| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 135/2024/00292/И |
| Дугаар | 210/МА2026/00540 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00540
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09350 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******той 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БА22/08 дугаартай ******* аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь ******* аймгийн ******* суманд байрлах ******* банкны барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөг, шугам бохир, шал цутгах, гадна фасад, хашаа тохижилт, дотор сан нойлын өрөө тохижуулах, дээврийн ажил, цахилгаан монтаж, дотор заслын ажлыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. *******-иас ажлын хөлсөнд нийт 19,536,500 төгрөгийг *******од шилжүүлсэн.
1.2 ******* нь ажлыг хийж гүйцэтгэсэн боловч анх гэрээгээр тохиролцсон хугацаанд хийж гүйцэтгээгүй. Гэрээгээр тохиролцсон ажлаа яаралтай хийж гүйцэтгэх талаар сануулж, ...******* банканд ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгөхгүй бол гэрээний хариуцлага хүлээх гээд байгаа учир ажлаа яаралтай хийж гүйцэтгэх талаар удаа дараа фейсбүүк мессенжер чатаар шаардлага тавьж, 1 жилийн хугацаа өнгөрсөн.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул ажлыг манай компани 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр БА23/29 дугаартай гэрээг *******, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БА23/26 дугаартай гэрээг *******, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, бусдаар хийлгэсэн.
1.3 Ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т гүйцэтгэгч гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан.
Иймд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-тай ******* аймгийн ******* сумын ******* банкны барилгыг захиалан бариулахаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажлын хөлсөнд 65,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. ******* нь гэрээний 3.3.1-т заасан суурь цутгалт, тоосгон хана өрлөгийн ажил, 3.3.2-т заасан шугам, бохир шал цутгах ажил, 3.3.5-д заасан дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3.3.4-т заасан ажлаас дотор сангийн ажлыг хийж, нойлын тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй. Гэрээний 3.3.1-т заасан ажил 15,000,000 төгрөгөөр, 3.3.2-т заасан ажил буюу бохир шугам, шал цутгах ажлыг 3,000,000 төгрөгөөр, 3.3.5-д заасан дээврийн ажил 5,000,000 төгрөгөөр, 3.3.4-т заасан ажил дотор сангийн ажил, нойлын тохижуулалтын ажил ороод 4,000,000 төгрөгөөр тохиролцсон. Нийт 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
2.2 Захиалагч нь нэхэмжлэлд дурдагдаагүй ажлын хөлсийг өгөөгүйгээс болж маргаан эхэлсэн. Мөн бараа материалаа авч өгдөггүй, хугацаа алддаг зэрэг нөхцөл байдлаас болж гэрээ цуцлагдсан. Гэрээний дагуу 65,000,000 төгрөг өгч байж уг ажил дуусах ёстой байсан.
******* нь , , нартай гэрээ байгуулж, ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэх боловч энэ талаарх баримтгүй. Барилгын ажлын төсөв, зардал, барилгыг буулгасан бол нураалт, хог хаягдал зэрэг нь бодитой байх ёстой.
2.3 Миний бие гэрээний 3.3.1-т заасан ажлыг 100 хувь, 3.3.2-т заасан ажлыг 100 хувь, 3.3.4-т заасан ажлыг 50 хувь, 3.3.5-д заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч цаашид ажиллах нөхцөлөөр хангаагүй.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******од холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөг, 196,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/12390 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хэрэгт цугларсан нотлох баримт буюу 2 дахь хавтаст хэргийн 11-22 дахь талуудад авагдсан ******* нь , , нартай байгуулсан гэрээгээр гүйцэтгүүлэх ажлууд нь талуудын хооронд байгуулсан 2022 оны ******* аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ-ээр *******оор гүйцэтгүүлэх ажлуудтай ижил байгаа нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт, аливаа доголдолгүй гүйцэтгээгүй гэдгийг баталж байгаа. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэсэн бол ******* нь , , нартай гэрээ байгуулах шаардлагагүй буюу нэг ажлыг хоёр удаа гүйцэтгүүлэх хэрэгцээ үүсэхгүй байсан.
4.2 Хэрэгт *******-иас , , нартай байгуулсан гэрээний дагуу төлбөр төлсөн дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүргүүлсэн боловч шүүх энэхүү баримтад дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
4.3 Түүнчлэн, дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14 болон 15 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг няцааж баримт өгөөгүй гэх тайлбарыг хийсэн. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Харин хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариу тайлбар, татгалзлаа нотолсон аливаа баримтыг огт гаргаж өгөөгүй буюу тайлбараа нотлоогүй байхад нэхэмжлэгчийг нотлоогүй тайлбарыг няцаагаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Гэрээ байгуулсанд маргахгүй. Маргааны хамгийн гол асуудал бол хийж гүйцэтгэсэн ажлын чанарын хувьд доголдолтой гэдэгт маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Зохигч хэргийн талаар, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогчид бүгд хүлээсэн. Иймд гаргаж өгсөн нотлох баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийгээд хэргийг шийдэж байгаа.
5.2 Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ барьсан барилга чинь доголдолтой байна гээд байгаа. Барилга тэр чигээрээ доголдолтой юу, хэсэг хэсгээрээ доголдолтой юу, аль хэсэг нь доголдолтой байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас суурийг манай барилгад ашиглах суурь биш, энэ барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж өөрөө тогтоогоод байгаа. Шүүхэд хүсэлт гаргаж доголдлыг тогтоох, энэ доголдол нь аль талын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг гэрээний хугацаанд хэрэгжүүлэх ёстой байтал нэг ч үүргийг хэрэгжүүлээгүй. Дээрх гурван хүнтэй гэрээ байгуулсан гэх боловч гэрээний хэрэгжилтийг нотлох баримтаар нотолсон асуудал байхгүй.
5.3 Гэрээний 3.1-т 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд гэрээний гүйцэтгэлийг ажил гүйцэтгэх гэрээгээр шат бүрээр нь тохиролцсон хэмжээгээр байсан ба манайд өгсөн дансны хуулгаар авч үзвэл гэрээний хугацаа дуусгавар болсон буюу 2025 онд өгч байгаа юм. Үндсэндээ нэг гүйцэтгэлийн 50 хувь нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш орж байгаа юм. Тодорхой хэмжээний үнэ төлбөр шилжүүлснээр ажил гүйцэтгэх ёстой байтал үүнийгээ ажил гүйцэтгүүлэгч өөрөө биелүүлээгүй байж, манай талыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Магадгүй тэр гурван гэрч доголдолтой ажил дээр ажилласан бол өнөөдрийн шүүх хурал дээр гэрчээр дуудаж ямар ажил гүйцэтгэсэн зэргийг асуух байсан. Бүх нотлох баримтыг өөрөө хангалттай гаргаж чадаагүй, өгөөгүй байж шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх нь учир дутагдалтай. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ...гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт 19,536,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч ажлыг бүхэлд нь доголдолтой хийж гүйцэтгэсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулна гэж тайлбарласнаас үзвэл шаардлагын үндэслэл нь гэрээг цуцалж, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байсны улмаас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах, мөн гэрээнд заасан алданги гаргуулах агуулгатай байна.
2.1 Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...Гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн ажлыг хийсэн. Захиалагч бараа материалаа авч өгөөгүйн улмаас ажил удааширч, гэрээ цуцлагдсан. Хариуцагчийн хийсэн ажил доголдолтой гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, ...нэхэмжлэгч хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар засан сайжруулсан талаар баримтгүй гэж үгүйсгэн маргасан.
3. Талууд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр БА22/08 дугаартай ******* аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь барилгын ажлыг батлагдсан графикийн дагуу үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр, нийт барилга угсралтын ажлыг гэрээний салшгүй нэг хэсэг болох хоёр талаас баримталсан Барилга угсралтын график-ийн дагуу гүйцэтгэхээр, ******* нь барилгын ажлын графикийн дагуу ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлж, гэрээт ажлын хөлсөнд нийт 65,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 3-6/
3.1 Хэдийгээр дээрх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байх боловч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3.2 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 19,536,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний 3.3.1, 3.3.2, 3.3.5-д заасан буюу барилгын суурь цутгалт, тоосгон хана өрлөг, шугам бохир, шал цутгах, дээврийн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон. /3хх 61, 71/
3.3 Гэрээний 3.3-т зааснаар ажлын гүйцэтгэлийг ажилбар тус бүрээр 3.3.1-т суурь цутгалт, тоосго хана өрлөгийн ажлыг гүйцэтгэснээр 15,000,000 төгрөгийг, 3.3.2-т шугам бохир, шал цутгах ажлыг гүйцэтгэснээр 3,000,000 төгрөгийг, 3.3.3-т гадна фасад, хашаа тохижилтын ажлыг хийж гүйцэтгэснээр 13,000,000 төгрөгийг, 3.3.4-т дотор сан нойлын өрөөг тохижуулаад 4,000,000 төгрөгийг, 3.3.5-д дээврийн ажлыг хийж гүйцэтгэснээр 5,000,000 төгрөгийг, 3.3.6-д гадна фасад, хашаа тохижилтын ажлыг хийж гүйцэтгэснээр 5,000,000 төгрөгийг, 3.3.7-д цахилгаан монтажийн ажлыг хийж гүйцэтгэснээр 4,000,000 төгрөгийг, 3.3.8-д дотор заслын ажлыг хийж гүйцэтгэснээр 7,000,000 төгрөгийг, 3.3.9-д бүх ажлыг хүлээж аваад дуусгаснаар акт үйлдсэний дараа 9,000,000 төгрөгийг олгохоор тохиролцсон байна. /хх 4/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, цуцлагдсан талаар талууд маргаагүй.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих явцад гүйцэтгэгчийн үүргийн зөрчилтэй холбоотой захиалагч нь гэрээг цуцлах боломжтой бөгөөд харин гэрээнээс татгалзах боломжгүй. Өөрөөр хэлбэл, цуцалсантай холбоотой үр дагаврыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэхгүй, харин хохирол шаардах эрх үүсэх боловч хохирол болон үүргийн зөрчлийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.
5.1 Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил бүхэлдээ биет байдлын доголдолтой гэх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд мөн зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
Гэрээний 3.2-т барилгын ажлын графикийн дагуу ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж, мөн 3.4-т гүйцэтгэгч нь захиалагчид ажил хүлээлгэж өгөх акт үйлдсэнээр үлдэгдэл төлбөрийг олгоно гэж тус тус заасан. Үүнээс үзвэл талууд гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан талаар харилцан баримт үйлдэж, үүний үндсэн дээр дараагийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон боловч ажлын гүйцэтгэлийг үе шаттайгаар хүлээн авсан талаар акт үйлдээгүй атлаа дараагийн санхүүжилтийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолтой гэдгийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Түүнчлэн, гэрээний 1.2-т заасан Барилга угсралтын график хэрэгт баримтаар авагдаагүй.
5.2 Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ******* байгуулсан гэх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ГД23-05/29 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1-т хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан дээврийн ажлыг, ******* байгуулсан гэх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн БА23/06-26 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1-т тоосго хана өрлөг, шал талбай цутгах, гадна фасад хашаа тохижилтын ажлыг, байгуулсан гэх 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ГД23-09/13 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1-т сангийн ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр заасан болон тухайн гэрээтэй холбоотой нэхэмжлэгчээс бусад этгээдүүдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх банкны дансны хуулга болон гэрэл зургаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн буюу гэрээний 3.3.1, 3.3.2, 3.3.5-д заасан ажил бүхэлдээ биет байдлын доголдолтой гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна. /2хх 11-22, 23-52, 135-182, 197-251/
Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнд заасан ажил нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, хэмжээ, чанар зэргийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэсэн бол ******* нь , , нартай гэрээ байгуулах шаардлагагүй. Дансны хуулганд дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3 Мөн хэрэгт авагдсан фото зураг болон талуудын харилцсан цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх, доголдлыг тодорхойлох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотолсон аливаа баримтыг гаргаж өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Талууд гэрээний 6.2-т алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт харшлаагүй хэдий ч ажил гүйцэтгэх гэрээ хариуцагчийн буруугаас цуцлагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН