Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 855

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Өсөхбаяр,

          шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогтой Б-ийн Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809031320375 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт тоотод түр оршин суух ял шийтгэлгүй, Боржигон овогтой Б-ийн А, /регистрийн дугаар /,

           

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.А нь 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын зуслангийн задгай тоотод хохирогч Л.Энхзаяатаас 25-89 УБЭ улсын дугаартай Бенз-230 маркийн автомашины жанам засуулахаар итгэмжлэн хариуцуулсан байхад эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай зуслангийн Энхзаяат ах манай эхнэр амарсан Хөвсгөл далай явах гэсэн юм. Чи яваад өгөөч гээд би хамт явж өгсөн. Буцах замдаа надад нэг ийм машин байгаа гээд тэр машиныг зараад өгөөч гэж хэлсэн. Би хүний машиныг зарж, мөнгийг нь үрж, хэрэглэсэндээ гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Энхзаяат ах надад машинаа зараад өгөөч гээд явсан юм. Би харин машиныг согтуу байх үдээ засварын газар 350.000 төгрөгөөр зарсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаач Энхзаяат ахын машины хохирлыг барагдуулах болно. Өөр надад нэмж ярих зүйл алга. Би буруу зүйл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-71/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Өсөхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай нөхөр бол жанам солиулна гэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт нь машин дотроо үлдээсэн гэж байсан. А хоёр залуутай ирээд архи уух гэсэн юм гээд надаас 10.000 төгрөг авч яваад тэр чигээрээ ирээгүй. Сүүлд тааралдахад өнөө маргаашгүй шилжүүлнэ гэж хэлж байсан. Жил гаран явж байхад шийдээгүй байгаа. Одоо нэг мөр шийдүүлмээр байна. Машины эзэн нь нас барсан тул машиныг барих хүн байхгүй. Эд зүйлийн мөнгийг нь авмаар байна. Шарга морьтоос очиж авсан гэж байна. Тухайн үед манай аав ээжийнд Гүнтэд байхад очиж авч байсан. Тэрэн дээр худлаа ярьчихлаа...”гэв.

түүний мөрдөн байцаалтад өгсөн : “…Манай нөхөр Л.Энхзаяат нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан бөгөөд манай нөхрийн гаргасан гомдол хэрэг дээр би хохирогчоор явах болно. Манай нөхрийг залилан мэхэлсэн хүнийг олж тогтоон машинаа авах хүсэлтэй байна. Би машинаа авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26/,

 

Хохирогч Л.Энхзаяат мөрдөн байцаалтад өгсөн “...Би Олон Улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн захирал Ч.Сумаахүүгээс 2015 оны 04 дүгээр сарын дундуур хөх саарал өнгийн 25-89 УБЭ улсын дугаартай Бенз-230 маркийн машиныг 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Авто тээврийн газарт миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэж тодорхойлолт аваад одоо хүртэл өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа юм. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын сүүлээр худалдаж авсан машинаа манай зуслангийн зүс таних өвгөний хүргэн гэх А гэгчид машиныхаа жанамыг засуулах гээд өгсөн юм. ...Тэгээд утас руу нь залгахад эхлээд машиныг чинь хашаанд байгаа, засаж амжаагүй байгаа, удахгүй засаж өгнө гээд өдий хүрсэн юм. Тэгээд явж байгаад машинаа өөрсдөө олоод цагдаад дуудлага өгөөд шалгуулахад уг машиныг зарсан гэж мэдсэн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

гэрч М.Мөнхжаргалын “...Би 25-89 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сард Тогоо гэх залуугаас нэг сая төгрөгөөр худалдан авсан. ...Уг машин манай хашаанд байгаа …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

 

гэрч Ч.Тогоохүүгийн “... Би 2017 оны 8-аас 9-н сарын үед манай ажил дээр 3 залуу ирээд машин худалдаж авах уу гээд 25-89 УБЭ улсын дугаартай Бенз машин үзүүлээд 350,000 төгрөгөөр зарна гэж байсан. Уг машиныг үзэхэд явдаггүй байсан бөгөөд бичиг баримт нь байхгүй байсан болохоор тухайн үедээ аваагүй. 1 цагийн дараа машины бичиг баримтыг авчраад гуйгаад байхаар нь худалдаж аваад янзлаад Мөнхжаргал гэх залууд 1 сая төгрөгөөр зарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

гэрч Б.Сүнжидмаагийн "...Манай нөхөр Б.А нь 2017 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаагийн хашаанд байхад хуучин Бенз маркийн автомашин авчирсан. Тэгээд ямар зорилгоор авчирсан талаар асуухад намайг Энхзаяа ах энэ машиныг засаад 1.000.000 төгрөгөөр зараад өгөөч гэсэн болохоор авчирсан юм гэж надад хэлсэн. Тэгээд манай хашаанд байгаад байсан бөгөөд нэг өдөр манай нөхөр А архи уугаад нэг засварын газар очиж зарсан байсан. Би зарим зүйлийг нь мэдэхгүй болохоор асуугаагүй. Манай нөхөр надад би Энхзаяат ахад нэг сая төгрөг өгнө ямар нэгэн асуудал байхгүй гээд байсан. Намайг нэг эгч сүүлд танай нөхөр машин аваад зугтаасан луйвар хийсэн гэх зэрэг үгээр доромжилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,

гэрч Л.Энхжаргалын “... Энэ 25-89 УБЭ улсын дугаартай Бенз 230 маркийн автомашиныг би ахдаа авч өгсөн юм. Талийгаач сүүлд миний авч өгсөн энэ машиныг хүнд засуулах гээд өгөөд авч чадахгүй залилуулсан гэж ярьж байсан. Түүнээс би яг ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Дамно хөрөнгө үнэлгээний тайлан /хх-40/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-73-74/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын зуслангийн задгай тоотод хохирогч Л.Энхзаяатын жанамыг нь засуулахаар түүнд итгэмжлэн хариуцуулан үлдээсэн байсан Бенз-230 маркийн 25-89 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж, борлуулан завшиж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Л.Энхзаяатын мэдүүлэг, Дамно хөрөнгө үнэлгээний тайлан, гэрч М.Мөнхжаргал, Ч.Тогоохүү, Б.Сүнжидмаа, Л.Энхжаргал, нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Агийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Аг дээрх үйлдэл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

 

Шүүх шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний тус эрүүгийн хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д “...цагдан хоригдсон нэг хоногийг..., нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...эдлэх ялаас хасна.” Гэж зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 48 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Үүнээс гадна хэрэгт 25-89 УБЭ улсын дугаартай Бенз-230 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогтой Б-ийн Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Агийн урьд цагдан хоригдсон 24 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 48 /дөчин найм/ цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5.Энэ хэрэгт 25-89 УБЭ улсын дугаартай Бенз-230 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн мөрдөн байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Өсөхбаярт буцаан олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР