Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 85

 

Б.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч  С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, Б.П-д холбогдох эрүүгийн 2138000400176 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1996 онд өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б.П.

 

            Б.П- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.А нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.П-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.П-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

            Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тооцож, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ө.У-ээс 924,103 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дэмбэрэлмаад олгуулах,

            мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 6,676,126 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399,48 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П-, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг,

            мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар амь хохирогч Ю.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхиж, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ж.Ө, Ю.Ж нар нь оршуулгын зардал 4,854,783 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П-, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

            шүүгдэгч Б.П- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д хохиролд 12,424,750 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ю.Ж нарт хохиролд 19,244,660 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.У-эд 5,641,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ө.У амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 814,657 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ч.Э нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ө.У нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

           

            Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Дээрх шийдвэрүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг шалтгааны улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх...” хэмээн анхан шатны шүүгчийн гэм буруутай этгээдэд ял завшуулсан үйлдлийг хаацайлж байгааг ойлгохгүй байна. “Онцгой бүрэн эрх” хэмээгчийг шүүх эрх мэдлийн байгууллага эдлэхдээ дур зоргын хүсэл сонирхлоос ангид байж, зөвхөн хуульд захирагдан, хүний эрхийг хамгаалсан шийдвэрийг гаргах ёстой юм. Гэтэл нэгэнт Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан 2 жилийн хугацааг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд Б.П- нь ялын хөнгөлөлт эдлэн, төрийн хайр хишгийг хүртсээр байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгыг үл хайхарч, “...бусдын гуйлтаар тээврийн хэрэгсэл жолоодох болсон...” гэх түүний өөрийгөө хамгаалсан худал хуурмаг тайлбар, мэдүүлгийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаатуулан үзсэн нь шударга ёсны болоод хууль ёсны байх зарчимд нийцэхгүй.

2 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хань ижил, үр хүүхдээ зуурдаар алдаж хоцорсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болоод өнчирч үлдсэн үр хүүхдүүдийнх нь сэтгэл санаа, бие махбод, эд материалд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй этгээд болох шүүгдэгч Б.П-д 2 жилийн буюу хуульд заасан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулсан нь учир дутагдалтай бөгөөд түүнд ял завших боломжийг олгожээ. Иймд Б.П-д оногдуулах ял шийтгэлийг 5 жилийн хугацаагаар тогтоон, төрийн хуулийн хатуу цээрлэл хүлээлгэж өгөхийг хүсэж байна.

Учир нь Б.П- нь төдийгөөс өдий хүртэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надаас элдэв башир аргаар учирлан гуйж, өөртөө ял шийтгэл хөнгөн оногдуулахад тусалж өгөхийг гуйсаар ирсэн бөгөөд “...насанд хүрээгүй хүүхдэд чинь сар болгон 200.000 төгрөг өгч, үр хүүхдийг чинь тэжээн тэтгэж явахаа амлаж байна... шаардлагатай бол нотариатаар ороход ч бэлэн байна...” гэх мэтээр гуйдаг мөртлөө хуулийн цоорхойг ашиглан хөнгөн ял шийтгэл авсан хойноо “...хохь чинь...” гэж байгаа мэтээр өмнө хэлж, ярьж байсан сайн сайхан амлалтаа мартсан мэт, өнчирч хоцорсон үр хүүхдийг минь үл тоон зөвхөн хар амиа бодон, үхсэний хохь амьдын зол мэтээр сураггүй алга болсонд маш их гомдолтой байна.

Иймд шударга шүүх гэж байдаг бол миний ханийн амь насыг хохироосон этгээдэд төрийн хуулийн цээрлэл хүлээлгэж, насанд хүрээгүй, өнчирч үлдсэн үр хүүхдэд минь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгчээс гаргуулна уу. Сэтгэл санааны асар их хохирол, доромжлолыг амсаж буйгаа илэрхийлье. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах шатнаас эхлэн өөрийн үйлчлүүлэгч Б.Л-ид эрх зүйн туслалцаа үзүүлж ирсэн. Энэ хэргийн тухайд миний үйчүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой, шүүгдэгч Б.П-д ял завшуулсан нөхцөл байдлуудыг бий болгосон гэх агуулгаар гомдлоо гаргасаар ирсэн. Улсын дээд шүүхэд гомдол гаргахдаа хууль хэрэглээний зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул энэхүү гомдлыг гаргаж байна гэсэн үндэслэлийг гаргасан. Ингэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгайлсан зүйл, хэсэгт байгаа ял шийтгэлийг оногдуулах эрх нь ялын төрөл, түүний хэмжээ, хөнгөрүүлсэн байдал нь шүүхэд олгосон онцгой бүрэн эрх гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэхүү онцгой бүрэн эрхээ эдлэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, ахуйн байдлын бусад нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд байхгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал буюу бусдын гуйлтаар тээвэрлэн жолоо барьсан, одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэх мэт үндэслэлүүдийг тайлбарлаж, хүнээ алдаж, уй гашууд автаад байгаа хохирогчдын сэтгэл зүйг ойлголгүй хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хамгийн гол нь хорих ялын доод хэмжээг оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулах хугацааг хасаж, ял шийтгэл оногдуулаад, саяны илтгэгч шүүгчийн хэлсэнчлэн ял шийтгэл оногдуулаагүйд маш их гомдолтой байна. Хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулаагүй. Миний үйлчлүүлэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн хохирлын баримтуудыг гаргаж өгсөн боловч хохирлын баримтуудыг тухайн хэрэгт өөр ашиг сонирхолтой бусад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хувааж гаргуулах байдлаар ямар ч хохирлын баримт гаргаж өгөөгүй хүмүүст хохирлыг гаргуулж, үйлчлүүлэгчийн хохирол, төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилт биелэгдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ хэргийн тухайд зам тээврийн осол түүний дотор хоёр хүний амь насыг хохирсон, нэг хүний амь нас, эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний амь насанд хөнгөн хохирол учруулсан ийм ноцтой гэмт хэрэг байгаа. Гэтэл хоёр жилийн ял шийтгэл оногдуулаад, түүнийг Өршөөлийн тухай хуулиар хасаад байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг Улсын дээд шүүхээс дүгнэлт гаргуулъя. Энэ асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй болсон. Хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн гомдлыг миний үйлчлүүлэгч гаргасан.

Мөн Б.П- нь миний үйлчүүлэгчээс удаа дараа хувийн байдлаар учирлан гуйж, үр хүүхэд, бага насны өнчирч үлдсэн хүүхдэд чинь сар болгон тэжээн тэтгэж явна гэх зэргээр итгэл үнэмшил төрүүлдэг. Ийм байдлаар өөртөө ашигтай хэрэг маргааныг шийдвэрлүүлэх, улмаар чамаас хохирол төлүүлэх шаардлагагүй гэдэг байдлаар хүнээ алдсан хүнд давхар сэтгэл зүйн хохирол бий болгож байна. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө гэж нэхэмжлэхээр хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг ч үлдээлгүй шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлуудыг хяналтын шатны шүүхээс анхаарч үзэж, миний үйлчлүүлэгчийн зөрчигдөж байгаа эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв.

 

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Прокуророос буруу зүйлчилж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслээд зүйчлэлийг хүндэвтэр гэмтлийг тусад нь зүйлчилж ирсэн. Энэ зүйлчлэлийг зөвтгөхгүйгээр тус тусад нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь хэргийн жинхэнэ байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тохироогүй байна. Анхан шатны шүүх тогтоолдоо шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, тодорхой дэлгэрэнгүйгээр дурдсан боловч эрүүгийн хариуцлагын тухайн зүйл, хэсэгт оногдуулж болох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон. Хохирогч нарын ар гэрт бага насны хүүхдүүд өнчрөөд үлдсэн. Энэ үр дагаварт нь дүгнэлт хийлгүйгээр дан ганц шүүгдэгчийн хувийн байдлыг тодотгон дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хурд хэтрүүлсэн буюу жолооч өөрийн хурдаа замын нөхцөлд тохируулж явах боломжтой байхад хайнга хандсан. Жолоочийнхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэлтэй шууд холбоотой. Энэ дүгнэлтийн улмаас хоёр хүний амь нас хохирсон. Энэ гэмт хэрэгт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй эрүүгийн хариуцлага оногдуулсан нь ял хөнгөдсөн байгаа гэсэн үндэслэлээр гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 27.10 дүгээр зүйлийн  1, тус хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан хэсгийн тус тусад нь гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэм буруутайд тооцсон бол эрүүгийн хариуцлага хүлээх асуудлыг бас хянан шийдвэрлэнэ гэснийг бүхэлдээ зөрчсөн. Түүнчлэн шүүгдэгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэхдээ нэмэлт ялыг өршөөлд хамааруулаагүй. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэтрүүлэхгүй байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн. Улсын дээд шүүхийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг тайлбарласан тайлбарт 4 дүгээр зүйлд заасан өршөөн хэтрүүлэхгүй байх тохиолдолд тухайн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан буюу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тохиолдолд үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхгүй байна гэсэн дүгнэлтээс зөрүүтэй байдлаар хэрэглэсэн зэргээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.П-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байх боловч шүүхүүд уг хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.П-г Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа” гэх газрыг уруудаж явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ю.Ц, Т.А нарын амь насыг хохироосон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх хоёр шаардлагыг шүүхээс оногдуулсан ял, шийтгэл хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг ба хэрэв хуульд заасан ялын хамгийн дээд эсхүл доод хэмжээний ял шийтгэсэн бол энэ талаарх үндэслэлээ шүүх заавал зааж байвал зохино.  

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ буюу хоёр жилийн хорих ял оногдуулж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялыг бүгдийг нь хассан үндэслэлээ шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тусгаагүй байна.

 

Тогтоолд дурдсан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, цаашид эмчээрээ ажиллах бололцоотой...” гэх зэрэг нь дан ганц шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бөгөөд шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүй юм.

 

Түүнээс гадна, Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтад заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэгдсэн болон шүүх түүнийг хэрхэн дүгнэж, хэвээр үлдээсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон талаар шийдвэрт шууд нэрлэн зааж байхаар шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлан тогтоосон байдаг.

 

Хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэх байдлаар тайлбарлан журамласан болохыг мөн дурдах нь зүйтэй. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгагдсанаас шүүх аль гэмт хэргийг үйлдсэн болон алийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн, үүний улмаас яллах дүгнэлт дэх хэргийн зүйлчлэл хэрхэн өөрчлөгдсөн болохыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заах бөгөөд шийдвэрийг уншиж сонсгосноор хуулийн бүрэн хүчин чадлыг олох талаар аргачлал, журамд заасан болно.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт нэг гэмт хэргийн хэд, хэдэн хүндрүүлэх шинж шүүгдэгчийн хувьд хангагдсан тохиолдолд хамгийн хүндээр нь нэг удаа зүйлчлэх талаар тайлбарласан атлаа зүйлчлэлүүдийг “нэгтгэх”, “өөрчлөх”, “хүчингүй болгох”, “хасах” хууль хэрэглээний техникүүдийн алийг нь хэрэглэн нэг зүйлчлэлд шилжүүлж буйгаа “Тогтоох” хэсэгт огт тусгалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлагад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу доод шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан магадалж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг илрүүлэн зөвтгүүлэхийн оронд тухайн алдааг хэвээр үлдээжээ.

 

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ