Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00068

 

“П” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 665 дугаар шийдвэр,

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: “П” ХХК

           Хариуцагч: Б.Тт холбогдох

           Даатгалын нөхөн төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

          Хариуцагчийн төлөөлөгч П.Б гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-09-17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Сэтэрхий Хөтөл” гэх газраас баруун хойд зүгт 11-69 СЭЗ улсын дугаартай мотоцикл жолоодож явсан Д.Б, 79-53 ДАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Т нар осол гаргаж, улмаар  Д.Баатархүү нас барсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх Б.Тийг гэм буруутай гэж үзсэн. Д.Б манай компанитай гэрээ байгуулан иргэдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байдаг. Бид даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн ар гэрийнхэнд 5сая төгрөг олгосон. Хохирогч Д.Баатархүүтэй байгуулсан гэрээний 7.1.9-д даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэхээр заасан. Иймд 5 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Даатгалын тухай хуулийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ. Үүнээс үзвэл даатгалын нөхөн төлбөрийг төлөх нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилт болох нь тодорхой байна. Гэтэл гуравдагч этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж буй нь Даатгалын тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, даатгалын компани нь нөхөн төлбөр төлөх үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх гэж байгаа нь даатгалын компани өөрийн хүлээх үүрэгтэй эрсдэлээ бусдад үүрүүлж, өөрөө ямар ч алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Даатгалын гэрээний 7.1.9-ийн дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилж байна гэсэн боловч Б.Т нь “П” ХХК, Д.Баатархүү нарын хооронд байгуулагдсан гэрээнд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Тээс 5 сая төгрөг гаргуулж “П” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Б.Тээс 94.950 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 08-ны өдрийн 113 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан Б.Тээс 5 сая төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Хариуцагч хяналтын гомдолдоо: “П” ХХК, Д.Баатархүү нарын хооронд байгуулагдсан 2016-02-01-ний өдрийн Даатгалын баталгаа, “Иргэдийн гэнэтийн ослын даатгал”-ын 161411121130002 дугаартай гэрээ авагджээ. Гэтэл “П” ХХК-ийн 2016-10-07-ны өдрийн 3011603475 тоот тушаалд “2016-01- 29-ний өдрийн 30С 16101776 тоот ГОД-ын гэрээний нөхцөлийг үндэслэн 5сая төгрөгийг Б.Баярмаагийн Хаан банкны 5050652306 тоот дансанд 5сая төгрөг олгохыг зөвшөөрсүгэй” гэсэн байх ба төлбөрийн даалгаврын гүйлгээний утга хэсэгт “ГОД 3011603475” гэжээ. /ГОД- гэнэтийн ослын даатгалын гэрээ/ Дээрх байдлаас үзэхэд “П” ХХК нь талийгаач Д.Баатархүүтэй байгуулсан 161411121130002 дугаартай гэрээний дагуу нөхөн төлбөр шилжүүлээгүй, харин З0С 16101776 тоот ГОД-ын гэрээг үндэслэн Б.Баярмаад нөхөн төлбөр шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Ийнхүү хэрэгт авагдаагүй гэрээг үндэслэн нөхөн төлбөр шилжүүлснээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Иймд 30С 16101776 тоот ГОД-ын гэрээ хэрэгт авагдаагүй байхад Даатгалын тухай хуулийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар 30С 16101776 тоот ГОД-ын гэрээг үндэслэн олгосон нөхөн төлбөрийг Б.Тээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Иймд анхан болон давж шатны шүүх Даатгалын тухай хуулийн 8.7-д “гэрээнд заасан бол” гэж заасаар байхад уг заалтыг буруу хэрэглэсэн тул ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       “...2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Сэтэрхий Хөтөл гэх газар зам тээврийн осол болж, нас барсан даатгуулагчийн охинд 5 сая төгрөг төлсөн, уг осол Б.Тийн гэм буруугаас болсон нь тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр П ХХК 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаас 5 сая төгрөг шаарджээ.  

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 5 сая төгрөг гаргуулсныг хэвээр үлдээсэн байна.    

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгч даатгуулагчтай байгуулсан гэрээг бус, харин З0С16101776 тоот ГОД буюу хэрэгт авагдаагүй гэрээг үндэслэн нөхөн төлбөр шилжүүлсэн байна...” гэсэн үндэслэл заажээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

       Б.Т Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Сэтэрхий хөтөл” гэх газар 2016 оны 09 сарын 17-ны өдөр 79-53 ДАР улсын дугаартай “Тоуоtа” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргаж, Д.Баатархүүгийн амь насыг хохирсон нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, Д.Баатархүү “П" ХХК-тай “Иргэдийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээ байгуулсан, уг гэрээний 4.7-д “... нас барсан тохиолдолд нэг удаагийн нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний /100 хувь/ хэмжээгээр нөхөн төлнө...” гэж заасан, нэхэмжлэгч 5.000.000 төгрөгийг Б.Баярмаад олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. 

        “П” ХХК 5 сая төгрөгийг даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлж, уг мөнгийг хариуцагчаас шаардсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Д.Баатархүү “П” ХХК-тай “Иргэдийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээний 4.7., 7.1.9-г зөрчөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв байна. 

       “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 10 дугаар  сарын 07-ны өдөр 30/1603475 дугаар тушаалдаа /хх 6/ “...Төрийн банктай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 30С16101776 тоот гэнэтийн ослын даатгалын нөхцөлийг үндэслэн...” гэж бичсэн байгааг хариуцагчийн төлөөлөгч П.Батжаргал гомдлынхоо үндэслэл болгожээ.  

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр /хх 44/ тайлбар., 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт /хх 45,75/ гаргасан хэдий ч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 30/1603475 дугаар тушаалд “...гэрээний дугаарыг 30С16101776...” гэж бичсэн үйл баримтын талаар маргаагүй, харин шүүх хуралдаан дээр /хх 82-84/ энэ тухай талууд мэтгэлцсэн байна.  

        Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа буюу шүүх хуралдаанаас өмнө хариуцагч тал хэргийн материалтай танилцсан /хх 79/, шүүх хуралдаанаас өмнө “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны  30/1603475 дугаар тушаалд гэрээний дугаарыг “...30С16101776...” гэж бичсэн үйл баримтын талаар тайлбар, хүсэлт гаргаагүй, энэ талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцэхдээ мөн ямар нэг хүсэлт шүүхэд тавиагүй тул анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчөөгүй гэж үзнэ.  

       Түүнчлэн, “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 30/1603475 дугаар тушаал нь даатгуулагчийн охинд мөнгө олгох шийдвэрийг нэхэмжлэгч гаргасан болохыг нотолж байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул  хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ