| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2022/04230/И |
| Дугаар | 210/МА2026/00344 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00344
|
|
|
(*******), ******* компани нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/09724 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******Улсын иргэн ******* (*******), ******* компани нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,699,856,223.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******Улсын ******* компани болон тус улсын иргэн ******* (*******) нар ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй *******аймгийн *******суманд хэрэгжих *******н Салхин цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалт буюу санхүүжилт, бүтээн байгуулалтад ажиллахаар болсон. Үүний хүрээнд ******* (*******) нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, улмаар ******* ХХК-д 400,000 ам.долларын хөрөнгө оруулсан. Нэхэмжлэгч гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй ч ******* ХХК-д өөрсдийн хувийн хөрөнгөөр нэмэлт санхүүжилт гаргаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлсээр ирсэн. Ж: Салхин станцын төслийн хөгжүүлэлтийн үе шатанд мэргэжлийн зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гаргуулах, хууль, аудитын дүгнэлт гаргуулах, төрийн байгууллагуудтай харилцах, хөрөнгө оруулагч нартай уулзах, Төслийн байршил дээр биечлэн үзлэг хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах зэрэг бүхий л ажил, үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч нар нь ******* ХХК-ийн өмнөөс гаргаж төлсөн.
Тодруулбал: Техникийн зөвлөгөө авахад 2,060,000 швед кроны зардал гаргасан нь нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны ханшаар 612,149,600 төгрөг болсон. Уг төслийг хэрэгжүүлэхэд хууль, даатгал, санхүүгийн үйлчилгээний зардалд 55,531 ам.доллар, 718,499 швед крон, 15,000 евро болсон нь дээр дурдсанчлан ******* ГХОХХН-ийн төлбөр болон *******/PWC/ ГХОХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийн IV-д зааснаар банкнаас зээл авч төлсөн. Энэ зардлыг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 15,000 евро буюу 48,961,500 төгрөг, 718,499 швед крон буюу 213,509,162.84 төгрөг, эдгээр нь нийт 262,470,662.84 төгрөг болсон. Бусад хөрөнгө оруулагч, банк, санхүүгийн байгууллага, компаниудтай хөрөнгө оруулалт, даатгал, хуулийн асуудлаар уулзалт зохион байгуулсан, оролцсон болон бусад бүх зардлыг ******* (*******) хувиасаа төлсөн нь түүний хувийн кредит картын нэхэмжлэхийн хуулгаар нотлогддог. Ийнхүү кредит картын нэхэмжлэхийн хуулганаас холбогдон гарсан зардлыг тооцоход замын зардалд 1,630,427.57 швед крон болсныг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 484,497,856.704 төгрөг болж байна. *******Улсын ******* болон ******* нарын бүх үйл ажиллагаа ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зарцуулагдсан. *******-тэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд нэхэмжлэгч нь Шведийн хуульчаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулагчидтай уулзахаар Их Британийн Лондон, АНУ-ын Нью-Йорк хотуудад очих болж, холбогдох бүх зардлаа банкнаас 4,500,000 швед крон зээлж зарцуулсан байдаг. Үүнийг Швед Улсын иргэн ******* /*******/-aac хувийн зээл авч төлсөн ба 80 сая ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгуулахын тулд 4,511,839.09 швед кроны зардал гаргасан нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,340,738,103.98 төгрөг болсон.
******* ХХК-ийн эзэмшдэг салхин станцын бүтээн байгуулалтад нэхэмжлэгч нарын оруулсан дээрх зардлуудыг нэгтгэн үзвэл техникийн зөвлөгөөнд 612,149,600 төгрөг, хуулийн зөвлөгөө ба даатгалд 262,470,662.84 төгрөг, замын зардалд 484,497,856.70 төгрөг, банкны зээлийн төлбөрт 1,340,738,103.98 төгрөг буюу нийт 2,699,856,223.526 төгрөг болж байгааг ******* ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчдыг татах амлалтаа биелээгүй тул талуудын хооронд үүссэн аливаа маргаан, төлбөр, гомдлыг эвийн замаар шийдвэрлэхээр Эвлэрлийн гэрээг 2020.05.13-ны өдөр байгуулж, гэрээнд заасан хэлцлүүдэд нийцүүлэн нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан цаашид аливаа гомдол гаргах эсхүл тийм болзошгүй гомдол гаргах асуудал эвлэрлийн гэрээг байгуулах өдрийн байдлаар үүсээгүйг хүлээн зөвшөөрч, хариуцагч болон н.******* нарын эсрэг бүх гомдлоос татгалзсан байдаг. Гэрээний гол зүйл нь зохигчид төлөгдөөгүй төлбөрөө төлж дууссаны дараа талуудын аль нь ч нөгөө талдаа ямар нэгэн байдлаар шүүхийн маргаан үүсгэхгүй байхыг зөвшөөрсөн нь юм. Дээрх эвлэрлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар гэрээний талууд маргаагүй. Нэхэмжлэгч нар хариуцагчтай хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчийн буюу үүргийн харилцаатай байсан тул тэдгээрийн хооронд үндэслэлгүй хөрөнгөжих талаар эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлгүй. Хариуцагч нь гэрээний гүйцэтгэл, ажлын үр шим, хөрөнгө зэргийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-аас 2,699,856,233.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* (*******), ******* компани нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* (*******), ******* компани нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,657,231.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэг.Анхан шатны шүүх Талуудын хооронд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбогдох харилцааг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Нэхэмжлэгч нар ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй *******н салхин цахилгаан станцын төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ хүрээнд ******* ХХК-ийн 2012.06.27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр *******д тус компанийн нэрийн өмнөөс төслийн нийлүүлэгчийн нөхцөл, санхүүжилт болон холбогдох бусад бүх асуудлыг зохион байгуулах бүрэн эрхийг албан ёсоор олгосон байдаг.
Нэхэмжлэгч *******Улсын иргэн ******* (*******) нь уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор тус улсын ******* компанийг үүсгэн байгуулж тус компани зөвхөн дээрх төслийг хэрэгжүүлэхээр байгуулагдан төслийн хэрэгжилтийг хангахаар тасралтгүй ажиллаж, төслийн үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг ******* ХХК-ийн өмнөөс санхүүжүүлж ирсэн. Төслийг хэрэгжүүлэх, салхин цахилгаан станц барих, санхүүжилт татахаар мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө авах, зураг төсөл болон ТЭЗҮ боловсруулах, хууль, аудитын дүгнэлт гаргуулах, төрийн байгууллагуудтай харилцах, хөрөнгө оруулагч нартай уулзах, төслийн байршил дээр үзлэг хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах зэрэг бүх ажлын зардлыг Нэхэмжлэгч нар гарган төлсөн төдийгүй ******* ХХК-д бэлэн мөнгө шилжүүлэх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нарын дансны хуулга болон ханган нийлүүлэгчдийн нэхэмжлэх баримт тодорхой харагддаг. Хэдийгээр нэхэмжлэгч гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй боловч ******* ХХК-д өөрсдийн хувийн хөрөнгөөр нэмэлт санхүүжилт гаргаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хувиасаа санхүүжүүлсээр ирсний үр дүнд 2013.10.11-ний өдөр салхин станцын төслийн хүрээнд БНХАУ-ын *******д болон ******* (*******) нарын хооронд Дизайн болон барилгын ажлын гэрээ байгуулагдаж, 102 МВт-ын хүчин чадалтай, 41 салхин сэнсээс бүрдсэн салхин цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, барих, ашиглалтад оруулахтай холбоотой бүх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн 2015.05.05-ны өдөр Нью-Йорк хотод бүртгэлтэй *******. болон *******Улсын ******* нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-гээр төслийг хэрэгжүүлэхэд зориулан 80,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт татахаар тохиролцсон. Эдгээр нь нэхэмжлэгч нарын санхүүжилтийн үр дүнд бий болсон амжилтууд юм.
Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байтал даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн даалгавар гүйцэтгэгч нь яг ямар ажил гүйцэтгэх нь гэрээний тохиролцооноос харагдах бөгөөд даалгаврын гэрээ байгуулснаар даалгавар гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон агуулгын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тодорхой зааварчилгааны дагуу гэрээнд заасан тодорхой даалгаврыг гүйцэтгэх тохиролцоо хийгдээгүй байтал анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд үүссэн даалгаврын гэрээгээр нэхэмжлэгч ******* (*******) нь ******* ХХК-ийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс компанийн хэрэгжүүлж буй төслийн нийлүүлэгчийн нөхцөл болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нартай хэлэлцээр хийхээр тохиролцож, харин хөлс төлөх тохиролцоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хоёр.Шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр тогтоогдсон асуудлаар илт зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй 2020.05.13-ны Эвлэрлийн гэрээ-тэй холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийдвэр гарсан бөгөөд тус хэргээс холбогдох баримтуудыг татан гаргуулж хэргийн материалд хавсаргасан. Эвлэрлийн гэрээнд дурдсан асуудал нь хариуцагчийн эзэмшдэг салхин станцын бүтээн байгуулалтад нэхэмжлэгч нарын оруулсан зардалтай холбоотой асуудлаар бус тусдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотой байдаг. Эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өмнө нь хийгдсэн хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотойгоор байгуулагдсан бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нарын үлдэгдэл төлбөрийг харилцан тогтоож, төлөхтэй холбогдох харилцааг зохицуулсан. Гэтэл уг зээлийн үлдэгдэл төлбөрийг одоогийн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй одоогийн нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулан доор дурдсан үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-т ...энэхүү маргааны зүйл болсон салхин цахилгааны станцын төслийн үйл ажиллагаанд зориулж гаргасан зардлаа нэхэмжлэгч өмнө хариуцагчаас шаардсан ба хариуцагч зөвшөөрөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэж, уг маргаанаа Эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэжээ. гэж 24-т Эвлэрлийн гэрээ байгуулсан талуудын хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тайлбарлавал, хариуцагч нь концепцийн загварыг ашиглахгүйгээр буцаан өгөх, мөн салхин цахилгааны станцын төслийн үйл ажиллагаанд гаргасан зардалд тооцож 201,719 ам.доллар нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь хариуцагч компанийн хувьцааг буцаан шилжүүлэн өгөх буюу хоорондын өр төлбөр болон салхин цахилгааны станцын төслийн үйл ажиллагаатай холбоотой хамтын үйл ажиллагааг нэг мөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэж үзэхээр байна... гэж, 25-т Хариуцагчийн гаргасан "нэхэмжлэлээр шаардаж буй зардал, төлбөрийг Эвлэрлийн гэрээний дагуу төлж барагдуулсан" гэх тайлбар хэргийн бодит байдалд нийцсэн, түүний татгалзал үндэслэлтэй. гэж, 26-т Иймд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлын хэмжээг талууд 201,719 ам.доллараар тогтоож, уг төлбөрийг хариуцагчаас төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зуйлийн 236.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. гэсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүх талуудын хооронд үүссэн Зээлийн өр төлбөрийг шууд нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулан, нягтлалгүй шийдвэрлэсэн.
Мөн хариуцагч талаас эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зардлуудыг харилцан тооцохоор болсон, уг төлбөрийг барагдуулсан тухай нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, шүүх тогтоогоогүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр тогтоосон хэргийн үйл баримтад аливаа өөрчлөлт ороогүй, аливаа нотлох баримтгүй байхад ...даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлын хэмжээг талууд 201,719 ам.доллараар тогтоож, уг төлбөрийг хариуцагчаас төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зуйлийн 236.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ... гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн гаргасан нэхэмжлэлээр шаардаж буй зардал, төлбөрийг эвлэрлийн гэрээний дагуу төлж барагдуулсан гэх тайлбар хэргийн бодит байдалд нийцсэн, түүний татгалзал үндэслэлтэй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй бөгөөд ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлээр тус Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, хууль зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчийн хувьцаа эзэмшигчийн хувьд тодорхой хөрөнгө оруулж байсан. Хувьцаагаа хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч *******д худалдаж оруулсан хөрөнгө болох 201,000 ам.долларыг зээл байсан гэх агуулгаар буцаан авахаар мөн хувьцааг 215,000 ам.доллароор буцаан худалдахаар нийт 416,000 ам.доллар буюу бүх хөрөнгөө авсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй. Энэ хэрэг нь 2 нэхэмжлэгчтэй. Нэхэмжлэгч нар нь маш олон тооны баримт болон төлбөрийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн. Ямар гэрээг үндэслэн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Мөн гэрээний агуулга, хуулийн болон татварын зөвлөх үйлчилгээгээр хариуцагч компани хэрхэн яаж хөрөнгөжсөн талаарх нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр тогтоогдсон байхад илт зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж тайлбарласан. Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч болон өмнөх хувьцаа эзэмшигч ******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг дүгнэсэн. Эвлэрлийн гэрээний дагуу оруулсан хөрөнгүүдээ салган авч Монгол улсад байгаа хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигч хэвээр үлдэж нэхэмжлэгч тал уг гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан маргадаггүй.
Мөн гэрээний дагуу хүлээн авсан төлбөртэй холбогдуулан маргаагүй. Зөвхөн гэрээний дагуу төлбөрийн хугацааг хэтрүүлсэн алдангид Татварын тухай хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварыг суутгах ёсгүй байсан гэх үндэслэлээр маргасан. Монгол Улсын холбогдох хууль, татварын багц хуульд заасны дагуу татварыг нь суутган тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээтэй холбогдуулан маргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад бүх нотлох баримтыг шинжлэн судалсан. Мөн яагаад бооцооны болон зочид буудалд байрласан мөнгийг нэхэмжилсэн болохыг тодруулсан. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй. Анх нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтууд нь хэлбэрийн шаардлагын хувьд эргэлзээтэй байсан. Уг хэрэгт нэхэмжлэгч талаас Швед улсын хуулийн этгээд, иргэн оролцож байгаа. Дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Швед улсаас ирсэн байсан. Тухайн баримт нь апостил хийгдэж ирсэн гэж тайлбарладаг боловч Гаагийн конвенцын дагуу апостил хийгдсэн улсыг нь шалгахад Швед улс бус Бүгд найрамдах Франц улсын буюу газрын зургаас үзэхэд 2000 км цаана байдаг өөр хотод гэрчилгээг хийлгэсэн байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлд Монгол Улс Улаанбаатар хотод үйлдсэн гэж дурдсан байдаг. Нотариатын тэмдгээс харахад хуулбараар баталгаажсан. Монгол болон Швед улс нь Гаагийн конвенцын гишүүн улс. Нэг улсаас эх үүсвэртэй. Тухайн улсад үйлдэгдсэн бичиг баримт нь апостил хийгдэж нөгөө улсдаа хүлээн зөвшөөрөгдөх байтал гуравдагч улс буюу Бүгд найрамдах Франц улсад ямар ч нотлох баримт үйлдэгдээгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв дүгнэлт хийсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******Улсын иргэн ******* (*******), мөн улсын хуулийн этгээд болох ******* компани нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,699,856,223.52 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ *******аймгийн *******суманд ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй *******н Салхин цахилгаан станцын төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар болж ******* нь 2012 онд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Энэ хүрээнд төслийн хөгжүүлэлтийн үе шатны ТЭЗҮ гаргуулах, хуулийн ба аудитын зөвлөгөө авах, дүгнэлт гаргуулах, хөрөнгө оруулагчидтай уулзах, гэрээ байгуулахад зэрэгт зарцуулсан зардал, зээлийн төлбөрт нийт 2,699,856,223.52 төгрөг гаргасан гэсэн агуулгаар тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ талууд нэхэмжлэлд дурдсан төсөлд нэмэлт хөрөнгө олох, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хамтарч ажиллахаар тохиролцсон, хамтын ажиллагаанаас үүссэн хоорондын маргаан, өрийн асуудлаа эвийн замаар шийдвэрлэж, эвлэрлийн гэрээг 2020 онд байгуулсан, эвлэрлийн гэрээний дагуу үүрэг хэрэгжсэн, талуудын аль нь ч нөгөө талтайгаа ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж тохиролцсон гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1.******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь тус компанийн хэрэгжүүлж буй *******н Салхин цахилгаан станцын төсөлд *******Улсын иргэн *******-тай хамтран ажиллах тохиролцооны хүрээнд ******* ХХК-ийн хувьцааг түүнд тодорхой үе шат, нөхцөлтэйгээр шилжүүлэх, ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хөрөнгө оруулалт татах ажлыг хариуцахаар тохиролцсоноор тэдгээрийн хооронд хувьцаа худалдах-худалдан авах гэрээний харилцаа анх үүсчээ. Ийнхүү *******, ******* нарын хооронд 2012.01.28-ны өдөр байгуулсан Опционы гэрээгээр ******* нь ******* ХХК-ийн нийт хувьцааны 80-100 хувийг худалдан авах онцгой эрхийг *******-д олгож, ******* ******* ХХК-ийн хувьцааны 91 хувийг 18,2 сая ам.доллараар, эхний ээлжид компанийн 10 хувийн хувьцааг 100,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ. Улмаар ******* нь 2014.11.28-ны өдөр ******* ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
4.2.******* ХХК-аас *******-д 2012.06.27-ны өдрийн ******* дугаар итгэмжлэлээр тус компанийн хэрэгжүүлж буй төслийн нийлүүлэгчийн нөхцөл болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх бүрэн эрх, мөн 2014.05.30-ны өдрийн Мэдэгдэл нэртэй баримтаар ******* нь ирээдүйд хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчидтэй хэлэлцээр хийх бүрэн эрх олгосон, *******Улсын ******* сүүлийн 2,5 жилийн хугацаанд уг төсөлд их ажил гүйцэтгэснийг тус тус дурджээ.
4.3.Зохигч шүүхийн маргаан үүсгэхээс өмнө буюу 2020.05.13-ны өдөр Эвлэрлийн гэрээ нэртэй гэрээ байгуулан хариуцагч нь нэхэмжлэгч нарт урьдчилсан загварын ажлууд, зураг төсөл, бүх холбогдох техникийн суурь ажил, шийдэл болох салхин паркын Концепцын загварыг буцаан өгөх, уг загварыг цаашид ашиглахгүй байх, мөн векселийн баримт бичгүүдийн дагуу зээлүүд олгогдсоныг дурдаж, төлөгдөөгүй өрөнд 201,719 ам.долларыг 2020.06.07-ны өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д эзэмшиж буй хувьцаагаа 215,281 ам.доллараар *******д буцаан худалдах, төлбөрийг 2020.06.07-ны өдрийн дотор төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч нь талбай дээр гүйцэтгэсэн ажил, техникийн туслалцаа, төслийн нэмэлт зардал нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй талаар тусгагджээ.
4.4.Талууд дээрх гэрээнд заасан төлбөр 201,719 ам.доллар, хувьцааны үнэ 215,281 ам.доллар төлөгдсөн тухай тайлбар шүүхэд гаргасан.
5.Нэхэмжлэгч нар 2012-2016 оны хооронд техникийн болон хуулийн зөвлөгөө авсан, даатгалын төлбөр, замын зардал зэрэгт гаргасан 2,699,856,223.52 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа энэ төлбөр нь эвлэрлийн гэрээнд хамааралгүй, харин 2012.06.27-ны өдрийн ******* дугаар итгэмжлэлийн дагуу үйл ажиллагаа явуулж зардал гаргаснаар хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар гаргасан.
5.1.Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдад төслийг танилцуулах уулзалтууд хийсэн, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай хуулийн болон санхүүгийн зөвлөгөө авч, дүгнэлт гаргуулах зэргээр ажилласан нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой эрх үүргийг хэрэгжүүлжээ.
Анхан шатны шүүх хувьцаа эзэмшигч, компанийн хооронд үүссэн харилцааг даалгаврын гэрээний харилцаа гэж тодорхойлсныг буруу гэж үзнэ. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн ашиг сонирхлын төлөө түүний нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Харин нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар дээрх үйл ажиллагааг явуулсан байх тул зохигчийн хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг залруулна.
5.2.Түүнчлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд талууд Салхин цахилгаан станцын төсөлтэй холбоотой хамтын бүх үйл ажиллагааг дүгнэж, хамтын үйл ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгохдоо хариуцагч нь хоорондын төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжлэгч талд төлөх, нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн хувьцаагаа буцаан худалдахаар шийдвэрлэсний зэрэгцээ цаашид хамтын үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааныг цаашид харилцан үүсгэхгүй байхаар тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар *******н Салхин цахилгаан станцын төсөлд хамтран ажиллахаар 2012 онд хэлэлцэн шийдвэрлэснээс хойшхи хамтын үйл ажиллагааг уг эвлэрлийн гэрээгээр дүгнэж, дуусгавар болгосон гэж үзэхээр байх тул талууд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2,699,856,223.52 төгрөгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй үлдээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний агуулга, үр дагаврын талаар үндэслэл бүхий дүгнэж, хариуцагч ******* ХХК-ийг Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал болон хуульд нийцжээ.
6.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримтлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан буюу нэхэмжлэгч талын тодорхойлсон үүрэг үүсээгүй гэсэн үндэслэл болох мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг баримтлаагүйг залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/09724 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,657,231.12 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ