| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00386/И |
| Дугаар | 103/ШШ2016/00430 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2016/00430
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2016/00430 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1990 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, ******* дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-д кейс менежер, үрчлэлтийн асуудал хариуцсан арга зүйчээр ажилладаг, ******* дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны 41 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-д холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв-ийн даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна. Тушаалын үндэслэх хэсэгт байгууллагын дотоод журмын 10.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Энэ заалт нь ажилтны эрхээ эдлэх тухай заалт бөгөөд эрхээ эдэлснийхээ төлөө арга хэмжээ авахуулсандаа гайхаж байна. Тус өдрийн хурал дээр хэлэлцсэн асуудлын талаар саналаа хэл гэж миний нэрийг цохсоны дагуу саналаа хэлтэл надад уг арга хэмжээ авсан. Хүүхэд, Гэр бүл хөгжлийн төв-д 2013 оны 4 сараас үрчлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 5 сараас жирэмсэний амралтаа дуусгаад буцаад ажилдаа орсон. Намайг ажилдаа ороход манай байгууллагын дарга солигдож, мэргэжилтнүүдийн талаас илүү хувь нь шинэ ажилчид орсон байсан. Хэлтсийн дарга ажилчдыг талцуулж байгаад маш их харамсдаг. Тухайлбал шүүхэд нэхэмжлэл өгөхөд миний эсрэг 3 хүнийг гэрчээр асуулгаж байгаа нь миний харж байгаагаар ажилчдыг талцуулж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна. Мөн ажиллах нөхцлийг сайн бүрдүүлж чадахгүй, ажилчддаа мэдээллээр жигд хангаж ажиллаж чаддаггүй. Тухайлбал манай байгууллагын нягтлан бодогч Ундралмаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар зүгээр сар, улирлын ажлын төлөвлөгөөгөө гаргаж өгсөн гэсэн үндэслэлээр 100 хувийн цалингаар шагнасан байсныг байгууллагын ажилчдын ихэнх нь мэдээгүй байх жишээтэй. Зарим тохиолдолд илүү цагаар, мөн амралтын өдөр ажиллах шаардлага гардаг. Илүү цагаар ажилласан хугацааны цалинг мөнгөөр олгох боломж байдаггүй тул ажлын өдрүүдэд биеэр эдэлж амраана гэдэг боловч амраах тал дээр хойрго ханддаг. Би өөрийнхөө үүргийг тухай бүрд нь гүйцэтгээд, эдлэх эрх, амрах хугацаагаа цаг тухайд нь шаардаад эдэлчихдэг. Харин байгууллагын бусад ажилчид амрах эрхээ эдэлж чаддагүй. 2016 оны 8 дугаар сарын 15-ны хурал дээр миний хамгийн гол тавьсан шаардлага ажилчдаа битгий ялгаварлан гадуурхаж, 2 хувааж талцуулаач ээ гэсэн санааг хэлэх гэсэн боловч үгээ хэлж, санаагаа ойлгуулж дуусгаагүй байхад хурлаас хөөж гаргасан. Миний бие ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ байгууллагын ажилчдад ялгамжтай хандаад байгаад дургүй хүрээд байдаг юмаа гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус төвийн дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тушаал гаргасан. Уг тушаалдаа манай байгууллагын ажилтан арга зүйч нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, албаны даргыг шагнасангүй хэмээн уурлаж шалчигнасан авгай, толины тусгал, мангар бацаан хэмээн ажлын байрандаа ажилтнуудыг зүй бус үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь дотоод журамд заасан ажилтан нь хүлээх үүргээ биелүүлээгүй мөн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 зүйлийн 4 хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчиж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ноогдуулсан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна гэв.
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан ******* дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв-ийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ******* дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч ******* нийгмийн асуудлыг шийдсэн 2015 оны тушаалууд, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч , , нарын мэдүүлэг гэрч зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв-ийн даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тушаалаа гаргахдаа үндэслэсэн хуулийн заалт, хөдөлмөрийн дотоод журмын заалтууд буруу гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллага нь Ажилтан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, ажилтны гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон, Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв-д кейс менежер, үрчлэлтийн асуудал хариуцсан арга зүйчээр томилогдон ажиллаж байсан болох нь Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв-ийн даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тоот тушаалаар тогтоогдож байна.
*******д 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ажилчдын хурал дээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ.., нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй гэсэн үндэслэлээр ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтуудыг үндэслэн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байгууллагын ажилчдын хурал дээр ёс зүйн зөрчил гаргасан болох нь:
- 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ажилчдын хуралд дээр Г.******* хэлсэн байгууллагын даргаа шалчигнасан авгай, толины тусгал, мангар базаан дуугай бай, пракц гэж хэлээд байгаа бол хүссэнээр чинь байж болно шүү гэсэн хуурцагт бичигдсэн ярианд хийсэн үзлэгийн тэмдэглэл
- Гэрч шүүхэд өгсөн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар арга зүйч ажил тасалсан асуудал, мөн зуслангийн талаар ярилцах байсан юм. Тэгээд зуслангийн талаар ярьж байсан чинь бид нарыг пракц гэж хэлдэг гээд дайрч уурласан. Ингэж хэлэхээр нь би яагаад тэгэж хэлж байгаа талаар нь асуухад намайг мангар бацаан минь дуугай бай гэж загнасан. Хүн болгон руу дайрсан болохоор би яг хэнийг юу гэж хэлсэн талаар хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг
- Гэрч Т.Төрбатын шүүхэд өгсөн Анх аргазүйч ажил тасалсан асуудлын талаар ярилцаж эхэлсэн. Ингээд энэ асуудлын талаар ажилчдын санал бодлыг асуухад уурлаж эхэлсэн. Намайг ерөөсөө шагнаж байгаагүй гэж уурлаад, балай пракцад чинь орохгүй, балай авгай, толины тусгал, мангар бацаан гэх мэтээр бид нарыг доромжилсон гэсэн мэдүүлэг
- Гэрч ын шүүхэд өгсөн нь ёс зүйгүй үйлдэл гаргаж дарга болон ажилчид руу дайрсан. Эхэндээ бол ******* талаар яригдаагүй хурлын хэлэлцэх асуудал дууссаны дараа хэлэлцүүлгийн үед ******* талаар ярихад намайг нялх биетэй байхад зусланд гаргасан, намайг толины тусгал гэж загнасан гэсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс ажилтны гаргасан сахилгын зөрчилд ажил олгогчоос ногдуулсан сахилгын шийтгэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Ажлын байранд буюу ажлын цагаар ...., ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор, мөн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх зааснаар Монгол улсын үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ чанд биелүүлж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана гэж тус тус заасантай нийцэж байх ба ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчжээ.
Тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн хамааралтай заалтыг зөв баримталсан байх ба Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай заалт, хөдөлмөрийн дотоод журмын ажилтны эдлэх эрхийн заалтуудыг тус тус баримталсан гэсэн үндэслэл нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, ажилтны гаргасан зөрчил нь ажил олгогчоос ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар үр дагаварт тохирсон шийтгэл ногдуулсан, гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-д холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ