| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2025/08367/И |
| Дугаар | 210/МА2026/00365 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00365
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
329,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн санал болгосны дагуу ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт тус компанийн барьж буй ******* айлын *******давхар орон сууцны барилгад 170,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, уг барилгыг ашиглалтад оруулж, борлуулсан орлогоос 340,000,000 төгрөг гаргуулан авахаар харилцан тохирч, гүйцэтгэх захирал ******* болон *******, ******* нартай 2014 оны 07 дугаар сарын 23-ны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.
1.2. Нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан 170,000,000 төгрөгийг бэлнээр ******* ХХК-д хүлээлгэн өгсөн. Үүнийг тодруулбал, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 30-ны 10,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг тус тус *******, нягтлан бодогч ******* нарт хүлээлгэн өгсөн.
1.3. Дээрх орон сууцны барилгыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсноор ******* айлын орон сууц борлуулагдаж дууссан. Анх гэрээгээр 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил бүрэн дуусна гэж байсан боловч хугацаандаа дуусгаагүй тул хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт тооцон 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр уг орон сууцны барилгын *******давхрын *******м.кв орон сууцыг 23,200,000 төгрөгөөр тооцон, орон сууц захиалгын гэрээ байгуулж авсан. Барилгын ажил явагдаж байх үед паркетан шал таньдаг хүнээс авч нийлүүлж байсан бөгөөд тухайн шалны төлбөр болох 12,600,000 төгрөгийг хувиасаа төлж барагдуулсан.
Иймд, хөрөнгө оруулалтын гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 316,800,000 төгрөг, орон сууцны барилгад нийлүүлсэн паркетан шалны үнэ 12,600,000 төгрөг, нийт 329,400,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
Орон сууцнаас гадна нэмж үл хөдлөх эд хөрөнгө өгнө гэсэн баримт хэрэгт авагдсан. Улсын бүртгэлд явуулсан албан тоотоор компанийн дансанд мөнгө ороогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* болон хувьцаа эзэмшигч байсан ******* нар гуравдагч этгээдүүдтэй хууль бус гэрээ байгуулах, компанийн эд хөрөнгийг үргүй зарцуулах, ашиглан шамшигдуулах гэх мэт үйлдэл гаргасан байсан тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр чөлөөлсөн.
2.2. Нэхэмжлэгч нь 2015 онд гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө авсан гэх боловч яагаад хөрөнгө оруулалтаа нэхэхгүй байсан нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба ерөнхий хугацаа мөн адил дуусгавар болсон. *******компанийн тамга ашиглаж байсан ба гэрээг хэн үйлдсэн нь тодорхойгүй.
Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 24,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,804,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр хариуцагч ******* ХХК-д 170,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах үүрэг хүлээсэн гэж үзэж болохоор боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн эзэмшил ашиглалтад мөнгөн хөрөнгө шилжүүлж байгаагүй, хүлээлгэн өгөөгүй болох нь нотлогддог.
4.2. Нэхэмжлэгч нь өөрийн *******ХК, ******* ХК-д эзэмшдэг данснаас мөнгөн хөрөнгийг бэлнээр зарлагадаж хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч байсан *******т нийт 148,000,000 төгрөг өгсөн талаар нотлох баримтыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн ******* ХК-ийн ******* тоот дансны хуулгаар 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 20,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг, ******* ХК-ийн ******* тоот дансны хуулгаар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 24,000,000 төгрөг нийт 81,000,000 төгрөгийн зарлага гарсан байна.
4.3. Нэхэмжлэгчийн ******* мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримтууд хэзээ үйлдэгдсэн нь эргэлзээ бүхий, хариуцагч компанийн санхүүгийн тамга тэмдэггүй, ямар шалтгааны улмаас түүнд бэлнээр хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байхаас гадна *******, ******* нар зээлийн харилцаатай байсан тул хариуцагч ******* ХХК нь хувьцаа эзэмшигч байсан хүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцах үндэслэлгүй.
Анхан шатны шүүх ...хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар албан тоотод дурдсанаар нэхэмжлэгч нь үйлчилгээний талбайд зориулж 24,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд, хариуцагчийг 24,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд энэхүү албан тоот үйлдэгдсэнээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдож эхэлнэ..." хэмээн дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч компанид мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгөөгүй болох нь хангалттай тогтоогдсон атал анхан шатны шүүх хариуцагчид 24,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.
4.4. Хариуцагч ******* ХХК нь ******* дүүрэг, ******* төв, ******* өргөн чөлөө ******* тоот хаягт байрлах барилгын орон сууцны 1 м.кв талбайг 2016 оны байдлаар 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан тул нэхэмжлэгч *******д 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №******* тоот орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нэг м.кв талбайг 500,000 төгрөгөөр тооцож 23,200,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжгүй.
4.5. Нэхэмжлэгчид хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот албан бичгээс хойш буюу 10 дугаар сараас шаардах эрх үүссэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоолох ба нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч ******* ХХК-аас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, харин гэрээ байгуулагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагад заасан үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгийг хариуцагч компани аваагүй, ******* авсан гэж маргадаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь ******* манай компанийн санхүү эрхэлсэн захирал байсан гэж тайлбарласан. Тухайн үед хариуцагчийн зүгээс аль нэг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх тус баримтыг компанийн албан ёсны тамга, тэмдэгтэй дансаар өгөх ёстой байсан гэж дүгнэсэн. Энэ талаар хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй.
Иймд, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 329,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Тодруулбал, нэхэмжлэгч нь ...хариуцагчийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын санхүүжилтэд 170,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тухайн барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа хариуцагчаас 340,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн... гэсэн бол
хариуцагч нь ...170,000,000 төгрөгийг аваагүйгээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж... маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, мөн зохигчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.
Талууд тэдгээрийн хооронд маргаан бүхий гэрээ байгуулагдсан болон гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн эсэх талаар маргажээ.
5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хэрэгжилтийн талаар тодруулахаар хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх *******ийг, түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээний дагуу 170,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх тус компанийн хувьцаа эзэмшигч, дэд захирлаар ажиллаж байсан *******ыг тус тус гэрчээр асуулгах хүсэлтийг,
Мөн хариуцагч ******* ХХК-ийн барьж байсан ******* дүүргийн ******* дугаар хороо /одоогийн ******* дүгээр хороо/ ******* төвийн бүс, ******* өргөн чөлөө гудамж ******* дугаар орон сууцны барилгад оруулсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөхийг шаардаж байсныг тодруулахын тулд тухайн үед ашиглаж байсан гар утасны ярианы дуудлага, зурваст хадгалагдаж буй харилцан ярианы түүх, мессеж бичвэрт үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус гаргажээ.
6. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргааны зүйлтэй холбоотой нэхэмжлэгчийн гэрч асуулгах дээрх хүсэлтийг ...хуулийн этгээд нь бэлэн мөнгөний орлогыг хүлээн авахдаа орлогын баримт үйлдэх учиртай тул гэрч асууснаар хариуцагчид мөнгөн хөрөнгө олгогдсон үйл баримт нотлогдохгүй, мөн үзлэгээр ямар нөхцөл байдал илэрхий болох нь тогтоогдохгүй байна... гэсэн үндэслэлээр эдгээр хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. /хх90-92/
Учир нь, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэргийн оролцогчид өөрсдийн маргаанд хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байна.
7. Тус хэргийн хувьд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д ямар зорилгоор 170,000,000 төгрөгийг өгсөн, үүнийг компанийн эрх бүхий, аль эсхүл хамаарал бүхий этгээд хүлээн авсан, буцаан төлж байсан гэх зэргээс хамаарч зохигчийн хооронд чухам ямар төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан, гэрээний үүргийн зөрчил үүссэн болон хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, эсхүл дууссан болохыг шүүх тодорхой баримтад тулгуурлан тогтоох шаардлагатай.
Иймд, давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/11375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.БАТЧИМЭГ