Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00291

 

 

*******ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09936 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******эд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,870,765.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ******* нь *******ХК-тай 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай үл хөдлөх эд хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар авсан. Манай банк 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч *******ийн ******* тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн ******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

1.2. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай ипотекийн гэрээгээр *******ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар гэрчилгээтэй ******* хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 38,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь ******* дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,330,883.51 төгрөг, зээлийн хүүд 14,007,127.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,108.61 төгрөг төлсөн. Бид зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхийг мэдэгдсэн боловч гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргаж буй 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 108, зээлийн үлдэгдэл 46,669,116.49 төгрөг, хүү 3,196,331.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,317.00 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 49,870,765.42 төгрөг байна.

Манай банк зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг *******ээс шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 08 дугаар сарын 06-ны байдлаар нийт 49,870,765.42 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******ХК-аас 50,000,000 төгрөгийн зээл авч, үндсэн зээл болон хүүд 17,000,000 орчим төгрөгийг хэвийн төлж байсан боловч 2025 оноос хувиараа эрхэлж байсан ажил маань доголдсон учир зээлээ төлж чадахгүй байдалд удаа дараа хүрсэн. Үүнээс хойш эрхэлж буй ажил хэвийн явагдах учраас хуучин горимоор үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 49,870,765.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж ******* байр, *******  тоот хаягт байршилтай, 38,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь, миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ******* нэхэмжлэлтэй хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* дугаартай шүүгчийн захирамж гарсан.

Үүнд; хариуцагчийн төлөөлөгч *******ын гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд ******* миний бие шүүх хурал давхцаж байна, шүүх хурлыг хойшлуулах шаардлагатай гэхэд гомдлын хурал хойшлохоор бүрэлдэхүүний хурал давхцаад байгаа учир манайхаас мэдэгдэх хуудас аваад шүүх хурлаа хойшлуулаарай, гомдлын хурал хүсэлтээр хойшлохгүй байх гэж хэлснээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал хойшлуулах хүсэлтийг цахимаар гаргасан.

4.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын ******* -ны өдрийн 09 цагт гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд зайлшгүй оролцох шаардлагатай болсон үндэслэл нь хэргийн оролцогч *******  нас барсан учраас ******* миний бие эрх залгамжлагч томилогдох хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд үүнд хариуцагчийн төлөөлөгч ******* аас гомдол гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцээд ******* дугаар тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгосон. Үүнээс харахад 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хуралд орж байсан тул гомдлын хуралд оролцоогүй эзгүй байхад шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нөхцөл байдал нь энэ хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах, нөгөө шүүхэд гомдлын хуралд зайлшгүй оролцох шаардлага үүссэний нотолгоо юм.

Энэ агуулгаар 2025 оны 11 дүгээр сарын 27-ны гомдлын хуралд нас барагчийн эрх залгамжлагч томилогдоогүй байхад хэргийг сэргээсэн шүүх бүрэлдэхүүнээс талийгаач ******* д хурлын тов мэдэгдсэн эсэхийг тодруулахыг шаардаж байсан болохыг хурлын тэмдэглэлээс уншиж болно.

4.3. Шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах хүсэлт гаргасан, өмнө удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүйг харгалзан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар хойшлуулах боломжтой атал энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүйгээс шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын дагуу явагдаагүй, тайлбар гаргах, мэтгэлцэх боломж хязгаарлагдсан. Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хуралд оролцсон талаар холбогдох баримтуудыг давж заалдах гомдолд хавсаргасан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, мэтгэлцэх, тайлбар гаргах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон. Тухайн өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад 79 хоног, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод 15 хоног болж байсан. Энэ хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус хэрэгт төлөөлөгчөөр орсон ба хэргийн материалтай танилцсаны дараа хариуцагч руу залгахад итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай холбогдоорой гэж хэлсэн. ******* руу залгаж, 12 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх байдлаар эвлэрлийн гэрээ хийх боломжтой байна, танайх энэ саналыг хүлээн авах уу гэж асуухад, шууд хариулах боломжгүй байна, *******тэй холбогдоод хариу хэлье, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх ёстой бөгөөд үүнийг хүлээж байна гэж хэлсэн. Шүүх хуралдааны үед *******гаас хүсэлт ирүүлсэн. 12 сарын хугацаатай эвлэрэх байх гэж бодоод аль аль руу нь залгасан боловч утсаа аваагүй.

5.3. ******* нь 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахдаа дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааныг товыг 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдсэн байдаг. ******* нь аль шүүх хуралдаанд оролцохоо сонгох боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн баримтуудтай уншиж танилцсан. Тухайн шүүхэд шийдвэрлэгдэж байсан маргаан нь гэм хорын хохиролтой холбоотой байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хэргийг нь түдгэлзүүлэх нь үндэслэлгүй гэх гомдлын хуралдаан байсан. ******* нь тус шүүх хуралдаанд хариуцагч нарын нэг нь нас барсан тул эрх залгамжлагчийг томилох шаардлагатай гэх асуудлаар буюу гомдлын хуралдаанд яригдах шаардлагагүй асуудал байсан. Гомдлын хуралдаанд гомдолд дурдагдсан асуудлыг хэлэлцдэг. Заавал тус хуралдаанд оролцох ёстой байсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 49,870,765.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр №*******  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн санхүүжилтийн зориулалтай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч *******ХК нь 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, түүний хүүг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх11-16/

 

3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2023 оны 08 дугаар сарын 14-ний №******* дугаартай ипотекийн гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* , ГД-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******  гудамж ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 38,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх17-20/

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт заасан ипотекийн гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн зээлийн хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээл, зээлийн хүүг тооцоолсон баримтад зээлдэгчээс зээлийн үндсэн төлбөр 3,330,883.51 төгрөг, үндсэн хүү 14,007,127.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,108.61 төгрөг, нийт 17,344,120 төгрөг төлсөн талаарх тооцоолол хийгджээ. /хх24/

 

4.1. Анхан шатны шүүх ...хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч *******ээс шаардсан нь хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4.2. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч *******ХК нь 50,000,000 төгрөгийг хариуцагч *******ийн дансанд шилжүүлсэн талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байна.

 

5. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, 225.1, 225.2 дахь хэсэгт талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь урт хугацаатай зээлийн гэрээг цуцалж байгаа талаар хариуцагч талд мэдэгдсэн, түүнчлэн гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар нэмэлт хугацаа олгосон байдал тогтоогдохгүй байна.

 

5.1. Зээлийн гэрээний 2.2-т зээлийн ерөнхий хугацааг 120 сар буюу 10 жил байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

5.2. Нөгөө талаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийн ялимгүй зөрчил гэж дүгнэнэ. Тодруулбал, хариуцагчийн гаргасан зөрчил, үүрэг хэтрүүлсэн хугацаа, зээлийн эргэн төлөлт хийсэн дүн, урт хугацаатай гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ноцтой зөрчил бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

5.3. Хэргийн баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4,163,447 төгрөг төлөх ёстойгоос 3,330,883 төгрөгийг, зээлийн хүүд 17,203,459 төгрөг төлөх ёстойгоос 14,007,127 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 11,425 төгрөг төлөх ёстойгоос 6,108 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь урт хугацаатай зээлийн гэрээг цуцлах хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, гэрээг цуцлах ноцтой зөрчил үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

5.4. Харин хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хуваарьт төлөлтөөс зээлийн хүү 3,196,331.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,317 төгрөгийн зөрчилтэй байсан. Уг хуваарьт төлөгдөөгүй зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү /3,196,331+5,317=3,206,648 төгрөг/ байна.

 

Иймд, хариуцагч *******ээс зээлийн хүүгийн үлдэгдэл 3,206,648 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож, зээлийн гэрээг цуцлах буюу үндсэн зээлд 46,669,116 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгоно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүйгээс болж шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбар гаргах, мэтгэлцэх боломжийг хязгаарласан... гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

6.1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагчаас шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах зэрэг хүсэлтүүдийг үндэслэн шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж байжээ. /хх38-39, 46-47/

 

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн болох нь хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна.

 

6.4. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журам болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, тэгш байх зарчимд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 3,206,648.93 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,664,116.5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, хариуцагч *******ээс 477,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгосугай. гэснийг хариуцагч *******ээс 66,256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгосугай. гэж

Тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг 3, 4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,504 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ч.БАТЧИМЭГ