Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00345

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны ялагч *******д хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн 2024.11.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, *******дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь 25 шүүхийн шийдвэрийн дагуу 1,115,441,582 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа 1,266,000,000 төгрөгийг төлүүлэх ажиллагаагаар 2024.10.07-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлээр мөн өдөрт багтаан тус газрын Хаан банк дахь ******* тоот дансанд төлбөрийг тушааж шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхийг үүрэг болгосон. Манай компани 1,266,000,000 төгрөгийг мэдэгдэлд заасан дансанд мөн өдөр нь бүрэн төлсөн.

Хариуцагч нь манай компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 50 хувиар тооцон 2023.11.24-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулж 1,728,024,600 төгрөгөөр худалдсан байсан. Манай компани уг албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба тус хэрэг нь 2024.10.03-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. ******* нь манай компани төлбөрийг бүрэн төлснийг үл харгалзан 2023.11.24-ний өдрийн албадан дуудлага худалдаа хүчинтэй гэх үндэслэлээр дуудлага худалдааны ялагч *******аар дуудлага худалдааны төлбөрийг төлүүлж, компанийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Дуудлага худалдааны ялагч *******аар дуудлага худалдааны төлбөр төлүүлсэн, төлбөр авагч нарт төлбөрийг хуваарилсан, хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь бүгд манай компанийн төлсөн төлбөрөөс хойш явагдсан. Энэ нь хариуцагчийн эрх бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлж, бусдын хөрөнгөд халдаж буй хууль бус, ёс зүйгүй үйлдэл юм. Үүний улмаас ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж ашиглах, үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч ******* ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэгтгэн явуулж байна. Тус компанийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* хаягтай, улсын бүртгэлийн *******дугаартай ******* м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 онд хөрөнгө хурааж, битүүмжлэх ажиллагаа явуулж үнийн санал авсан. Мөн 2023.08.16-ны өдөр шинжээч томилж, маргаан бүхий эд хөрөнгийг 3,376,049,200 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг бие даан худалдах хүсэлт гаргасан ч худалдаж чадаагүй тул 2023.10.27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээний 70 хувь 2,363,234,440 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй. 2023.11.24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувь 1,688,024,600 төгрөгөөр оруулахад 1,728,024,600 төгрөгөөр ******* дуудлага худалдааны ялагч болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн *******дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч *******д шилшүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.11.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүхийн 25 шийдвэрээр тогтоосон төлбөрт 1,266,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх тухай ******* дугаартай мэдэгдлийг хариуцагч 2024.10.07-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн ба нэхэмжлэгч 1,266,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь ******* тоот дансанд мөн өдөр бүрэн төлсөн. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн учир хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар төлбөр авагч нарт зохих төлбөрийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой байсан ба өөр ажиллагаа явуулах ёсгүй байсан. Гэтэл хариуцагч нь дээрх нөхцөлийг үл харгалзан нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдааны ялагч *******аар 2024.10.10-ны өдөр дуудлага худалдааны төлбөрийг төлүүлж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ ажиллагаа нь нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлж барагдуулснаас хойш явагдсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон хэрэгт ач холбогдолтой дээрх баримтуудыг үнэлж, дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Тус баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт авагдсан ба хариуцагч талаас эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэж няцаагүй. Хариуцагчийн мэдэгдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу явагдсан ба 2024.10.07-ны өдөр нэхэмжлэгч 1,266,000,000 төгрөгийг төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар маргаагүй юм.

Дуудлага худалдааны ялагч ******* дуудлага худалдааны төлөр 1,559,169,600 төгрөгийг 2024.10.10-ны өдөр хариуцагчийн Голомт банкны ******* дансанд төлсөн баримт хэрэгт авагдсаныг шүүх үнэлж дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. ******* нь дуудлага худалдааны төлбөр 1,559,169,600 төгрөгийг 2023.12.04-ний өдөр төлсөн гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. ******* нь дуудлага худалдааны төлбөр 1,559,169,600 төгрөгийг 2024.10.10-ны өдөр дахин төлсөн баримт хэрэгт авагдсан ба ийнхүү 2 удаа төлөх боломжгүй. Энэ нь нэхэмжлэгч 2023 оны дуудлага худалдааг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, ажиллагааг түдгэлзүүлсний дараа *******д уг 1,559,169,600 төгрөгийг буцаан өгч, 2024.10.10-ны өдөр дахин төлүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан бодит үйл баримтыг үнэлэлгүй, зөвхөн хариуцагчийн гаргасан баримтуудыг үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Төлбөр төлөгч ******* ХХК нь хүчин төгөлдөр 25 шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус компанийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулан, улмаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг 1,700,000,000 төгрөгөөр худалдаж, дуудлага худалдааны ялагч тодорсон.

Дуудлага худалдааны ялагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан 14 хоногийн хугацаанд төлбөрийг төлсөн. Төлбөр төлөгчөөс жилийн дараа буюу 2024.10.07-ны өдөр төлбөр төлөгч төлбөрөө төлсөн нь хууль зөрчсөн асуудал гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох, үнэлгээ хүчингүй болгох маргааны талаар шүүхэд нэхэмжлэлийг гаргаж, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор уг маргаан 2024 оны 06 сард дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан албадан дуудлага худалдааны ялагч *******д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн 2024.11.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдааны ялагч тодорсон ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.

 

3.Зохигчийн маргааны зүйл нь шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчөөр гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлүүлсэн эсэх, албадан дуудлага худалдааны ялагч мөн дуудлага худалдааны үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.12-т зааснаар төлсөн эсэх асуудал болжээ.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө 2023.11.24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 1,728,024,600 төгрөгөөр борлогдож, оролцогч ******* ялагчаар тодорсон, ялагч дуудлага худалдааны үнийг 2023.12.04-ний өдөр төлсөн, улмаар төлбөр төлөгч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 06-р сард дуусч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024.10.18-ны өдөр сэргээсэнд зохигч маргаагүй.

Мөн 2024.10.07-ны өдөр төлбөр төлөгч 1,266,000,000 төгрөг, 2024.10.10-ны өдөр дуудлага худалдааны ялагч ******* 1,559,169,600 төгрөг төлсөн баримтууд хэрэгт авагджээ. Хариуцагч тал дуудлага худалдааны ялагчийн 2023.12.04-ний өдөр төлсөн 1,559,169,600 төгрөгийг 2024.02.02-ны өдөр ялагчид буцаан өгсөн тухай тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ба шийдвэр гүйцэтгэх байгууллага уг мөнгийг ялагчид ямар үндэслэлээр, хэзээ буцаан өгсөн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч энэ үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж маргасан байхад анхан шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдээс тодруулах, чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зохигч уг асуудлаар мэтгэлцэж, хэргийн нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зохигчийн маргааны зүйлийг тодорхойлоогүй, агуулгыг зөв тогтоогоогүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх дүгнэлт үндэслэл бүхий болоогүй, мөн хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

4.Дуудлага худалдааны ялагч *******ыг тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025.10.15-ны өдрийн *******дугаартай захирамжаар хангаж *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талаас *******ын оршин суух хаягийг ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот гэж тодорхойлсноор шүүх тус хаягаар гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тус хаяг тухайн хороонд байдаггүй тухай баримт ирүүлжээ. Улмаар нэхэмжлэгч тал 2025.10.28-ны өдөр *******ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээс татгалзсаныг шүүх хүлээн авсан тухай тус шүүхийн шүүгчийн 2025.11.04-ний өдрийн ******* дугаартай захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

Зохигчийн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тодорхой этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр байвал шүүх уг этгээдийн болон зохигчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журамтай. Хэргийн аль нэг талын хүсэлтээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шүүх шийдвэрлэсний дараа тухайн тал хүсэлтээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах үндэслэл болохгүй. Гагцхүү гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй байдал үүссэн эсхүл гуравдагч этгээд өөрөө хүссэн тохиолдолд л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түүний оролцоогүй явуулж болно.

Мөн шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар гуравдагч этгээдийг дуудан ирүүлэх боломжгүй байсан нь түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй байдал үүссэн гэж үзэхгүй. ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан дуудлага худалдааны ялагч тул түүний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг шүүх хариуцагчаас шаардан гаргуулах боломжтой байхад энэ ажиллагааг явуулаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь албадан дуудлага худалдааны ялагчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу уг этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үр дагавартай байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

 

5.Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ