Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 82

 

Б.Х-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолтой, Б.Х-эд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1941 оны байдлаар Б.Х нь Дотоод монголын Хуучин хишигтэн хошууны Зугийн чуулганы 5 дугаар хорооны харьяат, Өвөрмонголын “Бага голт” гэх газар 1910 онд төрсөн, 30 настай, хувь хөрөнгөгүй, ам бүл 2, гишүүн бус, сургуульд явж байгаагүй, анх 1930 онд тус улсын нутагт Дарьгангаар нэвтрэн ирж, Намын сургуулийг төгссөн. Алтанбулагийн Намын хороонд сургалтын эрхлэгч, Төмрийн заводын клубийн эрхлэгч, Архангай аймагт товчооны нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотод үйлдвэрчний товчооны дарга, худалдааны хэлтсийн зааварлагч зэрэг ажлуудыг хийж байсан.

 

Б.Х-ийг хувьсгалын эсэргүү японы тагнуулын байгууллагын гишүүн бөгөөд эсэргүү хор саадыг учруулах буюу хорлож сүйтгэх ажлыг хийж байсан, эсэргүү зэвсэгт бослогыг гаргах ажилд идэвхтэйгээр оролцон ажиллаж байсан ба уг нууцыг хортойгоор задруулсан, гадаадтай тагнуулын харилцаа барьж байсан хэмээн буруутгажээ.

 

Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Б.Х-ийг Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 105 дугаар зүйлд зааснаар буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн байна.

 

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Х-ийг буудан алж, хөрөнгийг хураах ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд: Б.Х-ийг “хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн гэсэн Т.Жигжиджавын мэдүүлгээр 1940 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дайчлан баривчилсан” гэх Тусгай архивт байгаа Төмөрийн Жигжиджавт холбогдох ц-4859 дугаартай хэрэгт үзлэг хийхэд: түүний 1938 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2 дахь мэдүүлэгт: “миний биеийг эсэргүү байгууллагын гишүүнд элсүүлэн авсан Пунцагаас, би Гэндэн, Дэмид нарын удирдсан бүлгэмийн гишүүн бөгөөд Хүн эмнэлгийн сургуулийн захирал Дамдин, Төв зөвлөлийн орлогч дарга Эрэвгийсүрэн, Төв зөвлөлийн ажилтан Дорж, Хотын намын хорооны орлогч дарга байсан Даваажав, Төв эмнэлгийн үйлдвэрчний нарийн бичгийн дарга, дотоод монгол Б.Х-, Төв эмнэлгийн дарга Дамдинсүрэн, Эм бэлтгэлийн дарга Цэрэн, Гадаад яаманд байсан бүдүүн Намсрай нарыг манай эсэргүү байгууллагын гишүүн гэж нэрлэсэн” гэжээ. Т.Жигжиджавыг ОБЭК-ын 1938 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэснийг, Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалаар цагаатгасан байна.

2. Эрүүлийг хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан Дордов /Довдоров/-ын Пунцагт холбогдох ц-1130 дугаартай хэрэгт үзлэг хийхэд Б.Х-ийн талаар нэр зааж мэдүүлээгүй ба Т.Жигжиджавын мэдүүлэг батлагдаагүй. Д.Пунцагийг ОБЭК-ын 1938 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэснийг Дээд Шүүхийн Бүгд хурлын 1963 оны 3 дугаар сарын 16- ны өдрийн 01 дүгээр тогтоолоор цагаатгасан байна.

3. Б.Х- мэдүүлэхдээ: “хувьсгалын эсэргүү бүлгэмд 1938 оны 10 сард Үйлдвэрчний төв зөвлөлийн орлогч дарга байсан Эрэвгийсүрэнд элсэгдсэн, мөн 1937 оны 10 сард Үйлдвэрчний төв зөвлөлийн Гэгээрлийн тасгийн эрхлэгч байсан Чойжилд анх элсэгдсэн” гэсний дагуу У.Эрэвгийсүрэнд холбогдох ц-1222 дугаартай хэрэгт үзлэг хийхэд тэрээр хувьсгалын эсэргүү хэрэг огт хүлээгээгүй байх ба 1941 оны 6 сард улс төрийн хэрэгт баривчлагдаж, мөрдөгдөж байгаад нас баржээ. Хэргийг нь Дээд Шүүхийн Бүгд хурлын 1962 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар тогтоолоор цагаатгасан байна. Харин Үйлдвэрчний төв зөвлөлийн Гэгээрлийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Чойжилд холбогдох мөрдөн байцаалтын хэрэг Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт байхгүй байна.

4. Б.Х- мэдүүлэхдээ: “намайг Эрэвгийсүрэн, Чойжил нараас тус эсэргүү байгууллагад элсүүлж авахаар Элээгээс даалгасан ...” гэж мэдүүлсний дагуу Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ноостын Элээд холбогдох ц-1339 дугаартай хэрэгт үзлэг хийхэд, түүний 1937 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэгт: надад эсэргүү байгууллагад элсүүлэн авсан нэг ч хүн байхгүй. 1936 оны 10 сард Үйлдвэрчний зөвлөлийн тасгийн зааварлагч байсан, дотоод монгол Б.Х- Дотоод яамны сэргийлэхийн хэдэн ажилчныг элдвээр барьж, хорьж дарлаж байна гэж шүүмжпэл тавьсан” гэж мэдүүлснээс өөр Б.Х-ийн талаар нэр дурьдаж мэдүүлээгүй байна. Н.Элээг улс төрийн хэрэгт ОБЭК-ын 1937 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэснийг БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх Цагаатгалын комиссын 1962 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор цагаатгажээ

5. Б.Х-ийн: “миний бие 1938 оны 9 сард Эрэвгийсүрэн нарт намайг 1937 ба 1938 онуудад Дотоод яамнаас нууц ажлын даалгавар өгч СССР улсад явуулсан. Тэндээс Шинжаанаар дамжуулан Хятадын дотор нууц ажил хийлгэхээр явуулж, уул ажлаа сайнаар гүйцэтгэн ирж байсан гэх зэргээр өөрийн чухал нууц үүргийн ажлыг бусдад хортойгоор задруулсан” гэсэн мэдүүлгээр ялласан байх бөгөөд Эрэвгийсүрэнгийн хэрэгт хийсэн үзлэгээр Б.Х-ийн нууц ажлаар гадаадад явж байсан талаар мэдүүлээгүй ба нууц задруулсан гэх үйлдлийг нь шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй.

6. Ялын төлөвлөгөөнд: “Эл хэргийн Б.Х- нь хувьсгалын эсэргүү байгууллагад оролцон ажиллаж байснаа хүлээн мэдүүлсээр буй авч, жинхэнэ японы тагнуулд элсэгдэн орж, гадаадад харилцаа барьж ажиллаж байсан зэрэг гэмт хэргээ хүлээдэггүй, хэдий тийм боловч түүний гадаадтай тагнуулын харилцаа барьж байсан нь бусдын мэдүүлэг сэлтээр илэрсэн” гээд Б.Х-ийн 1939 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээр “цэргийн зохион байгуулалтын тухай мэдээг япон Накамурид явуулсан” гэж мэдүүлсэн гэж 1941 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ял төлөвлөсөн байх бөгөөд Б.Х- нь 1940 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анх дайчлан баривчлагдаж мэдүүлэг өгсөн, 1939 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг өгсөн байх боломжгүй буюу энэ тухай бусдын мэдүүлэг сэлтээр илэрсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

7. Б.Х-ийг холбогдуулан шалгасан “япон тагнуулын бүлэг хэрэг” гэх Б.Гэндэнгийн хэргийг ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 4н-022693/56 тоот магадлалаар цагаатгасан байна.

Б.Х-ийг хувьсгалын эсэргүү япон тагнуулын байгууллагад элссэн, улсын чухал нууцыг бусдад задруулсан гэх ямар ч баримт байхгүй байхад улс төрийн хэрэгт хилсээр буудан алж, эд хөрөнгийг нь хураах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн нөхцөл байдал болж байна.

Харин Б.Х-эд ял төлөвлөсөн Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 105 дугаар зүйл нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдоогүй боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

Б.Х-эд Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 44, 105 дугаар зүйлд зааснаар буудан алж, хөрөнгийг хураах ял шийтгэсэн Дотоод явдлын яамнь Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаар хурльн тогтоолыг хүчингүй болгож, Базар овогтой Б.Х-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн. гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Б.Х-эд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

 

2.Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Б.Х-ийг хувьсгалын эсэргүү японы тагнуулын байгууллагын гишүүн бөгөөд эсэргүү хор саадыг учруулах буюу хорлож сүйтгэх ажлыг хийж байсан, эсэргүү зэвсэгт бослогыг гаргах ажилд идэвхтэйгээр оролцон ажиллаж байсан ба уг нууцыг хортойгоор задруулсан, гадаадтай тагнуулын байгууллагатай харилцаа барьж байсан хэмээн буруутгаж, Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 105 дугаар зүйлд зааснаар буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэжээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Б.Х нь хувьсгалын эсэргүү японы тагнуулын байгууллагын гишүүн бөгөөд эсэргүү хор саадыг учруулах буюу хорлож сүйтгэх ажлыг хийж байсан, эсэргүү зэвсэгт бослогыг гаргах ажилд идэвхтэйгээр оролцон ажиллаж байсан ба уг нууцыг хортойгоор задруулсан, гадаадтай тагнуулын байгууллагатай харилцаа барьж байсныг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь үнэн зөв болохыг хөдөлбөргүй батлах баримт хэрэгт авагдаагүй байх тул хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

4.“Б.Х-ийг хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн гэсэн” хэмээн мэдүүлсэн Т.Жигжиджавыг ОБЭК-ын 1938 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэж, хожим Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалаар;

мөн түүний мэдүүлэгт дурдагдсан Д.Пунцагт холбогдох хэрэгт үзлэг хийхэд Т.Жигжиджавын мэдүүлэг үгүйсгэгдэж буйгаас гадна Д.Пунцагийг ОБЭК-ын 1938 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэж, Дээд шүүхийн Бүгд хурлын 1963 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус тус цагаатгажээ.

 

1934 оны Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 45 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д хамаарч байх тул Б.Х-ийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Б.Х-ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Б.Х-эд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

   ШҮҮГЧИД                                                    Б.БАТЦЭРЭН   

                                                                                                                                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                                              Ч.ХОСБАЯР

        С.СОЁМБО-ЭРДЭНЭ