Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1156

 

С.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02923 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мандаллэнд” ХХК, иргэн Б.Норжинсүрэн, Г.Баярсайхан нарт холбогдох

 

Хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарыг “Мандаллэнд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасуулахыг Улсын бүртгэлийн газарт даалгах, Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын хөрөнгө оруулалтын үлдэгдэл төлбөр 192 150 000 төгрөг, Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарт учирсан хохирол 48 000 000 төгрөг нийт 241 550 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, өмгөөлөгч С.Баясгалан нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, өмгөөлөгч Ж.Ариунаа

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, өмгөөлөгч С.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, өмгөөлөгч Ж.Ариунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мандаллэнд” ХХК нь “Алтан Дорнод Монгол” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд, алтны нөөц бүхий газарт хөрөнгө оруулж хамтран ажиллах боллоо, та нар хөрөнгө оруулж хамтран ажиллаач, нөөцөө гаргаж борлуулалт хийгээд ашгаа хувааж авъя гэсэн саналыг Г.Баярсайхан тавьсан. Энэ саналыг С.Батбаатарт хэлж бидний зүгээс 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ хэлэхэд Г.Баярсайхан нь 300 000 000 төгрөг оруулах бол ашгаа 30, 70 хувиар хувааж авъя гэсэн саналыг тавьсан. “Мандаллэнд” ХХК ашгийн 70 хувийг, Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нар 30 хувийг авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлж эхэлсэн. Энэ тохиролцоо хэрэгжиж эхлэхэд оруулсан хөрөнгийг баталгаатай болгох зорилгоор бид тус бүр 150 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа баталгаажуулж “Мандаллэнд” ХХК-ийн 15 хувийг Б.Бат-Эрдэнэ, 15 хувийг С.Батбаатар нар эзэмших, олборлолт хийж нөөцийг худалдан борлуулсны дараа талууд хөрөнгө оруулалтаа, тус тусын 15 хувийн ашгийн хамт буцаан авах талаарх тохиролцоог хийж, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг компанийн хувьцааг нэг бүрийн үнэ 10 000 төгрөгөөр бодож нэг гэрээг эрх шилжүүлэх гэрээний хамт хөрөнгө оруулагч 2 хүн тус тусдаа хийсэн, харин жинхэнэ шилжүүлсэн мөнгөний дүнгээр буюу хувьцааны нэг бүрийн үнийг 20 000 000 төгрөгөөр тооцон 15 хувийн хувьцааг 300 000 000 төгрөгөөр авсан гэх нэг гэрээг С.Батбаатар Б.Бат-Эрдэнийн хөрөнгийг хамтатган байгуулсан. Энэ гэрээг “Мандаллэнд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Норжинсүрэн итгэмжлэл олгосны үндсэн дээр Г.Баярсайхан гэрээг байгуулсан. Жинхэнэ хөрөнгө оруулалтаар бус 150 000 төгрөгөөр тооцож хийсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид энэ компанийн хувьцаа эзэмшигч болоод компанийн үйл ажиллагаанд оролцоод явах ямар ч хүсэл зориг байгаагүй, зөвхөн алт олборлох ажилд л тухайлан оруулсан мөнгөө эргүүлэн авах баталгааг бодож л энэ гэрээг байгуулсан. Гэтэл бидний хөрөнгө оруулсан зорилго хэрэгжих боломжгүй болж “Мандаллэнд” ХХК-ийн металлын нөөц бүхий талбайд олборлолт хийх гэрээ “Алтан Дорнод Монгол” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрөө өгөөгүй үндэслэлээр цуцлагдсан ба 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Мандаллэнд” ХХК “Уулс Заамар” ХХК-тай хөрөнгө оруулалт болон бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээгээр “Мандаллэнд” ХХК “Алтан Дорнод Монгол” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах, гэрээний урьдчилгаа төлбөрийг “Алтан Дорнод Монгол” ХХК болон “Уулс Заамар” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцуулах, хөрөнгө оруулалт болон бараа материал, үйлчилгээний болон бусад төлбөрийг “Уулс Заамар” ХХК нь “Мандаллэнд” ХХК-д төлөхөөр тохиролцсон байна. Энэ гэрээний дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 2 620 000 000 төгрөгийг “Алтан Дорнод Монгол” ХХК болон “Уулс Заамар” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцуулахыг зөвшөөрсөн тухайгаа “Мандаллэнд” ХХК нь “Алтан Дорнод Монгол” ХХК-д бичгээр мэдэгдэж тооцуулах, талбайтай холбоотой геологи, хайгуулын бичиг баримтыг “Уулс Заамар” ХХК-д хүлээлгэж өгөх, кэмпийг нэг сарын дотор өөрийн зардлаар нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргүүдийг хүлээсэн байна. Энэ талаар мэдээд Г.Баярсайхантай уулзаж мөнгөө авах талаар шаардлага тавьсан боловч бидэнд 90 000 000 төгрөг өгсөн ба үлдсэн мөнгийг өгөхгүй байна. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Бат-Эрдэнийн байгуулсан 150 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг, С.Батбаатарын байгуулсан 150 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн С.Батбаатарын байгуулсан 300 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үр дагаврыг арилгуулж, Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарыг “Мандаллэнд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн албанд даалгаж, хариуцагч нараас үлдэгдэл төлбөр 192 150 000 төгрөг, нэхэмжлэгч нарт учирсан хохирол 48 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Бат-Эрдэнэ 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сарын 3.5 хувийн хүүтэйгээр орон сууцаа барьцаалж 200 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд үүнээс 150 000 000 төгрөгийг Г.Баярсайхан болон “Мандаллэнд” ХХК-д хөрөнгө оруулсан ба сар бүр зээл, хүүгийн төлбөрт орж байна. С.Батбаатарын хувьд хугацаатай хадгаламжийн хүүгийн ашгаас татгалзаж, хөрөнгө оруулсан тул хадгаламжийн хүүгийн алдагдал 8 100 000 төгрөгийн хохирол учирсан. “Мандаллэнд” ХХК-ийн дүрмээр нэг бүр хувьцаа нь 10 000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцаа байна гэж хэлсээр байтал хэний, ямар эрх бүхий байгууллагын үнэлгээгээр нэг бүрийн үнийг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулиудыг зөрчсөн. Энэ хууль зөрчиж хийсэн 300 000 000 төгрөгийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр компанийн дүрмийн сан нэмэгдэх шаардлагатай учраас 150 000 төгрөгийн гэрээ хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нар 150 000 төгрөгөөр гэрээ байгуулах хүсэлт сонирхол байгаагүй. Анхнаасаа 300 000 000 төгрөгийн гэрээг халхавчилж дүр үзүүлэн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус байх гэрээ гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мандаллэнд” ХХК нь “Алтан Дорнод Монгол” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан талаар Г.Баярсайхан нь С.Батбаатарт хэлэхэд С.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ нар “Мандаллэнд” ХХК-ийн хувьцааг худалдан авч, цаашид компанийг ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж компанийн хувьцаа эзэмших хүсэлтийг өөрсдөө тавьсан. С.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын хүсэл зоригийн дагуу “Мандаллэнд” ХХК-ийн захирал Б.Норжинсүрэн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан С.Батбаатартай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр энгийн хувьцаанаас 15 ширхэг хувьцааг нэг бүрийн үнийг 20 000 000 төгрөгөөр тооцон 300 000 000 төгрөгөөр худалдахаар, Б.Бат-Эрдэнэтэй 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Мандаллэнд” ХХК-ийн энгийн хувьцаанаас 15 ширхэг хувьцааг нэг бүрийн үнийг 20 000 000 төгрөгөөр тооцон 300 000 000 төгрөгөөр худалдахаар тус тус тохирч, компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөрт тооцохоор байна. Гэтэл хувьцаа худалдан авч байгаа талууд хувьцааны төлбөрийг хувааж төлөхөөр санал гаргасан тул дахин бага үнийн дүнгээр буюу нэгж хувьцааг 10 000 төгрөгөөр тооцон, 15 ширхэг хувьцааг нийт 150 000 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж, хувьцаа эзэмшигч нарыг эрхийг баталгаажуулсан. Хувьцаа худалдан авагч талууд гэрээний төлбөр буюу тус бүр 300 000 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж дууссаны дараагаар өндөр үнийн дүн бүхий гэрээг бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахаар гэрээний талууд тохирсон нь болзол тавьж хийсэн хэлцэл юм. С.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ нар гэрээний сүүлийн төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүрэгтэй байсан ч уг болзол биелэгдээгүй, өнөөдрийн байдлаар С.Батбаатар 300 000 000 төгрөгөөс 150 930 000 төгрөг буюу 50, 31 хувийн үүргийг гүйцэтгэсэн, Б.Бат-Эрдэнэ 300 000 000 төгрөгөөс 148 746 000 төгрөг буюу 49, 58 хувийн үүргийг гүйцэтгэсэн байна. Талууд 600 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. “Мандаллэнд” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь Б.Норжинсүрэн захирал учраас талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч нарын дурдаж байгаа 90 000 000 төгрөгийг Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарт өөрсдийнх нь хүсэлтээр  компаниас зээл хэлбэрээр олгосон. Нэгэнт талуудын хүсэл зоригийн үндсэн дээр компанийн хуьцааг худалдах, худалдан авах хэлцэл хийж, хуулийн дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Мандаллэнд” ХХК-ийн захирал Б.Норжинсүрэнгээс олгосон итгэмжлэлийн дагуу Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нартай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус бүр хоёр өөр үнийн дүнтэйгээр байгуулсан ба худалдан авагчид төлбөрийг хувааж төлөх хүсэлтэйгээ мэдэгдсэн, төлбөрийг төлж дууссаны дараа өндөр үнийн дүн бүхий гэрээг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр харилцан тохиролцсон. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талууд нь “Мандаллэнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Норжинсүрэн болон Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нар бөгөөд  би хариуцагч биш тул  хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Г.Баярсайхан нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хийгдсэн Мандаллэнд ХХКомпанийн эрх шилжүүлэх гэрээ, 150 000 төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 300 000 000 төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9-д зааснаар Мандаллэнд ХХКомпанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дэх хэсэгт заасныг баримтлан Баттогтуурын Норжинсүрэнгээс 188 336 000 төгрөгийг гаргуулан Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарт олгож, Г.Баярсайхан, “Мандаллэнд” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан хариуцагч нараас хохирлын 48 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 446 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Норжинсүрэнгээс 1 099 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, өмгөөлөгч С.Баясгалан нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн 300 000 000 төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах хэлцлээр компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээлэлд өөрчлөлт орж байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9-д заасны дагуу тухайн өөрчлөлтийн байдлыг бүртгэлийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн хэлцлийг бүртгүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхгүйгээр харин ч хууль зөрчин талуудын хооронд байгуулагдсан 300 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон.

Хариуцагч Б.Норжинсүрэнгийн хувьд "Мандаллэнд" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд төдийгүй тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлэх шаардлагагүйгээр захиран зарцуулах эрхтэй.  Хувьцаа болон хувьцаанд хамаарах компанийн эрх шилжүүлэх гэрээг хувьцаа эзэмшигч нь худалдан авагчтай байгуулдаг болохоос биш компанийг төлөөлсөн этгээд буюу гүйцэтгэх захиралд эдгээр хэлцэл хийх эрх хэмжээ байхгүй юм. Шүүх "компанийн хувьцааг худалдах болон компанийн эрхийг шилжүүлэх хэлцэл хийгдэж байгаа бол тухайн компанийг төлөөлсөн этгээдтэй хэлцэл хийх нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч нартай хийсэн  гэрээнүүдийн эхний хэсэгт Б.Норжинсүрэнгээс бичигдсэн байх мөртлөө төгсгөлийн хэсэгт Б.Норжинсүрэнг төлөөлж Г.Баярсайхан гэж бичигдсэн байгаа нь хуульд нийцээгүй" гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ нар нь хариуцагч “Мандаллэнд” ХХК, Б.Норжинсүрэн, Г.Баярсайхан нарт холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 150 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч нарыг “Мандаллэнд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн албанд даалгах, хөрөнгө оруулалтын үлдэгдэл төлбөр 192 150 000 төгрөг, хохиролд 48 000 000 төгрөг, нийт 241 550 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “… нэхэмжлэгч нар өөрсдөө хүсэл зоригоо хуулийн дагуу илэрхийлж хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хувьцааны үнийг бүрэн төлөөгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа” гэж тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бол мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан хэлбэрт нийцүүлж, улсын тэмдэгтийн хураамжаа зохих журмаар төлж нэхэмжлэл гаргах бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулж, зохигчид тухайн асуудлаар мэтгэлцэх нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэх юм.

Гэтэл хэргийн 218 дугаар хуудасны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал тус бүр нь 300 000 000 төгрөгийн үнийн дүнтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг мөн хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тайлбар хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч нар өөрсдийн нэрийг хувьцаа эзэмшигчээс хасуулсан бүртгэлийг хийлгэнэ гэж шаардаж байгаа бол хассан бүртгэлийг хийх этгээд нь тодорхой байх ёстой юм. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт оролцоогүй, мэтгэлцээгүй этгээдэд хассан бүртгэл хийхийг даалгах шийдвэр гаргасан нь мэтгэлцэх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээд тодорхой байх зарчмыг зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйлийн талаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байгаа эсэх, тэдгээрийг хэрэгт оролцуулах эсэх асуудлыг талуудад мэдэгдэж, эрх үүргийг тайлбарласан гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй байжээ. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж буй эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах, хүчин төгөлдөр бус гэж дүгнүүлж үр дагаврыг арилгуулах гэж буйн аль нь болох, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл зэргийг нарийвчлан тодруулах нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байх ёстой атал “үйл баримт дурдаж” шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав. Хариуцагч талын давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/02923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн төлсөн 1 099 630 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                      Ш.ОЮУНХАНД