| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07336/И |
| Дугаар | 210/МА2026/00427 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00427
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагчтай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 18,500,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний 4.1-д худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Би автозогсоолыг хүлээн авч зориулалтын дагуу ашиглах гэсэн боловч биет байдлын хувьд доголдолтой буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан.
1.2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогод ногдох албан татварыг худалдагч төлөх байсан боловч би татварт 65,000 төгрөг төлсөн.
Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 18,500,000 төгрөг, эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох татварт төлсөн 65,000 төгрөг, нийт 18,565,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хан-Уул дүүрэг, ********, зоорийн давхрын 12 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг нэхэмжлэгчид 18,500,000 төгрөгөөр худалдахаар 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь автозогсоолыг худалдан авахдаа биечлэн очиж үзэж бодитоор харагдах байдал болон гэрчилгээнд заасан м.кв талбайг мэдэж авсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой гэж тайлбарласан. Хариуцагчийн хувьд өмнөх эзэмшигчээс 18 м.кв талбайтай гэж итгэж шилжүүлэн авсан бөгөөд энэ талаар баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч 65,000 төгрөгийг татварыг төлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн тайлбар, нотлох баримтыг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийг худалдан авсан авто зогсоолын доголдлыг мэдэх боломжтой байсан гэж буруу дүгнэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрт туршилт болон үзлэгээр тухайн автозогсоол нь хд-84 дүгээр байрны 1 давхраас зоорийн давхар луу нэвтрэх хаалганы чанх эсрэг талд байрласан, автозогсоолын 2 буланд хоорондоо 240 см зайтай багана байрласан, уг багана 1 давхраас зоорийн давхар луу нэвтрэх хаалганаас 368 см зайтай болох нь тогтоогдсон. Орон зай нь ердийн анхаарал бүхий этгээдийн хувьд тухайн автозогсоолд дунд оврын автомашин байршуулах боломжгүй болох нь илэрхий анзаарагдахаар байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээг байгуулахын өмнө гэрээний зүйл автозогсоолыг очиж харсны үндсэн дээр гэрээг байгуулсан байх тул түүнийг гэрээ байгуулах үед тухайн автозогсоолд дунд оврын тээврийн хэрэгсэл байршуулах боломжгүйг мэдэх боломжтой буюу худалдагчаас эсхүл бусад этгээдээс энэ талаар тодруулах, хэмжээсийг нягтлах боломжтой байсан гэж үзнэ гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч доголдлыг мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий авто зогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг худалдагч өөрөө ч мэдээгүй байдаг. Энэ нь худалдагч доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хэрэв худалдагч доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн бол түүнийг нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл худалдагч нь тухайн автозогсоолыг бусдаас өглөгтөө авсан бөгөөд өөрөө огт ашиглаж байгаагүй, автозогсоолыг нэхэмжлэгчийн нэгэн адилаар үл хөдлөх гэрчилгээний хүрээнд автозогсоолын зориулалттай гэж итгэж улмаар нэхэмжлэгчид авто зогсоолыг худалдсан байна. Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч зогсоолыг ашиглаж байгаагүй талаар тайлбарладаг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг, туршилтын үр дүнд л тухайн автозогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг нэхэмжлэгч, хариуцагч нар мэдсэн байна.
Мөн хэргийн оролцогч нарын хэн аль нь тухайн автозогсоолыг худалдан авах үед нүдэн баримжаагаар зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхий нотлогдож байхад анхан шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийг доголдлын талаар мэдэх боломжтой байсан тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шударга бус дүгнэлт хэмээн үзэж байна. Дээрхээс үзвэл хариуцагч анх бусдаас доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн авсан, түүнчлэн өөрийн шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчид автозогсоолыг худалдсан байна. Энэ нь худалдагч нь худалдсан эд хөрөнгийн доголдлыг өөрөө мэдээгүй улмаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасны дагуу худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Иймээс худалдагч нь доголдолгүй хөрөнгө шилжүүлэх, худалдаж буй эд хөрөнгийн талаарх мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй. Ийнхүү нэхэмжлэгч нь худалдан авсан автозогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой болохыг хуульд заасан 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн тул ийнхүү гэрээг цуцалж, үнийг буцаан авах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө хариуцагчийн цахим орчинд байршуулсан зарын дагуу утсаар холбогдон гэрээ байгуулахаас 2 хоногийн өмнө ганцаараа буюу худалдагч талын төлөөлөх этгээдгүйгээр ******* тоотод байрлах авто зогсоолыг очиж харсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ нэхэмжлэгч тус зогсоолд автомашин байрлуулж үзээгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, зохигчийн нотлох үүргийг буруу хуваарилсан. Хариуцагч доголдолгүй хөрөнгө шилжүүлснээ нотлоогүй байхад анхан шатны шүүх худалдан авагчийг авто зогсоолыг харсан үйлдэлд холбогдуулан шаардах эрхээ алдсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу үзлэг, туршилтыг хийсэн. Үүний үр дүнд тус автозогсоол нь Монгол Улсын стандартад нийцэхгүй болохыг мөн гэрчилгээнд тусгагдсан автозогсоолын зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ хэмээн хуульчилсан.
Түүнчлэн, гэрээний талууд чанарын талаар тусгайлан тохиролцох шаардлагагүй, харин худалдагч нь тухайн хөрөнгийг ямар зориулалтаар худалдан авч байгааг мэдсэн байх шаардлагатай. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тухайн автозогсоолыг ямар зорилгоор худалдан авсан болохыг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолыг том эсхүл жижиг машин байршуулах зорилгоор бус зөвхөн авто зогсоолын зориулалттай авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус авто зогсоол нь үзлэг, туршилт болон Монгол Улсын Автомашины зогсоолын MNS 5342:2003 стандартын шаардлагад нийцэхгүй болох нь нотлогдсон тул автозогсоолыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй, доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь доголдлыг хуульд заасан хугацаанд илрүүлсэн тул гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Маргааны зүйл болох автозогсоол нь үл хөдлөх эд хөрөнгө юм. Автозогсоолыг худалдан борлуулах зарыг нийтэд мэдээлэхдээ бүх талаас нь зургийн дарж мэдээлсэн бөгөөд зарын дагуу нэхэмжлэгч авто зогсоолыг үзсэн. Жижиг оврын тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрх асуудал. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан доголдол нь худалдах, худалдан авах гэрээний доголдол биш, барилгыг барьж гүйцэтгэсэн буюу барилгын зураг төслийг гаргасан компаниас уг доголдлын үр дагаврыг шаардах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн доголдол далд байдлаар илрэх боломжгүй, нүдэнд ил харагдаж байгаа зүйл учраас хариуцагчийн зүгээс энэ талаар нотлох шаардлагагүй. Авто зогсоолыг ашиглах боломжтой эсэх талаар хариуцагч өөрөө мэдээгүй, дуудлага худалдааны анхны үнэ болох 25,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг бууруулж 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтыг мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар авто зогсоолын үнэ ханш нэмэгдсэн. Нэхэмжлэгч нь авто зогсоолын үнийг зах зээлийн үнээс 2 дахин бага үнээр худалдан авсан.
Анхан шатны шүүх үзлэг хийх явцад ижил төрлийн 30-40 авто зогсоол байсан бөгөөд нэхэмжлэгчийг залилж, итгэл төрүүлсэн зүйл байхгүй. Хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авагдсан, зориулалт нь тусгагдсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл нь үнэн зөв байна. Нэхэмжлэгч талын тайлбарласан дунд оврын тээврийн хэрэгсэл тухайн автозогсоолд багтахгүй байгаа нөхцөлийг авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзэхгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1-т заасан үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 18,500,000 төгрөг, эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох татварт төлсөн 65,000 төгрөг, нийт 18,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******* нь гэрээний үнэд 18,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн байна.
3.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь авто зогсоолын үнэ 18,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, улмаар гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг нэхэмжлэлийн өмчлөлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
4. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй буюу биет байдлын доголдолтой үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн учраас гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан авна гэж, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээг байгуулахаас өмнө биечлэн үзэж авсан, зориулалтын дагуу ашиглах боломжтой тул биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тайлбарлан маргасан.
Худалдсан автозогсоол нь чанарын доголдолтой буюу гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээ байгуулахын өмнө гэрээний зүйл болох авто зогсоолыг очиж үзэхэд дунд оврын тээврийн хэрэгсэл байршуулах боломжгүйг мэдэх боломжтой буюу худалдагчаас эсхүл бусад этгээдээс энэ талаар тодруулах, хэмжээсийг нягтлах боломжтой байсан тул нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор шаардлага гаргах эрхээ алдана гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүргийг худалдагч буюу хариуцагч хүлээхээр зохицуулсан.
5.2. Мөн гэрээний 4.1-д худалдагч буюу хариуцагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж талууд тохиролцсон.
5.3. Маргаж буй авто зогсоол нь 18 м.кв талбайтай болох нь талуудын тайлбар болон худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх рэхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогджээ.
5.4. Хэргийн 44-64 дүгээр тал дахь үзлэгийн тэмдэглэлд ...тус зогсоол 1 давхраас зогсоол нэвтрэх хаалгатай чанх харалдаа байрлалтай. Зогсоолын урд хэсэгт байх хоёр багана хоорондын зай 2 метр 40 см, хаалгаас зогсоолын давхар руу нэвтрэх хаалгаас багана хүртэл 3 метр 68 см зайтай, харин туршилтын тэмдэглэлд ....эхний цэг (зураг 2 дээрх А гэж тэмдэглэсэн хэсэг)-ээс 210 см зайд жолооны хүрдийг баруун эргүүлж ухрах үед автомашины зүүн урд крило хаалга талын хананаас 26 см зайд (зураг 7), баруун хойд крило Б баганаас 3 см зайд (зураг 5), зүүн хойд булан В баганаас 90 см зайд хүрч ухрах үйлдлийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Уг зогссон цэгээс жолооны хүрдийг зүүн эргүүлж, автомашиныг урагш 170 см зайд явж зогсоод жолооны хүрдийг эгцэлж ухрах үйлдлийг дахин эхлүүлж автомашины зүүн урд крило хаалга талын хананаас 4 см зайд (зураг 13), баруун хойд крило Б баганаас 15 см зайд (зураг 15 ), зүүн хойд булан В баганаас 17 см зайд хүрч ухрах үйлдлийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Зогсоолын зүүн тал (зураг 1 дээрх В багана тал)-аас ухрах үйлдлээр ******* улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашиныг байрлуулах оролдлогыг эхлүүлэхэд эхлэх цэгээс жолооны хүрдийг зүүн эргүүлж ухрах үед автомашины баруун урд крило хаалга талын хананаас 8 см зайд (зураг 21), зүүн хойд крило В баганаас 15 см зайд (зураг 23), хойд хэсэг Б баганаас 23 см зайд хүрч ухрах үйлдлийг зогсоосон ба энэ үед автомашины баруун хойд булан Б баганын зогсоол талын урд булангаас 62 см (зураг 27) зайтай байж зогсоолд автомашиныг байрлуулах үйлдлийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Туршилтын үр дүнд *******тоот 18 м.кв автомашины зогсоолд жолоодох эрхийн үнэмлэх бүхий машин жолоодлогын ур чадварын хувьд жолооны курст суралцсан түвшний жолооч Toyota Harrier маркийн автомашиныг байрлуулах боломжгүй гэжээ. /хх-ийн 44-45, 48-64/
5.5. Дээрх туршилт болон үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, гэрээний зүйл болох авто зогсоол нь дунд оврын автомашин байршуулах боломжгүй болох нь тогтоогдсон. Иймээс тухайн авто зогсоол биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болох авто зогсоолыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзэхгүй.
5.6. Хэдийгээр нэхэмжлэгч авто зогсоолыг худалдан авахдаа очиж үзсэн талаар талууд маргахгүй байх боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид авто зогсоолыг худалдан борлуулахдаа жижиг оврын автомашин багтана, харин дунд оврын автомашин байрлуулахад жолоочийн ур дүй шаардана, зай багатай гэх нөхцөл байдлыг мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч эд хөрөнгийг шилжүүлэх үед доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул энэ хуулийн 255.1-д хамаарахгүй.
5.7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 18,565,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
5.8. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг тул хариуцагчаас 18,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
6. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогод ногдох албан татварыг хариуцагч төлөх байхад төлөөгүй учраас татварт төлсөн 65,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
6.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татварт 65,000 төгрөг төлсөн ба энэ талаар хариуцагч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 65,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, хариуцагчаас 18,565,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 18,565,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 250,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 250,775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ