| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0823/Э |
| Дугаар | 829 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Э.О, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г-ын А, Хөл аваачин овогт Э-ын О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909029110885 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Г-ын А, (регистрийн дугаар),
2.Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чойжин сахиусны өвийг хамгаалах төвийн аж ахуй хариуцсан ажилтан гэх,
2019 оны 01 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Хөл аваачин овогт Э-ын О, (регистрийн дугаар),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.А нь 2019 оны 7 сарын 31-ний өдрийн 10-11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод хамтран амьдрагч Э.Отай маргалдсаны улмаас ам, цээж хэсэг рүү нь гараараа маажиж, мөн цээж хэсэг рүү нь буцалсан ус цацаж түүний эрүүл мэндэд цээж, хүзүү, зүүн бугалганд нэгдүгээр зэргийн түлэгдэл, духанд зулгаралт, уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Э.О нь 2019 оны 7 сарын 31-ний өдрийн 10-11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод хамтран амьдрагч Г.Атай маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, зүүн, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10-11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод хамтран амьдрагч Э.Отай маргалдсаны улмаас ам, цээж хэсэг рүү нь гараараа маажиж, мөн цээж хэсэг рүү нь буцалсан ус цацаж түүний эрүүл мэндэд цээж, хүзүү, зүүн бугалганд нэгдүгээр зэргийн түлэгдэл, духанд зулгаралт, уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Э.Оыг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10-11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод хамтран амьдрагч Г.Атай маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, зүүн, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.А, Э.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.А 2019 оны 7 сарын 31-ний өдрийн 10-11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод хамтран амьдрагч Э.Отай маргалдсаны улмаас ам, цээж хэсэг рүү нь гараараа маажиж, мөн цээж хэсэг рүү нь буцалсан ус цацаж түүний эрүүл мэндэд цээж, хүзүү, зүүн бугалганд нэгдүгээр зэргийн түлэгдэл, духанд зулгаралт, уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Оын “2019 оны 7 сарын 31-ний еглөө 10 цагийн үед А, найз Сайнхүү бид 3 Сүхбаатар дүүргийн 1-р хороо Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод юм яриад хэвтэж байтал гэнэт А, Сайнхүү нар хоорондоо хоолны талаар яриад байхаар нь би "юун хоол" гэтэл Сайнхүү надад "А надад өчигдөр орой хоол авчраарай гэж хэлсэн, одоо тэрийгээ нэхээд байна" гэсэн. Тэгэхээр нь би Ад "чи одоо хүнээс юун хоол нэхээд байгаа юм" гэтэл А "Чи намайг хоол ундгүй хаяж явсан" гэхээр нь би "юу яриад байгаа юм, чи өөрөө хийгээд идэхгүй яасан юм" гэхэд л А миний ам руу гараа хийгээд, уруул базаж маажаад, цээж маажиж чимхээд байсан юм. Тэгэхээр нь би Агийн 2 гарыг нь барьж байгаад баруун хацар руу 3 удаа гараараа алгадсан юм. Тэгтэл А орон дээрээс уначихсан юм. Тэгээд би босоод ус буцалгасан юм. Тэгтэл буцалгагчтай ус яг халж дуусахад А савтай аваад миний биеийн цээж хэсэг рүү цацчихсан. Ингээд би цочирдоод Агийн хацар руу гараараа 3, 4 удаа цохисон. Тэгээд нүүрийг харах гэж үснээс нь дээшээ зулгааж толгойг нь дээшлүүлсэн. Тэгээд л 00 руу ороод цээж хэсэгтээ саван түрхэж байгаад бараг 1 цагийн дараа гарч ирэхэд А утсаа оролдоод сууж байсан. Тэр үед найздаа ийм асуудал болсон гэж хэлсэн юм байна лээ. Тэгтэл тэр найз нь цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9367 тоот актын “…Э.Оын биед цээж, хүзүү, зүүн бугалганд нэгдүгээр зэргийн түлэгдэл, духанд зулгаралт, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн болон мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд болно. ...Цээж, хүзүү, зүүн бугалга дахь түлэгдэлт, уруулын шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 7 сарын 31-ний өдрийн 10-11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Апартмент 100 хотхоны 286 байрны 51 тоотод хамтран амьдрагч Г.Атай маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, зүүн, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Агийн “2019 оны 7 сарын 31-ний өглөө 11 цаг болж байх үед би Сүхбаатар дүүргийн 1-р хороо 286 байрны 11 давхарт байрлах дээврийн байранд өөрийн хамтран амьдрагч Э.О болон Оын найз Сайнхүүгийн хамт байж байхад О намайг "цай хийгээд өг" гэж шаардаж, захирангуй хэлэхээр нь би "чадахгүй" гэсэн гам. Тэгтэл О намайг толгойны баруун талын санчигний хэсэг рүү гараараа 2 удаа цохисон ба би тэгэхээр нь өөдөөс нь гэдэс рүү гараараа нэг удаа цохисон юм. Гэтэл О намайг 0,8 метрийн өндөртэй орноос түлхэж гэдсээр маань унагаахаар нь би босоод ус буцалгагчид буцалгаж байсан халуун бүлээн усыг Оын цээж рүү цацсан юм. Тэгтэл О муухай орилоод над руу ирээд хүзүүнээс боомилж аваад ор руу хүчтэй шидсэн. Тэгээд ор руу шидчихээд миний дээр гарч суучхаад миний толгой, нүүр, хацар хэсэг рүү бүхэлд нь 10 гаран удаа гараараа алгадсан бөгөөд үснээс зулгаагаад 5 удаа ор мөргүүлж байгаад сүүлдээ онгорхой цонх руу үснээс чирээд ойртуулаад байсан энэ үед нь би намайг цонхоор шидэх гэж байна гэж бодсон. Тэгээд намайг орноос унагасан бөгөөд би ухаан алдсан байсан. Ингээд 5 орчим минутын дараа О миний бөгс рүү өшиглөж сэрээсэн юм. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд гарах гэтэл хананд нааж хоолой боогоод намайг гаргахгүй байсан Тэгээд О найз Сайнхүүтэйгээ хамт орон дээр очоод хэвтэхээр нь би өөрийн найз Алтантуул руу чатаар "Оогий намайг зодсон гэж чат бичсэн ба Алтантуул цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаа нар ирээд бид гурвыг аваад явсан. ...О намайг "цай хийж өг" гэж тушааж хэлээд байхаар нь би "чадахгүй" гэж хэлснээс болж намайг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-12-13/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9366 тоот актын “…Г.Агийн биед зүүн чихний дэлбэн, зүүн, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Э.Оын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.А, Э.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.А, Э.О нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.А, Э.О нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.А, Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Г.А, Э.О нарыг тус бүр 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Г-ын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хөл аваачин овогт Э-ын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Э.О нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.А, Э.О нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Г.А, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР