Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 707

 

   

 

 

 

 

 

 

 

 

     2019         7            25                                      2019/ШЦТ/707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          улсын яллагч Ц.Амгаланбаатар,

          шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Даваадорж,

          шүүгдэгч П.Т,

          шүүгдэгч Т.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

          шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

          шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элэзэн овогт Б.Н, Идэрнартай овогт Б.Т, Олохнууд овогт Т.Т, Хатиган овогт П.Т, Еншэбүү овогт Д.Д нарт холбогдох эрүүгийн 1909009430217 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Элэзэн овогт Б.Н /регистрийн дугаар /,

 

          2.Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-3 эцэг, эхийн хамт            2018 оны 3 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Идэрнартай овогт Б.Т/регистрийн дугаар  /,

 

          3.Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, тогооч мэргэжилтэй, ам бүл-2, эхийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Олохнууд овогт Т.Т /регистрийн дугаар /,

 

          4.Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, эгч нарын хамт          2018 оны 02 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Хатиган овогт П.Т /регистрийн дугаар /,

 

          5.Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зохиомж” дээд сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-3, эх, дүү нарын хамт          2018 оны 4 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих л оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасныг 6 сар 1 хоногийн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

          2018 оны 5 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Еншэбүү овогт Д.Д /регистрийн дугаар /,

 

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний орчим Б.Сугарыг хувцасны захаар хоолойг боон, цохиж зодон хүч хэрэглэж iроnе-6 /ай фоне-6/ маркийн гар утсыг, Хаан банкны виза карт, оюутны үнэмлэх, автобусны карт зэргийг,

2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Улаанбаатар чуулгын урд байрлах Сэлбэ голын гүүрний орчим Б.Алтанцэцэгийн хөл рүү өшиглөж, Г.Батхүрэлийг хувцасны захаар хоолойг боож унаган нүүр рүү цохиж, хөлөөрөө өшиглөн хүч хэрэглэж цүнх, гоо сайхны хэрэгсэл, түрийвч, автобусны карт, түлхүүр зэрэг эд зүйлийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Т, Т, Тэмүүжин, Д нарын хамт архи ууж байгаад Сансарын түнелээс ...нэг пиво авч уусан. ...ардын эрх оръё гээд явж байх замдаа ...эрэгтэй, эмэгтэй хоёрыг цохих гээд Тэмүүжин дайрсан Д тэвэрч аваад унагаасан. Тэгээд эмэгтэйнх нь цүнхийг тэр ахаас аваад хойшоо гүйгээд явсан араас нь бид нар гүйсэн. Такси бариад Дийг аваад явсан Тэмүүжин олдоогүй. Бид нар таксинаас буугаад цүнхийг үзэхэд юм байгаагүй 2500 мөн эмэгтэй хүний нүүрний будаг байсан болохоор цүнхийг хогон дээр хаясан. Д дээрэмдсэн айфоне-6 гар утсыг аваад харилаа гээд явсан…” гэсэн мэдүүлэг /хх-102/,

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд “...2019 оны 3 дугаар сарын 07-ны орой бид нар тааралдаад пиво уусан. Би харих гэж явсан. Тэмүүжин өмнө нь “дээрэм хийх үү” гэж ярьж байсан. Н тэнд Тэмүүжин хүнтэй маргалдаж байна гэж хэлсэн. Д гар утсыг нь авсан байсан. Сугарыг цохьсныг би хараагүй. Тэмүүжин цохисон байж магадгүй л гэж бодсон. Тэмүүжин согтуу байсан болохоор гар утас өгсөн гэдгээ мэдээгүй байсан. “И-Март”-ын тэнд очоод “яах гэж наад гар утсаа авсан юм одоо шоронд орно шүү дээ” гээд уурлаад хамаг хувцсаа тайлаад яваад өгсөн. Би Нт “явъя” гэж хэлсэн боловч “хувцсыг нь өмсгөе хөлдөөд үхчихвэл яах юм” гэсэн. Тэмүүжин ганцаараа урд явж байхдаа зам дээр явж байсан нэг хүнийг цохисон. Бид  нар хойноос нь гүйж очиход гүүрэн дээр авгай, нөхөр хоёртой тааралдаад нөхрийг нь шууд цохичихсон. Тэгэхэд Н хажууд нь очоод “Тэмүүжин чи болиоч” гээд татсан. Би айгаад ойртоогүй, холоос хараад зогсож байсан. Д хажуунаас нь орж ирээд нөхрийг нь цохисон...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2019 оны 3 дугаар сарын 07-ноос 8-нд Т, Н, Д нарын хамт архи уусан юм. Тэгээд 100 айлын хавьд явж байхад Тэмүүжин өмнө нь хүн дээрэмдэх үү гэж ярьж байсан яг дээрэм хийнэ гэж бодоогүй байсан чинь Сэлбийн гүүрний тэнд ганцаараа явж байсан нэг банди дээр очоод утсаа гаргаад ир гэж сүрдүүлсэн. Тэгээд дагуулж яваад гүүрний хажуу талд утсыг нь авсан И-Мартын урд очоод Тэмүүжин орилоод байсан кодыг нь мэдэж авахгүй яасан юм гээд хувцсаа тайлаад яваад өгсөн хойноос нь дагаад очсон чинь эрэгтэй хүн цохисон Д хажуугаар нь эмэгтэйнх нь цүнхийг барьсан цаашаа гүйгээд явсан…” гэсэн мэдүүлэг /хх-104/,

 

Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2 дугаар байрны гадаа бид нар пиво уусан. Тухайн үед би энэ хэдтэй маргалдсан байсан. Сэлбийн гүүрний зүүн талд явж байгаад Сугар гэх хүүхэдтэй маргалдсан. Шатаар уруудаж байхад барьцалдаж байгаад газар унасан. Сугар газар унахад гар утас нь унасан. Би гар утсыг Дд өгсөн. Би түрүүлээд “И-Март” руу алхаж байхад энэ хэд араас ирсэн. Хойноос Н миний хувцсыг аваад “одоо боль” гэсэн. Тэгж явж байгаад ах эгч хоёртоо тааралдаад маргалдсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Сугарыг бас зодож цохисон зүйл байхгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Д, Н, Т, Т нарын хамт Сансарын 2 дугаар байранд архи уугаад архиндаа согтоод явж мөнгө олъё гээд ...гүүр даваад эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байхаар нь би эрэгтэйг нь заамдаж авсан. Тэгээд байж байсан чинь 3 залуу хойноос боль гээд хөөсөн. Тэгээд би ганцаараа зугтаагаад баригдсан асуудал болсон юм. Мартын 8 болж байсан учир мөнгө олох гэж дээрэм хийсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-101/,

 

Шүүгдэгч П.Т шүүх хуралдаанд “...2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө бид нар хэдэн пиво уугаад Т, Д хоёр Ардын эрх рүү гэр рүүгээ явна гээд замын цаана алхаж байсан. Тэмүүжин жаахан ууртай бид нараас түрүүлээд урд гараад алхаж байсан. Н гэнэт “хүүе тэнд зодоон болж байна” гэсэн. Тэгээд гайхаад харахад Тэмүүжин нэг залуутай барьцалдаад газар уначихсан хэвтэж байсан. Тэмүүжингийн нуруу нь шалбарсан байсан. Бид очиж салгасан. Уул нь хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Салгах гэж очсон гэтэл орилоод зугтаасан. Бид нар “И-Март” руу гүйсэн. Гэтэл Тэмүүжин уурлаад авсан гар утасных нь “кодыг мэдэхгүй та нар” гээд уурлаад байсан. Дээгүүрээ өмссөн байсан цамцаа бүгдийг нь тайлаад, орилоод байсан. Ард явж байсан ах, эгч хоёрын ахтай нь маргалдаж байхад гурван танихгүй залуу гарч ирээд “та нар больцгоо” гэсэн. Бид нар сансар руу явсан. Өөр ярих зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2019 оны 3 сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Т , Н, Тэмүүжин, Д нарын хамт архи ууж байгаад би пүүзээ ломбарданд тавьчихъя гэсэн чинь Д маргааш манай ээжийн төрсөн өдөр болно бөөнөөрөө дээрэм хийх үү гэсэн тэгээд бөөнөөрөө явсан Сэлбийн голын хажууд нэг залуу явж байхаар нь очоод мөрөн дээр нь гараа тавиад утсаа өгчих гэж хэлээд айфоне-6 загварын гар утсыг авсан. Д ална гэж хэлж байгаад кодыг нь гаргуулсан утсыг нь аваад урагшаа бөөнөөрөө гүйгээд И-Март дэлгүүрийн тийшээ явсан. И-Мартын баруун талын гүүрний хажууд эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байхаар нь бөөнөөрөө гүйж очоод эрэгтэйг нь зодох гэж дайрсан. Тэгсэн чинь Д эрэгтэйг нь унагаасан эмэгтэй нь цагдаа дуудна гэхээр нь бөөнөөрөө такси бариад явсан. Д замд явж байхаар нь аваад сансарын тэнд буусан. Д энгэрээсээ хар өнгийн эмэгтэй хүний цүнх гаргаж ирсэн юм дотор нь юу байсныг мэдээгүй ээ. Айфоне-6 гар утсыг Д халааснаас нь гаргаж ирсэн тэгээд зодоод гаргаж ирсэн би зодож цохиогүй цүнхийг нь бариад зогсож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-103/,

 

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа уучхаад Т бид хоёр Ардын эрх рүү гэр рүүгээ явж байсан. Н, Тэмүүжин, Т гурав интернэт тоглоомын газар хоноё гэж байсан. Т бид хоёр Сэлбийн гүүрний замын цаагуур юм яриад тамхи татаад явж байтал Н гүйж ирээд “тэнд зодолдоод байна” гэж хэлсэн. Гүйгээд очтол Тэмүүжин нэг хүнтэй барьцалдаад зогсож байсан. Би Тэмүүжинг “явъя” гэтэл надад нэг гар утас өгсөн. Би тэрийг нь халаасандаа хийгээд дээрмийн гар утас гэдгийг нь мэдсэн. Тэгээд би шууд зугтаасан. Би Сугарыг зодож цохиж, ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Бид нар салаад “И-Март”-ын тэнд очиход Тэмүүжин дээд талынхаа хувцсыг тайлчхаад орилоод байсан. Ганцаараа урд гараад уурлаад явчхаар нь хойноос нь дагаад явсан. Н ах куртикыг нь бариад араас нь явсан. Тэгээд Т, Т бид гурав хойноос нь алхсан. Ах, эгч хоёртой маргалдаад бөөн зодоон болоод байхаар нь би доошоо зугтаасан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Т, Т, Д, Н нарын хамт архи уусан. ...И-март дэлгүүрийн баруун талын гүүрэн дээр эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй муудалцаад Тэмүүжин эрэгтэйг нь замын хажуу талд цохиод унагаасан тэгээд би зодолдож байхад хажуунаас нь орж цохисон бөөнөөрөө нийлж зодсон. Бөөнөөрөө зугтаагаад сэлбийн гүүр дагаад дээшээ өгсөж байхад Тэмүүжин Сэлбийн гүүрний доор явж байсан нэг хүүхдийг цохиод унагаасан бид нар араас нь очоод тэр хүүхдийн айфоне-6 гар утсыг зодож дээрэмдээд зугтаасан. Дээрэмдсэн утсыг би авч яваад тэди худалдааны төвийн гадна байдаг ченжид 25.000 төгрөгөөр зарсан…” гэсэн мэдүүлэг /хх-105/,

 

Хохирогч Г.Батхүрэлийн “…2019 оны 3 дугаар сарын 07-ний 23 цаг 40 минут Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Улаанбаатар чуулганаас урагшаа байдаг Сэлбэ голын улаан өнгийн төмөр нь улаан өнгийн явган хүний гүүрээр гарах гээд явж байтал нүүр гар хөмсөг дээрээ шивээстэй үс нь сэгсгэр үл таних залуу гарч ирээд чи муу зүгээр байгаарай хөгшин кулкаазаа гэхээр нь би ахын дүү согтуу байна зүгээр явъя гэсэн чинь чи муу яах гээд байгаа юм гээд над руу дайрах гэтэл хажуу нь байсан хар куртиктай залуу болиоч гээд татсан чинь нөгөө үл таних залуугаа байж гээд намайг зуураад чирээд Сэлбэ голын явган хүний гүүрэн дээр гаргаад ирсэн чинь цаанаас нь үл таних 3 залуу гарч ирээд тавуулаа намайг боож унагаагаад тэгээд миний уруул руу цохиод унагасан тэгээд үл таних залуугийн хөлөөс нь зуураад босоод ирсэн чинь SKY дэлгүүрийн орчмоос 3 үл таних залуучууд хөөе болиоч гээд хашиграсан чинь нөгөө намайг дээрэмдэж байсан 5 залуу зугтаахдаа миний барьж явсан манай эхнэрийн цүнхийг булаагаад зугтаасан. SKY дэлгүүрийн орчмоос гарч ирсэн 3 үл таних залуучууд араас нь хөөгөөд барьж өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Эхлээд хөмсөг дээрээ шивээстэй фудволктой залуу эхнэр бид хоёрыг сугадалцаад явж байтал гүйж ирээд намайг хөгшин кульказ минь гэж боож аваа чи намайг яалаа гээд заамдахаар нь би ах нь чамайг яасан юм бээ гээд араас нь ирсэн хар юүдэнтэй малгай өмссөн курткыг нь барьсан залуу хараад инээгээд байхаар нь ахын дүү чи найзыгаа аваач гэтэл инээж зогсож байснаа намайг дэгээдэхэд нөгөө залуу намайг боож унагаагаад тэр хоёр намайг зодож байхад бүүр цаанаас танихгүй 3 залуу болиоч гээд орилоход зугтаацгаасан. Тэгтэл зугтахаасаа өмнө курткыг нь барьж байсан залуу манай эхнэр Алтанцэцэгийн гар цүнхийг булааж аваад зугтсан…” гэсэн мэдүүлэг /хх-18-19, 21/,

 

Хохирогч Б.Алтанцэцэгийн “…SКҮ их дэлгүүр рүү гардаг төмөр замын наад талд байж байтал гэнэт фудволктой, хөмсгөн дээрээ шивээстэй залуу гүйж ирэхээр нь би хүүе юу болоод байна гэхэд юу гээд яах гээд байгаа юм бэ гичий чинь гэж хэлээд манай нөхрийг заамдаад цохиж аваад зууралдсан. Тэгтэл араас нь куртикийг нь барьсан хар юүдэнтэй цамц өмссөн залуу ирэхэд нь би найзыгаа аваач гэхэд инээгээд зогсоод байсан. Тэгээд тэрүүхэн зуурт тэр хоёр манай нөхрийг унагаагаад цохиод цаанаас нь хамт явж байсан 3 залуу хараад зогсоод байсан. Гэтэл бүүр цаанаас 3 залуу болиоч гэхэд нөгөө 5 залуу цаашаа зугтаасан ба зугтахын өмнө хэн нь бүү мэд нэг нь манай нөхрийн гарт байсан миний цүнхийг аваад зугтаачихсан…” гэсэн мэдүүлэг /хх-24/,

 

Хохирогч Б.Сугарын “…2019 оны 3 дугаар сарын 07-ний 23 цаг орчим гэр рүүгээ харих гээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний ертөнцийн зүгээр баруун үзүүрт утсаар яриад явж байтал 2 үл таних залуу гарч ирээд миний араас хоолой боогоод ална шүү дагаад яв гээд сэлбэ гол дагуу явган хүний зам дээр аваачсан. Тэгээд намайг зогсоогоод үнэд хүрэх юу байна гараа үзүүл, хэтэвчээ шалгуул гээд ...гар утсыг шүүр аваад утасны кодоо гарга тэгэхгүй бол ална шүү гээд байсан. ...утасны кодоо гаргасан тэгсэн чинь шууд намайг зодоод эхэлсэн. Тэгээд зодож байгаад одоо эндээс зайл тэгэхгүй бол ална шүү гээд байсан. Тэгээд би гүүр рүү гүйгээд хүний утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-95-96/,

Гэрч Б.Мягмардоржийн “…Скай дэлгүүрийн баруун талд байдаг явган хүний гүүрэн дээр үл таних ах эгч 2 орилоод байж байсан нөгөө үл таних дээрэм хийгээд явж байсан 5 залуу байсан. Барьж авах гээд гүйгээд очтол нөгөө үл таних залуу нөгөө ахын нүүр рүү нь цохихоор нь тухайн 5 залуу цаашаа зугтаасан. Нөгөө ах эгч 2-оос яасан бээ гэсэн чинь бид 2-ын цүнхийг шүүрээд зугтаачихлаа гэсэн. Араас нь гүйхэд и-мартын гүүрэн дээрээс хөх өнгийн машинд 4 нь суугаад зугтаасан. Тэгээд үлдсэн нэг фодволктой залууг нь барьж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Гэрч Г.Ганчимэгийн: “...Тэр өдөр найзтайгаа хамт хүнсний 4 дэлгүүр хүртэл алхаад найз нь салж яваад байна гэж над руу ярьсан. Утсаар ярьж явж байхад 100 айл хавьцаа явж байтал гэнэт олон хүн дуугарах шиг болоод цаана нь пизда, чамайг ална гээд ноцолдоод байгаа юм шиг чимээ гарч байснаа утас нь тасраад тэгээд 7-8 удаа залгахад утсаа таслаад байсан. Удалгүй ...холбогдох боломжгүй болчхоор нь би хүлээж сууж байгаад унтчихсан байсан. Тэгээд шөнө болж байхад 4 болж байхад залгаад би гар утсаа дээрэмдүүлчихлээ цагдаа нартай хамт явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-99/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-187, 190, 194, 197, 202/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-186, 188, 194, 197, 202/,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-109, 111, 112/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-162-164, 169-179, 183-185, 191-193, 198-199, 203-204/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-205-210/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний орчим Б.Сугарыг хувцасны захаар хоолойг боон, цохиж зодон хүч хэрэглэж iроnе-6 /ай фоне-6/ маркийн гар утсыг, Хаан банкны виза карт, оюутны үнэмлэх, автобусны карт зэргийг,

2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Улаанбаатар чуулгын урд байрлах Сэлбэ голын гүүрний орчим Б.Алтанцэцэгийн хөл рүү өшиглөж, Г.Батхүрэлийг хувцасны захаар хоолойг боож унаган нүүр рүү цохиж, хөлөөрөө өшиглөн хүч хэрэглэж цүнх, гоо сайхны хэрэгсэл, түрийвч, автобусны карт, түлхүүр зэрэг эд зүйлийг тус тус авсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Батхүрэл, Б.Алтанцэцэг, Б.Сугар нарын мэдүүлэг, гэрч Б.Мягмардорж, Г.Ганчимэг нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтанцэцэгт 155.000 төгрөг, хохирогч Б.Сугарт 328.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нар нь дээрх хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Д.Дий тухайд тэрээр өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагджээ.

Гэтэл тэрээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Д.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтын үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өмнөх гэмт хэрэгт нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Т, Д.Д, Т.Т нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоног, шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 40 /дөч/ хоног, шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг тэдгээрийн эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                       

            1.Шүүгдэгч Батаагийн Н, Батцэцэгийн Т, Тамирлааны Т, Пэрэмлээсамбуугийн Т, Дэсээгийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтын 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т нарын цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 40 хоног, шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон 9 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7.Шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

            10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т, Д.Д, Т.Т, Б.Н, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР