Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Я.Мөнхзаяа,

          шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Улаалзгай овогт Д-ын Т-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909021650720 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын харьяат, 1982 оны 7 дугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт,

          2000 оны 4 дүгээр сарын 10-нд 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар,

          2004 оны 11 дүгээр сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

          2007 оны 4 дүгээр сарын 04-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

          2016 оны 08 дугаар сарын 25-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

          2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

          2019 оны 5 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Улаалзгай овогт Д-ын Т, /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Т нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянгол зочид буудлын зүүн талд байрлах автобусны буудал дээр иргэн М.Халиуны цүнхнээс хэтэвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлан 508.657 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд “...2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө би гэрээсээ ажилд орох гэж гарсан. Барилгын компани дээр очиж уулзаад барилгын туслах ажилтнаар орохоор болсон. Орой харих гэтэл автобусны мөнгө байгаагүй. Баянгол зочид буудлын автобусны буудал дээр ирээд зогстол нэг эмэгтэй цүнхээ ардаа үүрсэн, хэтэвч нь ил харагдаж байсан. Автобусны мөнгөгүй байсан учир хэтэвчийг нь авсан. Тэгээд цагдаагийн ажилтанд баригдаад эд зүйлийг нь хохирогчид буцаан өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Баянгол зочид буудлын автобусны буудал дээр ганцаараа гэртээ харих гэж явж байгаад нэг шар курткатай эмэгтэйн цүнх нь онгорхой түрийвч нь ил харагдаад байхаар нь ард нь зогсож байгаад автобус руу орох үед нь цүнхнээс нь хэтэвчийг нь суйлж аваад Драмын театрын зүг рүү алхаад явсан. Тэгээд араас энгийн хувцастай цагдаагийн ажилтан гүйж ирж намайг саатуулан шалгасан. ...Миний хулгайлж авсан түрийвч нь том ягаан өнгөтэй хуучин, цахилгаантай түрийвч байсан ба дотор нь жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, 3000 орчим төгрөг байсан...би тухайн үед автобусны мөнгө байхгүй байсан болохоор хүний цүнхнээс хэтэвч авсан…” гэсэн мэдүүлэг /хх-67-68/,

 

Хохирогч М.Халиуны “…2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед байсан санагдаж байна, ажлаасаа гараад зам хөндлөн гараад Баянгол зочид буудлын автобусны буудлаас автобусанд суух гэж байгаад үүрч явсан цүнхнээсээ ягаан өнгийн хэтэвчтэй бичиг баримт, мөнгө бусад эд зүйлээ хулгайд алдаад автобусны буудал дээр гайхаад зогсож байгаад тэр орчмын хогийн савнуудын дотор нь хийчихсэн байж магадгүй гээд үзэж байхад цагдаагийн газраас ярьж байна та хэтэвчээ хулгайд алдсан уу гэж асуусан Миний алдсан хэтэвчинд 3000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны картууд, хөнгөлөлтийн картууд байсан. ..миний ягаан өнгийн лэнсел брэндийн хэтэвчийг Франц улсаас 2018 оны 09 дүгээр сард 178 еврогоор худалдан авч байсан ба энэ үнээр нь үнэлж байна. Учир нь оргинал, хайртай хэтэвч минь байсан…” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

Гэрч А.Энх-Амгалангийн “...халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэй этгээдүүдийн бүртгэл судалгаанд бүртгэлтэй Дуламжав овогтой Т ганцаараа сэжиг бүхий байдалтай, ...автобусны буудал дээр нэг эмэгтэйг автобусанд суух гэж байхад нь араас нь шахаад нэг юм авчих шиг болсон. ...Тийг шалгахад биеэс нь ягаан өнгийн хэтэвчтэй Халиун гэсэн хүний нэр бүхий баримтуудтай ...лансел брэндийн ягаан өнгийн түрийвч биеэс нь гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-38, 39-40, 43-61, 78-80/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-74-75/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянгол зочид буудлын зүүн талд байрлах автобусны буудал дээр иргэн М.Халиуны цүнхнээс хэтэвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлан 508.657 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Халиун, гэрч А.Энх-Амгалан нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Тийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Тийн дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Тийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Халиун нь эд зүйлээ хүлээн авсан, мөн тэрээр гомдол саналгүй зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Т дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Д.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Үүнээс гадна шүүгдэгч Д.Т нь өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ял шийтгэгдсэн байх бөгөөд тэрээр уг ялаа эдлээгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тэд энэ тогтоолоор оногдуулсан ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.        

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Улаалзгай овогт Д-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Д.Тийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тэд оногдуулсан 6 сарын хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тэд өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Д.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР