| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0666/Э |
| Дугаар | 714 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 714
2019 07 26 2019/ШЦТ/714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч П.Бямбасүрэн,
шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дайртан овогт Т-ын Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014840542 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа аягтай боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй,
2005 оны 6 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2006 оны 3 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг ялаа эдлэж байгаад 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 06 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлэгдсэн,
2009 оны 8 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 хэсэгт зааснаар 3 сарын баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг бүгдийн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоож, уг ялаа биечлэн эдлэж, 2010 оны 8 дугаар сарын 07-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, 2013 оны 03 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2014 оны 07 дугаар сарын 04-нд эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2016 оны 5 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 03-нд хорих ялыг дүйцүүлэн тооцож эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 5 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Дайртан овогт Т-н Д /регистрийн дугаар/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” төвийн хойно байрлах “Намуун” нэртэй хулдаасан хэвлэлийн газрын гадна байсан хохирогч Д.Оргилболдын эзэмшлийн Жойямакс /JОҮМАХ/ загварын 125 сс мотортой хар өнгийн мопедийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 1.398.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч Т.Д шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...архи уугаад нилээн согтоод 100 айлд Жоби төвийн ард явж байтал зам дээр хар өнгөтэй мотоцикл байхаар нь түрээд явчихсан. Гэнэт нэг хүн юун мотоцикл вэ гэхээр нь зугтсан. Тэр мотоциклийг хүнд зарах гэж байсан байх. Уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,
Хохирогч Д.Оргилболдын “…Номуун фото студийн гадна өөрийн унадаг Жойямакс JOҮМАХ/ загварын 125 сс мотортой хар өнгийн мопедийг байрлуулан тавьсан бөгөөд хэвлэлийн ажлаа дуусаад гараад ирэхэд мопед байхгүй байсан, тэгээд ойр орчмоор шороон замаар мопед оо хайгаад шороон замаар ийш тийшээ явж байгаад буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн, таны мопедийг олоод ирсэн гэж хэлсэн, өөрийн мопед оо хүлээн авсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, мопедийн гэрчилгээ гэж байхгүй, араагүй зөвхөн хаазаар явдаг болохоор гэрчилгээ олгогдоогүй, гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч Б.Даваажавын “...Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Жоби төвийн ард хүн мопед зарна гэж явж байна, цагдаа дуудлаа гэсэн чинь зугтчихлаа гэсэн дуудлагын дагуу очсон, дуудлага өгсөн н.Гантулга гэх хүн нь хар өнгийн мопедийг зааж цайвар ногоон өнгийн хувцастай согтуу этгээд зарна гээд түрээд явж байсан, цагдаа дуудлаа гэхэд зугтаагаад явчихсан гэж хэлсэн. хэрэг болсон газрын ойр орчмоор явахад сэжиг бүхий ногоон өнгийн курткатай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн явж байхаар нь саатуулахад өөрийгөө Төмөрбаатарын Д гэж хэлсэн, тэр хүн “би уг мотоциклыг хулгайлсан үнэн” гэж хэлсэн, тухайн мопедийг цагдаагийн байгууллагад дуудлага ирүүлсэн Д.Оргилболдод хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч А.Гантулгын “...дэлгүүрийн гадаа бараа материал ирэхийг хүлээгээд зогсож байтал 30 гаран насны ногоон өнгийн хантаазтай, хар бараан өнгийн цамц өмссөн, тэнэмэл болов уу гэмээр хүн хар өнгийн мопед түрчихсэн явж байхаар нь сонирхоод юун мотоцикл вэ гэхэд зарна хямдхан өгнө гэсэн, тэгэхээр нь түлхүүр нь байгаа юм уу гэхэд байхгүй, бичиг баримт байгаа юм уу гэхэд байхгүй гээд надаас зугатаах маягтай байгаад байхаар нь сэжигтэй санагдаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-11/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-49-69/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-70-71/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” төвийн хойно байрлах “Намуун” нэртэй хулдаасан хэвлэлийн газрын гадна байсан хохирогч Д.Оргилболдын эзэмшлийн Жойямакс /JОҮМАХ/ загварын 125 сс мотортой хар өнгийн мопедийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 1.398.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Оргилболд, гэрч Б.Даваажав, А.Гантулгын нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Т.Дгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Дгийн дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т.Дг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Оргилболд нь эд зүйлээ хүлээн авсан байх бөгөөд тэрээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Дг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дайртан овогт Т-ын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР