Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1049

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр         Дугаар 181/ШШ2016/01049           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 60 байрны 213 тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Вива сити N13-5-2 тоотод түр оршин суух, Тайж овогт Тунгалагийн Одгэрэл /РД:ЧЗ85020902/-ийн нэхэмжлэлтэй,       

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 60 байр, 213 тоотод оршин суух, Хатигин овогт Болдбаатарын Мөрөнбаатар /РД:ЧЗ84120111/-т холбогдох,     

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай Т.Одгэрэлийн үндсэн, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай Б.Мөрөнбаатарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Одгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга, хариуцагч Б.Мөрөнбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.            

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2007 онд Б.Мөрөнбаатартай гэр бүл болсон. Б.Мөрөнбаатар 2006 оны 7 дугаар сард Солонгос руу 3 жилийн гэрээгээр ажиллахаар явсан ба 2007 онд амралтаараа 1 сарын хугацаатай Монголд ирээд явсан. Ингээд 2007 оны 12 дугаар сард би ээжийн нөхрөөс 7,000 ам.долларын мөнгөн тусламж авч Солонгос улс руу 1 жилийн хугацаатай суралцахаар явсан. Солонгост очихдоо би 4 сартай жирэмсэн байсан бөгөөд бидний дундаас 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Ирмүүн төрсөн. Намайг жирэмсэн байхад Б.Мөрөнбаатар алгадах, согтуу агсам тавих зэргээр 3 удаа зодож байсан ч би уучлаад өнгөрсөн бөгөөд хүний газар бид 2 ажил,сургуулийн шалтгаанаар 2 талд амьдарч байлаа. Ингээд нялх хүүхэдтэй хэцүү байсан учраас 2008 оны 6 дугаар сарын 21-нд Монголдоо амьдрахаар хүүтэйгээ ирсэн болно.

Ирээд өөрийн гэсэн байргүй учраас ээжийндээ хүүтэйгээ амьдрах болсон. Энэ хугацаанд Б.Мөрөнбаатарыг Монголд ирэхдээ хадмындаа, явахад нь ээж дээрээ байдаг байсан. Ээжийнд бид 7-уулаа хамт амьдарч байсан учраас ээж, нөхрийн хамт ярилцаад 2 бага дүүтэй тусдаа гарч улмаар амьдарч байсан байраа надад болон эрэгтэй дүү бид хоёрт өгөөд явсан. Хэсэг хугацаанд би дүү болон бэртэйгээ хамт амьдарч байгаад 2012 онд тус байраа зараад дүүд 70,000,000 төгрөг, надад 40,000,000 төгрөг ногдсон ба одоо амьдарч байгаа Үйлдвэрчин хотхонд 62,000,000 төгрөгөөр 34,76 м.кв 2 өрөө байр захиалаад 2013 оны 11 дүгээр сард байрандаа орсон. Энэ байрыг авахад 22,000,000 төгрөг дутсан учраас Б.Мөрөнбаатар банкнаас зээл авч оруулсан. Б.Мөрөнбаатарын гэрээний хугацаа дуусч 2012 оны 8 дугаар сард Монголдоо ирээд 9 сар болоод гэрээгээ сунгаад 2013 оны 5 дугаар сарын 8-нд Солонгост ажиллахаар явсан.

Б.Мөрөнбаатар Монголд байх хугацаандаа олон удаа архи ууж агсан тавьж, гэр орондоо ирэхгүй хэд хоногоор алга болдог байсан. Энэ тухайг нь хэлэхээр зодож эсвэл хүү бид хоёр болон манай ээж, ах дүү нарыг бүгдийг нь алаад, дараа нь өөрөө тагтнаас үсэрнэ гэж бие сэтгэлээр минь дарамталдаг байсан. Сүүлдээ бүр даварч эрүүл согтуу хамаагүй орцонд үсдэн шатны уруу унагаж дураараа зоддог болсон ба эрүүл үедээ ч гаргаж байгаа авир нь тэсэхийн аргагүй болж эхэлсэн. Энэ тухайгаа цагдаад хэлнэ гэхээр хэлбэл ална гэж заналхийлж байсан болохоор би айгаад хэлж чаддаггүй. Энэ үйлдэл нь 4-5 удаа давтагдаж байсан ч хүүгээ бодоод л тэсэж, зодуулсан хөхрөлт, няцралтаа хүмүүсээс нууж байгаад л зүгээр болгодог байсан.

Үүнээс хойш Б.Мөрөнбаатар Солонгосоос хардаж байнга янхан гичий гэх мэтээр доромжилж өдөр шөнөгүй мөшгиж, утсаар дарамталж, найз эмэгтэйчүүдтэй уулзах болгонд хэнтэй байгаа зургаа дараад гар утас руу явуул, утсаа чанга яригч дээрээ тавиад бүх яриагаа сонсго гэх мэтээр үргэлж хардаж, дарамтлах явдал нь надад сэтгэлийн дарамт болж сүүлдээ Б.Мөрөнбаатарын аяыг дагаж аль болох эвийг нь олох гэж хүлцэнгүй байх надад маш хэцүү байдаг. Хэрэв хэлснээр нь байхгүй бол хэдэн хоногоор архи ууж өөрийгөө хутгална, Монголд очоод бүгдийг чинь удам угсаагаар чинь хүйс тэмтэрнэ гэж байнга айлгадаг.

2015 оны 8 дугаар сарын 20-нд Б.Мөрөнбаатар нь гэнэт Монголд ирээд 7-8 хонохдоо найзуудтайгаа уулзаж суугаад агсан тавиад найзынхаа хавиргыг хугартал зодоод намайг үг хэлээр доромжилж дахин гар хүрсэн. Ирээд хэдхэн хонохдоо хүү бид хоёрыг маш их айдастай байлгаж байгаад Солонгос руу буцдаг.

Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 3-нд бас л гэнэт хүрээд ирсэн. Энэ нь намайг өөр эр хүнтэй байна уу гэж хардаж шалгаж байгаа юм. Энэ үед хүүгээ хадам ээж дээрээ үлдээгээд Сэлэнгэ аймаг руу 2 хоногоор ажлаар яваад 4 дүгээр сарын 3-ны орой 19 цаг хүүгээ хадмынхаас авч байтал Б.Мөрөнбаатар Монголд ирчихлээ гэж ярингуут би айгаад 2 цаг 30 минутын дараа эгчийгээ дагуулаад гэртээ очтол авчирсан вискигээ уучихсан байж байсан. Тэгээд энэ орой 12 цагт Б.Мөрөнбаатар найз нараа дуудаад гараад явсан. Үүрээр 5 цагт согтуу орж ирээд агсан тавиад орилж хашхичаад, хутга барьж ална гэж дайрч үсдэж байгаад хутганы ишээр зодож биед гэмтэл учруулсан. Эгч хамт байгаагүй бол би өнөөдөр амьд байгаа үгүйгээ мэдэхгүй байна.

Мөн 12 давхрын балкон дээрээс үсэрнэ гээд балконы хаалт төмрөн дээр гарч суугаад би үхнэ гэж орилж хашхираад эгчтэйгээ нийлж арай гэж татаж буулгаад гэрт оруулсан. Энэ үед унтаж байсан хүүгээ сэрээж намайг хүүгийн чинь нүдэн дээр ална гээд дахиж зодтол арай гэж салгасан. Цагдаа дуудах гэтэл гарыг чинь хугална гээд гар мушгиад утас булааж авсан. Тэр шөнө нэг дүү рүү нь яриад ирж туслаач гэхэд цагдаагаа дууд гээд ирээгүй.

Би энэ өдрөөс хойш айсандаа хүүгээ аваад эгчийндээ амьдарч байна. Хүү маань айгаад аав та хоёрыг ална гэсэн гээд сургуульд явахгүй гэж уйлаад 7 хоног хичээлдээ яваагүй, шөнө ч уйлж сэрээд унтаж чадахгүй болчихсон. Энэ хүнийг харах байтугай бодохоос айдас минь хүрч цаашид ч хамт амьдрах боломжгүй болсон тул хүү бид хоёрыг энэ араатнаас хурдан салгаж, амь насыг минь аварч, бие сэтгэлийн дарамтаас салгаж өгнө үү.

Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгө болох орон сууцнаас Б.Мөрөнбаатарт ногдох мөнгөн хувийг орон сууцаа зарж байгаад өгнө. Хүүхэдтэй уулзуулах хүсэлтийн тухайд 7 хоног бүрийн бямба гарагийн 14.00 цагт уулзуулах боломжтой. Энэ үед нь би хамт байлцах боломжтой гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Одгэрэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна.  

Би Т.Одгэрэлтэй 2007 онд гэр бүл болон улмаар 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Ирмүүн төрсөн бөгөөд бид сайхан л амьдарч байсан. Олон жил тусдаа амьдарч байсан болохоор бидний хоорондын харилцаа таарамжгүй болсон нь үнэн. Гэвч Т.Одгэрэлийн нэхэмжлэлдээ бичсэн шиг байнгын согтуугаар агсам тавьж, алахаар заналхийлж, зодож, дарамталж байгаагүй билээ. Т.Одгэрэл нэхэмжлэлдээ намайг жирэмсэн байхад 3 удаа зодож байсан, хүү бид хоёрыг болон манай ээж, ах, дүү нарыг бүгдийг алаад өөрөө балконоор үсэрнэ гэдэг байсан, бүр сүүлдээ давраад эрүүл байсан ч дураараа зодож, шатны уруу үсдэн унагадаг. Солонгосоос хардаж байнга янхан гичийн гэх мэтээр өдөр шөнө, мөрдөн мөшгиж утсаар дарамталж хэнтэй байгаа зургаа дараад явуул, утсаа чанга яригч дээр нь тавьж бүх яриагаа сонсго гэх мэт үргэлж дарамталж байнгын айдастай, хүчирхийлэл дор байдаг байсан гэж бичсэн нь худлаа, гүтгэлэг болохыг дурдахыг хүсч байна.

Ийнхүү намайг худлаа гүтгэж элдвээр бичсэн нь надаас салахын тулд аргагүй, аймшгийн хүчирхийлэл, дарамтан дор амьдарч байсан гэж итгүүлэн, үнэмшүүлэхийн тулд бичсэн гэж үзэж байна. Харин бидний дунд маргаан, үл ойлголцох байдал байсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ маргаан нь Т.Одгэрэлээс өөрөөс нь шалтгаантай байсан гэдэг үнэнээ бичээгүйд би харамсаж байна. Би Солонгост хөөсөнцөрийн үйлдвэрт хүнд ажил хийдэг. Өдөрт 11 цаг, шөнө 13 цаг ажилладаг байсан. Хүү, эхнэр хоёртоо сар бүр 1,000 ам.доллароос дээш мөнгө явуулдаг байсан. Гэтэл Т.Одгэрэл нь 5 дахь, хагас сайн өдрүүдэд байнга шахам хонуутаар найз нартайгаа шоудаад, утсаа салгаад авахаа болчихдог байсан. Үүнд нь миний уур бухимдал төрж муудалцаж байсан нь үнэн.

Уг нь би Солонгост үйлдвэртээ цехийн дарга хийдэг, нэр хүндтэй ажиллаж байсан. Гэвч эхнэр маань энд миний зовж олсон мөнгийг наргих, цэнгэхэд зориулж намайг үл хүндэтгэж байсанд би бухимдаж тайван ажлаа хийх боломжгүй байсан тул аргагүйн эрхэнд Монгол руу 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буцаж ирсэн. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны орой Солонгосоос ирэхдээ хэлээгүй ирсэн нь үнэн боловч Т.Одгэрэл нь хэд хоног миний утсыг ч авахгүй, холбогдохгүй байсан учраас аргагүйн эрхэнд ажлаа орхиод ирсэн юм. Ирэхэд Т.Одгэрэл гэртээ байхгүй 2 цаг 30 минут орчим орцонд хүлээлгэж, яах гэж ирсэн юм гэх мэтээр орцонд хүлээлгэсэн. Үүнээс болж би уурлаж бухимдаж архи ууж агсам тавьсан нь үнэн. Гэвч би хутга шөвөг хэрэглээгүй ээ. Агсам согтуу тавьж, гомдоож бухимдуулснаа ойлгож байна.

Гэр бүлээ цуцлуулах шалтгаан нь энэ асуудал биш. Түүний бичсэн шиг би араатан болчихооод байгаа биш юм. Саяхан л миний хайраа гэж харьцацгааж байсан шүү дээ. Тэгэхээр надаас салах гээд байгаа шалтгаан нь тэр надаас өөр хүнтэй болсон учраас л намайг хүчирхийлэгч, дарамтлагч болгож бичиж байна гэж үзэж байна. Гол нь бие холдвол сэтгэл холдоно гэгч болж эхнэр хүүхэд, амьдралынхаа төлөө нойр хоолгүй зүтгэж, хэдэн төгрөг олохыг л бодож явсан. Нэгэнт эхнэрийн сэтгэл нь хувирч, өөр хүнтэй болсон бол би түүний гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мэдээж хүү маань бага насны учир ээжтэйгээ байх нь илүү гэж үзэж байгаа тул хүүгээ ээж дээр нь үлдээхийг мөн зөвшөөрч байна. Гэхдээ ээж нь надтай хүүг минь уулзуулахгүй байгаа тул 7 хоногт 1 удаа уулзуулж байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хүүдээ хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг төлнө.

Сөрөг шаардлагын тухайд гэвэл бидний дундын өмч болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 60 байрны 213 тоотод байрлах 34.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгийг мөнгөөр гаргуулахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Энэ орон сууцыг авахад 66 хувь болох 40,000,000 төгрөгийг Т.Одгэрэл, үлдэх хэсгийг би банкнаас зээл авч төлсөн тул гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн гэж үзэж байгаа.

Орон сууцыг шинжээч 70,927,000 төгрөгөөр үнэлсэн тул гэр бүлийн 3 гишүүнд хувааж, надад ногдох 23,642,333 төгрөгийг нэхэмжлэгч Т.Одгэрэлээс гаргуулж өгнө үү.

Уг нь би Солонгост хүнд үйлдвэрт ажиллаж 2009 оны 1 дүгээр сараас эхнэр Т.Одгэрэл рүү сар бүр 1,000 ам.доллар хүртэл явуулж байсан тул энэ мөнгөнөөс түүний хадгаламжид байгаа гэж бодсон. Гэтэл шүүхээс гаргуулсан банкны лавлагаагаар үлдэгдэлгүй гэж гарсан тул хадгаламжаас ногдох хэсэг гаргуулах боломжгүй болсон гэв.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүх зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Одгэрэл нь хариуцагч Б.Мөрөнбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Мөрөнбаатар зөвшөөрсөн ба хариуцагч Б.Мөрөнбаатараас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 23,642,333 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч Т.Одгэрэл мөн зөвшөөрсөн байна.  

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.     

 

Гэрлэгчид 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн ба тэдний дундаас 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Ирмүүн төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Гэрлэгчид 2012 оноос хойш 2 тал /Монгол, Солонгос/-д тусдаа амьдарч байсан нь тэдний хооронд үл ойлголцол үүсэх, улмаар гэр бүлийн дотор хэрүүл маргаан, таарамжгүй харилцаа, хүйтэн, хөндий уур амьсгал бүрдэх нөхцлийг бүрдүүлснээс болж 2016 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хэн аль нь гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнгүй гэж үзлээ.  

 

Иймд гэрлэлтийг цуцлав.

 

Зохигчдын дундаас төрсөн насанд хүрээгүй хүү М.Ирмүүн нь цаашид ээжтэйгээ амьдрах талаар саналаа илэрхийлсэн ба эх Т.Одгэрэл нь хүүгээ өөрийн асрамжид авахаар шаардсаныг эцэг Б.Мөрөнбаатар нь зөвшөөрсөн тул шүүх М.Ирмүүнийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Талууд хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хүү М.Ирмүүнийг сар бүр эцэг Б.Мөрөнбаатараар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Мөрөнбаатар нь хүү М.Ирмүүнтэй уулзаж байхыг даалгуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Т.Одгэрэл зөвшөөрсөн тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан зохицуулалтад нийцүүлэн хариуцагч Б.Мөрөнбаатарыг 7 хоног бүрийн Бямба гарагийн 14.00 цагт хүү М.Ирмүүнтэй уулзуулж байхыг нэхэмжлэгч Т.Одгэрэлд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Т.Одгэрэлийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028237 дугаартай Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 хороолол, Нарны зам гудамжны 60 дугаар байрны 213 тоотын 34,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

             Шүүхээс томилогдсон шинжээч “Итгэлт Эстимэйт” ХХК нь орон сууцны зах зээлийн үнийг 70,927,000 төгрөгөөр тодорхойлсон ба энэхүү дүгнэлтэд талууд маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” заасныг баримтлан 1 гишүүнд ногдох хэсгийг 23,642,333 төгрөгөөр тодорхойлж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар орон сууцыг Т.Одгэрэл, М.Ирмүүн хоёрт үлдээж, Б.Мөрөнбаатарт ногдох хэсэг болох 23,642,333 төгрөгийг Т.Одгэрэлээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Эцэст нь шүүх хэдийгээр гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдийн хувьд Т.Одгэрэл, Б.Мөрөнбаатар нарын Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Тунгалагийн Одгэрэл /РД:ЧЗ85020902/, Хатигин овогт Болдбаатарын Мөрөнбаатар /РД:ЧЗ84120111/ нарын гэрлэлтийг цуцалсугай.        

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Ирмүүн /РД:ЩК08251513/-ийг эх Т.Одгэрэлийнх нь асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Ирмүүнийг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөрөнбаатараар нь тэжээн тэтгүүлсүгэй.                

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан Т.Одгэрэлийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028237 дугаартай Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 хороолол, Нарны зам гудамжны 60 дугаар байрны 213 тоотын 34,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т.Одгэрэл, М.Ирмүүн нарын өмчлөлд үлдээж, Т.Одгэрэлээс 23,642,333 төгрөгийг гаргуулж Б.Мөрөнбаатарт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан Б.Мөрөнбаатарыг 7 хоног бүрийн Бямба гарагийн 14.00 цагт хүү М.Ирмүүнтэй нь уулзуулж байхыг Т.Одгэрэлд даалгасугай.

 

6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Дэлгэрсайханд даалгасугай.   

 

7.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Т.Одгэрэлээс төлсөн 70,200 төгрөг, Б.Мөрөнбаатараас төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Мөрөнбаатараас 70,200 төгрөгийг гаргуулж Т.Одгэрэлд, Т.Одгэрэлээс 276,162 төгрөгийг гаргуулж Б.Мөрөнбаатарт тус тус олгосугай.               

 

 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА