Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2026/00010

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 309/ШШ2025/01439 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д  холбогдох

9 000 000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “...******* нь “*******” ХХК-д авто засварчнаар ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж өгсөн. Гэтэл өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүйгээр 3 сар орчим болж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. ... Уг нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөх хүсэлттэй байсан. *******гийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Өвдөж зовсон зүйл байгаагүй. Тиймээс 1 сарын хугацаанд хүсэлт гаргаж, шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл сүүлийн 3 сарын хугацаанд нийгмийн даатгалыг төлөөгүй байгаа талаар мэдэгдсэн. Ингээд ажилгүйдлийн тэтгэмж авах боломжийг алдагдуулсан. Энэ байгууллага өөрөө цаг хугацааг удаашруулсан.

Ер нь иргэн, ажилтнаас гаргаж өгсөн хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж өгөх ёстой байсан. *******гийн эхнэр нь удаа дараа тухайн байгууллага дээр очиж уулзаж байсан. Энэ байгууллага өөрөө тушаалыг гаргахгүй 3 сарын хугацааг өнгөрүүлсэн. Тиймээс л ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн. Тиймээс шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн ... 33.1.6 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, эсхүл хугацаа алдсан бол ажил олгогчоор төлүүлэх үүргийг мөн хуульчилж өгсөн байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд мөн нийгмийн даатгал төлөх хугацааг нарийн зааж өгсөн байдаг. Гэтэл энэ байгууллагын алдаатай үйлдлээс болж сүүлийн 9 сарын нийгмийн даатгалыг төлж барагдуулаагүй байна. Тухайн нийгмийн даатгалыг төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмжийг авах боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуульд буруутай этгээдээс 0.3 хувийн алданги тооцох боломжтой байсан. Мөн сэтгэл санааны хохирлыг авах боломжтой. Байгууллага дээрээ ажиллах ямар ч боломжгүй байсан. Авто засварын газрын ахлахаар ажилладаг байсан ч албан тушаал бууруулсан. Үүнээс болж доор нь ажилладаг байсан хүнийхээ доор ажиллах болсон. Иймд нийт 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* хариу тайлбартаа: “... *******д Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.1-т заасны дагуу өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээг авч өөртэй нь уулзсан. Тухайн үед хувийн бизнесээ хийх төлөвлөгөөтэй байгаа ба 11 сарын 01-ээс ажлаас гарах гэж байсан тухайгаа ярьж байсан.

Тухайн уулзалтаар ******* нь ажлаас гарах өргөдлөө өгөөгүй байсан боловч ажлаас гарах болсноо тус өдөр мэдэгдсэн учир удирдлагын зүгээс хийх ёстой хугацаандаа хийгээгүй байсан ажил болох 2 хроп, 1 мотор угсарч ажиллагаагүй зогссон техникээ бүрэн ажилладаг болгох талаар ярихад тус хийгдээгүй хүлээгдээд удаж буй ажлыг хийж гүйцэтгэж дууссаны дараа ажлаас гарахаар тохирсон. Гэвч тус уулзалтаас хэдхэн хоногийн дараа буюу 2024.09.23-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн.

... ******* нь 9 дүгээр сарын 25-ны өдрөөс ажилдаа ирээгүй бөгөөд утсаар залгахад утсаа авахгүй байсан ба хүний нөөц хариуцсан ажилтан болон хэсэг нэгжийн ажилтнууд нь ээлж дараалан залгаж байсан боловч утас нь холбогдох боломжгүй болсон.

... Хэсэг нэгжийн ахлах ажилтнуудыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж шийдвэрлэх үед ажил хүлээлцүүлэх эрх бүхий комисс томилсон Гүйцэтгэх захирлын тушаал гаргаж ажил хүлээлцсний дараа тойрох хуудас бөглөснөөр тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гарган чөлөөлдөг. ******* нь хэсгийн ахлагчаар ажилладаг байсан тул дээрх ажлаа хүлээлцдэгийг мэдэж байсан боловч ярилцсаны дагуу хийж дуусаагүй ажлуудаа хийлгүйгээр ажлаа орхин явснаас гадна ажлаа хүлээлцэх, тойрох хуудас зуруулах болон өөр ажилд ороогүй бол ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа байдаг талаар мэдээлэл өгөх гэж удаа дараа холбогдоход утсаа аваагүй тул компанийн зүгээс тухайн ажилтныг эргэн холбогдож, ажилдаа эргэн орох эсвэл ажлаа хүлээлцэх эсэхийг тодорхой болгох шаардлага үүссэн.

... Компанийн зүгээс хуулийн дагуу 30 хоногийн дотор ажлаас чөлөөлөх тушаал гаргах боломж олголгүй тус ажилтан ажлын байраа орхиж явсан төдийгүй, ажил хүлээлцэх ямар нэгэн баримт үйлдээгүй, тэтгэмжээ авах эрхийн дагуу 4 долоо хоногийн дотор багтаж ирээгүй нь компанийн үндсэн үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг алдагдуулж, компанийн багаж, сэлбэг хэрэгсэл, үндсэн хөрөнгийг тулган баталгаажуулах ажил хийгдээгүйгээс дараагийн ажилтанд ажлын байрны тодорхойгүй байдал үүсэх түүнээс шалтгаалсан хүн хүчний зохион байгуулалт алдагдах зэрэг тодорхойлж тооцоолох боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдлууд компаний өмнө тулгарч байсан. *******гийн манай компанид хөрс хуулалтын ажилд түрээсэлж байсан машины түрээсийн хугацаа дуусаж ажиллахгүй болсон ба 11 дүгээр сарын сүүлээр “ДБЭХС” ТӨХК-ийн нүүрс тээврийн ажилд уг машинаараа тээвэр гүйцэтгэж байгааг манай компани баттай мэдсэн учир компанийн зүгээс тус ажилтныг эргэж ирэхгүй болжээ гэж үзэж ажлаас халах тушаалыг албажуулж 2024.12.02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг гаргасан. ******* нь 2024.12.30-ны өдөр оффис дээр ажлаас гарах тушаалаа авахаар ирлээ гэсэн ба тухайн өдөр тойрох хуудсаа зуруулсан баримт үйлдсэн бөгөөд түүнээс өмнө нэг ч удаа компани дээр ирээгүй. ...” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 33 дугаар зүйлийн 33.1.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Тус иргэний хэргийг шүүх хуралдаанд хэлэлцэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн болон Монгол Улсын Үндсэн хуулийн гол агуулгыг үндэслэл болгоогүй бөгөөд тус компанийн төлөөлөгчийн тайлбараар тус хэрэгт маш нэг талыг барьж хандсан бөгөөд тушаалаа гаргуулах хүсэлтэйгээ илэрхийлж удаа дараа очсон болохоо дурдсаар байхад хуулийн 30 хоногт биш 14 хоногтоо өөрөө шийдэж өгнө гэдгээ ам өчигөө ******* захирал нь өгсөн атлаа тус хугацаандаа ч чөлөөлөөгүйгээр үл барам 30 хоног гэж заасан хуулийн хугацаагаа ч өнгөрөөж шийдсэн явдал нь бидний нэхэмжлэл гаргах үндсэн шалтгаан билээ. Үүнийгээ тус хуулиудаар тайлбарласаар байтал тушаалаа гуйлгаж гуйлгаж 12 сард өгснөө тус өдрөө тойрох зуруулсан болж албажуулсан баримтыг шүүх авч хэлэлцсэнийг гайхаж байна. Яагаад гэхээр хуулийн 30 хоног бүтэн сар дууслаа шууд л удаа дараа эхнэр нь очиж асууж байхад гаргаж өгөөд тойрох дээрээ гарын үсгээ зуруулах байсан атал хэзээ хойно зуруулж тушаалаар барьцаалж зуруулсан явдал билээ. Иймд тус шүүх нь дээрх хуулийн үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулинд ч шийдэхээр бол 30 хоногийн дотор шийдэх зохицуулалттай буюу үүнийг тус хуулийн 79.2-т заасныг огт үндэслэж авч үзэлгүй шийдвэрийг нэг талыг барьж гаргасныг гайхаж бас гомдолтой байна.

... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.” гэж дээрх бүх хуулиудад 30 хоногтоо тойрохоо зуруулж шийдэж өгөх ёстой хуульчилсан атал хуулийн дагуу бус шийдсэн гэж тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгч миний гомдлыг тус компаниар барагдуулуулж өгнө үү. ” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь үнэн. ... *******гийн хувьд хийгдэж дуусаагүй ажлууд нэлээн их хугацаа орохоор байсан болохоор гурван долоо хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд ажлаа хийгээд, ажлаа хүлээлцүүлээд албан ёсоор тушаалаа гардаж авахаар тохиролцсон. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй. ... Өөр ажил, албан тушаалд томилогдсон эсхүл сонгогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно. *******г өөр ажилд орсон талаар нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баримттайгаар мэдсэн учраас ажлаас чөлөөлөх тушаалыг нь энэ өдрөөр гаргасан. Энэ тухай *******д мэдэгдэхээр олон удаа утасруу залгасан боловч утсаа аваагүй, ирэхгүй байсаар 12 сарын 30-ны өдөр ирээд тушаалаа авсан. ... Бид *******г ажилдаа ирээгүй болохоор тухайн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажилтнаа хохироохгүйн тулд ажлаас чөлөөлөгдөх тушаалыг нь гаргалгүйгээр хүлээж байсан. Хийж дуусгах ажлаа ч хийгээгүй, хүлээлгэж ч өгөөгүй. Өөр газар ажиллаж байгааг мэдсэний дараа энэ хүн эргэж ирэхгүй юм байна гээд ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргасан. Удаа дараа ажил дээр ирсэн, утсаар залгасан гэж яриад байна. Тэгэхээр нэг ч удаа ирээгүйг манай компани камертай, ямар нэгэн байдлаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс  2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг ч удаа ирээгүй. ...Иймд түүний тэтгэмжээ авч чадаагүйд манай буруу байхгүй. ...” гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандуламаар дамжуулан хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 9 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “ ... тус компанийн захирал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор ажлаас нь чөлөөлсөн тушаалаа гаргах байтал гаргалгүй 2 сарын дараа тушаал гаргаснаас болж нэхэмжлэгч хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон нь ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон тул авах ёстой байсан тэтгэмжид 6 900 000 төгрөгийг 1,5 хувийн алдангийн хамт гаргуулна.” гэж тодорхойлсон.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “ ... Ажил олгогчийн зүгээс *******гийн ажлаас гарах тухай хүсэлтийг хүлээн аваад  түүний зайлшгүй хийж гүйцэтгэвэл зохих байсан ажлуудыг гурван долоо хоногийн дотор хийж дуусган, ажлаа хүлээлгэн өгсний эцэст ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргахаар харилцан тохиролцсон. Гэвч тэрээр дээрх хугацаанаас хойш бүтэн 2 сар ажилдаа огт ирээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд бид түүнийг ажилдаа ирэхийг нь хүлээсэн. Гэтэл өөр компанид ажиллаад явж байсан тул ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргасан. Түүний ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй нь ажил олгогчийн буруутай үйлдлээс болоогүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай болон бусад хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Хэргийн материалаас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтээ 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогчид бичгээр гаргасан, мөн тэрээр 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10, 11 дүгээр саруудад ажилдаа ирээгүй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалаар *******г ажлаас нь чөлөөлсөн гэх үйл баримтууд тогтоогдсон байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар болон ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тус тус маргаагүй.

Харин хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх тухай тушаалаа хуульд заасан хугацаанд гаргаагүйн улмаас нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй хохирсон эсэх нь талуудын дунд үүссэн маргааны зүйл болжээ.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ... даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байхаар зохицуулсан байна.

 Гэвч нэхэмжлэгч *******гийн ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сарын шимтгэл төлөлт тасалдсаны улмаас түүнд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байх ба нэхэмжлэгч талаас уг шалтгааныг ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа буюу *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т заасан хугацаанд гаргаагүйтэй холбоотой гэж тайлбарлан маргадаг.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажил олгогчид мэдэгдсээр байтал ажил олгогч уг асуудлыг шийдвэрлээгүй бол ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхийг ажилтанд олгосон зохицуулалт бөгөөд ажилтан дээрх 30 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж, улмаар өөрийн хариуцсан ажил болон багаж, техник хэрэгсэл, эд хөрөнгийг ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогчид бичгээр өгөх үедээ өөрийн хийж дуусгаагүй ажлыг гурван долоо хоногийн хугацаанд дуусган хүлээлгэж өгсний эцэст ажлаас чөлөөлөх тушаал гаргах талаар ажил олгогчтой харилцан тохиролцсон тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй, мөн түүнийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн тушаал гараагүй байхад хүсэлт өгсөн цаг хугацаанаас хойш 2024 оны 10, 11 дүгээр саруудад ажилдаа ирээгүй, өөрийн хийж гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй болохоо үгүйсгэж няцаагаагүй байна.

8. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.” Гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д даатгуулагч нь “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, ... бол учирсан хохирол, зөригдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх,” эрхтэй байхаар тус тус заажээ.

Гэвч хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэгч *******гийн ажилдаа ирээгүйн улмаас түүнд 2024 оны 10, 11 дүгээр саруудад цалин бодогдоогүй, “*******” ХХК-иас дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй, *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 30 хоногийн хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруугаас болсон гэж үзэх үндэслэлтэй байх ба дээрх үйлдэлд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмжид 6 900 000 төгрөгийг авч чадаагүй хохирсон, алдангид 2 100 000 төгрөгийг тооцон нийт 9 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч Ниймгийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байсан, нийтдээ хэдэн сарын хугацаанд ажилгүйдлийн даатгал төлсөн зэргээр ажилгүйдлийн тэтгэмжид 6 900 000 төгрөгийг авах байсан, мөн ямар үндэслэлээр алдангийг 2 100 000 төгрөг гэж тооцсон буюу нийт 9 000 000 төгрөгөөр хохирсон тухайгаа шүүхэд нотолж чадаагүй байна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 309/ШШ2025/01439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвээрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                                                                              С.ГАНЧИМЭГ           

                                                                                                    Г.УРТНАСАН