| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/06701/И |
| Дугаар | 210/МА2026/00370 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00370
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09352 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,588,744,783 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2023.06.10-ны өдөр байгуулсан ******* дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.1.1-т зааснаар ******* маркийн бетон зуурмагийн 1 м.кубыг 297,969 төгрөгөөр тооцож, нийт 11,250 м.куб бетон зуурмагийг 3,352,151,250 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээ хэрэгжих хугацаанд буталсан чулууны хомсдол үүссэн тул ******* ХХК шаардлагад нийцэх найрлагатай чулууг БНХАУ-аас оруулж ирж нийлүүлсэн ба тухайн чулуу болон цемент нь гэрээнд хуурай хольцтой гэж нэрлэгдсэн бөгөөд захиалагч нийлүүлж байгаа тул техникийн шаардлагын бүх эрсдэлийг захиалагч өөрөө хүлээхээр гэрээний 3.5-д тодорхой заасан.
******* ХХК 2023.09.03-ны өдрийн албан бичгээр бетон зуурмагийн нэгж үнийг 297,969-с 245,769 төгрөг болгон бууруулах санал гаргасныг ******* ХХК хүлээн авсан нь 2-р хавтаст хэргийн 113-118 талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Гэхдээ хариуцагч энэ саналд хариу өгсөн эсэхээ нотолж чадаагүй. Гэрээний 8.3-т мэдээллийг бичгээр гэрээнд заасан и-мэйл хаягаар солилцоно гэж заасны дагуу нэгж үнэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан баримтыг хариуцагч ирүүлээгүй.
Нийт 7391.75 м.куб ******* маркийн бетон зуурмагийг нийлүүлж, хоёр тал гүйцэтгэлийн актаар баталгаажуулсан. Гэрээнд зааснаар 1 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцоход нийт 1,816,663,005.75 төгрөгийг ******* ХХК төлөх үүрэгтэй. Гэрээний 4.5-д зааснаар 5 хувийн төлбөрийг ажлын чанарын баталгаа болгон барьцаа хэлбэрээр захиалагч авч үлдэх тул 1,816,663,005.75 төгрөгийн 5 хувь болох 90,833,150.28 төгрөгийг хасаж 1,725,829,855.47 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. Талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон ба алдангийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч буй тул 1,725,829,855.47 төгрөгийн 50 хувь 862,914,927.73 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд ******* ХХК-аас нийт 2,588,744,783.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь Засгийн газрын 2022 оны тогтоолын дагуу ******* аймгийн ******* боомтод 66 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах төслийг хэрэгжүүлсэн. Төслийн талбайн бетон нийлүүлэлтийн ажилд Зэвсэгт хүчний барилгын Цэргийн удирдах газрын ******* анги, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нар оролцсон. ******* ХХК нь бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээнээс гадна цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил, холигч машинаар цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажил гүйцэтгэсэн.
Талуудын хооронд нийт гурван гэрээ байгуулсан ба нийт 4,000,000,000 гаруй төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн. Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээнд талууд ******* маркийн бетон нийлүүлэх үүргийг тус бүрийн орцоор зохицуулан заасан. Гэвч талууд гэрээгээр тодорхойлон заагаагүй өөр төрөл, өөр үнэ бүхий хуурай хольцтой бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохиролцож, худалдан авалт хийсэн гэх маргаан үүссэн.
Нэхэмжлэгч 2024.08.09-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа тухайн үед хүргүүлсэн гурван удаагийн төлбөрийн баримтыг хавсаргажээ. Эдгээр баримтуудаар 1,000,000,000 гаруй төгрөгийн үндсэн төлбөр нэхээгүй бөгөөд өнөөдрийн 2,500,000,000 орчим төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх бичгээр өгсөн тайлбар, баримтуудаа няцаасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 2023.09.03-ны өдрийн ******* тоот албан бичгээр нэгж үнийг өөрчлөх тухай санал ирүүлсэн нь хэрэгт авагдсан бөгөөд уг албан бичигт нэгж үнийг 245,769 төгрөг болгох тухай дурдсан байна. Гэвч зарим тайлбаруудад тухайн үед ******* ХХК-д үнийг дахин бууруулах хүсэлт тавьснаар нэхэмжлэгч 208,161 төгрөг хүртэлх үнэ тогтоосон гэж дурдсан нь зөрчилтэй байгаа тул энэ үнэ тогтмол, тодорхой баримтаар нотлогдсон эсэх нь маргаантай байна.
Тухайн үед ажиллаж байсан бусад нийлүүлэгчид дараах байдлаар үнийг тогтоосон нь Зэвсэгт хүчний ******* анги 150,000 төгрөг ба НӨАТ-тай 165,000 төгрөг, ******* ХХК 150,000 төгрөг, ******* ХХК 30,000 төгрөгөөр тохирсон ба орцыг захиалагч өөрөө хариуцан нийлүүлсэн. Иймд ******* ХХК-ийн бүтээгдэхүүний нэгж үнэ бусад нийлүүлэгчдийн үнээс 1.5-2 дахин өндөр байна. ******* ХХК-ийн гаргасан төсөвт нэгж үнэ 159,000 төгрөгөөр тооцсон нь зах зээлийн үнэ бөгөөд бусад компанид адилхан хуурай хольцыг манай компаниас нийлүүлсэн учраас бид үнэ ойролцоо байх ёстой гэж үзэж байна.
Үнэ тогтоогүй байтал 2023.11-р сард талууд тухайн ажлыг талууд актаар баталгаажуулсан. Үнэ тохиролцоогүйгээс маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Гэрээний зүйлийг харахад ******* маркийн бетонд ******* буюу мяндсан хүч нэмэгдүүлэгч хоёр төрлийн нэмэлт, мөн ус зэрэг орцуудыг нийлүүлэгч хариуцахаар заасан. Бетон зуурмагт ордог бусад үндсэн орц болох хайрга нийт 1 м.куб бетоны 73% орчим, цемент нийт орцын 20% орчим гэсэн үндсэн түүхий эдүүд нь нийлүүлэгчийн бүрэн хариуцах зардалд багтдаг. Өөрөөр хэлбэл нийт орцын 93%-ийг нийлүүлэгч тал дангаар хариуцаж, үлдсэн ******* нэмэлт болон усны хэрэглээ нь бүтээгдэхүүний чанарын шаардлагын хүрээнд нийлүүлэгчийн бас нэг үүрэг. Энэ бүхнийг харгалзвал нийлүүлэлтийн үнэ зөвхөн түүхий эдийн өртгөөс хамаарахгүй нь тодорхой.
Нэхэмжлэгчээс хариуцагч руу албан ёсны нэхэмжлэх ирүүлж байгаагүй нь хэргийн баримтаар батлагдсан. Төлбөр төлөх үүргийн зөрчил хэзээ үүссэн, хугацаагаа хэрхэн тодорхойлсон, алданги тооцох нөхцөл хэзээ бий болсон нь тодорхойгүй нөхцөлд алданги шаардах эрхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 1,175,288,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,413,456,533 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,101,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,034,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
НЭГ. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй тухайд:
Талууд 2023.06.10-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 4.1-т ******* маркийн бетон зуурмагийн 1 м.кубын нэгж үнийг 297,969 төгрөг байхаар тохиролцсон. Дээрх гэрээний 3.5-д "...бетон зуурмагийн найрлагад орох цемент болон чулууг захиалагч ******* ХХК хариуцна... гэж, гэрээний 4.3-т Гэрээний 4.1-т заасан үнэд цемент болон чулуунаас бусад бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмж, ажиллах хүч, хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдлыгхангах бүхийл ... зардал багтсан болно гэж тус тус заасан. Маргааны зүйл болж буй ******* маркийн бетон зуурмагийн 1 м.кубын нэгж үнэ 297,969 төгрөг анхнаасаа буюу 2023.06.10-ны өдрийн гэрээгээр захиалагч ******* ХХК-ийн нийлүүлэх цемөнт болон чулууны унийг хассан дүн болох нь дээрх гэрээний заалтуудаас тодорхой харагдана.
Хариуцагч ******* ХХК нь Хятад улсаас импортоор оруулж ирсэн элсний найрлага бүхий чулуунд элсний найрлага орсныг хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмаг гэж нэрлэснээс бус энэ нь гэрээнд заасан ******* маркийн бетон зуурмагаас өөр зүйл биш. Энэ үйл баримтад талууд маргадаггүй. Хариуцагч нь ******* маркийн бетон зуурмагийн 1 м.кубын нэгж үнэ 297,969 төгрөгөөс элсний үнэ хасагдана гэж тайлбарласан ч ямар хэмжээгээр хасагдахыг баримтаар тодорхойлоогүй энэ саналаа ******* ХХК-д ирүүлж байгаагүй. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь элсний найрлага бүхий чулуу нийлүүлснээс үнэ буурахыг өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 297,969 төгрөгийг бууруулах ямар ч үндэслэл бүрдээгүй, мөн нотлох үүрэггүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас мэргэшсэн төсөвчин М.Гэрэлмаагийн өөр өөр үнийн дүн бүхий төсвийг хавтаст хэрэгт өгсөн, энэ нь цаг хугацааны хувьд аль үеийн ханшаар тооцсон, хэзээ гаргасан төсөв болох нь тодорхойгүй гэх зэргээр дүгнэж нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн.
Худалдах, худалдан авах гэрээнд төсөв болон зах зээлийн бодит үнэлгээгээр гэрээний үнийг тодорхойлдог гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэхдээ хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэгжийн үнийг 159,000 төгрөгөөр тооцсон. Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д төсөв гэх ойлголт байдаггүй, харин мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д буюу ажил гүйцэтгэх гэрээнд төсөв болон зах зээлийн бодит үнэлгээний асуудал яригддаг гэж үзэж байна. Хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээнд үнийг хоёр янзаар тодорхойлохоор хуульчлагдсан. Талуудын тохиролцсон гэрээний зүйлийн үнийг төгрөгөөс элсний нэгж үнийг хасаж, 245,769 төгрөгөөр тооцож хариуцагчид хүргүүлснийг хариуцагч дуугүй байснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, нэхэмжилснийг анхан шатны шүүх шаардах эрхгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүйд гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүх талуудын хооронд хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнийг тогтоосон хэлцэл хийгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь барилга, байгууламжийн даац, насжилт, эдэлгээг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт нь бетон зуурмагийн марк бөгөөд энэ төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдах гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцөл нь бетон зуурмагийн марк болон түүний үнэ юм. Талуудын байгуулсан гэрээнд бетон зуурмагийн марк болон үнийг тодорхой тусгасан. Бетон зуурмагийг лабораторийн шинжилгээний хариугаар баталгаажуулан стандартын шаардлага хангуулж, түүнийг үйлдвэрлэх, нийлүүлэх, ачих, хүлээлгэн өгөх бүх процесс дээрх гэрээнд заасан нөхцөлийн дагуу явагдсаныг анхан шатны шүүх анхаараагүй. Мөн бетон зуурмаг үйлдвэрлэх нийлүүлэх процесс нь мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан, холбогдох стандарт, норм, дүрэмд нийцсэн байхыг шаарддаг нарийн төвөгтэй ажиллагаа тул гэрээ, хэлцэлгүйгээр явагдах ямар ч боломжгүй.
Тодруулбал, ******* маркийн бетон зуурмагт орох элсний нэгжийн үнэ /1 м.куб/ нь 138,969 төгрөг/297,969-159,000/ байх ямар ч боломж байхгүй, анхны үнийн 46,6 хувь зөвхөн элс байсан гэж үзэхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Улсын дээд шүүхийн 2025.02.04-ний өдрийн 33 дугаартай тогтоолын 11-т ...харин нийлүүлсэн 7,391 м.куб ******* маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн нэгж үнийн дүн, уг дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан эсэхийг маргааны зүйлийг хоёр шатны шүүх зөв тогтоожээ гээд, 12-т ...эдгээр үнийн аль нь үндэслэлтэй, зах зээлийн үнэ мөн эсэх асуудлаар маргасан нь үнийг тохироогүй гэх агуулга биш болохыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай байв гэж, 13-т...хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 1 м.кубыг 159,000 төгрөгөөр тооцно гэсэн дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна гэж тус тус дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх тухайн тогтоол гарчнаас хойш хариуцагчиас гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй атлаа дахин нэгжийн үнийг 159,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, дээрх тогтоолын 13.1 -т заасан Зүй нь гэрээний талууд үнийг хэрхэн тохирсон үйл баримтыг шүүх тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй гэсэн дүгнэлтийг зөрчиж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.
ХОЁР.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас нэгжийн үнийг буруу тооцсон тухайд:
******* ХХК нь ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 297,969 төгрөгөөс элсний үнэ хасагдаr 159,000 төгрөг болохыг хүргүүлж байснаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрээний 4.3-т бетон зуурмагийн нэгж үнэд ямар зардлууд багтаж буйг дэлгэрэнгүй тусгасан. Эдгээр зардлаас зөвхөн элсний үнэ 138,969 төгрөг /297,969 нэгж үнэ 138,969 элсний үнэ = 159,000/ буюу нэгж үнэ 297,969 төгрөгийн 46 хувийг дангаараа эзлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 159,000 төгрөг гэх хариуцагчийн тайлбар логикийн хувьд ч байх боломжгүй үнэ болохыг анхан шатны шүүх анхаараагүй.
Хариуцагч нь Хятад улсаас импортоор оруулж ирсэн элсний найрлага бүхий чулууны үнэ, тооцоолол түүнтэй холбоотой нотлох баримтыг ******* ХХК-д ирүүлээгүй, шүүхэд гаргаж өгөөгүй учраас манай компани хүндэтгэлтэй хандаж, өөрийн тооцооллоор бетон зуурмагийн нэгж үнийг 297,969 төгрөгөөс хуурай хольц буюу элсний үнийг 52,220 төгрөгөөр тооцон хасаж 245,769 төгрөгийн саналыг ******* ХХК-д 2023 оны 09 сарын 03-ны өдөр хүргүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2023.09.03-ны өдрийн ******* дугаар албан бичиг, 2023.11.03-ны өдрийн ******* дугаар албан бичиг, цахим шууданд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон.
Анхан шатны шүүх бууруулсан үнээр гэрээ байгуулагдаагүй гэсэн атлаа байгуулагдсан гэрээг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Нэгжийн үнийг 297,969 төгрөгөөр тогтоосныг хариуцагч татгалзаагүй, 245,769 төгрөгийг бетон зуурмагийг хүлээн авсан үйл ажиллагаагаар, мөн гэрээнд заасан хугацаанд тухайн үнэд хариу өгөөгүй эс үйлдэхүйгээр зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчээс хариуцагчийн бодит байдлыг харгалзан нэгжийн үнийг 245,769 төгрөг болгох санал гаргасны дараа хариуцагч хариу өгөлгүй гүйцэтгэлийг хүлээн авснаа баталгаажуулж, гарын үсэг зурсан. Мөн *******ын боомт дахь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн төслийн ажилд шаардагдах бетон зуурмагийн найрлагад орох элсийг тухайн үед *******ХХК нийлүүлж байсан. ******* ХХК нь******* ХХК-тай 2023.06.29-ний өдөр Элс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, тус компаниас 1 м.куб угаасан элсийг 48,000 төгрөгөөр худалдан авсан. *******ХХК нь дээрх гэрээний үүрэг болох элсний үнийг шаардсан албан бичгийг ******* ХХК-д 2025.04.21-ний өдөр ирүүлсэн ба үүнтэй холбоотой нотлох баримтуудыг мөн хавтаст хэрэгт гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна.
Анхан шатны шүүх талуудын тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 159,000 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэгч талд хэт хохиролтой, зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулах зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
ГУРАВ. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн маргааны үйл баримтад хамаарах хуулийг хэрэглээгүй тухайд:
Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийг ихэсгэснийг анхан шатны шүүх ...нэхэмжлэгч анх 208,161 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэгчийн 245,769 төгрөгөөр тооцох саналд хариу өгөөгүй нь нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 245,769 төгрөгийн үнийн саналд хариу аваагүй гэх тайлбар үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хууль ёсны болж чадаагүй. Нэхэмжлэгч хуульд заасан эрхээ эдэлснийг анхан шатны шүүх хариуцагчийн татгалзалд хамааруулан түүнд ашигтайгаар тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Хариуцагч бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөг болгох тухай нэхэмжлэгчийн саналд хариу өгөөгүйг зөвшөөрөөгүй гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно" гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-т ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй бол гэрээ байгуулсанд тооцно" гэж тус тус заасан. Иймд хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөг болгон бууруулах тухай ******* ХХК-ийн саналд хариу өгөхгүй байгаа ******* ХХК-ийн үйл ажиллагаа болон эс үйлдэхүйг дээрх хуульд зааснаар 245,769 төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн 1-р хавтаст хэргийн 29-р талд хоёр талын үйлдсэн Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэлтийн гүйцэтгэл №4 гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад ******* ангийн бетон зуурмаг /хуурай хольц/ нийт гүйцэтгэл 7391.76 м.куб гээд хянаж баталгаажуулсан хэсэгт захиалагч ******* ХХК-ийг төлөөлж захирал ******* 2023.11.23-ны өдөр гарын үсэг зурсан. Хариуцагч актыг баталгаажуулахаас өмнө нэхэмжпэгч хоёр удаа буюу 2023.09.03, 2023 оны 11.03-ны өдрүүдэд бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөг болгосон саналыг ******* ХХК-д хүргүүлсэн ч хариу өгөөгүй ба гүйцэтгэлийг баталгаажуулж, хүлээн авснаа 202311.23-ны өдрөөр эцэслэсэн боловч хожим 6 сарын дараа худалдан авсан зүйлийнхээ үнийг төлөхгүй гэснийг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэжүзнэ гэж заасан. Хуульд заасан гэдэгт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн зохицуулалт шууд хамаарна. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д заасанчлан ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй бол гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан учраас хариуцагч ******* ХХК нь хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 245,769 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх "...гүйцэтгэлд хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн нэгжийн үнийг тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн нэгжийн үнийг тогтоолгүйгээр гүйцэтгэлийг хүлээлцсэн байна" гэж дүгнэсэн нь дээрх хуульд нийцээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан. 1-р хавтаст хэргийн 29-р талд авагдсан гүйцэтгэлийн актад хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмагийн үнэ бичээгүйг үнийн талаар тохиролцоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,42 дугаар зүйлийн 42.9, 196 дугаар зүйлийн 196.1.7-т тус тус зааснаар үнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Түүнчлэн ******* ХХК нь ******* ХХК-аас ирүүлсэн нэгж үнэ 245,769 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан нөхцөлд бетон зуурмагийг хүлээлгэн өгөх үед үнийг дахин сануулах, мэдэгдэх, цаашлаад бетон зуурмагийг хүлээн авахгүй байх боломжтой байсан ч бетон зуурмагийг хүлээн авч, бодит үйлдэл хийснээрээ үнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
ДӨРӨВ. Алданги шаардах эрхгүй үзсэн нь үндэслэлгүй тухайд:
Хуульд зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр болохын хувьд үндсэн үүрэгтэй хамт хэрэгжих нэмэгдэл үүрэгт хамаардаг. Анхан шатны шүүх "...талуудын хооронд хуурай хольц бүхий ******* маркийн бетон зуурмагийн үнийг өөрчлөн тогтоосон хэлцэл хийгдээгүй тул алданги шаардах эрхгүй гэж буруу дүгнэсэн. Тодруулбал, Гэрээний 4.8-д зааснаар хэдэн төгрөгөөр нэхэмжлэх үүсгэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэхийг хүлээн авснаас 5 хоногийн дотор нэхэмжилсэн төлбөрийг төлөх нь хариуцагчийн үүрэг юм. Тэрхүү нэхэмжпэх үүсгэснээс хойш 5 хоногийн дотор төлбөрийг хариуцагч шилжүүлээгүй бол нэхэмжилсэн үнийн дүн тутамд 0.5 хувийн алданги шаардах эрхтэй. Хууль болон гэрээнд нэхэмжлэх үүсгэх нь зөвхөн алдангийг хэзээнээс тооцож эхлэхэд ач холбогдолтой бөгөөд нэхэмжилсэн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хамаарах тул гүйцэтгээгүй үүрэгт алданги шаардах эрхтэй. Шүүх талуудын гэрээнд оруулсан нэгж үнийн өөрчлөлтийг хийсвэрээр 159,000 төгрөг гэж тогтоож, гүйцэтгээгүй үүргийн алдангийг гэрээний 9.3-т зааснаар гаргуулаагүйд тус тус гомдолтой байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж үзлэгийн тэмдэглэлийг дурдсан. Нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Талуудын хооронд бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 8-д талуудын төлөөлөл мэдээлэл солилцох журмыг тусгайлан заасан. Энэ талаар шүүх дүгнэсэн. Мэдэгдлийг хүлээж аваад хариу өгөөгүй учраас хүлээн авсанд тооцно гэх агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан ч үнийг бууруулсанд талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал 3-4 өөр, өөр үнийг тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал үнийн задаргааг тайлбарлахдаа талуудын хооронд тооцоо нийлсэн гүйцэтгэлийн баримтад бетон зуурмагийн үнийг бууруулж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзлын үндэслэлээс харахад 208,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. 159,000 төгрөгийн үнийн дүнгээр хүлээн зөвшөөрсөн.
Хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан атлаа хариу өгөөгүй гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан байх ёстой ч хүлээж аваагүй нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Нэхэмжлэгч бетон зуурмагийн үнэ буурсантай холбогдуулан 3-4 өөр мэдэгдлийг хүргүүлж бетон зуурмагийн 3 удаагийн төсвийг гаргасан. Тухайн төсвийн үнийн дүн болон тоо хэмжээ өөр. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй шууд холбоотой. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнд нэмэлт орц, бүтээгдэхүүн, усны зардал, ажлын хөлс багтсан. Гэрээний 4.7-д нэхэмжлэлийн үнэ зөвхөн захиалагчийн мэдэгдэлд дурдсан хүлээн зөвшөөрсөн үнийн дүн байна гэж заасан. Энэ агуулгаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч компанийн төлсөн төлбөрийг давхар тооцсон тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,175,288,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэгж бетоны үнийг 159,000 төгрөгөөр тооцсон нь зөв ч хариуцагчаас урьд төлсөн төлбөрийг тооцолгүй. Шүүхийн хангасан 1,175,288,250 төгрөгөөс 173,486,170.712 төгрөгийг зөвшөөрч, 1,001,802,079.288 төгрөгт хамаарах хэсгийг төлөх үүрэггүй.
Өмнө нь хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхээс шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцаахдаа ...нийлүүлсэн 7,391.75 м.куб ******* маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн нэгж үнийн дүн, уг дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан эсэх маргааны зүйлийг хоёр шатны шүүх зөв тогтоожээ гэжээ. Анхан шатны шүүх ******* ХХК-ийг 7,391.75 м.куб ******* маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн үнийг огт төлөөгүй гэж, 1 м.куб бетоны үнийг 159,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан.
Манай компаниас ******* ХХК-д нийлүүлсэн нийт бетоны төлбөрт мөнгөн хэлбэрээр 1,916,012,839 төгрөг, шатахуунаар 234,028,630 төгрөг, бараа материалаар 27,696,322.72 төгрөг буюу нийт 2,177,737,801.72 төгрөгийг төлбөрийг төлсөн талаар талууд маргаангүй. Нийт дүн 2,474,972,602.56 төгрөгөөс төлсөн дүн 2,177,737,801.72 төгрөг баталгааны 5 хувь 123,748,630.128 төгрөг, үлдэгдэл 173,486,170.712 төгрөг болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах төлбөрийг 173,486,171 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан *******ын тайлбарыг нотлох баримтаар үнэлэх ёстой гэжээ. 1-р хавтаст хэргийн 212-р талд авагдсан баримтад хүргүүлсэн төсвийн үнийг ******* нь 159,999,585 төгрөг байсан гэж дурдсан ба 159,000 төгрөг гэх ойлголт байгаагүй. Зохигчийн анх гаргасан тайлбарт хариуцагчийн захирал *******ийн тайлбар 1-р хавтаст хэргийн 94-р талд авагдсан. Хариуцагч 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Нийт 4,252,457,493 төгрөг төлөхөөс чанарын баталгааны 5 хувийг барьцаа хэлбэрээр суутган 4,039,834,903 төгрөгийг нэхэмжлэгч компанид 100 хувь төлж барагдуулсан гэж дурдсан ч хэргийн баримтаар уг мөнгө төлөгдөөгүй. Зөрүү нь 1,862,097,102 төгрөг байсан. Тухайн мөнгө нь нэхэмжлэгчийн 245,000 төгрөгөөр тооцсон үнийн дүн байсан. Улсын дээд шүүхээс үнийн асуудлаар талууд маргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нотлох ёстой гэж дүгнэсэн.
Хариуцагчийн гомдолд хүснэгтээр гаргасан хэсгийг зөвшөөрөхгүй. Нэгжийн үнэ НӨАТ-ыг нэмэхгүйгээр тооцсон ба 1-р хавтаст хэргийн 29-р талд авагдсан тооцоо нийлсэн актаар нотлогдоно. Тооцоо нийлсэн актад нэгжийн үнийг 270,880 төгрөгөөр тусгасан ч баруун доод буланд 1,002,000,000 төгрөгөөр тооцож тухайн үнээс НӨАТ-ын үнэ 129,000,000 төгрөгийг тооцож 1,004,000,000 төгрөг гэж гаргасан. Тухайн үнийн дүнгээс 2,001,000,000 төгрөгийг хасаж тооцсон. Хариуцагч бэлэн мөнгөөр 1,916,012,839 төгрөг, шатахуунаар 234,000,000 төгрөг, бараа материалаар 27,000,000 төгрөг төлсөн гэжээ. Энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч ******* хуурай хольцыг 159,000 төгрөгөөр тооцсон нь буруу. Нэхэмжлэлд заасны дагуу 245,769 төгрөг байх ёстой тул нийт үнэ 3,116,345,768,31 төгрөг байх ёстойгоос баталгааны 5 хувийг 123,000,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй ба энэ хууль зөрчсөн хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т барьцаа бус мөнгөн төлбөрийн үүргийг талууд авч үлдэж доголдол гарсан тохиолдолд суутгаж тооцох нь буруу. Ирээдүйд үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга биш тул мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зүйлээс үнийн шаардлага хангуулах хэсэг нь үндэслэлгүй.
Инженер *******ы тооцсон гэх 159,000 төгрөгийн баримтыг хариуцагч хэрэгт ирүүлсэн ч тус баримт нь огноо, дугааргүй, хэзээ өгсөн нь тодорхойгүй, үүнийгээ нотолж чадаагүй. Бусад компаниудтай 159,000 төгрөгөөр тооцон байгуулсан гэсэн нь үндэслэлгүй ба энэ нь ажил гүйцэтгэх гэрээ биш, төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө юм. Тарифын бүтээгдэхүүн биш болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,588,744,783 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нийлүүлэх цементийн хольцод өөрчлөлт орсноор ******* маркийн бетон зуурмагийн нэгж үнийг талууд шинээр тохиролцоогүй, нэхэмжлэгчийн ирүүлсэн 245,769 төгрөгийн нэгж үнийн саналыг манайх зөвшөөрөөгүй ба 208,161 төгрөгийн үнийн саналыг ирүүлээгүй, бетон зуурмагийн зах зээлийн үнэ 159,000 төгрөгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан, алданги шаардах үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Зохигчийн хооронд 2023.06.10-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ээр ******* ХХК ******* аймгийн ******* суман дахь *******ын боомтын Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн бүтээн байгуулалтад шаардлагатай С10, С15, С20, С25, ******* маркийн бетон зуурмаг нийлүүлэх, ******* ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч нийт 12,385.73 м.куб бетон зуурмаг нийлүүлсний 11,250 м.куб нь ******* маркийн бөгөөд үүний 7,391.75 м.куб нь ******* маркийн хуурай хольц бүхий найрлагатай бетон зуурмаг болох талаар зохигч маргаагүй байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон болон хариуцагч 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнийг төлөөгүй үйл баримтыг зөв тогтоосон байна. Талууд ******* маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн 1м.куб нэгж үнэ хэдэн төгрөг болох, хариуцагч уг үнийг төлсөн эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний талууд худалдах барааны үнийн талаар тохиролцсон байх учиртай ба худалдан авагч үнийг төлж, худалдагч барааг нийлүүлэх үүрэгтэй ба талуудын байгуулсан ******* дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.1-д ******* маркийн бетон зуурмагийн 1м.куб нэгжийн үнийг 297,969 төгрөг байхаар анх тохиролцжээ. Энэ үнэд гэрээний 3.3, 3.4, 4.3-т заасны дагуу захиалагч буюу хариуцагчийн хариуцахаар заасан бетоны найрлагад орох цемент, чулуу багтаагүй байна. Гэрээний явцад ******* маркийн бетон зуурмагийн найрлагад ордог чулууны хомсдол үүссэнээр хариуцагч БНХАУ-аас элс импортлон нийлүүлснээр бетон зуурмагийн орц, найрлага өөрчлөгдсөнөөр бетон зуурмагийн үнэ өөрчлөгдөх болсонд талууд маргаагүй байна.
Энэ шалтгаанаар талууд хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн 1м.куб нэгжийн үнийг бууруулахаар хэлэлцсэн талаар хэргийн оролцогч 2025.10.31-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан нь тус шүүх хуралдааны тэмдэглэл /5-6,18-19, 27-28/-д тусгагдсан байна. Нэхэмжлэгч талаас бетон зуурмагийн 1м.куб нэгж үнийг 245,769 төгрөг болгон бууруулсан саналаа 2023.09.03-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн нь 3-р хавтаст хэргийн 110-188 талд авагдсан үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлээр тус албан бичиг, талуудын харилцсан *******, ******* цахим шуудангийн мэдээллийг тус тус бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар авагджээ.
5.Гэрээний 8-р зүйлд мэдээлэл солилцох журмыг талууд тохиролцохдоо 8.3.1-д захиалагч буюу хариуцагч ******* ХХК ******* цахим шуудангийн хаягаар, нийлүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ХХК ******* цахим шуудангийн хаягаар тус тус гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг солилцох, хаяг өөрчлөгдсөн бол нөгөө талдаа 3 хоногийн дотор мэдэгдэх үүргийг харилцан хүлээсэн байна. Иймд нэхэмжлэгчээс хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн 1м.куб нэгжийн үнийг 245,769 төгрөг болгон бууруулсан саналаа 2023.09.03-ны өдөр хариуцагчид хүргүүлснээр хариуцагч уг саналыг хүлээн авсан байна.
Нэхэмжлэгч 1м.куб бетон зуурмагийн үнэ 245,769 төгрөгийн саналыг хариуцагчид хүргүүлсэн ч шинэ үнийн талаар нэгдмэл хүсэл зоригт хүрээгүй байхдаа нэхэмжлэгч зуурмагийг нийлүүлж, хариуцагч хүлээн авсан үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээж авахаас татгалзсан эсхүл өөр үнийн саналыг гаргаагүй байх тул уг үнийн саналыг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон гэж тооцно.
Иймд талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу тэдгээрийн хооронд бий болсон ажил хэргийн тогтсон харилцааны хүрээнд нэхэмжлэгчийн хүргүүлсэн үнэ бууруурлах саналд хариуцагч хариу мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй бол гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талууд ******* дугаартай гэрээний 4.1-д заасан 297,969 төгрөгийн үнийг 245,769 төгрөг болгон өөрчилсөн гэж үзнэ.
6.Хариуцагч дээрх байдлаар үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн 1м.куб нэгжийн үнийг 245,769 төгрөгөөр худалдах тухай нэхэмжлэгчийн саналд татгалзсан хариуг илэрхийлж байсан тухай, мөн бетон зуурмагийг 159,000 төгрөгөөр худалдан авах саналыг нь нэхэмжлэгч тал мэдэж, зөвшөөрч байсан тухай тайлбарыг 2025.10.31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргажээ. Тус тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбар тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хариуцагчаас 1м.кубыг 159,000 төгрөгөөр худалдан авах саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Түүнчлэн хариуцагч бетон зуурмагийн зах зээлийн үнэ тухайн үед 150,000 төгрөг орчим байсан тухай тайлбараа нотолж ******* аймгийн ******* суман дахь *******ын боомтын Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн бүтээн байгуулалтад оролцож, хариуцагч компанид бүтээгдэхүүн нийлүүлж байсан компаниудтай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтыг шүүхэд гаргасан нь талуудын хоорондын маргааны үнийг шууд тодорхойлох арга болохгүй, өөр гэрээний харилцаанд шууд хэрэглэх нь талуудын зарчимд нийцэхгүй.
Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д зааснаар талууд шинэ үнийг хэрхэн тохиролцсон үйл баримтыг тогтоох, ийнхүү тохиролцоогүй нөхцөлд талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд үнийг тодорхойлж болох нөхцөл байдлыг үнэлж маргааныг хянан шийдвэрлэх учиртай байхад анхан шатны шүүх хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн 1м.кубын үнийг хариуцагчийн зөвшөөрсөн 159,000 төгрөгөөр тооцон шийдвэрлэсэн нь талуудын зарчим болон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
7.Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл хуурай хольцтой ******* маркийн бетон зуурмагийн 1м.кубын үнийг 2023 оны ******* дугаартай гэрээнд 297,969 төгрөг, мөн 2023.09.03-ны өдрийн ******* тоот албан бичигт 245,769 төгрөг, 1-р хавтаст хэргийн 29-р талд авагдсан актад 270,899 төгрөг, нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 208,161 төгрөг, хариуцагч татгалзалдаа 159,000 төгрөг гэсэн өөр өөр үнийн дүнг тодорхойлжээ.
Эдгээрээс талууд 297,969 төгрөгийн үнийг хэлэлцэн өөрчилснөөр нэхэмжлэгчийн үнэ бууруулсан 245,769 төгрөгийн саналыг хариуцагч зөвшөөрөөгүй байх боловч нэхэмжлэгч дахин үнэ бууруулсан саналыг хариуцагчид хүргүүлээгүй байна. Харин 208,161 болон 159,000 төгрөгийн үнийн саналыг талууд гэрээний хугацаанд харилцан гаргаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа дурджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч бетон зуурмагийн 1м.куб нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцохоор гэрээнд заасан хаягаар хариуцагчид саналаа хүргүүлснээс өөр үнийн санал гаргаагүй, мөн 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцон 1,725,829,844 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч 2024.08.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1м.куб бетон зуурмагийн үнийг 208,161 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хэргийн бодит байдалд тохирсон буюу талуудын зарчимд илүү нийцсэн гэж шүүхээс үзлээ.
Нэхэмжлэгч энэ талаар ...нэгж үнийг 245,769 төгрөгөөр нийлүүлэхээр санал хүргүүлсэн ... захиалагч нэгж үнийг дахин багасгаж өгөхийг хүссэн ... хамгийн боломжтой нэгж үнэ 208,161 төгрөгөөр нийлүүлэхээр төсөв хүргүүлсэн гэж нэхэмжлэлдээ тодорхойлжээ. Хариуцагч уг үнийн саналыг хүлээн аваагүй гэж татгалзсан ч нэхэмжлэгч гэрээний үнийг хоёр удаа бууруулснаа шүүхэд өөрөө тодорхойлсныг үндэслэн гэрээний нэгж үнийн талаархи зохигчийн маргааны үйл баримтыг ийнхүү тогтоов.
8.Зохигчийн хооронд байгуулсан 3 гэрээний үнэд хариуцагч 4,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг анхан шатны шүүх хуралдаанд дурдсан ч давж заалдах гомдолдоо 2,177,737,801.72 төгрөг төлсөн, энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчийн шаардаж буй хуурай хольцтой ******* маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнэ багтсан гэсэн тайлбар, нотлох баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэн маргаагүй. Хэрэгт хариуцагч 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнийг төлсөн баримт авагдаагүй байна.
Энэ тооцооллоор хариуцагч ******* ХХК нь төлөгдөөгүй 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 208,161 төгрөгөөр тооцоход 1,538,674,072 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр байна. Үүнээс гэрээний 4.5-д заасны дагуу гэрээний үнээс 5 хувийн чанарын баталгааны төлбөрийг ажил дууссан буюу 2023.11.23-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд зохих хуваарийн дагуу буцаан олгохоор тохиролцсон төлбөрийг хасах үндэслэлтэй байна. Ийнхүү тооцоход 1,538,674,072 төгрөгийн 5 хувь 76,933,704 төгрөгийг хасахад 1,461,740,368 төгрөг болж байна.
9.Нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь гэрээний 9.3-т нийцсэн буюу захиалагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцон нийлүүлэгчид төлөхөөр тохиролцжээ. Талууд ажлыг 2023.11.23-ны өдөр хүлээлцсэнээс хойш нэхэмжлэгч 2024.08.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 259 хоногийг нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн 0.5 хувиар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан алдангийн дээд хэмжээнээс хэтэрсэн байх тул гэрээний 9.3, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас 730,870,184 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй.
10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 173,486,171 төгрөгийн хэмжээнд шаардлагыг хангуулж 1,001,802,079 төгрөгийн шаардлагаас татгалзсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 1,461,740,368 төгрөг, алдангид 730,870,184 төгрөг, нийт 2,192,610,552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09352 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 2,192,610,552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 396,134,231 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...6,034,391 төгрөг... гэснийг 11,121,003 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 7,225,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 5,166,961 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Э.ЭНЭБИШ