| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/00851/И |
| Дугаар | 210/МА2026/00379 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00379
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09938 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 5,258,287 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би *******тэй түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* өрөөг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нэг жилийн хугацаагаар агуулахын зориулалтаар түрээсэлсэн. Түрээсийн байранд худалдаалах зориулалтаар авсан барилгын материал болох хаалга, хроп зэрэг бараагаа агуулдаг. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 40 минут орчимд дээд айл болох 5 тоотоос их хэмжээний халуун ус 30 минутын турш алдаж тус өрөөнүүд усанд автаж зарах гэж байсан шинэ 250 хаалга норж гэмтэж их хэмжээний хохирол учирсан. Улмаар зарах боломжгүй болсон 119 хаалганы үндсэн үнэ болох 12,957,910 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
1.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан багасгасан шаардлагадаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилсон шинжээч хохирлын үнэлгээ гаргасан тул тухайн үнээр буюу 5,258,287 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Би *******орон сууцанд 2000 оноос хойш оршин сууж байна. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай гал тогооны угаалтуурын доорх халуун усны уян холбоос задарч халуун ус алдсан. Тиймээс манай эхнэр орон сууцны конторт дуудлага өгч тэр хооронд усыг хаахаар оролдсон ч ус маш халуун бас битүү уур болсон учраас сайн харагдахгүй, хаалтыг хааж дийлэхгүй байсан. Ингээд доороос хүмүүс орж ирээд усыг хаасан. Манайхаас ус алдаж ойролцоогоор 20 минут орчим үргэлжилсэн боловч ямар нэгэн санаатай, санамсаргүй үйлдлээс энэ хүмүүст хохирол учруулаагүй, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн улмаас ус алдаад цаг хугацаанд нь зохих арга хэмжээг авсан. Би 2019 онд гал тогооны өрөөний тавилгыг солихдоо иж бүрэн засвар, үйлчилгээг хийсэн. Мөн орон сууцны мэргэжлийн байгууллагаас акт гаргахдаа эзэмшигчийн буруутай үйлдэл байхгүй гэж гаргасан.
2.2. Нэхэмжлэгч нь орон сууцны зоорийн давхарт байр түрээсэлж бараагаа хадгалж байсан тухай гэрээг шүүхэд гаргасан. Уг байрыг агуулахын зориулалтаар ашиглах зохистой эсэх талаар ямар нэгэн баримт, заалт уг гэрээ болон нэхэмжлэлд дурдаагүй. Орон сууцны зоорийн давхар хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд энэхүү дундын өмчлөлийн эд хөрөнгийн зохих засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг энэ байранд орсон цагаасаа байнга төлж ирсэн. Манай байрны доод хонгилын зориулалтыг өөрчлөн агуулах болгосныг мэдээгүй, өөрчилж шинэчлэхдээ барилгын норм, стандартыг баримталсан эсэхийг мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч их хэмжээний эд хөрөнгөө байр түрээсэлж хадгалахдаа уг байр нь зориулалтын агуулах эсэхийг нягталж эд хөрөнгөндөө учрах эрсдэлийг тооцон эд хөрөнгөө даатгуулах зэрэг арга хэмжээ аваагүй, өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна. Иймээс тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс үүдэн учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй буюу гэрээгээр ийм хаалга оруулж ирэхэд хэдэн төгрөг гэдгийг нотлох баримтгүй бөгөөд гэрэл зурагт хохирсон хаалганы тоо хэмжээ байхгүй. Мөн шинжээчийн ажилласан хаалга нь гэмтэл учирсан хаалга мөн эсэхэд эргэлзэж байна. Түүнчлэн, шинжээч нэхэмжлэгчийн хаалга хадгалсан газарт очихдоо биднийг байлцуулалгүйгээр хаалгыг үзэж хараад дүгнэлтээ гаргасан байсан. Иргэний хуульд зааснаар дундын өмчлөлийн хөрөнгийн загварыг өөрчилснөөс хохирол учирвал өөрөө хариуцахаар зохицуулсан. Бид ус алдсан тохиолдолд доод айлын хана, таазыг янзалж өгдөг тул дотор нь байсан бүх зүйлийн үнийг төлөх боломжгүй тул нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******аас 5,258,287 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 222,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 99,082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлж чадаагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг тодорхойлсон баримт байхгүй байгааг шүүх хуралдаан дээр ярьсан боловч анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасан. Нотлох баримтаар түрээсийн гэрээ гаргасан ч тэнд хичнээн тооны хэдэн төгрөгийн ямар материал хадгалагдаж байсан, эдгээрээс хохирол хэдэн төгрөг болсныг нотолсон баримтгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилоход шинжээчид энэ, тэндээс цугласан хаалгануудыг тоолоод тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлээд хохирлын үнэлгээг гаргасан. Зүй нь тухайн нэхэмжилж буй хаалганууд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хаалганууд мөн эсэх, тоо ширхэг тохирох эсэх, үнэхээр тухайн үйл баримтын явцад гэмтсэн эсэх, үнийн дүнг нотолсон баримтыг нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болгон гаргаж өгөх ёстой байхад нэхэмжлэгчийн амаар хохирол төлүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй.
4.2. Нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлээс эд хөрөнгөө зориулалтын бус газарт хадгалж үүнээс үүдэн өөрт нь хохирол учирсан. Орон сууцны хонгилын давхарт их хэмжээний эд хөрөнгө хадгалахдаа учирч болох эрсдэлийг тооцоолон зайлшгүй тохиолдолд даатгалд хамрагдсан байх ёстой байхад миний бие эрсдэлийг үүрэх боломжгүй. Мөн хонгилын давхрыг агуулах болгоогүй бол хариуцагч ийм хэмжээний хохирлыг хариуцах үндэслэлгүй. Энэ хонгилын давхрыг агуулах болгож зориулалтын өөрчлөн түрээсийн гэрээ байгуулснаар түүнээс ашиг олж байгаа этгээд хариуцлага хүлээхгүй байгаа үндэслэлгүй.
4.3. Шүүх шийдвэртээ хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй боловч хохирлыг хариуцах ёстой гэж шйдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хэргийн уг үндсийг сайн олоогүй, ус алдсан бол хариуцах ёстой гэж хэргийг өнгөц шийдвэрлэсэн. Орон сууцны конторын гаргаж өгсөн актад хүний буруутай үйл ажиллагаанаас бус тоног төхөөрөмжийн эвдрэлээс болсон гэсэн байхад хариуцагчийг гал тогооны уян холбоосоо арчилж байгаагүйгээс хохирол учирсан гэж дүгнэсэн. Гэвч уян холбоосыг ямар нэгэн байдлаар арчилж тордоно гэсэн ойлголт байдаггүй.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 12,957,910 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 5,258,287 төгрөг болгон багасгасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь *******тэй 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь ******* тоот өрөөг эзэмшиж байсан, хариуцагч ******* нь *******орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь түрээсийн гэрээ, СӨХ-ны тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 2, 16, 71/
3.2. Хариуцагч *******ын ******* орон сууцнаас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 39 минутын орчимд нэхэмжлэгч *******гийн түрээсээр эзэмшиж байсан ******* байр, зоорийн давхрын 11, 12, 13 тоотын дээрээс халуун ус алдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.
3.3. Ийнхүү ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтэд ...******* сууцыг эзэмшигчийн сууцанд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 39 минутанд тоног төхөөрөмжийн эвдрэл, халуун усны уян холбоос задарч ус алдсан шалтгаанаар *******гийн эзэмшиж байсан ******* 1, 2, 3 тоот сууцанд гэмтэл учруулсан гэж, мөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/409 дугаартай Ус алдсан дуудлага барагдуулсан тухай албан бичигт ...*******айлаас *******утсаар ОСНААУГ-ын call center системд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13:39:01 ус алдсан дуудлага бүртгэгдсэний дагуу дуудлагын засварчин ******* нь *******т байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын ажлын байрнаас гарч тус айлд очсон. Дуудлагын засварчин тус айлын холигчийн ф15 уян холбоо задарсан байсныг 14:00 цагт хаасан гэж мэдэгдсэнийг ус хангамжийн дуудлагын дэвтэрт ээлжийн инженер бүртгэсэн... гэжээ.
3.4. Хэргийн баримтаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 39 минутын үед хариуцагчийн ******* орон сууцны гал тогооны уян холбоос задарч ус алдасны улмаас нэхэмжлэгчийн эзэмшиж байсан зоорийн давхрын 540 м.кв талбайд ус их хэмжээгээр нэвтэрч зооринд хадгалж байсан хаалганууд норсон үйл баримт тогтоогдсон байна.
4. Хариуцагчийн зүгээс татгалзлаа орон сууцандаа бүтэн засвар үйлчилгээ хийлгэсэн, миний буруугаас ус алдсан зүйл байхгүй, ус алдсанд буруугүй гэж маргасан.
5. Ус алдсанд хариуцагч гэм буруутай эсэх, хэрэв гэм буруутай бол уг гэм буруугийн улмаас хохирол учирсан эсэх, учирсан хохирол нь гэм буруутай шалтгаант холбоотой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглахдаа хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй, түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
6.1. Хариуцагч ******* нь ус алдсан ******* орон сууцны өмчлөгчийнхөө хувьд дээрх хуульд заасны дагуу өөрийн эзэмшилд байх халуун усны уян холбоосын бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6.2. Хариуцагч ******* нь өөрийн эзэмшилд байх халуун усны уян холбоосын бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч *******гийн түрээсээр эзэмшиж байсан *******, зоорийн давхрын 11, 12, 13 тоотын дээрээс халуун ус алдаж уг өрөөнүүдэд хадгалж байсан хаалганууд норж хохирол учирсан гэж анхан шатны дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байна.
6.3. Хэрэгт ******* ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд уг тайланд ...гэмтсэн гэх 119 ширхэг хаалганаас бусад шалтгаанаар буюу механик гэмтлийн улмаас гэмтсэн хаалга 42 ширхэг, ус алдаж норсны улмаас гэмтсэн хаалга 45 ширхэг байв. Үүнээс ус алдаж норсны улмаас гэмтэл учирсан хаалгыг 2021 оны 02 дугаар сарын байдлаар үнэлгээг 116,851 төгрөг гэж үнэлж, нийт 45 ширхэг хаалганы үнийг 5,258,287 төгрөг гэжээ. /хх-ийн 96-118/
6.4. Хариуцагчийн ус алдсан буруугаас нэхэмжлэгчийн хадгалж байсан хаалганууд норж 5,258,287 төгрөгний хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
7. Хариуцагч нь бүтэн засвар үйлчилгээг хийсэн байсан, миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллага тогтоогоогүй... гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарт үндэслэн хариуцагч *******аас 5,258,287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
9. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
9.1. Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн агуулахад хадгалагдаж байсан гэх 119 ширхэг хаалганаас үлдсэн нийт 87 ширхэг хаалга байсан, үүний 53 ширхэг хаалга нь *******давхарт хадгалагдаж, үлдсэн 34 ширхэг хаалга нь ******* буудлын ар талд байрлах агуулахын зориулалттай контейнэрт хадгалагдаж байсан бөгөөд механик гэмтлийн улмаас гэмтсэн хаалга 42 ширхэг, ус алдаж норсны улмаас гэмтсэн хаалга 45 ширхэг байв. Үүнээс ус алдаж норсны улмаас гэмтэл учирсан 45 ширхэг хаалгыг зах зээлийн үнээр худалдаж борлуулах боломжгүй бөгөөд гэмтэл үүссэн хэсгийг засварлан зарах, зах зээлийн үнэлгээг 70-75 хувь бууруулан худалдан борлуулах боломжтой гэж дүгнэж, 2023 оны 09 дүгээр сарын байдлаарх дотор модон хаалганы зах зээлийн үнэлгээг 165,000 төгрөг, харин 2021 оны 02 дугаар сарын байдлаарх үнэлгээг 116,851 төгрөг гэж үнэлж, нийт 45 ширхэг хаалганы үнийг 5,258,287 төгрөг гэж үнэлсэн. Уг дүгнэлтийг хариуцагч өөр баримтаар няцаагаагүйгээс гадна дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
Түүнчлэн, шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *******дугаар тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг тогтоолд талуудыг шинжилгээ хийхэд байлцуулах талаар дурдаагүй. Харин шинжээч нь хохирлын үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээний обьектэд үзлэг хийсэн нь тайланд хавсаргасан гэрэл зургийн хуулбараар тогтоогдсон. Иймд хариуцагчийн ...шинжээч дүгнэлт гаргахдаа байлцуулаагүй, уг дүгнэлт эргэлзээтэй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
9.2. Нэхэмжлэгчийн түрээсэлсэн *******байр, зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэсэн байх тул үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр агуулахын зориулалтаар эзэмшиж байсныг буруутгахгүй буюу хохирлын хэмжээ нэмэгдэхэд зориулалтын бусаар ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс хариуцагчийн ...хонгилын давхрыг агуулах болгож зориулалтыг өөрчилснөөр хохирол учирсан... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ