Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 36

 

Д.Баатарчулуунд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

  226/2017/0023/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

Прокурор:Ц.Цэен-Ойдов,

Ялтны өмгөөлөгч: Б.Болортунгалаг,

Хохирогч: В.Оюунсайхан,

Ялтан: Д.Баатарчулуун нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Баатарчулууны давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000024 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 5-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлэн,  2 жилийн хугацаагаар тэнсэгдэн хянан харгалзагдаж байсан гэх Боржигон овогт Доржийн Баатарчулуун /РД: СЭ76081712/

 

Д.Баатарчулуун нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 05-08 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардалтаас иргэн В.Оюунсайханыг зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, зүүн гарын булчинд хутгаар хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус ту  холбогджээ.

 

Д.Баатарчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны  5 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор: Боржигон овогт Доржийн Баатарчулууныг бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Баатарчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.1 зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуунд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устган, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Баатарчулуун нь давж заалдах гомдолдоо: Би Оюунсайханыг хардсан учраас түүний эрх чөлөөнд халдсан. Анхан шатны шүүх хурал дээр Оюунсайхан өөрөө “миний буруутай үйлдлээс болж нөхөр маань ийм байдалд орлоо” гэж мэдүүлэг өгсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань зуурдаар нас барж, би 4 хүүхэдтэйгээ үлдэж, тэднийгээ асран хамгаалдаг юм. Иймд хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Баатарчулуун нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 05-08 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардалтаас иргэн В.Оюунсайханыг зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, зүүн гарын булчинд хутгаар хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч В.Оюунсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: .. Манай нөхөр Баатарчулуун Баянхутаг сумаас танихгүй 2 залуутай ирсэн. Архи ууж байхдаа хамт ирсэн Лхагвасүрэн гэх залуутай хардаад зодсон. Миний зүүн гарын булчин руу хар цагаан иштэй хутгаар хутгалсан.  Тархи, толгой руу цохиж зодсон. Эхлээд намайг гар руу хутгалахаар нь гэрээс гарч хоолны газар очоод хэсэг хугацааны дараа гэртээ очих үед дахиж намайг зодсон. Тэгээд буцаж гараад цагдаад дуудлага өгсөн. Лхагвасүрэн намайг нүцгэлж оролдоогүй бол нөхөр бид хоёр муудахгүй байсан ...гэх /хх-17-19 х/,

 

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг “Шонхор-2” зоогийн газарт байхад хар өнгийн дотуур өмд, бараан өнгийн футволктой, 40 орчим насны эмэгтэй орж ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 20 цагийн үед орж ирэхдээ зүүн гарын булчин хэсэгтээ зүсэгдсэн шархтай орж ирсэн. Тэгээд удалгүй гараад явсан. Дараа нь 00 цаг өнгөрөөгөөд 01 цагийн үед нөгөө эмэгтэй дахиж орж ирэхдээ нүүр нь хавдсан орж ирээд цагдаа дуудаад өгөөч нөхөр маань зодоод байна гэсэн ... гэх /хх-26-27 х/

 

Гэрч Э.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Баатарчулуун ахынд архи ууж нилээн согтсон. Баатарчулуун ах дахин архи ууна гээд 22 цагийн орчим гараад явсан. Би эхнэрийнх нь хувцсыг нь тайлаад сууж байсан чинь гаднаас Баатарчулуун орж ирээд бид хоёрыг хардаад эхнэрээ хоёр цохиод хоёр удаа өшиглөсөн ... гэх мэдүүлгүүд  /хх-27-28 х/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 65 дугаартай: В.Оюунсайханы биед хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, гарын шуу, бугалга, хоёр гуя, өгзөг, умдаг, нурууны  цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн гарын бугалганы зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх  дүгнэлт.

 

2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Д.Баатарчулууны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5  дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

1.”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Д.Баатарчулуунд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Д.Баатарчулууны засрал хүмүүжилд хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Д.Баатарчулуунд анхааруулсугай” гэснийг тус тус нэмж шийтгэх тогтоолын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Шүүгдэгч Д.Баатарчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Гурав. Шүүгдэгч Д.Баатарчулуун нь 2017 оны 5  дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

 

                                                               Б.СҮХГОМБО