| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/05825/И |
| Дугаар | 210/МА2026/00352 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00352
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ зөрчсөний хохиролд 450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь өөрийн өмчлөлийн *******маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрхийг ******* буюу түүний ******* ХХК-д шилжүүлсэн. Гэтэл манай хөрөнгөд хууль бусаар халдаж, бусдад шилжүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч Прокурорын 2019.10.15-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Прокурорын шийдвэрээр ******* нь 2014.04.23-ны өдөр ******* ХХК-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн *******маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг нөхөр *******ын нэрээр баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж уг эд хөрөнгийг бусдад шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн.
Хэрэг бүртгэлтийн хэргийн явцад экскаваторын зах зээлийн үнэлгээг 450,000,000 төгрөгөөр тогтоосон. Бид гэм хорыг *******ээс гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн 2024.11.04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нар 2012.04.05-ны өдөр Механизмыг хариуцан ажиллах гэрээ, 2012.11.08-ны өдөр Экскаваторыг бусдад түрээслэх гэрээ хийх, түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан. Хариуцагч нь энэ гэрээ, итгэмжлэлийг зөрчиж бусдад борлуулж 450,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн экскаваторыг бусдад түрээслүүлэн хариуцан ажиллах гэрээний үүргээ зөрчсөн ******* ХХК-аас 450,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирал ******* ба тэрээр тус компанийг 2021.08.23-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигч *******ээс гэрээний дагуу 100 хувийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эрх шилжүүлэн авахаас өмнөх компанийн аливаа үүрэг, өр төлбөр, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлагыг ******* ХХК хүлээхгүй. Учир нь 2021.08.23-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн зүгээс гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөрийг ******* хариуцахаар заасан тул ******* ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч нь өмнөх хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг хүлээх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Энэ нь 2012.11.08-ны өдөр олгосон гэх Экскаваторыг бусдад түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэл, мөн 2012.04.05-ны өдрийн Механизмыг хариуцан ажиллах гэрээг ******* ХХК-тай байгуулсан, итгэмжлэл олгосон эсэх нь тодорхойгүй. *******т олгосон итгэмжлэл, түүнтэй байгуулсан гэрээний буруутай үйлдлийг компани хариуцах үндэслэлгүй.
Нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох ******* ХХК, ******* нарын 2012-2014 оны хооронд байгуулсан түрээсийн гэрээ, техник хүлээлцэхтэй холбоотой маргаан, учирсан хохирлын асуудал нь өмнөх өмчлөгч *******ийн бүрэн эрхтэй байх үед үүссэн байх тул ******* ХХК-ийн одоогийн өмчлөгчид хууль зүйн хувьд хамааралгүй юм. Иргэний хуулийн 34.2, Компанийн тухай хуулийн 9.1, 84, 85-д заасан хариуцлагад ******* ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 450,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1.Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж Иргэний хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд Механизмийг хариуцан ажиллах 2012.04.05-ны өдрийн гэрээ, 2012.11.08-ны өдрийн итгэмжлэлийг талууд үйлдсэн. Энэ нь Иргэний хуулийн 62, 63, 406-д заасан хэлцэлд төлөөлөх, хөрөнгө итгэмжлэлийн харилцаа үүссэн гэж үзэх ба оролцогч нарын харилцааг шүүх буруу тодорхойлсон нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
2.Хариуцагч тал маргааны зүйл болсон экскаваторыг хариуцан авсанд маргаагүй, харин хариуцагч компанийн өмнөх өмчлөгч *******ээс шаардах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэтэл шүүх ******* ХХК-ийг гэрээ болон итгэмжлэлээр олгогдсон эрх, үүргээ зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Шүүхийн энэ баримтаар тогтоогдох ёстой. ******* ХХК-ийн өмнөх өмчлөгч ******* нь иргэн би хариуцахгүй компаниас энэхүү эд зүйлээ шаард гэсэн агуулгаар тайлбарласныг шүүх анхаараагүй. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гэрээ болон итгэмжлэлээр олгогдсон эрхээ хэтрүүлж, урвуулан ашигласныг нотлох баримт, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтуудыг бүхэлд нь үнэлээгүй.
3.Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2012.04.05-ны өдөр байгуулсан Механизмыг хариуцан ажиллах гэрээ, 2012.11.08-ны өдөр байгуулсан экскаваторыг бусдад түрээслэх гэрээ хийх, түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэл-ээр хариуцагчид экскаваторыг үлдээгээд явсныг нотолсон, ******* ХХК тус экскаваторыг хүлээн авсанд маргаагүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч Монгол улсад байгаагүй нь ХХЕГ-ын лавлагаагаар нотлогддог бөгөөд ******* ХХК-ийн захирлын гарын үсэг биш болохыг ч шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэ нь нэхэмжлэлийг нотлох ач холбогдолтой баримтууд байсныг үнэлээгүй, ийнхүү үнэлээгүйг шийдвэрт огт дурдаагүй.
4.Шүүхийн шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанд нийцсэнийг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн. Нэхэмжпэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу 2016 оноос хойш цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсаны дараа иргэний журмаар гомдол гаргаж хянан шийдвэрлүүлэх ажиллагаа үргэлжилж байсныг баримтаар нотолсоор байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн ба энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шүүхээс тухайн экскаваторыг ******* ХХК-ийн захирал ******* өөрийн нөхөр *******т шилжүүлснийг болон хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үнэлээгүй. Гэтэл Авто тээврийн газарт хандсан бичигт ******* гарын үсэг зураагүй гэж дүгнэснийг шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Харин эсрэгээрээ өөрийн нөхөрт шилжүүлсэн нь нотлогдож байгаа цаг хугацаанд нэхэмжлэгч тал Монгол улсад байгаагүйг нотолсныг шүүх үнэлээгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: ******* ХХК нь анхнаасаа нэхэмжлэлээ *******ээс шаардах тухай хэлж, манай компани хариуцахгүйг илэрхийлж байсан ба нэхэмжлэгч тухайн үед ямар нэгэн нотлох баримт огт гаргаж өгөөгүй, зөвхөн нэхэмжлэлээ гаргасан байсан. Бид тухайн экскаватор нь ямар учиртай эд хөрөнгө болох үндэслэл, шаардах эрхийг тодорхойлох боломжгүй байсан учир ерөнхий тайлбар өгсөн. Тухайн экскаваторыг өөр этгээдэд шилжүүлсэн үйл баримтыг бид мэдэхгүй.
Шүүх нэхэмжлэгчийг механизмыг хариуцан ажиллах гэрээ, итгэмжлэлийн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж ойлгодог. 2012 онд байгуулсан хэлцэл нь 1 жилийн дараа дууссан бөгөөд энэ нь тухайн хэлцлийг дуусгавар болсны дараа болсон үйл явдал юм. Маргаан бүхий экскаваторыг ******* рүү шилжүүлж, ******* нь ******* гэх хүнд шилжүүлсэн нь талуудын байгуулсан гэрээтэй холбоогүй, хувь хүмүүсийн хоорондын хэлцэл тул маргаан бүхий эд хөрөнгийг ******* ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэж байна. ******* нь экскаваторыг ******* луу шилжүүлснийг шүүх үнэлээгүй гэж байгаа ч экскаваторыг ******* луу шилжүүлсэн нь эргэлзээтэй. Учир нь ******* ХХК экскаватораа ******* луу албан бичгээр шилжүүлсэн байдаг тул хэн экскаваторыг *******т шилжүүлсэн нь тогтоогдоогүй ба ******* ХХК экскаваторыг *******т шилжүүлсэн ямар нэгэн баримтгүй.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд эхний гэрээний шаардах эрхийг 2013.04.05-ны өдөр, итгэмжлэлийн хугацааг 2013.11.06-ны өдөр үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс өмнө дууссан. Энд хөөн хэлэлцэх хугацаа дуусах, тасалдах ойлголт байхгүй байна. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг даалгаврын гэрээ гэж дүгнэснийг буруу гэж нэхэмжлэгч маргадаг ч хөрөнгө итгэмжлэх гэрээний зохицуулалтаар хөрөнгийн захиран зарцуулах эрхийг өгдөг. Энэ гэрээгээр захиран зарцуулах эрх олгогдоогүй, зөвхөн эд хөрөнгийг түрээслүүлж, мөнгийг өгөх даалгавартай байсан нь даалгаврын гэрээ гэж шүүх талуудын харилцааг тодорхойлсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлж үрэгдүүлсний хохиролд тухайн эд хөрөнгийн үнэд 450,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ******* ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч ******* нь хариуцагч компанийг 2021 онд өмнөх хувьцаа эзэмшигч *******ээс худалдан авсан ба эрх шилжүүлэхээс өмнөх компанийн аливаа үүрэг, хариуцлага, төлбөрийг ******* хариуцахаар гэрээндээ заасан ******* ХХК хүлээхгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1.Талуудын хооронд 2012 оны 04 сарын 05-ны өдөр байгуулсан Механизмыг хариуцан ажиллах итгэмжлэлийн гэрээ-гээр ******* ХХК өөрийн өмчлөлийн *******маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлэх, хариуцан ажиллуулах эрхийг ******* ХХК-д нэг жилийн хугацаатай олгож, ийнхүү ажиллуулсны хөлсийг төлөх үүргийг, ******* ХХК техникийг удирдан ажиллуулсны орлогыг ******* ХХК-д төлөх, ажлын үр дүнг тогтмол тайлагнах, техникийг бусдад шилжүүлэх, зээлдүүлэх, худалдахгүй байх үүргийг харилцан хүлээсэн.
3.2.******* ХХК-ийн 2012 оны 11 сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр тус экскаваторыг түрээслүүлэх гэрээ хийх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэлийг нэг жилийн хугацаагаар ******* ХХК-д олгосон.
3.3.******* ХХК-ийг ******* үсгэн байгуулж 2007.10.18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба тус компанийн хувьцааг 2021.08.24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100 хувь өмчилж, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан. *******, ******* нарын хооронд 2021.08.23-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Иргэд хоорондын хэлцэл-ийг үндэслэн ******* нь 2021.08.24-ний өдөр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.4.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019.10.15-ны өдрийн ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор: *******, түүний нөхөр ******* нар нь бүлэглэн 2014.04.23-ны өдөр ******* ХХК-ийн албан бичиг, тус компанийн захирал *******-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн *******маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг *******ын нэр дээр шилжүүлж, улмаар ******* нь 2014.04.25-ны өдөр тус экскаваторыг *******д 250,000,000 төгрөгөөр худалдаж *******-д их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг шинжтэй боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
3.5.Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2019.07.04-ний өдрийн ******* тоот Автомашины техникийн үнэлгээний тайлан-гаар *******маркийн ******* УБ улсын дугаартай экскаватор 450,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн.
4.Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь даалгаврын гэрээний шинжийг агуулсан, уг хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс экскаваторыг бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөрийг авч нэхэмжлэгчид төлөх, экскаваторыг бусдад шилжүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй нь хэргийн баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д нийцжээ.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан экскаваторыг бусдад шилжүүлсний хохиролд 450,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхэд хамаарна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн экскаваторыг хариуцагч бусдад худалдсан тухай нэхэмжлэгч 2016 онд мэдэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь 2016.09.27-ны өдрийн ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэрч БНСУ-ын иргэн *******, хохирогч ******* нарын 2016.10.03, 12.13-ны өдөр өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.
Гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ тохиолдолд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий буюу 10 жилийн хугацаа үйлчилнэ.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 2016.10 сараас эхлэн тоолох ба анх 2023.07.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж дүгнэхгүй. Энэ тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
6.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох тул ******* ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчийн эрх бусдад шилжүүлснээр дуусгавар болсон нь хуулийн этгээдийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч компанийн өмнөх хувьцаа эзэмшигчийн үед үүссэн өрийг хариуцахгүй тухай тайлбар нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ...өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тодорхойлсны дагуу хариуцагч нь өөрийн үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хангана.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчаар ******* ХХК-ийг тодорхойлон талуудын байгуулсан гэрээний үүргээ хариуцагч зөрчсөний улмаас нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар тус компаниас 450,000,000 төгрөгийг шаардсан байхад шүүх тус компанийн хувьцаа эзэмшигч байсан ******* нь ******* ХХК-ийн захирал *******-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд тохирохгүй, шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* болон түүний нөхөр ******* нар тус компанийн мэдэлд байсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хөрөнгийг завшсан нь хариуцагч компанийг гэрээний үүргийн зөрчлөөс чөлөөлөхгүй. Учир нь хариуцагч даалгаврын гэрээний хүрээнд гэрээний зүйл болсон экскаваторыг бусдад шилжүүлэхгүй байх үүргээ зөрчсөн буюу ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь нөхөр *******тай бүлэглэн нэхэмжлэгчийн өмчлөлийн экскаваторыг бусдад худалдсан үйл баримтыг прокурор тогтоосон.
Энэхүү хохирлын үр дагаврыг нэхэмжлэгч гэрээний нөгөө тал болох хариуцагчаас шаардсан тул гэрээний зүйлийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн компани хохирлыг хариуцна. Хариуцагч хохирлын хэмжээний талаар маргаагүй ба экскаватор 450,000,000 төгрөгийн үнэлгээтэй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг үнээр хохирлын хэмжээг тооцно.
Иймд ******* нь ******* ХХК-ийн захирал *******-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхээс үл шалтгаалан хариуцагч ******* ХХК нь талуудын байгуулсан механизмыг хариуцан ажиллуулах гэрээ, итгэмжлэлийн дагуу хүлээн авсан экскаваторыг үрэгдүүлсний улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-д нөхөн төлөх үүрэгтэй.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 450,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 450,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 2,407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ