Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ц.Сэлэнгэ,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            Улсын яллагч Л.Мажигсүрэн,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдмаа, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

            Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт С-ийн Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20735732 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

2002 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнө шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоогдож, уг ялаа эдлэж байгаад 2007 оны 5 дугаар сарын 24-нд эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт С-ийн О, /............... гэх хочтой/, /регистрийн дугаар /

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.О нь 2007 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Спортын төв ордны аркны орчимд Т.Гансүхтэй хамт архидан согтуурсан байх үедээ маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь гараараа цохьсны улмаас арагш нь савуулан унагаж улмаар гавал тархины битүү гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд “...Би 2018 оны 8 дугаар сард Хэнтий аймаг яваад 10 дугаар сард ирсэн. Намайг Сүхбаатар дүүргийн эрүүгийн мөрдөгч Дамшням гэж мөрдөгч барьж аваад, эрүүлжүүлэхэд хийсэн байгаа. Өглөө нь надад чи 2016 оны намар гар утас дээрэмдсэн байна гэж хэлээд байцаасан. Би тийм хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Намайг өдөр болгон цагдаагийн хэлтэс дээр дууддаг байсан. Би ажил хиймээр байна гэхэд чи ажил хийх хэрэггүй. Энэ хэргээ шийдүүл гээд өрөөндөө оруулаад намайг зоддог байсан. Би тухайн үед 8-9 цагийн үед хамт уучхаад Баянхошуу явсан. Би Баянхошуунд найзынхаа хашаанд байдаг байсан. Шөнө тийм зүйл болоогүй. Цохисон гэдгийг Сүхбаатар дүүргийн Дашням мөрдөгч намайг дарамталж тийм үг хэлүүлсэн. Намайг цохиж, дарамталж хэлүүлсэн гэж Мажигсүрэн прокурорт хэлж, гомдол гаргаж байсан. 4 дүгээр сарын 12-ны өдөр онлайн шүүх хуралдаан болоход миний хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичсэн байгаад гомдолтой байна гэдгээ хэлж байсан. Эрүүгийн мөрдөгч Дамшням 11 дүгээр сарын 25-ны өдөр намайг 8 дугаартай өрөөнд цохисон гэж хэл гэж дарамталж байсан. Би дарамталж байцаалт авсныг эрүүгийн мөрдөгч Мөнхсайханд хэлсэн. Гэтэл Чулуунцэцэг өмгөөлөгч гараад явах хооронд намайг дарамталж, хийсэн хэргээ хүлээдэггүй юм уу? пизда минь гэж хэлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Жаргалцэцэгтэй буудалд архи уусан. Эхлээд байрны тавуулаа гадаа хоёр шил 0.75 литрийн архи ууж байгаад, зочид буудал орсон. Буудалд юу ярьснаа мэдэхгүй байна. Бид хоёр согтуу байсан...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2007 оны 8 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчимд Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд Серёга хочтой залуутай тааралдсан. Тэгээд бид 2 хамтдаа юм яриад 1-2 цаг алхсан. Тэгсэн чинь Серёга чи надад нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь би зөвшөөрөөд хамтдаа 64 дүгээр дэлгүүр рүү алхаад би 1 шил 0.5 литрийн Хараа архи, 1 том ундаа аваад хамтдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны урд талын аркны хойд талын хашааны гадаа гудамжинд замын боржуран дээр сууж байгаад тэр архи хувааж уусан. Тэгээд архиа уугаад дууссаны дараа Серёга “чи мөнгөтэй байна ш дээ, дахиад нэг том юм авчих” гэх хэлсэн, би зөвшөөрөөд дахин 64 дүгээр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа архи аваад дахин өмнөх архи уусан газартаа очиж тэр архиа хувааж уусан. Тэр архиа хувааж уусны дараа Серёга нэлээд согтсон, тэгснээ над руу дахин чи надад 10.000-20.000 төгрөг өг гэж хэлсэн, тэгэхээр нь би үгүй ээ, чи согтуу байна, гэртээ харьж унт унт гэж хэлсэн чинь Серёга намайг шууд 3 удаа шанаа руу цохисон, тэгэхээр нь би болиулаад явлаа гээд арк руу алхаж явахад Серёга араас гүйж ирээд миний мөрөн дээрээс татсан, тэгэхээр нь би эргэж хараад түүнийг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн Серёга арагш саваад тархиараа газарт цементен зам дээр унасан. Тэгээд Серёга хөдлөхгүй байхаар нь би согтоод уначихсан байх араас ирэх байлгүй гэж бодоод Улаанбаатарын саадны урд архи ууж байгаад гэртээ харьсан. Намайг Серёгатай Улаанбаатарын сааданд таарсан, Серёгатай тааралдахад Орилоо Цэцэгээ/Жаргалцэцэг/хамт байсан. Мөн 2-3 эмэгтэй, 1 залуу гэх мэт хүмүүс байсан, яг нэрийг нь мэдэхгүй байна. Би очихдоо бол ганцаараа очсон. Тэгээд Серёгатай ярилцаж байгаад 64 дүгээр дэлгүүр рүү архи уух гээд явсан юм. Би түүний нүүр хэсэгт нь гараараа цохисон. Намайг цохиход ар дагз хэсгээрээ газарт савж унасан. Тэгээд ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, огт хөдлөхгүй байсан, тухайн үед ойр хавьд хэн ч байгаагүй. Би хийсэн хэрэгтээ маш байна. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-249-250/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдмаа шүүх хуралдаанд“…Миний нөхөр 2007 оны 8 дугаар сарын эхний өдөр нас барсан. Гэмтлийн эмнэлгээс бид  нар олсон. Хүнд зодуулж, цохиулж нас барсан гэсэн оноштой байсан. Тухайн үед хэрэг хийсэн хүн нь олдоогүй байсан тул хэргийг хаасан байсан. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас хэргийг дахин шалгаж би хохирогчоор ороод явж байгаа. Энэ хүн анх хэргээ хүлээж байсан. Би цохисон, архи уусан гэж хэргээ хүлээж байсан боловч дараагийн шүүх хуралдаанаас эхлэн худлаа мэдүүлэг өгч, би хийгээгүй гэж ярьж эхэлсэн. Оршуулгын зардал тухайн үед 1.500.000 төгрөг гарсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Хийсэн хэргээ хүлээгээсэй гэж бодож байна. Миний хүүхдүүд эцэггүй өсөж байгаа. Энэ хүн цохиогүй бол миний нөхөр амьд байх байсан. Гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Би Тунгалаг овогтой Гансүхийн гэр бүлийн хүн бөгөөд бид 1999 онд гэр бүл болсон юм. Манай нөхөр 100 айлаас ажил олж хийдэг бөгөөд 2007 оны 8 дугаар сарын 01-ны өглөө ажилдаа явлаа гээд ганцаараа гараад явсан. Өдөр нь надтай 100 айлын барилгын материалын дэлгүүрийн дэргэд уулзаад цуг зах яваад DVD худалдаж авсан. Гансүх зах дээр надаас 16 цагийн үед салаад явсан. Талийгаач гэрээсээ гарахдаа ...халаасандаа болон биедээ ямар нэгэн эд зүйлгүй байсан бөгөөд зах дээрээс надаас салаад явахдаа 4000-5000 төгрөгтэй байсан, түрийвчээ гэртээ орхиод явсан байсан. Талийгаач бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаатай байсан. Би талийгаачийг оршуулахад зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ. Баримтуудыг танайд өгсөн байгаа, ойролцоогоор 1.500.000 орчим төгрөг болж байгаа. ...Энэ хэргийг хийсэн хүнд ял шийтгэлийг хуулийн дагуу оногдуулж өгөхийг хүсэж байна. Өмнөх мэдүүлэг дээрээ хохирлыг нэхэмжилсэн.Миний амьдралд нөхөж баршгүй гарз хохирлыг учруулсанд гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-29-30, 2-р хавтас х-15-18/,

 

Гэрч Т.Жаргалцэцэгийн “…би талийгаач Гансүхтэй 2007 оны 8 дугаар
сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах Боловсролын их сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг хоёр ТҮЦ-ний гол хэсэгт нь байх автобусны буудлын нарийн төмрөн дээр цугтаа сандайлаад суугаад хоорондоо юм яриад сууж байх үед Боловсролын Их сургуулийн баруун хойд талын өнцгөөр Болжмор Болдоо гарч ирээд талийгаач Гансүхтэй ирж юу байна хө гэж мэндлээд гар бариад уулзсан юмаа.Тухайн үед н тус сургуулийн баруун урд талын өнцгөөр тойроод Баарай /жинхэнэ нэр нь Занабаяр/ гарч ирээд бидэн дээр ирэх үед манай танил охидууд болох Эрдэнэтунгалаг, Отгонцэцэг нар машинтай ирээд намайг суучих гэж хэлээд удахаар нь би Улаан буудалд очиж хоносон юмаа. Тэгээд дараа нь талийгаач Т.Гансүхийг нас барсан болохыг сонсож мэдээд дотроо Болжмор Болдоо л маргалдаж зодсон байх гэж хардаж явдаг байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн орой 22 цаг болж байхад Цетрал Таурын зүүн талд байдаг мэлхийтэй хөшөөний хажууд тааралдаад мэнд усаа мэдэлцээд... би чамтай яагаад архи уух дургүй байдгийг мэднэ биз дээ гэж хэлэхэд Болдоо би тэр асуудлаар чинь ял шийтгэлээ аваад шоронд суудгаа суугаад гараад ирсэн шүү тэ гэж хэлэхээр нь тэгвэл намайг цагдаагийн байгууллагад дахин дуудахгүй юм айгаа биз дээ гэж асуухад яагаад ч тийм асуудал байхгүй, би ял шийтгэлээ эдлээд дууссан гэж хэлээд байхад гэж хэлээд бид хоёр дэлгүүр орж 0.5 граммын хэмжээтэй Хараа архи нэг шилийг аваад цугтаа Улаан буудал орж 12 дугаарын өрөөг хоногоор тооцоог нь хийж аваад эр архиа хувааж уусан юмаа. Тэгээд архиа хувааж ууж байх үедээ одоо тэр талийгаач Гансүхийн гурвын гурван хүүхэд нь өнчрөөд хоцорсон байгаа шүү дээ?Чи ажил төрөл хийгээд тав арван төгрөг өгөөч ганцаараа гэр бүлээ тэжээдэг айсан хүнийг нь чи алчхаад гэж хэлэхэд Болдоо талийгаачийн эхнэр Сувдааг хаана ямар ажил төрөл хийдгийг нь мэдэхгүй байна шүү дээ гэсэн... 2007 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө... намайг явсны сүүлд нь О талийгаач Гансүхтэй маргалдан зодож амь насыг нь хохироосон болохыгоо 2018 оны 11 дүгээр сарын 01-ны орой надтай архи уух үедээ хэлж, өөрөө энэ талаар гэмшиж явдгаа хэлсэн юмаа…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-4, 5/,

 

Гэрч З.Отгонцэцэгийн “…2007 оны 8 дугаар сарын 01-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, тухайн үед нийлдэг байсан Тунгаа гэх охинтой явж байхад Цэцгээ эгч тааралдаж явахдаа намайг аваад яваарай гэж хэлсэн. ...Тунгаа бид хоёр Цэцгээ эгчийг аваад 16 дугаар сургуулийн зүүн урд байдаг зочид буудалд хүргэж өгчхөөд явсан. Одоо цагийг нь тодорхой санахгүй, ямар ч байсан гэгээ орж байхад хүргэж өгсөн шиг санагдаж байна, мөн Цэцгээ эгчийг машинд суулгаад яг явах үед үл таних дунд зэргийн нуруутай залуу ирж Баараа, орос хүн шиг царайтай хүн дээр очиж байсан. 2007 оны 10 дугаар сарын 24-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт тухайн үед ямар нэгэн ач холбогдолгүй юм байх гэж бодоод хэлээгүй…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-233-234/,

 

Гэрч М.Эрдэнэтунгалагийн “…би 2007 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 01 цагийн орчимд буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны шөнө ганцаараа Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд ирсэн...Цэцгээ эгчтэй тааралдсан ба Цэцгээ эгч явахдаа намайг аваад яваарай гэж хэлсэн....Улаанбаатар зочид буудал руу явсан ба би Цэцгээ эгчийг явах уу гэхэд Цэцгээ эгч машинд суугаад явсан. Энэ үед нөгөө орос нэртэй залуу, Баараа нар үлдсэн ба яг явах үед үл таних эрэгтэй хүн ирээд нөгөө хоёр залуутай Багшийн дээдийн баруун талын автобусны буудал дээр үлдсэн. Тэгээд Отгоо бид хоёр Цэцгээ эгчийг Красная буудалд оруулж өгчхөөд би Хамелион зочид буудалд хоноод Отгоо гэрлүүгээ явсан. Тэгээд дараа нь 1 сарын дараа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгч байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-235-236/,

 

Гэрч Н.Мөнхтөрийн “…Ямар ч байсан өмнө 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тус өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн болно. Тухайн үед ямар ч байсан миний танихгүй 2 эрэгтэй хүн зогсож байсан. Би тоотой хэдэн биеэ үнэлэгч нарыг таньдаг байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-10/,

Гэрч Ч.Мижиддоржийн “…2008 оны 5 дугаар сард Говь-Алтай аймагт
Алтай чуулгын барилгыг манай компани барьж эхэлж би талбайн инженерээр
ажиллаж байсан. Уг барилга дээр дандаа хятад ажилчдын бригад ажиллуулсан.
Улаанбаатар хотоос монгол туслах ажилтан ажиллуулаагүй…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-118/,

Гэрч Ө.Гарьдийн “...манлайгийн...ямар ч байсан тэр үед шөнийн харанхуй
дөнгөж арилгаад яг гэгээ орох гэж байсан үе байсан, тэрийг санаж байна. ...чамд
хамаагүй яв гэхээр явж хоолоо зарж байгаад хэсэг хугацааны дараа тэр хавиар
буцаад явахад Серега Баарай хоёр буудлын ТҮЦ-ний голын хашлага дээр зүгээр
сууж байсан байх яг Баараа гэж санахгүй байна, надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-120/, 

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ¹1222 тоот актын “...Талийгаачийн биед /1, 3/ дээрх оношинд тусгагдсан гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.хийгдсэн эмчилгээ зөв болно.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас х-17-18/

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн“...Цогцосны хэмжилтийг нарийвчлан хийсэн байна, хэмжилт хийснээс 24 цагийн дараа задлан шинжилгээ орсон байна. Цогцосны мөчдийн хөшилт суларч булчингуудын агшилт тавигдсанаас зөрүүтэй хэмжигдэж болно...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-121/,

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-7, 10-12, 2-р хавтас х-1-2/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-8-9/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-13/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас х-192/, ял шалгах лавлагаа /2-р хавтас х-58/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /2-р хавтас х-63-68/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2-р хавтас х-139-140, 144/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.О нь 2007 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Спортын төв ордны аркны орчимд Т.Гансүхтэй хамт архидан согтуурсан байх үедээ маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь гараараа цохьсны улмаас арагш нь савуулан унагаж улмаар гавал тархины битүү гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдмаа, гэрч Т.Жаргалцэцэг, З.Отгонцэцэг, М.Эрдэнэтунгалаг, Н.Мөнхтөр, Ө.Гарьд, Ч.Мижиддорж нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1222 тоот актын дүгнэлт, шинжээч эмч Н.Амгаланболд, Ө.Сарангэрэл нарын мэдүүлгүүд, УЕПГ-ийн Гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөвшөөрөл авч явуулсан Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч С.Оын дээрх “талийгаач Т.Гансүхтэй хамт архидан согтуурсан байх үедээ маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь гараараа цохьсны улмаас талийгаач нь арагш нь савж унан, биедээ гавал тархины битүү гэмтэл авч нас барсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч С.Оын энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэвч шүүгдэгч С.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2007 оны 08 дугаар зүйлийн 01-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаас харахад шүүгдэгч С.Оод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд шүүгдэгч С.Оод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдмаагаас оршуулгын зардалд гэж баримтаар 1.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзэж уг зардлыг шүүгдэгч С.Ооос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь нийт 268 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Боржигон овогт С-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар С.Оод холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнийг сулласугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ооос 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдмаа (РД:)-д олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Оод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.РЕНЧЕНХОРОЛ

 

Л.ОДОНЧИМЭГ