Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00369

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/16791 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,100,000 төгрөгөөр багасгаж, 8,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлээс 5,900,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, зээлээс 4,100,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр татгалзан маргажээ.

 

3.******* 2022.01.25-ны өдөр 10,000,000 төгрөгийг *******т шилжүүлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэл гаргасан болон хариуцагч 1,100,000 төгрөг төлснийг хасч 8,900,000 төгрөг гаргуулахаар шаардлагын хэмжээг тодорхойлсныг шүүх анхааралгүй нэхэмжлэгчийн зээлдүүлсэн мөнгөний хэмжээг 10,600,000 төгрөг гэж тодорхойлсон нь алдаатай болжээ.

Зохигчийн хооронд 10,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч зээлээс 4,100,000 төгрөгийг буцаан төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ мөнгөн дүнд хариуцагчийн 2022.08.05-ны өдөр төлсөн 2,400,000 төгрөгийг шүүх оруулан тооцсон нь үндэслэлтэй байна.

Мөн талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 1,100,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт тооцон хассан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт 4,100,000 төгрөгийг төлж, үлдэх 5,900,000 төгрөгийн зээлийг төлөөгүй байна.

 

4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д тус тус зааснаар зээлдэгч авсан зээлээ тохиролцсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй ба ийнхүү хугацаа тохиролцоогүй бол шаардсанаас хойш нэг сарын дотор буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал 10,000,000 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулахаар болон шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 8,900,000 төгрөг гэж тодорхойлсныг эс зөвшөөрсөн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 4,100,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, шаардлагаа 8,900,000 төгрөг болгон багасгасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 8,900,000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлсон нь зөв. Мөн хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн гомдол нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 8,900,000 төгрөг гэж тодорхойлсон, мөн хариуцагчийн төлсөн 4,100,000 төгрөгийг хэрхэн үгүйсгэж буйг гомдолдоо дурдаагүй нь гомдол үндэслэлгүй буюу хэргийн байдалтай нийцээгүй байна.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдлын шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буруу тодорхойлсон гэх гомдлын талаар өмнө дүгнэсэн ба энэ гомдол үндэслэлтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10,600,000 төгрөг гэж тодорхойлон үүнээс хариуцагчийн төлсөн 4,100,000 төгрөгийг хасч хариуцагчаас 6,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэхгүй буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлээгүй байна.

Энэ үндэслэлээр хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт /10,000,000-4,100,000/ 5,900,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй байх боловч хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийн хангасан дүнгээс 500,000 төгрөгийг хасуулах агуулгаар гомдол гаргасан учир талуудын зарчимд үндэслэн хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргасан баримтыг шүүх хүлээн авчээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан тул шийдвэрийг хүчингүй болгохгүй.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын нэрийг сольж бичсэнийг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгч, хариуцагч солигдсоныг залруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/16791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай... гэснийг хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ын төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ