| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0698/Э |
| Дугаар | 831 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 16.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хатигин овгийн Ш.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909017500516 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 2-42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хатигин овгийн Ш А /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.А нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороо 229-р байрны гадна хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 7 cap 5 хоногтой А.Гэгээн хүүхдийг хаясан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Гүнчинсүрэн гэдэг найз залуутайгаа хадам аавын гэрт хамтран амьдарч байгаад 2018 оны 01 дүгээр сард 16 нас 8 сартай байхдаа жирэмсэн болоод Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны эмчийн хяналтад цаг тухай бүрт нь ордог байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Амгалан амаржих газарт охинтой болоод Гэгээн гэдэг нэр өгсөн ба манай нөхөр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд ажил хийхээр явсан юм. Ер нь бол манай нөхөр байсан байгаагүй намайг хадам ээж ад үзээд агсам тавиад гэрээсээ байнга хөөдөг байсан учраас би 2019 онд нөхрийгөө явахаар нь өөрийн гэртээ ирсэн. Тэрнээс хойш гэртээ ээж Нансалмаатай хамт амьдарч байхад манай ээж нойргүйтэлийн өвчтэй болохоор миний охин уйлангуут сэрчхээд буцаж унтаж чадахгүй байхаар нь 7 буудалд байдаг би өөрийн нөхрийн найз Нарангэрэлийн гэрт нь 7 хоноод явсан. Ингээд би хүүхдээ өсгөж чадахгүй, бололцоогүй болоод хүүхдээ үрчлүүлэхээр фэйсбүүкт зар оруулахад Цэвэлмаа гэдэг хүнтэй холбогдоод хорооны нийгмийн ажилтантай уулзаж яг болох гэж байхад нотариатын газрын хүн намайг насанд хүрээгүй гэж хэлээд бичиг баримтыг маань баталгаажуулж өгөөгүй. Үүнээс хойш би хүүхдээ өөрөө өсгөж явж чадахааргүй болоод 2019.5.04-ний өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 229 дүгээр байрны дэргэд тагтны доод талд хэвтүүлээд орхисон. Тэгээд тэндээсээ яваад Гандигийн нэрэмжит сургуулийн орчимд очоод эргээд хүүхэд дээрээ ирсэн боловч алга болсон байхаар нь би 7 буудалд амьдарч байсан айл руугаа явсан. ...Би өөрийн хүүхдээ тэжээж өвдсөн үед нь эм тарианы мөнгө байхгүй болохоор надад ямар ч арга байхгүй болоод сайн хүн олж аваасай гэж бодоод хүүхдээ байрны голд орхисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-68-71/,
Хохирогч П.Мартын “...Би Сүхбаатар дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс томилогдон эрх нь зөрчигдсөн хүүхэд болох Ш.Аын Гэгээний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож байгаа юм. А.Гэгээн нь одоогийн байдлаар хүүхэд хамгаалах хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд эрүүл өсөж бойжиж байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,
Гэрч Х.Батзаяагийн “…Сумо супер маркет орох гээд ахтайгаа хамт гарсан. Ингээд нүүсэн гэсэн тул машинаа эргүүлээд явсан. Машинаа эргүүлээд 20 метр явсны дараа хүүхдийн уйлах чимээ сонсогдсон. Машинаас буугаад хартал 229-р байрны подволын хоёр цонхны дунд буюу хар машины харалдаа нялх хүүхэд уйлаад хэвтэж байсан. Ингээд манай ах Батгэрэл над дээр ирсэн. Би хүүхдийг цонхоор унасан байж магадгүй гэж бодоод цонх руу нь орилж үзэхэд хүн гарч ирээгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Х.Батгэрэлийн “...хүүхэд уйлах дуу гарсан. Тэгээд өнгөрөөд явах гэтэл гэр хүүхдийн дуу дээд айлаас дуугарч байгаа биш газар доороос дуугарч байгаа сонсогдож байсан. Нэг төмөр хашаа байхаар нь тэнд дуугарч байгаа байх гээд хартал тэр хашааны дотор машин байсан. Тэр машин хүнгүй цоожтой байсан. Цаашаа тойроод хартал 229-р байрны подвалын жижиг хоёр цонхны голд хүүхэд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,
Гэрч Б.Нансалмаагийн “...2019.05.04-ний өдөр хүүхдээ үрчлүүлнэ гээд байхаар нь би маш их гомдсон. Би маш их уурласан. Хүүхдээ хүнд өгөхийг чинь зөвшөөрөхгүй гэсэн чинь гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/,
Гэрч Э.Сайханцэцэгийн “...миний бие ажил дээрээ байж байхад 2019 оны 4 үгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 2-42 тоотод оршин суух Шижирхундага овогтой А хүүхэд тэвэрчихсэн орж ирээд хүүхдээ бусдад үрчлүүлэх эсвэл өргүүлэх гэсэн юм, тэжээж чадахгүй гэж хэлсэн. Би бүртгэлд оруулаад хүсэлтээ бичээд бичиг баримтаа аваад хүрээд ирж гэж хэлэхэд яваад өгсөн. 2019.4.20-ны өдөр Г.Цэвэлмаа гэх хүн хүрч ирээд би Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 2-42 тоотоос хүүхэд үрчилж авна гэж хэлээд ирсэн. Би бүрдүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын талаар хэлээд явуулсан. Нотариатын газар бичиг баримтаа бүрдүүлж батлуулах гэхэд А насанд хүрээгүй байсан тул нотариат батлахгүй байсан. Үрчлэх хүнтэйгээ хамт ирж уулзчихаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,
Гэрч Ө.Гүнчинсүрэнгийн “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр хөдөө ажилд явсан юм. Тэр үед Ш.А нь хүүхдээ аваад өөрийнхөө гэр рүү явсан байсан. Би 2019.5.08-ны өдөр Ш.А нь над руу залгаад хүүхдээ хаяснаа хэлсэн. 2019.5.09-ний өдөр хөдөөнөөс ирсэн. Би үрчлэхийг зөвшөөрөхгүй, охиноо өөрөө өсгөнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-72/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-74/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-75-78, 88/, нас тоолсон тэмдэглэл /хх-20/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-89-90/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороо 229-р байрны гадна хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 7 cap 5 хоногтой А.Гэгээн хүүхдийг хаясан нь дээр дурьдсан хохирогч П.Март, гэрч Х.Батзаяа, Х.Батгэрэл, Б.Нансалмаа, Э.Сайханцэцэг нарын мэдүүлгүүд, өсвөр насны шүүгдэгч Ш.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ш.Аын хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Ариунцэцэгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Ш.Ариунцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.А нь тус эрүүгийн хэрэгт урьдчилан 43 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Ш.Аыг энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатигин овгийн Ш.А-ыг хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Ад 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аын цагдан хоригдсон 43 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4.Шүүгдэгч Ш.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР