| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/06313/И |
| Дугаар | 210/МА2026/00385 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00385
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10325 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох баримтыг гаргаж өгөх, гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн талаарх бүртгэл хийлгэхийг *******т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Би, ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, гүйцэтгэх захирлаар ажиллах тухай гэрээ байгуулсан. Компанийн үйл ажиллагаанд тооцоолоогүй эрсдэл гарч, түрээсийн байрнаас гарах, сувиллын үйл ажиллагааг зогсоож, ******* нь компанийн тамга, гэрчилгээг хураан авч намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх бүртгэл хийлгэх хүсэлтийг цахим шуудангаар илгээхэд хариу өгөөгүй. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин цахим шуудан илгээсэн боловч хариу өгөөгүй.
Иймд, намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэл хийлгэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *******, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн дагуу ******* ХХК-д холбогдох төлбөр авах ажиллагаа хийгдэж байгаа ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон, нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр огт гараагүй.
2.2. Нэхэмжлэгчийн олон жилийн туршлага, нэр хүндэд тулгуурлан түүнтэй хамтарч 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар *******г томилсон. ******* зөвхөн хөрөнгө оруулалт оруулах, нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагааг явуулж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт үр ашиг хүртээхээр тохиролцож, хариуцагч 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, компанийн 67 хувийн хувьцааг эзэмших, нэхэмжлэгч нь 83,900,000 төгрөгийн үнийн дүн бүхий эмнэлгийн төхөөрөмж, тоног хэрэгслээр хөрөнгө оруулалт хийж, компанийг удирдах, компанийн 33 хувийн хувьцааг эзэмшихээр харилцан тохиролцсон.
Хамтран ажиллах гэрээгээр талуудын хүлээх үүргийг тодорхойлсон ба гэрээний 2.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь компанийг дур мэдэн орхин явах эрхгүй, ******* ХХК-ийг удирдан зохион байгуулж ажиллахдаа ашиггүй ажилласан, их хэмжээний өр төлбөрт орсон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******г ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр чөлөөлөгдсөн болохыг тогтоож, үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт ******* ХХК-ийн холбогдох баримтыг гаргаж өгөх, бүртгэл хийлгэхийг хариуцагч *******т даалгаж,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талууд хуулийн этгээд байгуулах замаар хамтран ажиллахаар харилцан тохиролцохдоо оруулсан хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг буцаан төлсөн тохиолдолд ******* 51 хувь, ******* 49 хувийн хувьцааг тус тус эзэмших, улмаар эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашиг хүртэх зорилго тавьсан. Хамтран ажиллах гэрээний 1.2, 1.3, 1.4-т тус тус зааснаар талуудын оруулсан хөрөнгөөс гадна компанийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай 700,000,000 төгрөг хүртэлх санхүүжилтийн зээл авах, ******* нь компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай барилгын засвар, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх, ******* нь компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авах, компанид ажиллах эмч, сувилагч ажилчдыг бүрдүүлэх үүргийг тус тус хүлээж, компанийн үйл ажиллагааг 2017 оны 09 дүгээр сард багтаан эхлүүлэхээр болсон. Энэ нь талуудын тохиролцсон гол тохиролцоо бөгөөд уг тохиролцооны дагуу ******* ХХК-ийг байгуулж гүйцэтгэх захирлаар *******г томилсон.
4.2. Эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 86,893,900 төгрөг, үйл ажиллагаанд зориулан авсан зээлийн төлбөрт ******* ББСБ ХХК-д 1,104,820,173 төгрөгийн өртэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дуусгавар болоогүй. Ийнхүү ******* ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, авсан санхүүжилтээ төлж чадахгүй төлбөрийн өрөнд орж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж эхэлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлгүй байхаар шийдвэрлэснээр тус компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал аливаа шийдвэр гаргах хууль зүйн үр дагавар үүссэн. Үүнийг нэхэмжлэгч мэдэхээс гадна нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогддог.
4.3. ******* зээлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эргэн төлөх хүртэл хугацаанд компанийг дур мэдэн орхин явахгүй байх үүргийг хүлээснээр үйл ажиллагааг түүгээр гүйцэтгүүлсэн. Ийнхүү хамтын үйл ажиллагаа үр ашиггүй болж, өр төлбөрт орсон бөгөөд хамтын үйл ажиллагаанаас өөрийн үүсгэсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийх, үйл ажиллагааны үр дагаврыг хариуцахаас зугтах зорилгоор нэхэмжлэл гаргасан.
Хамтран ажиллах гэрээний 1.4-т зааснаар ******* чөлөөлөгдөх тохиолдолд орны хүнээ санал болгох ёстой байсан. Түүнээс гадна зээлийн санхүүжилт, А талын оруулсан хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг эргэн төлөх хүртэл хугацаанд компанийг дур мэдэн орхин явахгүй байх үүргийг тэрээр хүлээсэн байхад хамтран ажиллах гэрээний 2.2.2-т зааснаар хүлээсэн үүргээс нь чөлөөлсөн шийдвэрийг шүүх хууль зөрчиж гаргасан нь аливаа этгээдийн дотоод үйл ажиллагаанд хууль бусаар оролцож байна.
Мөн гэрээний Д-д ...энэхүү гэрээ болон компанийн дүрмийн заалт хоорондоо зөрчилдвөл энэхүү гэрээ нь давуу хүчинтэй үйлчилнэ... гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн ******* ХХК-ийн дүрмийг баримталж, байхгүй болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг *******ыг хэрэгжүүлэх мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь ******* биш байхад үүнийг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилж, чөлөөлөх асуудал нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасан зохицуулалтад хамаарч байхад шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болсон. Хариуцагч ******* нь хувьцаа эзэмшигч мөн боловч дангаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болохыг шүүх анхаараагүйд гомдолтой байна.
4.4. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийг зөрчсөн, хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтын гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийг ******* ХХК эсхүл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд, цаашлаад Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргах ёстой байтал иргэн *******т холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна *******г гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох баримтыг гаргаж өгөх бүртгэл хийлгэхийг хариуцагч *******т даалгасан нь биелэгдэх боломжгүй шийдвэр гарсан бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн тайлбарт талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг анхан шатны шүүх дүгнээгүй гэж дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, мөн улсын бүртгэлд бүртгэл хийлгэхийг даалгах юм. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******тай хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох контрактын гэрээ байгуулан, уг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан.
5.2. Харин хариуцагчийн тайлбарлаж буй хамтран ажиллах гэрээний дагуу хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан ба хувьцаа эзэмшигчийн хувиар байгуулсан, хувьцаа эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулсан тусдаа гэрээ юм. Уг гэрээгээр ******* 67 хувь, ******* 33 хувийн хувьцаа эзэмшихээр харилцан тохиролцсон.
Иймээс хамтран ажиллах гэрээнд хууль зүйн дүгнэлт өгөх нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт өгөөгүй нь үндэслэлтэй.
5.3. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан биш учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хэрэгт ******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын лавлагааны талаар баримт авагдсан. Энэ баримтаар ******* нь 2019 оны 06 дугаар сараас эхлэн ******* ХХК-д ажиллахаа больсон нь харагддаг.
Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх ...******* 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дараа ажлаа орхин явах эрх нь нээлттэй... гэж дүгнэсэн үндэслэлтэй.
5.4. Хариуцагч тал компани өр төлбөртэй байсан тул ******* ажлаа орхиж явахгүй байх үүрэг хүлээсэн гэж тайлбарладаг. Гэвч компанийн өр төлбөр нь гүйцэтгэх захирлын үүрэг бус, тухайн хуулийн этгээд болох компанийн өөрийнх нь өр төлбөр юм. Хэрэв гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнийг тогтоох боломжгүй гэж үзвэл *******г албадан ажиллуулах нөхцөл байдал үүсэхээр байна. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу ажлаа орхин явсан бөгөөд уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх тогтоосон.
Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хоорондын хүчин төгөлдөр тохиролцоонд үндэслэн өөрийн эрх хэмжээний бус асуудлыг шийдвэрлэсэн мэтээр гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гомдолд дурдсан хамтран ажиллах гэрээ буюу хувьцаа эзэмшигчдийн хоорондын харилцааны тусдаа асуудлыг гүйцэтгэх захирлын үүрэгтэй хольж тайлбарласан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох баримтын хамт гаргаж өгөх, гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн талаарх бүртгэл хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүний үр дагаврыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн харилцаа бодитоор дуусгавар болсон бөгөөд холбогдох баримт бичгийг хариуцагч гаргаж өгөөгүй гэж,
хариуцагч нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэдэг ба нэхэмжлэгчийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, мөн талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 2.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь компанийг дур мэдэн орхин явах эрхгүй гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан баримтаар *******, ******* нар 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 67 хувийн хувьцаа эзэмшигчээр *******, 33 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* нар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гүйцэтгэх захирлаар *******г томилсон байна. /хх8-17/
6. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудал нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд, төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хамаарна.
6.1. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байх боловч түүний хүсэлтийг хууль болон компанийн дүрэмд заасан журмын дагуу шийдвэрлэсэн талаарх баримтгүй байх ба нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, эсхүл тэрээр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн харилцаа бодитоор дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
6.2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үзвэл тэрээр улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн тухай өөрчлөлт оруулахаас гадна чухам ямар үндэслэл, шаардлагаар компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн шинэчилсэн найруулга болон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрийг хариуцагчаас тус тус гаргуулахыг шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар компани тухайн бичиг баримтыг хадгалах ёстой байтал нэхэмжлэгч нь үүнийг шаардаж байгааг тодруулаагүй, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгад ямар нэмэлт, өөрчлөлт тусгуулах нь тодорхой бус, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хувьцаа эзэмшигч нар хуульд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэдэг байтал ямар асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг тус тус тодруулах ёстой байжээ.
7. Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар шууд чөлөөлөгдсөн гэж, аль эсхүл түүнийг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн баримт бичиг /хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр/-ийг хариуцагчаас гаргуулах агуулгаар шаардлага гаргасан эсэх, нэхэмжлэгч болон хариуцагч нар тухайн компанийн хувьцаа эзэмшигч болохын хувьд Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь нөгөө хувьцаа эзэмшигчдээ холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан үндэслэлийг тодруулж, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлж, улмаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан.
8. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй энэхүү нөхцөл байдлыг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.БАТЧИМЭГ