| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/02734/И |
| Дугаар | 210/МА2026/00253 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2026/00253
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08372 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тоглоомын талбай, барилгын зүүн болон хойд талын явган хүний зам, домофон систем, авто зогсоолын халаалт, айл бүрийн ариун цэврийн өрөөний алчуур хатаагч, гал унтаах автомат систем, галын дохиолол, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохионы угсралт, ашиглалт, үйлчилгээ зэргийг баталгаажсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхийг даалгах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, зоорийн давхарт ус нэвчиж байгаа зөрчлийг арилгуулах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд холбогдох баримт бичгүүдийг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* дүүргийн ******* хороо ******* гудамж ******* орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн дагуу ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК барилгыг барьж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад оруулсан. Энэхүү орон сууцны барилга нь эд хөрөнгийн доголдолтой байсан учраас доголдлыг арилгуулах, нийтийн эзэмшлийн талбайд автомашины орц гарцыг хааж байршуулсан төмөр эд зүйлийг чөлөөлж өгөх талаар гүйцэтгэгч ******* ХХК-д удаа дараа хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй. Тус орон сууцны оршин суугчид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хорооны засаг даргад хүсэлтээ уламжилж, хуулийн дагуу албан ёсоор хуралдаж орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх, эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор *******-г үүсгэн байгуулсан. Үүний дараа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг *******-д хүлээлгэн өгөх, барилгын эвдрэл гэмтэл зөрчлийг арилгахыг гүйцэтгэгч ******* ХХК-аас удаа дараа шаардсан боловч оршин суугчдын шаардлагыг үл ойшоож, эд хөрөнгийн болон эрх зүйн доголдлыг арилгахгүй оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна.
1.2. Тус орон сууц нь домофон систем, галын дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй, цонх цантдаг, борооны улиралд тагтаар байнга ус гоождог, ариун цэврийн өрөөний халаагуур алчуур хатаагч байхгүй, хаалга бариулгүй, гажиж сэтэрч эвдэрсэн, дотор гадна засал муу, орцны хонгилын хана эвдэрсэн, лифтний техник хэрэгсэл эвдэрсэн, бохирын үнэр гардаг, гарааш буюу автомашины зогсоол хөрсний усаар дүүрсэн, зоорины давхар авто зогсоол халаалтгүй, нийтийн эзэмшлийн талбайд барилгын материал байрлуулсан, автомашины орц гарцыг хаасан, явган хүний зам анхнаасаа хийгдээгүй, орон сууцны ойр орчмын асфальтан зам эвдэрсэн, зогсоолыг тойрсон хашлага хийгээгүй хүүхэд унах эрсдэлтэй, архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр давхар нэмж барьсан. Орон сууцны барилгын эвдрэл гэмтэл, зөрчлийн асуудал болон ******* ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар ******* , ******* , ******* , Улаанбаатар хотын ******* лавлах ******* утас гэх зэргээр удаа дараа төрийн байгууллагад хандаж, эдгээр байгууллагуудаас дээрх компанид шаардлага хүргүүлсэн боловч төрийн байгууллагын аливаа шийдвэрийг биелүүлээгүй нь хууль зөрчсөн. Автозогсоол эзэмшиж, өмчилдөг оршин суугчид ******* ХХК-аас зоорины давхрын доголдлыг засварлах талаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй, оршин суугчид автомашин байрлуулах боломжгүйгээс хохирол учирч байна.
1.3. Мөн автомашины орц гарцыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барилгын материал хурааж сууц болон авто зогсоол өмчлөгчдийн эрхийг зөрчиж, СӨХ-д хохирол учруулсан. Уг орон сууцны барилгын ажлын зураг, холбогдох бусад баримт бичгийг СӨХ-д хүлээлгэн өгөхийг хүссэн боловч өгөөгүй. Барилгын тухай хуульд зааснаар тус орон сууцны захиалагч, гүйцэтгэгч, зургийн төсөл зохиогч, ашиглагчтай хамтран барилгад биет үзлэг шалгалт хийгээгүй.
Иймд ******* орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, түүнд холбогдох бичиг баримт /газрын гэрээ, гэрчилгээ, лифтний паспорт/, барилгын зургийг *******-д хүлээлгэн өгөхийг даалгаж, уг орон сууцны барилгын эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, зөрчлийг ******* ХХК-аар арилгуулж, нийтийн эзэмшлийн талбай буюу зоорины давхрын автомашины орц гарцыг хааж байрлуулсан төмөр эд зүйлийг албадан чөлөөлөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь ******* байгуулсан гурвалсан гэрээний дагуу ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт хуучны ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж ******* давхар, ******* айлын үйлчилгээ, автомашины гарааштай барилгыг барьж ашиглалтад оруулсан. Ингэхдээ өмнөх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байсан ******* айлыг үнэ төлбөргүйгээр талбайн хэмжээг томруулж шинэ орон сууцанд оруулсан. Уг барилгыг байнгын ашиглалтад оруулснаас хойш засвар үйлчилгээ, ашиглалт, харуул хамгаалалт зэргийг 1 жил гаруйн хугацаанд хариуцан ажиллаж байгаад байнгын мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК- эрх, үүргээ шилжүүлэн хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. ******* ХХК нь барилга ашиглалтад орсноос хойш гарсан эвдрэл гэмтлийг тухай бүрт зөвшилцөн засаж, сайжруулж ирсэн.
2.2. Оршин суугч ******* болон хэсэг бүлэг оршин суугчид нийлж СӨХ-ны төлбөрийг ******* ХХК-д төлүүлэхгүй гэх байдлаар төөрөгдөл үүсгэж, улмаар ******* ХХК-ийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, төрийн эрх бүхий байгууллагад гомдол, санал, хүсэлт гаргаж ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. СӨХ байгуулсан оршин суугчид нь барилга баригдаж байх үед орон сууц захиалсан захиалагч нар биш бөгөөд барилга ашиглалтад орсны дараа худалдаж авсан оршин суугч нар болно.
2.3. Лифтний паспорт гаргуулах шаардлагын тухайд. Манай компани нь ******* орон сууцыг барьж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ******* ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцах үүргээ шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээний дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр лифт хүлээлцсэн тэмдэглэл үйлдэж 4 ширхэг лифтний пасспортыг ******* ХХК-ийн ажилчдад хүлээлгэн өгсөн. Иймд тус орон сууцны лифтний бичиг баримт манай компанид байхгүй тул лифтний пасспорт гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Барилгын зураг төсөл гаргуулах шаардлагын тухайд. ******* ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний барилгын зураг төслийг хүлээлгэн өгсөн бөгөөд эх хувийг мөн ******* архивт хүлээлгэн өгсөн.
2.5. Газрын гэрээ, гэрчилгээ гаргуулах шаардлагын тухайд. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу нэгж талбарын ******* дугаартай 1.660 м.кв орон сууц газар доорх гараашийн зориулалт бүхий газрыг ******* ХХК-д эзэмшүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 17-ний өдөр ******* дугаар гэрчилгээ олгож, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу жил бүр газрын төлбөр 1,000,000 гаруй төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөн. Газрын гэрээ, гэрчилгээг СӨХ-ны нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй.
2.6. Хүүхдийн тоглоомын талбай барилгын зураг төсөвт тусгагдсанаар байгуулахыг даалгах шаардлагын тухайд. Барилгын баруун урд булангийн харалдаа одоогийн хогийн контейнер байрлаж буй хэсгийн хажууд хүүхдийн тоглоомын талбай байрлахаар төлөвлөгдсөн хэдий ч анхны орон сууц захиалагчдын хүсэлтийн дагуу барилгын баруун талд ******* дугаар сургуулийн тоглоомын талбай, зүүн хойд болон зүүн талд тоглоомын талбайнууд байдаг учир тоглоомын талбай байрлах 2/2 м хэмжээтэй газрыг автомашины зогсоол хэлбэрээр ашиглахаар санал хүсэлт гаргасан.
2.7. Зоорины давхрын буюу авто зогсоолд борооны ус нэвчиж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа зөрчлийг арилгаж уснаас тусгаарлах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд. Зоорины давхар буюу автомашины зогсоол нь барилга байнгын ашиглалтад орсноос хойш зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаагүй, автомашины зогсоолын өмчлөгч нар жилийн 4 улиралд автомашины зогсоол хэлбэрээр ашигласан. Ус зайлуулах хоолой бөглөрсний улмаас цөөн удаа борооны ус гараашид орж байсан боловч тухайн ус зайлуулах хоолойг сэтгэж цэвэрлэснээс хойш сүүлийн хэдэн жил борооны ус гараашид ороогүй. Буурь хөрсний хяналтыг мэргэжлийн ******* ХХК-аар хийлгэсэн бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн цутгамал бетон, төмөр бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт №2, суурь хийсэн акт №3, цутгамал бетон, төмөр бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт №5-д зоорины давхрын ажил техникийн нөхцөл, зургийн дагуу чанартай хийгдсэн талаар дүгнэсэн. Улсын комисс хүлээн авснаас хойших засвар үйлчилгээ арчлалт хамгаалалтыг мэргэжлийн байгууллагаар хариуцуулахаар шилжүүлэн өгсөн.
2.8. Зоорины давхар буюу автомашины гарааш халаалтгүй зөрчлийг арилгахыг даалгах шаардлагын тухайд. Автомашины гараашийн зураг төсөвт тусгагдсанаар хананд халаалтын паарнуудыг байрлуулж нэгдсэн дулааны шугамд холбосон. Дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан тухай 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай актаар барилгын дотор халаалтын систем нь төвийн дулаан хангамжид холбогдсон талаар дүгнэсэн бөгөөд ******* ХХК-д хүлээлгэн өгөхөд халаалттай байсан учраас энэ талаар ******* ХХК мэдэхгүй. Өвлийн улиралд гарааш халаалтгүй байхад дулаахан байдаг. Учир нь барилгын дулааны шугам гараашийн дээвэр хэсгээр явдаг учир давхар халааж нэмэлт зардал гаргах шаардлагагүй гэж үзэж ******* ХХК-аас холболтыг салгасан байх.
2.9. Зоорийн давхар буюу автомашины зогсоол нийтийн эзэмшлийн талбайд зориулалтын бус зогсоол гаргаж бусдад ашиглуулсан зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгах шаардлагын тухайд. Барилгын анхны зургаар автозогсоолын гарц баруун талд байрлах байсан боловч баруун талд барилга баригдсантай холбоотойгоор хаалга гаргах боломжгүйгээс шалтгаалж 2015 онд зураг зохиогчоор өөрчлөлтийн зураг хийлгэж хаалганы хойд талд 56 автомашины зогсоол төлөвлөсөн. Энэ зургийн дагуу автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. ******* ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд зогсоол олгож бусдад ашиглуулсан үйлдэл гаргаагүй. Нийтийн эзэмшлийн гэх зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй.
2.10. Гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэл дуут болон гэрлэн дохионы зураг төсөл, угсралт, ашиглалт, үйлчилгээг гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр батлагдсан зураг төслийн дагуу хийхийг даалгах, барилгын домофон систем бүрэн тусгагдсан боловч домофон систем хийгдээгүй зөрчлийг арилгаж домофон систем барилгад суурилуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд. ******* ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн хөлс, төлбөр төлсөн. Энэхүү гэрээний 1.1-д зааснаар батлагдсан зургийн дагуу дотор цахилгааны угсралтын ажил, дотор холбоо дохиоллын бүх ажил /кабел, интернэт, орцны дуудлага, галын дохиолол/ зэрэг автомат утаа сорох системийн ажил, газардуулгын ажил, 15 давхрын бүх шийт угсралтын ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн. Бүх айлуудад утаа мэдрэгч буюу галын дохиолол суурилагдсан бөгөөд зарим айлуудын тоног төхөөрөмж ажиллахгүй засварлах шаардлагатай байхыг үгүйсгэхгүй. Энэ зөрчлийг арилгахад татгалзах зүйлгүй. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн актаар галын ба хамгаалалтын дохиоллын станцыг хянах самбар, тэжээлийн блокийн хамт барилгын А блок хэсэгт суурилуулж, барилгын давхар тус бүрд угсарсан дулааны утаа мэдрэгч дуут дохиологч хөдөлгөөний мэдрэгч хяналтын камеруудыг зургийн дагуу гүйцэтгэж, 909 ширхэг дулааны утаа мэдрэгчийн ПВС хоолойд угсарсан тухай тэмдэглэсэн.
2.11. Барилгын зүүн болон хойд талын явган хүний зам хийгдээгүй зөрчлийг арилгаж явган хүний замыг барилгын зурагт тусгагдсанаар хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд. Иргэн ******* той гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 8,157,350 төгрөг төлсөн. Энэхүү гэрээний дагуу гадна тохижилт явган хүний замын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгын зүүн болон хойд талаар явган хүний зам бүрэн хийгдсэн хэдий ч доогуур нь ойр хавийн барилга байгууламж төвийн дулаан байдаг учир эвдрэл гэмтэл засвар үйлчилгээ хийхэд байнга сэндийчдэг. Энэ асуудлыг СӨХ хариуцаж эвдрэл гэмтлийг сэргээх үйлчилгээ хийх ёстой. Гэтэл ******* ХХК-аар засварлуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн газрын гэрээ гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-т заасныг баримтлан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаартай орон сууцны барилгад хүүхдийн тоглоомын талбайг барилгын зураг төсөвт тусгагдсанаар байгуулах, Зоорины давхарт ус нэвчиж байгаа зөрчлийг арилгах, гал унтаах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохионы зураг төсөл, угсралт, ашиглалт, үйлчилгээг гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн батлагдсан зураг төслийн дагуу хийхийг, домофон системийг барилгын зурагт заасны дагуу суурилуулах, барилгын зүүн болон хойд талын явган зам хийгээгүй зөрчлийг арилгаж, явган хүний замыг зурагт тусгагдсанаар хийхийг, нийтийн эзэмшлийн талбайгаас төмрүүдийг авч, талбайг чөлөөлөхийг тус тус хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бичиг баримт гаргуулах, айл бүрийн ариун цэврийн өрөөний алчуур хатаагч суурилуулахыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайг автозогсоолын зориулалтаар бусдад ашиглуулсан зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдох шаардлага болон хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан газрын гэрчилгээ, гэрээг гаргуулах, авто зогсоолын халаалтыг холбохыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын бичгээр гаргасан тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан гаргасан боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-аас татгалзах хүсэлт гаргасан нь ******* ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулсан тайлбар мэдүүлгүүд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгчээс ******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан учир ******* ХХК-аас гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргах боломжгүй байсан. Мөн ******* ХХК-аас хамтран хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч хамтран хариуцагчаас татгалзсан тайлбар гаргасан.
4.2 Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа дүгнэлтийг үгүйсгэх холбогдох баримт, актыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэг сууц өмчлөгчдийн дундын эзэмшилд хамаарах эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна.
4.3. Иргэн ******* той гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 8,157,350 төгрөгийг төлсөн. Энэхүү гэрээний дагуу гадна тохижилт явган хүний замын ажлыг зургийн дагуу гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Барилгын зүүн болон хойд талаар явган хүний зам бүрэн хийгдсэн хэдий ч доогуур нь дулаан шугам сүлжээ явдаг учир байнга сэндийчиж явган замын хэсгүүдийг эвдрэлтэй болгосон. Нийтийн эзэмшлийн талбайгаас төмрүүдийг авч, талбайг чөлөөлөхийг даалгах шаардлага гаргасан боловч тухайн төмөр хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхэд маргаагүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд үзлэгээр тогтоогдсон төмөр эд зүйлийг холдуулж бусдын хөдөлгөөнд саад болохооргүй газар байрлуулсан, мөн эдгээр эд зүйлс нь компанийн өмч мөн эсэх нь эргэлзээтэй талаар тайлбарласан хэдий ч анхан шатны шүүх хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө гэдэгт маргаагүй гэх байдлаар үндэслэлгүй дүгнэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан үндэслэлд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагууд нь хамаарах эсэх нь эргэлзээтэй.
4.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2-т шинжээчийн зардлыг нэхэмжлэгч болон хариуцагчид хуваан хариуцуулах буюу нэхэмжлэгч *******-оос 3,000,000 төгрөг гаргуулан ******* ХХК-д, хариуцагч ******* ХХК-аас 6,000,000 төгрөг гаргуулан ******* д олгох нь хуульд нийцнэ гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн ******* дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардлыг хүсэлт гаргасан тал буюу нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрээр энэ зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуулт асууж, шүүхэд гаргаагүй шаардлагын талаар дүгнэлт гаргуулсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл доголдлыг арилгуулах шаардлага гаргасан атлаа түүнийг засварлах төсвийг гаргуулсан нь ойлгомжгүй бөгөөд үүнээс шалтгаалан шинжээчийн төсөв, гаргах зардал нэмэгдсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь анх 2019 онд орон сууцны доголдолтой холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 жил үргэлжилж 2025 онд шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч компанийн хувьд бид сайн чанарын барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий барилгад ямар доголдол үүссэн талаар тодорхой дурдсан. Мөн ******* нь орон сууцны доголдолтой холбоотой асуудлаар холбогдох бүх байгууллагуудад гомдол гаргасан. Тус барилгын зоорины давхрын автомашины зогсоол зуны улирал болоход усаар дүүрдэг, энэ үйл баримт жил бүр давтагддаг. Гэтэл тухайн орон сууцанд амьдарч үзээгүй этгээдүүд шугам хоолой сэтлэхээр усгүй болдог гэх агуулгаар шүүхэд худал тайлбар гаргаж болохгүй. Хариуцагч талын тайлбарт дурдсан шугам хоолой байхгүй бөгөөд жижиг хэмжээтэй трап байдаг. Тус трап нь 100 литрийн хэмжээтэй. Энэ талаар нотлох баримт байхгүй, хэрэгт авагдаагүй.
Тухайн үйл баримтыг шинжээч тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шалны түвшинг барилгын зурагт тусгагдсанаас өөрөөр буюу хууль зөрчиж 37см хэмжээгээр доошлуулж хийсэн. Үүнээс үүдэж Туул голын ай сав газар, усны судал дээр баригдсан барилга зуны улиралд бороо ороход усаар дүүрдэг бөгөөд оршин суугчид зун болоход тээврийн хэрэгслээ гадаа тавьдаг. Би өөрөө энэ орон сууцанд амьдардаг, хариуцагч компани зоорины давхрыг усгүй байдаг гэж худал тайлбар гаргаж байна. Улсын комисс нь тухайн барилгыг яагаад хүлээж авсан нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгасан.
5.2. Зураг төслийн дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулагдаагүй байхад улсын комисс тоглоомын талбай байдаг гэж тэмдэглэл үйлдсэн. Оршин суугчид хүүхдийн талбай хийлгэхгүй гэсэн учир хүүхдийн тоглоомын талбай хийгээгүй гэх агуулгаар хариуцагч тайлбарласан. Хүүхдийн тоглоомын талбай хийх зай талбай байсан боловч ******* ХХК хийгээгүй. Мөн явган хүний зам байдаггүй бөгөөд сүүлд орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрөөс барилгын зүүн талын хэсэг буюу авто зам дагуу явган хүний зам хийсэн бөгөөд тус барилгын хойд тал хэвээрээ байгаа. Энэ үйл баримтын хүрээнд хариуцагч компани тус газрын доогуур шугам хоолой явдаг гэх агуулгаар худал тайлбарладаг. Явган хүний зам дор шугам хоолой байна гэсэн зүйл байхгүй. Харин асфальтан замын доогуур шугам, хоолой явдаг бөгөөд тус хоолойг мэргэжлийн байгууллагууд засвар хийж нөхдөг. Энэ талаар хууль зүйн зохицуулалт байхгүй.
5.3. Тус орон сууцанд галын дохиолол байдаггүй бөгөөд үүнтэй холбоотой тоноглол байх ёстой. Энэ асуудлаар ******* нь 2019 онд дүүргийн онцгой байдлын албанд хандсан. Үүнтэй холбоотойгоор галын дохиолол байхгүй гэх агуулгатай дүгнэлт гарсан бөгөөд галын дохиолол хийхийг ******* ХХК-аас шаардсан боловч өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй. Мөн лифттэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэж өгдөггүй, тухайн бичиг баримт байгаа, ирж аваарай гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл өгдөггүй. Хэрэв лифт гацаж зогсох үед түүнийг засварлуулахын тулд лифтний бичиг баримт шаардлагатай болдог. Тухайн үйл баримтад шинжээч дэлгэрэнгүй тайлбар гаргасан. Анхан шатны шүүх доголдлыг арилгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.4. Хариуцагч компани шинжээчийн зардлыг хүсэлт гаргасан тал төлөх ёстой гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан тал шинжээчийн төлбөрийг төлдөг боловч шинжээчийн зардлыг хуваарилах эрх хэмжээ шүүхэд байдаг. Мөн хариуцагч компани нь доголдол, зөрчилтэй барилга барьж ашиглалтад оруулсан бөгөөд түүний доголдол, зөрчлийг арилгахгүй байгаа нь ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа болохоос биш оршин суугчдын буруу биш. Тухайн асуудалтай холбоотойгоор гаргасан зардал, эрсдэл зэргийг ******* ХХК хариуцах ёстой, шинжээчийн зардлыг шүүх зөв хуваарилсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо тайлбарлахдаа худал тайлбаруудыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл, камер суулгасан гэх боловч камер суулгаагүй, СӨХ камер суурилуулсан. ******* ХХК-аас домофон системтэй, гоё байрлалтай орон сууцыг та нарт худалдсан гэх боловч тус барилга ашиглалтад орох үед домофон систем байхгүй, хаалга нь эвдэрхий байсан, одоог хүртэл хэвээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтэд дурдсан төсөв тоон хувилбараар бичигдээгүй байхад хариуцагч бичсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч ******* ХХК давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хүүхдийн тоглоомын талбай, барилгын зүүн болон хойд талын явган хүний зам, домофон систем, авто зогсоолын халаалт, айл бүрийн ариун цэврийн өрөөний алчуур хатаагч, гал унтаах автомат систем, галын дохиолол, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохионы угсралт, ашиглалт, үйлчилгээ зэргийг баталгаажсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхийг даалгах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, зоорийн давхарт ус нэвчиж байгаа зөрчлийг арилгуулах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд холбогдох баримт бичгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж, Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тогтоолоор сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ******* томилжээ.
3.2. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаартай орон сууцны барилгыг Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан байх бөгөөд хариуцагч ******* ХХК нь барилгын ажлын захиалагч болон гүйцэтгэгчээр оролцсон байна.
3.3.******* ны 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, ******* ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаартай орон сууцны барилгын хүүхдийн тоглоомын талбай, барилгын зүүн болон хойд талын явган хүний зам, домофон систем, авто зогсоолын халаалт, зоорийн давхрын шал, гал унтаах автомат систем, галын дохиолол, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохио, угсралт, ашиглалт, үйлчилгээг баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгээгүй болохыг тогтоосон байна. /1хх188-216, 2хх85-105/
3.4. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан шаардлагаар гал унтраах автомат систем, галын дохиолол, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохио, угсралт, ашиглалт, үйлчилгээг баталгаажсан зураг төслийг дагуу хийж гүйцэтгээгүй болохыг дүгнэжээ. /1хх11-12/
3.5. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай орон сууцны барилгын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай зөрчилтэй барилгын тухай албан бичиг зэрэг баримтаар барилга иж бүрэн домофон системгүй, явган зам эвдэрч гэмтсэн, барилгын сууриас ус нэвчсэн болохыг тогтоожээ. /1хх52-53/
3.6. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаартай орон сууцны барилгад шүүх 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн байх ба тухайн байрны баруун талд хүүхдийн тоглоомын талбай байхгүй болохыг тэмдэглэлээр бэхжүүлсэн байна. /2хх-198/
4. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч ******* ХХК нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаартай орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч бөгөөд маргаан бүхий дээрх ажлыг баталгаажсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгээгүй буруутай болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нь маргаан бүхий барилгын ажлыг баталгаажсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагч болон хариуцагчийн гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн барилгын ажил чанарын шаардлага хангасан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдсан, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
Нийтийн сууцны зориулалттай орон сууцны байшингийн хүүхдийн тоглоомын талбай, барилгын зүүн болон хойд талын явган хүний зам, домофон систем, гал унтаах автомат систем, галын дохиолол, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохио, зоорийн давхар зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нийцсэн.
Нэхэмжлэгч ******* нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн дээрх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар барилгын ажил гүйцэтгэгч барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбогдох зөрчлийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасан хугацаанд арилгах үүргийг хүлээнэ. Хариуцагч ******* ХХК нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* орон сууцны барилгын хүүхдийн тоглоомын талбай, барилгын зүүн болон хойд талын явган хүний зам, домофон систем, зоорийн давхрын шал, гал унтаах автомат систем, галын дохиолол, утаа зайлуулах систем, гал гарсан тохиолдолд мэдээлэх дуут болон гэрлэн дохио, угсралт, ашиглалт, үйлчилгээг баталгаажсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгээгүй зөрчлийг арилгах үүрэгтэй байна.
Хариуцагч маргаан бүхий барилгыг ашиглалтад оруулснаас хойш засвар үйлчилгээ, арчлан хамгаалалтыг хариуцуулахаар мэргэжлийн байгууллага болох ******* ХХК-д хүлээлгэн өгсөн, мөн оршин суугчид хүүхдийн тоглоомын талбайг авто зогсоолын зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан гэх татгалзал нь хариуцагчийг барилгын ажлыг баталгаажсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Хариуцагчид маргаан бүхий дээр дурдсан зөрчлийг арилгахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-д заасантай нийцжээ.
7. Харин анхан шатны шүүх маргаан бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон 2008 оны Барилгын тухай хуулийг хэрэглэсэн нь оновчгүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй ба хариуцагч нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоолын зориулалтаар бусдад ашиглуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Мөн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч зоорийн давхарт авто зогсоолын орц гарцыг хааж төмөр байрлуулсан гэх тайлбар, түүнтэй холбоотой тухайн байрны зоорийн давхарт авто зогсоолын хэсэгт төмөр байрлуулсан үйл баримтыг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг хариуцагч баримтаар няцаагаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /2хх-198
Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны ариун цэврийн өрөөний алчуур хатаагч нь орон сууцны барилгын доторх сууц /өрөө/-ний хэсэгт хамаарна. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй тул нэхэмжлэгчийг тухайн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас газрын гэрчилгээ, гэрээг гаргуулах, авто зогсоолын халаалтыг холбохыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн байна.
10. Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулсантай холбоотой баримт бичгүүд хариуцагчид байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
11. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр буюу нэхэмжлэгчид шинжээчийн зардал 3,000,000 төгрөгийг, хариуцагчид 6,000,000 төгрөгийн шинжээчийн зардлыг хуваарилан хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны шатанд татгалзсанаар талуудын мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.БАТЧИМЭГ