Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00050

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар шийдвэр,

      Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Б.Н

           Хариуцагч: ЗАЦХхолбогдох

       Тушаал хүчингүй болгох, томилогдсон ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2009-09-15-ны өдөр Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газар /ЗДТГ/-т архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон 2014-10-01-ний өдөр хүртэл ажиллаж, ар гэрийн шалтгаанаар  ажлаасаа түр чөлөө авч буцаад  ажилд орох хүсэлтээ 2016 оны 6, 9 дүгээр сард 2 удаа өгсөн. 9 сард хүсэлтийг хүлээн аваад 2016-12-27ны өдөр  намайг ЗДТГ дарга Хажидмаа дуудаж  “...Пүрэвсүрэнг ажлаас халж байгаа..” гээд би   2017-01-02-ны өдөр  12.00 цагт түүнээс ажил хүлээлцэхээр болсон. Пүрэвсүрэнтэй ажлаа хүлээлцээд явж байтал  Иргэдийн хурлын дарга Бат-Амгалан орж ирээд “...Хажидмаа чамайг ажлаас чинь халуулна” гээд гарсан,тэгээд ажлаа хүлээлцэж дуусгаагүй. Тамгын газрын дарга Эрдэнэтуяагийн гаргасан  01 тоот тушаал ямар ч үндэслэлгүй учир нэхэмжлэл гаргасан. Өмнөх Тамгын дарга байсан Хажидмаа нь Пүрэвсүрэнг сахилгын арга хэмжээ 2 удаа авагдсан,мөн хугацаатай тайлан мэдээг хугацаанд нь явуулаагүй, улсын архивын ерөнхий газраас 5 жил тутамд ирдэг шалгалтаар хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн гэж ажлаас нь халсан гэж байсан. Намайг ажилд авах тухай тушаалыг гаргахдаа тамгын дарга Хажидмаа  Засаг даргатай утсаар ярьж зөвшилцсөн, мөн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулдаг тул гэрээний хугацаа дуусгавар болж байгаа гэсэн. Би 2016-12-28 -ны өдрийн 19 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон талаар би 2017-01-12-ны өдөр Мягмаржаваас мэдсэн. Иймд 2017 оны  01 тоот тушаалыг хүчингүй болгож,  намайг томилсон ажилд  эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.  

        Хариуцагч хариу тайлбартаа: Манай сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Хажидмаа нь тамгын газрын бичиг хэргийн ажилтан Д.Пүрэвсүрэнг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах тухай 2016-12-28-ны өдрийн 19 тоот тушаал гаргаж оронд нь Б.Нг томилсон. Тушаалыг 2017-01-02-ны өдөр танилцуулсан. Уг тушаалын дагуу Б.Н ажил хүлээж аваагүй. Хуучин тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Хажидмаа ЗДТГ-ын даргын 2016 оны тушаалуудыг авч яваад өөрчилсөн, засварласан, ажлын байрны дарамт үзүүлэн захирамж бичиг тоот засаж өөрчлөөд байгаа үйлдлийг нь удирдах хүнд хэлснээс болоод архив бичиг хэргийн ажилтан Д.Пүрэвсүрэнг ажлын хариуцлага алдсан гэж халсан хэдий ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Д.Пүрэвсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй. Уг албан тушаал нь байнгын орон тоо, ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой байхаар заасан. Б.Н нь дээд боловсрол эзэмшээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Д.Пүрэвсүрэнг өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр Б.Нгийн нэхэмжлэлтэй ЗАЦХ-т холбогдох ЗАЦХ-ын 2017 оны 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, томилогдсон ажилдаа эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсан байна. 

        Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрийн 20 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын эхэнд “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн үед хөдөлмөрийн харилцаа үүсэж байхад, харилцаа үүсээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халаагүй гэж үзэж байна. 2017 оны 01 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан Д.Пүрэвсүрэнг ажилд авсан заалтууд, харин Б.Н намайг ямар хуулийн заалтаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Н нь ЗАЦХхолбогдуулан  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгох, тамгын газрын бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага тавьжээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаагүй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Б.Н чөлөө авч ажилдаа буцаж орох хүсэлт гаргаж байсан нь нотлогдоогүй... зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй...2016 оны 19 тоот тушаалыг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль баримтлаагүй байна...” гэсэн үндэслэл заажээ.    

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Д.Пүрэвсүрэнг Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтны ажлаас чөлөөлж, Б.Нг бичиг хэргийн ажилтнаар томилох тухай ажил олгогчийн 2016 оны 12 дугаар   сарын 28-ны өдрийн 19 дүгээр тушаалыг хариуцагч хүчингүй болгож, Д.Пүрэвсүрэнг урьд эрхэлж байсан ажилд буюу Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчээр  томилж 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай тушаал гаргасан бөгөөд эдгээр тушаалуудыг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгожээ.   

       Бичиг хэргийн эрхлэгч Д.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөхдөө ажил албан тушаалыг нь  “бичиг хэргийн ажилтан” гэж алдаатай бичсэн тушаалаа хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.  

       Түүнчлэн, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй буюу Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19-р тушаал гарснаас хойш Б.Н тамгын газрын бичиг хэргийн ажилтнаар ажлаагүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.     

       Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Б.Нгийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.   

       Харин анхан шатны шүүх Б.Нгийн шаардлагыг шийдвэрийн “тогтоох” хэсэгт бүрэн тусгаагүйгээс гадна  хуулийн нэрийг буруу бичсэн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул ЗАЦХхолбогдох Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тамгын газрын бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “... Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ