| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2023/02220/И |
| Дугаар | 210/МА2026/00347 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00347
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07414 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******БСБ-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би *******ийн гүйцэтгэх захирлын 2023.03.15-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Сургуульд ажиллаж байсан ажилтнууд Үйлдвэрчний эвлэл байгуулах санал гаргаж ажил олгогчид хэлэхэд ...үйлдвэрчний эвлэл байгуулах ёсгүй. Манай сургууль бол дотоод журмаар явдаг... гэсэн байдлаар хандсан. Үүнтэй холбоотой намайг ажлаас чөлөөлсөн. Өрөөнөөсөө эд зүйлээ авахаар очиход оруулаагүй ба хамгаалалтын хүмүүс гаргаж хэл амаар доромжлон асуудал үүссэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч шүүхийг хууран мэхлэлж, хуурамч бичиг баримтыг ******* гэдэг хүний нэрээр гарын үсэг зуруулж гаргасан нь Баянгол дүүргийн прокурорын 2024.10.01-ний өдрийн ******* тогтоолоор тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх 61,195,306 төгрөгийн олговроо дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь сахилгын зөрчлөөр буюу хэргийн 60-67 дугаар хуудсанд авагдсан 10 хүний ...сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил, хүнийг хараасан, загнасан, дарамталсан гэх... гомдлоор ажлаас халагдсан. Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд заасан үндэслэлээр түүнийг чөлөөлсөн. Үйлдвэрчний эвлэл нь энэ хэрэгт хамааралгүй. Тэрээр олон нийтийн сайтуудад ярилцлага өгч, тухайн сургуулийн нэр хүндэд халдсан. Хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг прокурор шалгаад, хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2023.06.01-ний өдөр дуусах байсан. Гэвч 2 сар дутуу байхад буюу 2023.03.14-ний өдөр ажлаасаа халагдсан гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар гомдол гаргагч *******ийг хариуцагч *******БСБ-ын бүрэлдэхүүн Урлагийн сургууль-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговорт 57,912,705 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгож, үлдэх 3,282,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 447,513 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэг.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал 2023.03.15-ны өдөр гарсан ба энэ талаар *******ийн нэхэмжлэл, 3 талт хорооны тэмдэглэлд дэлгэрэнгүй туссан байдаг. Мөн нэхэмжлэлд 2023.03.15-ны өдрөөс хойшхи хугацааны цалингаа нэхэмжилдэг. Гэтэл нэхэмжлэгч 2025.04.16-ны өдөр 3 талд хороонд хандаж 19-ний өдөр хороогоор шийдвэрлүүлсэн нь гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.
Хоёр.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаар:
Хөдөлмөрийн гэрээ 2022.09.01-ний өдрөөс 2023.06.01-ний өдөр хүртэл байгуулагдсан ба 2023.03.15-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байтал шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээний хугацааг сунгах эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-д зааснаар талууд харилцан тохиролцож шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхээс шууд энэхүү эрхэд халдан нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй. Мөн ******* нь ******* гэх хүний оронд түр хугацаагаар ажиллаж байсан бөгөөд ******* чөлөөлөгдсөнөөр *******г 2023.03.22-ны өдрийн ******* дугаар тушаалаар уг ажид нь эгүүлэн томилсон байдаг. Энэхүү албан тушаалд 2 хүнийг урлагийн сургуулийн захирлаар ажиллуулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болно.
Гурав.Сахилгын шийтгэл хүлээж байсан тухайд:
******* нь зан суртахууны маш их дутагдалтай, удирдлага хүнд байх боломжгүй зан авирыг ажилтнуудад гаргадаг байсан тухай ажилтнуудын тодорхой он, сар бүхий өргөдлийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Дээрх гомдолтой нэхэмжлэгч маргаагүй байхад шүүгч гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй гэж нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанаас өмнө нотлох баримт гаргаж өгсний дараа нэхэмжлэгчээс тайлбар ирсэн ба дээрх баримттай маргаагүй. Хэрэв үнэн зөв эсэхэд маргасан бол шүүх хуралд гэрчээр оролцуулах эсхүл гарын үсгийн баталгаа гаргуулах боломж байсан. *******д Богд уулаа аваръя гэсэн ажилд оролцохдоо гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулсан баримтыг гаргаж өгсний дараа дээрх ажилтны гомдол ирснийг гэрээнд заагдсан удирдлагын сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан бол гэрээг цуцална гэж заасны дагуу цуцалсан.
Дөрөв.Ажилгүй байсан хугацааны цалин хөлс бодсон талаар:
*******тэй байгуулсан гэрээгээр үндсэн цалин 700,000 төгрөг, нэмэгдэл хөлс 1,300,000 төгрөг байхаар тохиролцсон ба сар бүр 700,000 төгрөгийн цалин хөлс олгодог байсан нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан. Гэтэл шүүх гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоогүй атал нийт 2,000,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээний хугацаа 2023.06.01-ний өдөр дууссан байтал 2025.08.29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг дундаж цалин хөлс тодорхойлох журмаар бус сараар тооцоолсон нь үндэслэлгүй. Тухайн ажилтанд жилд нэг удаа ээлжийн амралтыг биеэр эдлүүлдэг байтал ажиллаагүй ажилтанд ээлжийн амралтын 3 жилийн олговрыг тооцон нийт 57,912,705 төгрөг олгохоор шийдсэн нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдлын хувьд, нэхэмжлэгчийг 2023.03.15-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг 2023.03.28-ны өдөр Хүний нөөцийн дарга ******* мэдэгдэж, гарын үсэг зурагдаж, тулгаж шаардах шаардсаны дагуу хүлээж авсан. Тушаалыг хүлээн авснаас 9 хоног буюу 2023.04.06-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан. Хороо гомдлыг 2023.04.19-ний өдөр хэлэлцэхэд хариуцагч талаас 3 хоногийн зөвшилцөх хугацаа авч 2023.04.24-ний өдөр талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгасан. Шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар 2023.04.27-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан зүйл байхгүй.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг нь нэхэмжлэгч анх 2020.09.01-ний өдөр тус сургуулийн бүрэлдэхүүн Олон улсын харилцааны сургуульд урлагийн хэсгийн багшаар томилогдсон. Тухайн үед урлагийн бүрэлдэхүүн сургуулийг шинээр байгуулах үүргийг удирдлагын зүгээс гаргасан учир нэхэмжлэгч нь 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангаж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, цөөн тооны элсэгчдийг сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулж гүйцэтгэсний үр дүнд 2021.09.01-ний өдрөөс Урлагийн бүрэлдэхүүн сургуулийг үүсгэн байгуулж, анхны захирлаар нь томилогдсон.
Энэ хугацаанд ******* ажиллаж байгаагүй гэсэн хуурамч баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба *******г түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэж маргадаг. ******* нь Олон улсын харилцааны бүрэлдэхүүн сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тушаал, хөдөлмөрийн гэрээ, холбогдох материал сургуулийн архивд байгаа. Нэхэмжлэгчийг захирлаар ажиллаж байх үед Урлагийн бүрэлдэхүүн сургуулийн захирлаар өөр хүн томилогдож байгаагүй, одоо ч томилогдоогүй. *******ийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар гэрээ сунгагдсан гэж ойлгоно.
Сахилгын шийтгэл оногдуулсан асуудлын хувьд *******д сахилгын шийтгэл оногдуулаагүй. Гэтэл нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын зөрчил гаргасан талаар баримтгүй байхад нэхэмжлэгчийг ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэмжээнд буюу буруу үг хэллэг хэрэглэдэг байсан гэж шийдвэрт тусгасан. Тухайн 10 хүнийг айлган сүрдүүлэх, ажлаа цааш үргэлжлүүлэн хийх эсэхийг ярилцаж хүчээр бичүүлснийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан ба *******ийн өмнөөс сахилгын шийтгэл оногдуулсан мэтээр гарын үсэг зурж тайлбар бичиж хийсэн нь прокурорын тогтоолооор тогтоогдсон.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хувьд *******д ажил эрхэлж байхдаа нийгмийн даатгалын газарт ажил олгогчоос төлж байсан шимтгэлийн баримт, нийгмийн даатгалын газрын лавлагааг үндэслээд хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлснийг тооцож тооцооллыг гарган шүүхэд өгсөн. Ажил олгогч ажилтны байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 700,000 төгрөг, нэмэгдэл хөлс 1,300,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг гэж бичсэн хүрээнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хасаад 1,875,550 төгрөг авахаар заасан. Ээлжийн амралтын мөнгөн дүнг ажилласан жилийн хугацаагаар тооцож нийлбэр дүн гаргаж нэхэмжилсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь давтан зөрчил гаргасан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нэр бүхий багш, ажилтны гомдлоор тогтоогдсон, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн Урлагийн сургуулийн захирлаар 2022.09.01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2023.03.15-ны өдрийн ******* дугаартай Ажилтан ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болжээ.
Ажилтан ажил олгогчийн энэхүү шийдвэрийг 2023.03.28-ны өдөр хүлээн авч, улмаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.04.06-ны өдөр хандсан ба тус хорооны 2023.04.19-ний өдрийн 6 дугаар тэмдэглэлд тусгагдсанаар талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023.04.27-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд багтсан байна.
Ажил олгогчоос ажилтныг 2023.03.15-ны өдөр ажлаас чөлөөлснийг түүнд мэдэгдсэн, тэрээр энэ тухай мэдсэн үеэс мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг тоолно гэж маргасан боловч дээрх шийдвэрт ажил хүлээлгэн өгөх хугацааг заагаагүйн зэрэгцээ мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т заасны дагуу ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрээ ажил олгогч хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хариуцагч нь эс зөвшөөрч буй 2023.03.28-ны өдрөөс өмнө ажилтанд шийдвэрээ танилцуулж, хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь маргаан бүхий 2023.03.15-ны өдрийн 22/28 дугаартай тушаалын талаарх гомдлоо 2023.04.06-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацаанд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, шүүхэд 2023.04.27-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгчид тушаалын талаар 2023.03.15-ны өдөр мэдэгдсэн эсэх нь маргаанд ач холбогдолгүй байна.
Иймд ажилтанд ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээлгэн өгсөн хугацааг 2023.03.28-ны өдрөөр тооцох тул энэ тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хэргийн байдалд нийцээгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй.
4.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа бол шийдвэртээ мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан аль үндэслэлээр уг харилцааг дуусгаж байгааг тодорхой тусгасан байх үүрэгтэй. Хариуцагч байгууллагын дээрх ******* дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлж байгааг заасан ч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсний аль үндэслэлээр эсхүл эдгээр зөрчлүүдийг нэг дор гаргасан гэж үзсэн эсэх нь тодорхойгүй болжээ.
Хариуцагчийн шийдвэрт Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.03.15-ны өдрийн хурлын шийдвэр, хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасныг тусгажээ. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар ТУЗ-ийн шийдвэрт ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж, гэрээнд 6.3-т давтан зөрчил гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохыг заажээ. Эдгээрээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь 2023.10.03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид сануулах сахилгын арга хэмжээ авсан шийдвэр, уг шийтгэлийг нэхэмжлэгчид танилцуулсан тухай баримтыг шүүхэд гаргаж, уг шийдвэр хүчинтэй гэж тайлбарласан нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024.10.01-ний өдрийн ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор няцаагджээ. Тогтоолд тус ******* дугаар тушаалыг ажилтанд танилцуулсан тухай баримтад ******* гэж бичигдсэн нь нэхэмжлэгчийн гарын үсгийн загвартай тохирохгүйг тогтоожээ.
Нэхэмжлэгч дээрх ******* дугаартай шийдвэр гарсныг мэдээгүй гэж тайлбарласан ба хариуцагч уул шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т нийцүүлэн гаргасныг нотлоогүй, уг шийдвэртэй нэхэмжлэгч танилцсан гэх байдал прокурорын тогтоолоор үгүйсгэгдсэн учир нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүхийн энэ шийдлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн сахилгын давтан зөрчилтэй байдлыг шүүх анхаараагүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд 2022.09.01-2023.06.01-ний өдөр хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ. Гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалж, зохигчийн хооронд энэ үндэслэлээр эрх зүйн маргаан үүссэн тул хариуцагч талын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тухай татгалзал нь энэхүү маргааны хүрээнд хамааралгүй.
Талууд сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой харилцаанд маргаан үүсгэсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой асуудлаар маргаан болоогүй гэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж дүгнэхэд тухайн гэрээнд хугацаа заасан нь гэрээг хугацаатай гэж үзэх үндэслэл болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаас бусад нөхцөлд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтныг ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийн талаар хамт ажиллаж байгаа ажилтнуудын зүгээс ажил олгогчид гаргасан гомдлыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргасан нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ******* дугаартай тушаалын үндэслэл болсон гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд өөр ажил эрхэлж байгаа нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтооход саад болохгүй юм.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг түүний үндсэн цалин 700,000 төгрөг, нэмэгдэл хөлс 1,300,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч, нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсний олговрыг 1,875,550 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцээгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалин хөлс авч байсан дансны хуулга зэргийг харьцуулан үнэлж, зохих журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох учиртай гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлчийн 3 сар /1 сар 1,826,510 төгрөг, 2 сар 1,718,965 төгрөг, 3 сар 1,579,810 төгрөг/ бүтэн авсан цалин хөлснөөс тооцох тул нэхэмжлэгчийн 2022.12 сараас 2023.03.15-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсний нийлбэрээс /нийт 5,125,285 төгрөг : 3 сар / 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,708,428 төгрөг болж байна. Энэ дүнгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023.03.15-ны өдрөөс 2025.08.15-ны өдрийг хүртэл 29 сараар тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******-аас 49,544,412 төгрөгийн олговор гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагчид даалгав.
Харин анхан шатны шүүх нэхэмлжэгчид 3 жилийн ээлжийн амралтын олговрыг тооцон олгосон нь мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанд нийцэхгүй. Ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн олгох хуулийн зохицуулалтад ээлжийн амралт хамаарахгүй тул ээлжийн амралтын олговорт 4,021,755 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг хариуцагч *******БСБ-ын бүрэлдэхүүн Урлагийн сургууль-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан зохицуулалтыг бус нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлсон хуулийн заалтыг баримталсан алдаа гаргасныг залруулж, хариуцагч *******БСБ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 49,544,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 11,650,306 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 03 сарын 15-наас 2025 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******БСБ даалгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн цалин хөлсний талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотой шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид холбогдох хэсэгт мөн өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан *******ийг урьд эрхэлж байсан *******БСБ-ын бүрэлдэхүүн Урлагийн сургууль-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******БСБ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 49,544,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 11,650,306 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 03 сарын 15-наас 2025 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******БСБ даалгасугай гэж өөрчлөн,
2 дахь заалтын ...447,513 төгрөг... гэснийг 475,872 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,514 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ