цус болчихсон байсан. Ингээд би хажууд нь байж байхад миний гар утас дуугарахаар нь автал манай эхнэр Эрдэнэцэцэг над руу ярихаар нь би эхнэртээ болсон бүх явдлаа хэлээд ахыг ухаан алдчихсан юм байна, миний толгойноос цус гараад тогтохгүй байна цагдаа дууд гэж хэлсэн. Ингээд би том өрөөндөө ахынхаа хажууд хэвтээд зүүрмэглэчихсэн байсан бөгөөд нэг мэдэхэд цагдаа нар орж ирээд намайг барьсан. Мөн түргэн тусламж ирээд миний толгойг боож өгсөн. Ийм л асуудал болсон юм...” гэх /хх-ийн 116-118х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Баянхошуунд өөрийн нөхөр Ганзоригийн хамт амьдардаг бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09:00 цаг болж байхад манай талийгаач хүү Төмөрбаатар манай гэрт ирээд баяр болж байна, идэж уух зүйл авах хэрэгтэй байна гээд надаас 25,000 төгрөг аваад явсан. Талийгаач хүү маань Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-827 тоотод дүү Энхбаатрынхаа хамт амьдарч байсан. Ингээд тэр өдөр би 14:00 цагийн орчим байх аа “Нарантуул” зах дээр хүнсний зүйл цуглуулаад явж байхад манай бага хүү Энхбаатарын эхнэр Эрдэнэцэцэг над руу залгаад Төмөрбаатар ах Энхбаатар хоёр архи уугаад хоорондоо муудалцаад байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод орхисон бөгөөд орой 18:00 цагийн үед гэртээ харьсан юм. Тэгтэл манай бэр Эрдэнэцэцэг над руу залгаад цагдаагийн хэлтэс дээр дуудаад байна гэхээр нь би гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Ингээд манай хүү Энхбаатар нь архи уугаад ах Төмөрбаатарыгаа хутгалаад амь насыг нь хохироосон хэрэг гарсан гэдгийг мэдсэн юм. Манай талийгаач хүү Төмөрбаатар маань архи уухаараа нилээд агсам тавьдаг, жаахан тавьтаргүй хүн байгаа юм. Харин бага хүү Энхбаатар бол архи уусан ч гэсэн агсам согтуу тавьдаггүй. Талийгаач бол архи уухаараа байнга л хутга, шөвөг бариад байдаг юм. Уг нь манай хоёр хүү хоорондоо их л эвтэй байдаг байсан. Талийгаач л архи уугаад агсам согтуу тавиад бага хүү маань тэсэлгүй ийм асуудал гаргасан байх гэж бодож байна...” гэх /хх-ийн 33-34х/,

Гэрч Б.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Талийгаач Төмөрбаатар бид хоёр 2008 онд танилцаад 2009 онд гэр бүл болсон бөгөөд надтай гэрлэхээсээ өмнө эхнэр, хүүхэдтэй байгаагүй байсан ба Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн байсан. Зан байдлын хувьд шударга зантай, цайлган цагаан ааштай, хүнд тусархуу хүн байсан. Харин архи их уудаг, архи уусан үедээ янз бүрийн ааш зан гаргаж агсам согтуу тавьдаг байсан. Ер нь архи  уухаараа хүн зодох гээд жаахан харгис ширүүн зан гаргадаг байсан. Тийм болохоор үүнээс болоод бид хоёр салсан. Хамгийн сүүлд талийгаач манай аавтай муудалцаад хутга шөвөг барилцаад манай аавыг хутгалаад энэ хэрэг нь шалгагдсан. Талийгаач нь Энхбаатар гэдэг дүүтэйгээ энгийн гайгүй л харилцаатай байсан. Харин архи уухаараа хоорондоо таардаггүй хэрэлдэж маргалдаад байдаг байсан...” гэх /хх-ийн 37-38х/,

Гэрч Л.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Манай нөхөр болох Энхбаатар нь надтай цуг амьдардаггүй бөгөөд өнөө өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цаг өнгөрч байхад би гэртээ байхдаа өөрийн утсаар Энхбаатарын ах Төмөрбаатарын 88847011 дугаартай утас руу залгахад Энхбаатар утсыг нь авсан. Би Энхбаатарын ходоод нь өвдөөд байдаг болохоор яаж байна гэж асуухаар залгасан. Тэгэхэд Энхбаатар утсаа аваад охин яаж байна гэж асуугаад ойр зуурын зүйл ярьж байгаад тавьсан. Тэр үед өөрөө гэртээ байна гэж хэлсэн ба гэр нь Дэнжийн 1000-ын Булгийн 18-827 тоотод байдаг. Ярих үедээ жаахан халамцуу байх шиг байсан. Төмөрбаатар ахтай цуг байна гэж хэлсэн. Ингээд утсаа салгачихаад байж байхад нэг л муу совин татаад байсан учраас санаа зовоод дахиад 14:30 минутын үед би эргэж залгасан. Бид 2 уг нь өдөрт байнга л хоорондоо ярьдаг бөгөөд Төмөрбаатар ахын утасны гарах ярианы эрх нь хаагдчихсан учраас залгаж чадахгүй байгаа юм байна гэж ойлгоод би өөрөө дахин залгасан. Тэгэхэд утсаа Ж.Э аваад байна уу гэхэд байна гээд л нэг л их сонин ярихаар нь яасан бэ гэхэд би Төмөрбаатар ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Яаж байгаа юм бэ юу болоод та 2 чинь зодоон цохиондоо хүрчихвээ гэхэд Төмөрбаатар ах ч бас намайг хутгалсан гэж хэлсэн. Яг юунаас болж хутгалсан гэдгээ хэлээгүй. Чи чинь юу яриад байгаа юм бэ би цагдаа дуудах уу гэхэд яах гээд байгаа юм бэ байж бай гэж хэлээд өөрөө утсаа салгасан. Би үүнийг сонсоод бие хачин болчихоод гэртээ сууж чадахгүй байж байгаад дахиад 20 орчим минутын дараа утас руу нь залгахад Энхбаатар утсыг аваад миний тархи толгойноос цус гараад байна. Тэгээд ах ч гэсэн их сонин болчихлоо нэг л биш байна. Миний бие ч гэсэн их сайнгүй байна чи цагдаа дуудчих гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд би шууд 102 руу утсаар яриад ах, дүү хоёр хоорондоо муудалцаад хутга, шөвөг болчихсон байна. Очоод шалгаад өгөөч гэж хэлээд хаягыг нь өгсөн. Цагдаад дуудлага өгөөд эргээд дахин Төмөрбаатар ахын утас руу залгасан боловч утас нь дуудаад байсан ба утсаа аваагүй...” гэх /хх-ийн 41-43х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1534 дугаартай дүгнэлт:

-Талийгаачийн цогцост хүзүүний баруун хэсэгт хатгагдаж арьс өөхөн эд, булчин, улаан хоолойд нэвтэрсэн шарх, дух, духны зүүн, баруун нүдний гадна, зүүн доод зовхи, зүүн хацар, амны баруун булангаас доод уруул дотогш амны хөндий рүү нэвтэрсэн, ооч, эрүү, баруун чихний дэлбэнгийн доод хэсэгт бүрэн бус тасдагдсан, баруун мөр, зүүн мөр, цээжний зүүн хэсэгт 6, 7-р хавирганы түвшинд, нурууны зүүн хэсэгт, зүүн, баруун шуу, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр цээж, хэвлий, нуруунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

-Дээр гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Талийгаачид үүссэн гэмтлүүдийн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

-Талийгаач нь дээрх гэмтлийг аваад идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй.

-Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

-Талийгаач нь хүзүүний баруун хэсэгт хатгагдаж арьс өөхөн эд, булчин, улаан хоолойд нэвтэрсэн шархны улмаас амьсгалын замд гадны биет буюу цусаар бөглөрсний улмаас нас баржээ.

-Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь В/3/ бүлгийн цустай байна...” гэх /хх-ийн 53-55х/,

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Дээрх гэмтлүүд нь бүгд амьд үед үүссэн гэмтлүүд байсан ба тодорхой хэмжээнд өвдөлт зовиур үүсгэнэ...” гэх /хх-ийн 58-59х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4058 дугаартай дүгнэлт “... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 25 см урттай бор өнгийн иштэй хутга, 28.2 см шаргал өнгийн иштэй заазуур, 33 см урттай модон иштэй хутга, №1 гэж дугаарласан байшингийн шатан дээрээс бэхжүүлсэн гэх арчдас, коридорын хэсгээс авсан гэх улаан хүрэн өнгийн нунтаг, №2 гэж дугаарласан хатсан улаан хүрэн өнгийн нунтаг, №9 гэж дугаарласан арчдас, мишок дээрээс авсан гэх улаан хүрэн өнгийн толботой даавуу, №11 гэж дугаарласан дэрний уут дээрээс авсан гэх арчдас, №7 гэж дугаарласан арчдас, №3 гэж дугаарласан арчдас, хашааны үүдний хэсгээс авсан гэх чулуу дээр цус илэрсэн. Уг цус нь В/3/ харьяалалтай байна...” гэх /хх-ийн 90-91х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3635 дугаартай дүгнэлт “... Цамцанд гарсан 75х8 мм, хар ногоон футболканд гарсан 38х5 мм, 15х2 мм, 15х3 мм, 2.5 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай байна.

Саарал өмдөнд гарсан 4 см, хар ногоон футболканд гарсан 30х5 мм хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна.

Саарал өмдөнд гарсан 4х3 мм хэмжээтэй цоорхой халалтын улмаас үүссэн, түлэгдсэн цоорхой байна.

Хар ногоон футболканд гарсан 2х2 см, 5х4 мм хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогдогдох татах хүчний үйлчлэлээр гарсан байна...” гэх /хх-ийн 93-95х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4057 дугаартай дүгнэлт “... Талийгаач Ж.Төмөрбаатарын хэрэг болох үед өмсөж байсан гэх ногоон өнгийн футболк, урд хэсгээрээ гар оруулагатай, хөх өнгийн өмд, хар өнгийн өрөөсөн пүүз, саарал өнгийн нэг хос оймс, цэнхэр өнгийн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь В/3/ бүлгийн харьяалалтай байна. Яллагдагч Ж.Эын өмсөж явсан гэх цагаан өнгийн цэнхэр эрээн футболк, саарал өнгийн биеийн тамирын өмд дээр цус илэрсэн. Уг цус нь В/3/ бүлгийн харьяалалтай байна...” гэх /хх-ийн 97х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8472 дугаартай дүгнэлт:

-Ж.Эын биед баруун чамархайд шарх тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 61х/,

Шүүх, сэтгэц эмгэг судлалын 932 дугаартай дүгнэлт “...Сэтгэцийн онош эрүүл, Ж.Э нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай...” гэх /хх-ийн 64-65х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4х/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-18х/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23х/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26х/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол...” /хх-ийн 28х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж,  бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Шүүгдэгч Ж.Э нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-827 тоотод байрлах байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ж.Төмөрбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хэвлий болон хүзүүний баруун хэсэгт хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ж.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25 см урттай, ажлын хэсгийн урт нь 14  см, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, нийт урт нь 28,5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17,5 см,  шаргал өнгийн иштэй заазуур 1 ширхэг, нийт урт нь 33 см урттай, ажлын хэсгийн урт нь 20 см, модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүрээ марал овгийн Жигжидийн Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Эт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25 см урттай, ажлын хэсгийн урт нь 14  см, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, нийт урт нь 28,5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17,5 см,  шаргал өнгийн иштэй заазуур 1 ширхэг, нийт урт нь 33 см урттай, ажлын хэсгийн урт нь 20 см, модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                     ШҮҮГЧИД                               С.БАТГЭРЭЛ

                                                                               Б.ХАЛИУН