Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            Улсын яллагч Г.Ганбагана,

            Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гүн овогт Бын Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909018540830 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 24-нд Төв аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт, тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Гүн овогт Бын Х  /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Х нь 2019 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 10 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 13 дүгээр хороо, Ногоон талбайн  гудамжны 21А тоотод оршин суугч хохирогч Б.Эрдэнэ-Оюуны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хар өнгийн Самсунг загварын зөөврийн компьютер, залгуур 1 ширхэг, саарал өнгийн пальто зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 229.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Хохирогчийн цонх нь онгорхой байхаар нь “хүн байна уу” гэж асуухад хүн байхгүй байсан. Ус уух гээд цонхоор нь орж ус уучхаад хувцасны шүүгээ байхаар нь онгойлгоод нөүтбүүк байхаар нь авсан. Эхлээд ам цангаад ус уучхаад зарчих юм байвал зараад ундаа авч уух гэж байсан...” гэв.

              түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…Би тэрний өмнөх өдөр Төв аймгаас ирээд эгчийндээ байж байгаад дүүтэйгээ уулзах гээд гарсан. Тэгээд гарч яваад Дарь эхийн тэнд хөлсний байранд байсан дүү Ангарагтай уулзахад надад хэдэн хувцас өгөхөөр нь би торонд хийгээд явсан. Тэгээд гараад ганцаараа Хайлаастын тэнд архи уугаад тасарсан байсан. Тэгээд өглөө нь ам хатаад шартаж явж байгаад энэ айлаас орж ус ууя гээд очсон цонх нь онгорхой байхаар нь цонхоор нь орж ус уучхаад түмбүүчиг шиг юм байхаар нь би тэрэнд нь нөтэбүүк байхаар нь аваад тортой юмандаа чихэж хийчхээд амрах гээд сууж байсан чинь хорооны хүн ирээд юм зарах гэж байгаа юмуу би худалдаж авъя гэж хэлээд хороо луу дагуулж яваад хурааж авсан. Тэгээд маргааш нь дуудахаар нь очсон чинь хулгайн эд зүйлс байна, доор байдаг айлаас алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд дээрээс нь янз бүрийн юм нэхэхэд нь би аваагүй гэж хэлсэн. Тэгээд дараа нь өмсөж явсан цуваа авчирч үзүүлж зургийг нь авахуулсан  ...” гэсэн мэдүүлэг /хх-3-4/,

 

              Хохирогч Б.Эрдэнэ-Оюуны: “…орой 23 цагийн үед амьдарч буй байшиндаа ирэхэд шүүгээнд байсан зөөврийн компьютер саарал өнгийн пальто хоёр алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,    

 

              Гэрч О.Мөнх-Өлзийгийн  “…эргүүлд явж байхад миний урд талд хар өнгийн торон цамц өмссөн, шар өнгийн даавуун торонд зөөврийн компьютер хийчихсэн, цагаан өнгийн гялгар тортой хуучин хувцас зэргийг хийчихсэн эмэгтэй явж байсан. Сандал дээр суухаар нь “би юу зарах гэж байгаа юм“ гэхэд “нөтебүүк зарна, 50.000 төгрөгөөр өгчихнө” гэж хэлсэн, “шалгаж үзээд авч болох уу” гээд өрөөндөө оруулсан тэгээд эргүүлийн алба хаагч нарыг дуудсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,         

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, Эд зүйлийн үнэлгээ /хх-35-36/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-47-54/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-58-59/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 10 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 13 дүгээр хороо, Ногоон талбайн  гудамжны 21А тоотод оршин суугч хохирогч Б.Эрдэнэ-Оюуны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хар өнгийн Самсунг загварын зөөврийн компьютер, залгуур 1 ширхэг, саарал өнгийн пальто зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 229.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Эрдэнэ-Оюуны мэдүүлэг, гэрч О.Мөнх-Өлзий нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Хийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Хийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Эрдэнэ-Оюуны зүгээс мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Хийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Гүн овогт Бын Хийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Хийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР