Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00371

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11682 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот ******* м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2025.04.17-ны өдөр зээлдэгч *******, барьцаалагч ******* нараас зээлийн төлбөрт тооцон авч зээлийн төлбөрийг хэсэгчлэн барагдуулсан. *******гийн нэр дээр тус оронг сууцыг 2025.05.06-ны өдөр бүртгэгдсэн. Зээлдэгч *******, барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* нар дээрх орон сууцыг 2025.06.30-ны өдрийн дотор суллаж өгөхөөр тохиролцсон ч одоо амьдарч буй *******, ******* нар орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Иймд *******, ******* нарыг дээрх орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот орон сууцанд 2020 оноос хойш амьдарч байна. Анх *******тай гэрээ байгуулан ажлын хөлсөнд авахаар тохиролцон гэрээ байгуулсан бөгөөд бидний хамаатан ******* бизнесийн үйл ажиллагаандаа барьцаалж, удахгүй нэрийг нь шилжүүлнэ гэсэн. ******* нь *******д өртэй учраас биднийг *******д мөнгийн нь төлчих гэсэн тул 30,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн тул орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд чөлөөлөх асуудлыг *******, ******* нар хариуцна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байр, ******* тоот ******* м.кв нэг өрөө, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: *******, ******* нар шүүхийн шийдвэрээр *******д ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд эгч ******* нь бизнесийн үйл ажиллагаанд мөнгө хэрэг боллоо гээд тус байрыг барьцаалж зээл авсан. Зээл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот орон сууцыг түр хугацаанд ББСБ-ын нэр дээр шилжүүлье, удахгүй 150,000,000 төгрөг төлчихвөл буцаагаад авчихна гэж ойлгуулан *******д ямар ч хамааралгүй ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх бичиг хийж өгсөн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* дүүргийн Улсын бүртгэлд албан бичиг явуулснаар ******* нь дээрхи орон сууцны өмчлөгч болсон байна.

Үүнээс хойш ******* нь 150,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул *******ийн өмнөөс ******* 150,000,000 төгрөгийг төлөхөөр *******тэй тохирч 30,000,000 төгрөгийг *******д төлж, үлдэгдэл 120,000,000 төгрөгийг үргэлжлүүлэн төлөх гэж байтал ******* нь орон сууцыг өгөхгүй, суллаж өг гэж удаа дараа дарамтлан шүүхэд хандсан байдаг. *******, ******* нар нь 150,000,000 төгрөгийн барьцаа болгож дээрх орон сууцыг түр шилжүүлснээс биш худалдаагүй, эд хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй бөгөөд *******, ******* нар энэ байранд 2020 оноос байнга оршин сууж байгаа юм. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг ******* мэдэж байсан.

Анх зээлдүүлсэн мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан үйлдлээс нь харагдаж байна. Дээрх 30,000,000 төгрөг одоо хүртэл *******д байгаа ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл атал анхан шатны шүүхээс энэ бүгдийг харгалзахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч талаас Мөнгийг кредитэд шилжүүлэх хүсэлттэй байсан бөгөөд уг үйлдлийг хийж гүйцэтгээгүй гэж тайлбарладаг. Энэ нь 2023 онд *******, хариуцагч *******, ******* ХХК-ийн хоорондын маргааныг талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн нэг болох орон сууцны өмчлөх эрхийг зээлийн төлбөрт тооцож, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн. Ийнхүү зээлийн төлбөрт тооцон авсан хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалтай байдаг. Иймд нэхэмжлэгч орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, анх *******тай байгуулсан гэрээгээр уг орон сууцыг ажлын хөлсөнд тооцон авч 2020 оноос хойш амьдарч байгаа, уг байрыг *******ын эхнэр ******* барьцаанд тавьж алдсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар байр *******д шилжсэний дараа түүнээс худалдан авахаар тохирч 30,000,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн тул орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад түүнийг тодруулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч хариуцагч *******, ******* нар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ *******, ******* нар 2020.02.17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болон *******д 150,000,000 төгрөг төлж орон сууцыг буцаан авахаар болж 2025.08.18, 21-ний өдрүүдэд нийт 30,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн тул хууль бусаар эзэмшээгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

Зохигч ийнхүү харилцан агуулгын зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэн аль нь өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгч ******* маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг нотолсон ******* дугаартай, 2025.05.06-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, хариуцагч нар 2025.08.18-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны ******* тоот дансанд 10,000,000 төгрөгийг ******* гэсэн утгаар, мөн 21-ний өдөр 20,000,000 төгрөгийг ******* гэсэн утгаар шилжүүлсэн баримтыг тус тус нотлох баримтаар гаргасан нь хэрэгт авагджээ.

Мөн хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.15-ны өдрийн ******* дугаартай Зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай барьцаалагч *******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.05.01-ний өдрийн ******* дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.07-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байна.

 

5.Маргааны зүйлийн талаар зохигч харилцан өөр байр суурьтай, хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нар уг орон сууцыг анхны өмчлөгч *******тай хийсэн хэлцлийн үндсэн дээр 2020 оноос эхлэн эзэмшиж байгаа, хариуцагч нарын эзэмшилд байх хугацаанд нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөх эрхийг олж авсан боловч хариуцагч нараас орон сууцны үнэд 30,000,000 төгрөгийг хүлээн авсан байдлыг анхан шатны шүүх зохигчоос тодруулж, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлэх замаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

Энэ тухай нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд ...мөнгөний тухай ярих гэж байгаа бол тусдаа нэхэмжлэлээ гаргаад явах эрх нь нээлттэй гэснээс өөр тодорхой тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч, эзэмшигч нарын хооронд хөрөнгийг эзэмшихтэй холбоотой аливаа тохиролцоо байхгүй, хөрөнгө эзэмшигчийн мэдэлд хууль бусаар шилжсэн нь тогтоогдсон нөхцөлд өмчлөгч энэ хуульд заасны дагуу хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсдэг. Гэтэл зохигчийн хооронд маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар хэлцэл хийгдсэнийг илэрхийлэх баримт авагдсан, энэ тухай хариуцагч нар тодорхой тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу дээрхээс өөр тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

Энэ тохиолдолд хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшиж байгаа гэж шууд дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцыг 150,000,000 төгрөгөөр хариуцагч нарт худалдах хэлцэл хийсэн бол уг хэлцлээс татгалзан орон сууцны эзэмшлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар, эсхүл мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хөрөнгөө хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа аль нь болохыг тодорхой тайлбарлах үүрэгтэй.

Эдгээр байдлыг тодорхой болгож, тодруулсны дараа анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь зохигч хэн алины эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн чиг үүрэгт хамаарна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гомдолд дурдсан байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч, хэргийг хянах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ