| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0627/Э |
| Дугаар | 718 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ш.Хосбаяр,
хохирогч Л.Ба,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Түмэд овогт Баяраагийн Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809023570351 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 30-43 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Түмэд овогт Баяраагийн Б, (регистрийн дугаар),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэм” худалдааны төвийн хашаанд иргэн Л.Баг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн атгаалын доод булууны үен доторх хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш 4 цагийн үед согтуу унтаж байгаад гутлаа алдсан. Тэгээд Баттулга ах надад “гутал гаргаж өгнө” гээд явж байхад замын тэнд Энхболд явж байхаар нь дуудаад бид 3 замын тэнд зогсож байхад Ба замын цаанаас “хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд яваад очиход намайг үгийн муухайгаар хэлээд байсан. Би юм дуугараагүй. Хөл нүцгэн замын довжоон дээр сууж байсан чинь Ба над руу “лалар” гэх зэргээр хэлж, өшиглөж элдэв байдал гаргаад байсан. Тэгээд “та нар надад атаархаж явдаг биз дээ” гээд байхаар нь би “чи наад яриагаа 9 жил ярилаа одоо болиоч дээ” гэсэн. Тэгээд “та нар муу сайн лалар” гээд дахин намайг өшиглөөд байсан тул би хөлийг нь аваад түлхсэн. Тэгэхэд Энхээ хараад шоолоод инээгээд байсан. Тэгээд Энхээ “гэмтэл орно” гэхээр нь би “та хоёр яв” гээд салсан. Тэрнээс хойш дахин уулзаагүй байж байгаад сүүлд тааралдсан чинь Ба “чамайг шоронд хатаана, чи намайг ийм болгосон” гэж хэлсэн. Тэгээд дахин таараагүй. Би 01 дүгээр сарын 25-ны өдөр эмийн сангийн гадаа байхад хоёр цагдаа ирээд хэлтэс дээр аваачиж анхны байцаалт авсан. 5 дугаар сарын 29-ний өдөр прокурор яллах дүгнэлт авч ирж өгсөн. Тэгээд намайг дуудах байх гэж бодоод архидаж яваад баригдаад 10 хоног баривчлагдсан...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би “Топаз” зочид буудлын эсрэг талд явж байхад Ба “Топаз” зочид буудлын хажуу талд зогсож байгаад намайг дуудсан яваад очиход Ба архи авч өгөх үү гэхээр нь би архинд дуртай болохоор тэгье гээд хүлээгээд байж байхад Ба хэрүүл маргаан хийгээд намайг өдөөд байсан. Намайг замын хажуу талын хашлага дээр сууж байхад өшиглөх гээд занчиж байгаад дахин миний урдуур хий өшиглөөд өөрөө газар унасан. Энхболд над руу харж инээгээд Б чи яасан юм бэ гээд надаас асуугаад байсан. Энхболд Баг аавд нь хүргэж өгнө гэж хэлээд үлдсэн. Батай уулзахад гар нь зүгээр байсан. Ба газар унаад миний гар эвгүй болчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-29-31/,
Хохирогч Л.Ба шүүхийн хэлэлцүүлэгт “…Би тухайн оройны 17 цаг 30 минутын үед явж байгаад Энхболд замын цаана байхаар нь дуудсан. Тэгээд уулзаад явж байхад араас Баттулга, Б дагаад байхаар нь “яв” гэтэл явахгүй дагаад байсан. Тэгээд би “цаашаа яв” гээд өшиглөх гэж байтал хөлөөс бариад унагаасан. Тэгээд эвгүй болоод орилж чарлаад эмнэлэг явсан...”гэв.
мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Топаз” зочид буудлын орчим ганцаараа явж байхад замын цаана “Дэм” худалдааны төвийн захын орчим бобо хочтой Б, халзан Тулгаа, Энхболд нар зогсож байхыг харсан. Энхээтэй арай дотно учир Энхээг дуудахад ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр “Дэм” худалдааны төвийн хашаа руу орсон чинь араас Б, Баттулга хоёр гүйгээд ирсэн. Тэгээд би Бг “чи яв, би Энхээтэй явна” гээд зүүн хөлөөрөө араас нь амбаардах гэтэл миний зүүн хөлөөс бариад авсан. Тэгэхээр нь би “хөл тавиач” гэтэл тавихгүй миний хөлөөс 2 гараараа сугадаж барьж байгаад хөлийг өргөөд арагш нь түлхээд намайг газарт унагаасан. Би унахдаа газарт зүүн тохойгоороо унаад гэмтээсэн. Тэр үед миний зүүн тохой гэмтээд бугалганы яс нь арьсаа нэвтлээд цухуйгаад гарч ирээд цус гараад байсан. Тэгээд би орилоод Энхээг дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний зүүн гарын бугалга хугарч тохой 5 бутарсан ба шинжээчийн дүгнэлтээр хүнд гзмтэл гэж гарсан. Одоо миний тохой 12 хадаас тохойны төмрөн тохойвч буюу барьцалдуулахын тулд баглаад хадчихсан байгаа. Гар тохой хэсгээрээ тэнийхгүй, гарын шөрмөс нь татаад байна. Байнга өвчин намдаах эм ууж байна, маш их гомдолтой байна. Одоогоор эмчилгээнд 3.000.000-4.000.000 төгрөг баримтаар гарчхаад байна. Би групп тогтоолгож хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. ...Тухайн өдөр Б миний хөлөөс бариад авахаар нь би “хөл тавь, хөл тавиадах” гэж хэлсэн. Б нилээн согтуу байсан, ямар ч үг дуугараагүй сонсож байгаад миний хөлийг дээш өргөөд түлхсэн, тэгээд би газар унасан, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 87/,
Гэрч Л.Баттулгын “…тэгээд Ба дээр яваад очиход Ба Бг “чамайг дуудаагүй, чи яв зайл” гэж хөөгөөд баруун хөлөөрөө өшиглөсөн санагдаж байна. Тэр үед Б өшиглөсөн хөлийг нь барьж аваад өргөсөн чинь
Ба газар унасан. Газарт унахдаа зүүн тохойгоороо газарт тулаад унасан ба
энэ үед Багийн тохой нь хэлбэр дүрс нь өөрчлөгдөж мушгирчихсан эвгүй
харагдаж байсан. Тэгээд Ба тохой эвгүй болчихлоо гээд гараа бариад
байсан. Тэр үед Энхболд такси бариад Баг аваад Гэмтлийн эмнэлэг
явсан. Хөлийг нь барьж аваад өргөхөд тэнцвэр алдаад Ба нь унасан.
Унагаах гэж л хөлийг нь өргөсөн. ...Багийн хөлийг Б барьж авснаас
хойших хугацаанд Ба Бд хандаж “хөл тавь” гэж хэлсэн байж
магадгүй, яг тодорхой санахгүй байна. Багийн хөлийг Б барьж
авснаас хойш хэдий хугацаа өнгөрсөн болохыг санахгүй байна, Хөлийг нь барьж
аваад 10 секунд болоогүй, 5-6 секунд л болсон. Багийн хөлийг Б барьж авснаар хойш Ба тодорхой үйлдэл огт хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-26, 88/,
Гэрч Б.Энхболдын “…Б хөлийг нь барьж авсан харагдаж байсан. Тэгээд эргээд хартал Ба газарт уначихсан босч чадахгүй байхаар нь би Гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6439 тоот актын “…Л.Багийн биед зүүн атгаалын доод булууны үен доторх хугарал, хугарлыг бэхлэх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-28/,
Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹620 тоот актын “…Л.Багийн биед зүүн атгаалын доод булууны үен доторх хугарал, хугарлыг бэхлэх мэс заслын дараах байдал, зүүн тохойн үений хөдөлгөөн үлэмж хэмжээгээр алдагдан, зүүн шуу сарвуун булчингийн хүч сулран, хатингаршил үүссэн нь тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн тохойн үений хөдөлгөөн үлэмж хэмжээгээр алдагдан, зүүн шуу сарвуун булчингийн хүч сулран, хатингаршил үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.5.20-3-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 25 хувь алдагдуулна…” гэсэн дүгнэлт /1хх-92/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-103-104/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, мөн тухайн хэрэг гарах үед хамт байсан гэрч Л.Баттулгын “…тэгээд Ба дээр яваад очиход Ба Бг “чамайг дуудаагүй, чи яв зайл” гэж хөөгөөд баруун хөлөөрөө өшиглөсөн санагдаж байна. Тэр үед Б өшиглөсөн хөлийг нь барьж аваад өргөсөн чинь Ба газар унасан...” гэх,
гэрч Б.Энхболдын “…Б хөлийг нь барьж авсан харагдаж байсан. Тэгээд эргээд хартал Ба газарт уначихсан босож чадахгүй байхаар нь би Гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлгүүд зэргээс харахад шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэм” худалдааны төвийн хашаанд иргэн Л.Багийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн үед хохирогч Л.Ба нь шүүгдэгч Б.Бг “чамайг дуудаагүй, чи зайл” гэх мэтээр түүнтэй зүй бусаар харьцаж, улмаар түүнийг өшиглөсөн байх бөгөөд яг энэ үед шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Багийн өшиглөсөн хөлийг барьж авч өргөн газар унагасан байх бөгөөд хохирогч Л.Ба нь газар унахад түүний эрүүл мэндэд “...зүүн талын атгаалын доод булууны үен доторх хугарал...” бүхий хүнд хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий боловч шүүгдэгч Б.Б нь хохирогчид хүнд гэмтэл учруулна гэдгийг урьдаас мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, эсхүл энэ үр дагаварт буюу хохирогчийг зориуд хөлөөс нь өргөн түлхэн унагасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бад хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 1.428.194 төгрөг нэхэмжилсэн байх тул уг хохирлыг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж, хохирогч Л.Бад олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Түмэд овогт Б-ын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б-ын Бг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Бг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгаас 1.428.194 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ба (РД:)-д олгож, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР