| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/01611/И |
| Дугаар | 210/МА2026/00474 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00474
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00383 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр миний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэхдээ гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй. ******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох хоёр өрөө орон сууц, хашаа байшингаас татгалзах саналыг надад удаа дараа тавьж байсан боловч уг саналыг зөвшөөрөөгүй.
Гэвч намайг төрсөн охиноо хүчирхийлсэн гэж худал мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулах зэргээр сэтгэл санааны хүнд дарамтад оруулснаас болж би өөрийн өмчлөлийн хэсгийг түүнд шилжүүлсэн. Харин прокурорын байгууллагаас уг асуудлыг шалгаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд гэр бүлийн дундын өмчлөлд байсан *******,*******, 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууц, *******,*******,*******, 514 м.кв талбай газар, хувийн байшин зэргээс надад ногдох 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******тэй гэр бүл болсноос хойш 20 жил хамт амьдарсан бөгөөд 2018 оноос түүний ааш зан нь эвдэрч байнга архи ууж агсам тавьж хэл амаар доромжилж удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байх хугацаанд эвлэрэх талаар ярилцаж тухайн үед ******* нь орон сууц, газар, хувийн байшингийн өмчлөлөөс татгалзаж миний өмчлөлд шилжсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн. Шүүх хуралд хариуцагч эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбар гаргаж байсан тул энэ талаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Эд хөрөнгийн талаар амаар буюу хүүхдийн тэтгэлгийг 3 жилийн хугацааны үнийн дүнгээр төлөхгүй байхаар тохиролцоогүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг тус тус баримтлан *******ээс 17,796,200 төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс 21,203,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 246,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэт нэг талыг барьсан байр суурьнаас шийдвэрлэн хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн*******, Зүүн ард аюуш 7 гудамж, хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрын хамт, мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23а байр,******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өмчлөхөөс татгалзах хэлцэл хийснээр түүний эд хөрөнгийн хамтран өмчлөх эрх болон үүнтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон, уг хэлцлийн төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч маргаагүй.
Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...намайг төрсөн охиноо хүчирхийлсэн гэх худал мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг сэтгэл санааны хүнд дарамтанд оруулснаас болж би өөрийн өмчлөлийн хэсгийг *******т шилжүүлсэн болно гэж тайлбар гаргасан атлаа шүүх хуралд ...2019 оны 11-12 сарын хооронд хариуцагчтай анх амаар өөрийн эд хөрөнгөөс татгалзвал хүүхдийн тэтгэлгээс суутгана гэж тохиролцсон... гэж тайлбар гарган маргасан боловч энэ тайлбараа нотлоогүй. Түүний гарын үсэгтэй 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ...цагдаагийн газар гаргасан өргөдлөө татсан тохиолдолд миний бие өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгөө эхнэр ******* болон үр хүүхдүүддээ өгөхөд татгалзал байхгүй болно... гэх агуулга бүхий бичмэл нотлох баримтаар тайлбар үгүйсгэгдсэн.
Шүүх нэхэмжлэгч нь анхнаасаа 3 жилийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохирсон мэтээр дүгнэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулах, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй. Мөн шүүхээс тогтоосон тэтгэлгийг авах эсэх нь тухайн төлбөр авагчийн эрх бөгөөд хариуцагч нь сайн дураараа хүүхдийн тэтгэлэг авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзан 3 жилийн хугацааны хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлбөл зохих тэтгэлгээс хасаж тооцуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулах албанд хүсэлт гаргасныг хууль зөрчсөн хэлцэл мэтээр дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан *******ээс 17,796,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх тухайн хэрэг маргаанд хамааралгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч нь эд хөрөнгийг шилжүүлсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж тухайн мөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцож өгье гэх санал тавьсан. Би саналыг хүлээн зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа байшин, орон сууцыг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт өгөх талаар шаардахад удахгүй гэж хэлээд 2-3 жилийн хугацаа өнгөрсөн. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй ч 3 жилийн хүүхдийн тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгийг тохиролцсон гэж хариуцагч өөрөө бичсэн. Тухайн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн үнэ 39,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, 15 дугаар хороо, 23а байр,******* хаягт байрлах, хоёр өрөө 29 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******, Зүүн ард аюуш 7 гудамж, хаягт байрлах 514 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 34.5 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар бүртгэлтэй байсан байна. /хх-ийн 3, 21-23/
3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү , , охин нарыг эх *******ийг асрамжид үлдээж, эцэг *******гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. /хх-ийн 68-70/
3.3. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******, Зүүн ард аюуш 7 гудамж, хаягт байрлах 514 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй 34.5 м.кв талбайтай хувийн сууц, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, 15 дугаар хороо, 23а байр,******* хаягт байрлах, хоёр өрөө 29 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг өмчлөхөөс татгалзах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаснаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр хариуцагч ******* бүртгэгдсэн. /хх-ийн 21-23, 89-92/
3.4. Хариуцагч ******* нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд нэхэмжлэгч *******гээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21,284,870 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15,813,730 төгрөгийг тус тус хүүхдийн тэтгэлэгт төлсөн. /хх-ийн 72-73/
3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцагч *******ийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтдээ ...миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн дагуу 3 хүүхдэд тэжээн тэтгэх, хүүхдийн тэтгэмж тогтоолгосон. Хоорондоо ярилцаж тохироод эд хөрөнгөөс *******д оногдох хувь /3 жилийн тэтгэмж гэж тооцоод/ 3 жилээс хойшхи хүүхдийн тэтгэмжийг сар бүр өгнө гэж тохирсон боловч өгөөгүй... гэжээ.
Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт тооцон төлүүлэхээр харилцан тохиролцсон эсэх, хэрэв ийнхүү тохиролцсон бол хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх талууд гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд харилцан тохиролцож нэхэмжлэгч ******* нь *******, 15 дугаар хороо, 23а байр,******* хаягт байрлах хоёр өрөө 29 м.кв талбайтай орон сууц, *******,*******, Зүүн ард аюуш 7 гудамж, хаягт байрлах 514 м.кв газартай хувийн сууцыг хамтран өмчлөх эрхээ хариуцагч *******т шилжүүлэх, ******* 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг авахгүй буюу шаардахгүй байхаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийг харилцан хүлээсэн гэж дүгнэн, уг тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
4.1. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дараахь эрхтэй гэж, 33.1.5-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх гэж заасан. Энэ тохиолдолд талуудын тохиролцоог шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад баталгаажуулж хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах журамтай. Гэтэл хэргийн баримтаар талууд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг авахгүй байхаар харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тохиролцох нь хуульд болон насанд хүрээгүй хүүхдийн эрх ашигт нийцэхгүй, тэдний хүсэл зоригийг илэрхийлэл биш юм.
5 . Хэргийн баримтаар талуудын хамтран амьдарч байсан хугацаанд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******, Зүүн ард аюуш 7 гудамж, хаягт байрлах 514 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй 34.5 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, 15 дугаар хороо, 23а байр,******* хаягт байрлах, хоёр өрөө 29 м.кв талбайтай орон сууц зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болсон байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэнэ.
5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрт талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсан боловч хожим гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхийг энэ шийдвэр хязгаарлахгүй. Иймд нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар хариуцагч *******ээс шаардах эрхтэй.
5.2. Нэхэмжлэгч нь *******,*******, Зүүн ард аюуш 7 гудамж, хаягт байрлах 514 м.кв талбайтай газар 26,000,000 төгрөг, мөн хаягт байрлах 34.5 м.кв талбайтай хувийн сууц 4,000,000 төгрөг, *******, 15 дугаар хороо, 23а байр,******* хаягт байрлах, хоёр өрөө 29 м.кв талбайтай орон сууц 85,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөг гэж тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцэл, газар, амины орон сууц болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон. Иймд 115,000,000 төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь 23,000,000 төгрөг /115,000,000*5=23,000,000/ болно.
5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2020-2022 оныг дуустал хугацааны төлөх тэтгэлгийн нийт хэмжээг 17,796,200 төгрөгөөр тооцон, энэ хэмжээгээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг үнэлж хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнээд хариуцагчаас 17,796,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,203,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өмчлөхөөс татгалзах хэлцэл хийснээр нэхэмжлэгчийн эд хөрөнгийн хамтран өмчлөх эрх болон үүнтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
6. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх эрхийн үнийг шаардах эрхтэй гэж хууль хэрэглээний алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 гэснийг ...129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 246,931 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ