| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0750/Э |
| Дугаар | 755 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 755
2019 10 03 2019/ШЦТ/755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бат-Өлзий овгийн М.Дд холбогдох эрүүгийн 1911013390922 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бат-Өлзий овгийн М.Д, 1994 оны 06 дугаар сарын 11 ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Хаппи 111-147 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УВ94061111.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод иргэн А.Эрдэнэболдын “Хаан” банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний 5411046679 дугаарын данснаас 10.000.000 төгрөгийг БНХАУ-ын иргэний дансруу шилжүүлж, 25.000 юань болгон авсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай ээж Замын-Үүдэд амьдардаг. Би дүүтэйгээ хамт өөрийн байрандаа тавилга авах гэж Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хот руу явсан. Би урьд Эрдэнэболд ахын дансны нууц үгийг харчихсан байсан. Тухайн үед харахдаа миний нууц үгтэй адил юм байна гэж бодож байсан. Би мөнгө солиулчхаад Эрдэнэболд ахын дансанд мөнгө байж магадгүй гэж бодоод харсан чинь Эрдэнэболд ахын дансанд 22.000.000 төгрөг байсан. Тухайн үед Эрдэнэболд ахаар жаахан тоглох санаатай 10.000.000 төгрөгийг юань болгоод Улаанбаатар хотод авч ирсэн. Буцааж өгнө гэж бодсон боловч Эрдэнэболд ах чимээгүй байсан, би ч бас Эмээлтэд ажил хийж байгаад очиж уулзаж чадахгүй, тоглож байснаа хэлж чадахгүй явсаар байгаад Эрдэнэболд ах цагдаад өгчихсөн байсан. Тухайн мөнгийг би хэрэглээгүй, дараа нь аав руу залгаж учрыг нь хэлсэн. Аав Эрдэнэболд ахад уучлалт гуйгаад мөнгийг нь өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Эрдэнэболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр миний эзэмшлийн 5411046679 тоот данснаас учир битүүлгээр гэнэт 10.000.000 төгрөг 5163120292 тоот данс руу орсон байсан... Миний интернэт банкны кодыг мэдэх хүн надаас өөр хүн байхгүй... Хятад улсын Эрээн хотод Дэмбэрэл нь Хятад улсын иргэн эмэгтэйд миний дансыг ашиглаж 10.000.000 төгрөг шилжүүлж 25.000 орчим юань бэлнээр авсан гэх газар нь хяналтын камерын бичлэгтэй байсан юм. Би хяналтын камерын бичлэгийн тусламжтайгаар мэдсэн... Хятад улсын иргэн эмэгтэй над руу Ви чат ашиглаж явуулсан...”, “...уг Хаан банкны 5017160630 дугаарын данс нь манай эхнэр Батчулууны Мөнхнарангийн нэр дээр байдаг данс байгаа юм... М.Дийн аав нь болох манай танил Мөнхбат өөрийн Хаан банкны 5017075835 данснаасаа М.Дийн чиний данснаас авсан мөнгө байгаа юм шүү гэж хэлээд шилжүүлсэн юм... Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 19-23/,
Гэрч Л.Оюунтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өвөр Монголын харьяат иргэн Вао гэх хүн 2017 оны намар өөрийн танилтай хамт Улаанбаатарт ирээд Хаан банкинд бүгд өөрсдийн нэр дээр харилцах данс нээлгээд явсан юм. Данс нээлгэх болсон учир нь тэд нар Эрээнд Монгол мөнгө авч Хятад мөнгөөр сольдог учраас хүмүүс Монгол банкны данснаасаа мөнгө шилжүүлэхэд хялбар болгох санаатай Хаан банкинд данс нээлгэж аваад явсан юм... би тэр үед өөрийн гар утасны дугаарыг тэмдэглүүлээд орой нь картын төвийн хаягийг нь тэр Өвөр монгол хүмүүст зааж өгөөд яваад өгсөн юм. Тэгээд Хаан банк миний утасны дугаарыг тэмдэглэн авч үлдсэн байх л даа... уг Хаан банкны 5163120292 дугаарын дансны эзэмшигчийг Вао Jin Hua гэдэг бөгөөд ... Эрээний шинэ зээлийн зүүн талын хаалган дээр байнга зогсож мөнгө сольж байдаг ченж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 25/
Гэрч Т.Мөнхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...надад миний хүү М.Д нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байхаа ааваа би дүрсгүйтмээр санагдаад Эрээнд явж байхдаа танай найз А.Эрдэнэболд ахын хаан банкны данснаас нь 10 сая төгрөг хятад юань сольдог ченж эмэгтэйн дансанд шилжүүлэн өгөөд тэр ченжээс 25.000 юань аваад ирсэн юмаа гэж хэлээд та энэ мөнгийг А.Эрдэнэболд ахад өгчих тэгэх үү би өгөхөөс санаа зовоод айгаад байна гэж хэлээд надад 25.000 юань бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Хохирогч А.Эрдэнэболдын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/,
Хил хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-5а/8542 дугаартай албан бичиг /хх 53/,
“Хаан” банкны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/5736 дугаартай албан бичиг /Хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад шууд мөнгийг нь хулгайлъя гэсэн бодол төрөөгүй юм, хэд хоног нууж байгаад л өгөх санаатай байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 40/, хохирогч А.Эрдэнэболдод хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 15/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод иргэн А.Эрдэнэболдын “Хаан” банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний 5411046679 дугаарын данснаас 10.000.000 төгрөгийг БНХАУ-ын иргэний дансруу шилжүүлж, 25.000 юань болгон авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Эрдэнэболдын “... 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр миний эзэмшлийн 5411046679 тоот данснаас учир битүүлгээр гэнэт 10.000.000 төгрөг 5163120292 тоот данс руу орсон байсан... Миний интернэт банкны кодыг мэдэх хүн надаас өөр хүн байхгүй... Хятад улсын Эрээн хотод Дэмбэрэл нь Хятад улсын иргэн эмэгтэйд миний дансыг ашиглаж 10.000.000 төгрөг шилжүүлж 25.000 орчим юань бэлнээр авсан гэх газар нь хяналтын камерын бичлэгтэй байсан юм...” гэх мэдүүлэг /хх 19-23/, гэрч Л.Оюунтунгалагийн “...Өвөр Монголын харъяат иргэн Вао гэх хүн 2017 оны намар өөрийн танилтай хамт Улаанбаатарт ирээд Хаан банкинд бүгд өөрсдийн нэр дээр харилцах данс нээлгээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх 25/, гэрч Т.Мөнхбатын “...би өгөхөөс санаа зовоод айгаад байна гэж хэлээд надад 25.000 юань бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/, хохирогч А.Эрдэнэболдын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/, хил хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-5а/8542 дугаартай албан бичиг /хх 53/, “Хаан” банкны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/5736 дугаартай албан бичиг /Хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, шүүгдэгч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад шууд мөнгийг нь хулгайлъя гэсэн бодол төрөөгүй юм, хэд хоног нууж байгаад л өгөх санаатай байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Хохирогч А.Эрдэнэболд нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч М.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бат-Өлзий овгийн М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Дэмбэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН