Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00387

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11768 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Toyota highlander маркийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Худалдан авагч *******д 2023 оны 09 дүгээр сард өөрийн өмчлөлд байсан Тoyota highlander маркийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцсон.

1.2. Талуудын хооронд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагчид итгээд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр автомашинаа шилжүүлсэн байтал хариуцагч нь автомашины төлбөр болох 45,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг удаа дараа шаардсан боловч худалдан авагч хариуцагч ******* нь гэрээний төлбөр 45,000,000 төгрөгөөс огт төлөөгүй, нэхэмжлэгчийг хохироосоор байна. Нэхэмжлэгч нь Автотээврийн үндэсний төвөөс өөрийн өмчлөлд байсан автомашины лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргасны дагуу түүний өмчлөлд байсан үеийн буюу 2023 оны 09 дүгээр сарын 28 өдөр шилжих үеийн лавлагаа гаргаж өгсөн. Харин хариуцагчийн өмчлөлд шилжсэн хугацаанаас хойших хугацааны лавлагааг гаргаж өгөх боломжгүй талаар тус төвөөс мэдэгдсэн.

Иймд, автомашиныг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь *******аас Тoyota highlander маркийн ******* улсын дугаартай автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоогүй.

Учир нь, *******ын ажлын хамтрагч найз болох *******ын барилгын сангийн ажлыг 2023 оны 08 дугаар сараас хийж гүйцэтгэж, мөн 9,000,000 төгрөгийн бараа материалыг *******ын барилгын компани болох ******* ХХК-д нийлүүлсэн. Эдгээр ажил гүйцэтгэсэн хөлс болон бараа материалын хөлсөнд тооцож энэхүү автомашины нэрийг *******ын хэлсний дагуу ******* нэрийг нь шилжүүлж өгсөн.

2.2. Автомашиныг тухайн ажлын хөлсөнд 40,000,000 төгрөгөөр тооцож байсан. *******тай автомашин худалдан авах ямар нэгэн тохиролцоо байхгүй бөгөөд 45,000,000 төгрөгийн өглөг, авлага байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд, *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Тoyota highlander маркийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ....Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүхэд ирүүлсэн баримтаар ******* улсын дугаартай Тoyota highlander маркийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр *******ын нэр дээр бүртгэлтэй байсан, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч *******ын нэр дээр шилжсэн, уг бүртгэл *******ын нэр дээр хэвээр байгаа нь тогтоогдсон боловч зөвхөн энэхүү баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

4.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд талуудын хооронд аман хэлцэл явагдаж, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар тайлбарласан. Гэтэл хангалтгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нотлох баримтыг нэрлэн зааж хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд маргаан бүхий ******* улсын дугаартай автомашиныг хариуцагч худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр яригдсан талаарх тайлбарыг бүрэн дүгнээгүй. Харин хариуцагчийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан гэх ямар ч нотлох баримтгүй, зөвхөн тайлбарыг үндэслэн дүгнэлтээ гаргасан.

4.3. Хариуцагч нь тухайн автомашиныг *******оос ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцож авсан гэж маргадаг. Гэвч үүнийг нотлох ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Нотлох баримтын хувьд бүрдүүлэх гаргаж өгөх боломжтой баримтууд байдаг боловч тийм үйл баримт байхгүй учраас гаргаж өгөөгүй гэж ойлгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тайлбар гаргаж байгаа бол үүнийгээ нотлох, автомашин хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, ажил гүйцэтгэхдээ хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулах эсхүл холбогдох ажил гүйцэтгэсэн газрын зураг гэх мэт зүйлсийг гаргаж өгөх боломж хариуцагчид байсан.

Нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлж өгөх боломжийн хувьд хариуцагчийн гаргаж өгөх нотлох баримттай харьцуулан үзвэл харьцангуй бага байх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д нотлох үүргийн талаар үндэслэлгүй дүгнэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан аман хэлбэрээр байгуулагдсан талаар тайлбарласан. Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд автомашин буюу хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах гэрээг зайлшгүй бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй. Гэтэл аман хэлбэрээр байгуулагдсан хэлцэлд бичгийн хэлбэрээр баримт үйлдэгдээгүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, зайлшгүй бичгээр байгуулсан байх мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн ******* улсын дугаартай, Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* улсын дугаартай Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлжээ. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн бөгөөд хариуцагч тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулахаар шаардсан гэж,

хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ******* нь өөрийн найз *******ын хариуцагч *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

5. Дээрх үйл баримтын талаар талууд зөрүүтэй тайлбар гаргаснаас үзэхэд зохигчийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Мөн тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт ...нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. гэж заасан.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний зүйл, үнэ, үнийг төлөх журам, хугацааг хэлэлцэн тохиролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тэдгээрийг худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж маргасан боловч хэргийн баримтаар ийм үйл баримт тогтоогдохгүй байна

 

6. Харин хариуцагч ******* нь ...*******ын ажлын хамтрагч, найз болох *******ын барилгын сангийн ажлыг 2023 оны 08 дугаар сараас хийж гүйцэтгэж, мөн 9,000,000 төгрөгийн бараа материалыг *******ын барилгын компани болох ******* ХХК-д нийлүүлсэн. Эдгээр ажил гүйцэтгэсэн хөлс болон бараа материалын хөлсөнд тооцож энэхүү автомашиныг *******ын хэлсний дагуу ******* шилжүүлж өгсөн. ... гэх хариу тайлбар гаргаж, ажлын хөлс авч байсан гэх гүйлгээний утга бүхий дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан байх ба уг тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч ******* нь *******оор дамжуулан хариуцагч *******тай танилцсан... гэсэн тайлбар гаргасан байна.

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг бусдад ажил үйлчилгээ үзүүлсний хөлсөнд тооцож авсан гэснийг нэхэмжлэгчийн зүгээс няцаагаагүйгээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчийн хамааралтай гуравдагч этгээдээс ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан байна гэж үзэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тээврийн хэрэгслийг үнийг хариуцагчаас шаардаж байгаагүй, түүнчлэн тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт шилжүүлсэн байгаагаас үзвэл хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

7. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцсон нь хангалттай нотлогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч тодорхой үндэслэл бүхий үйл баримт заан татгалзал гаргасан тохиолдолд энэхүү татгалзлыг үгүйсгэх үндэслэлийг нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор тээврийн хэрэгслийн лавлагааг гаргасан нь гагцхүү нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэл хариуцагчид шилжсэн үйл баримтыг л нотлохоос тухайн хөрөнгө шилжсэн үндэслэлийг нотлохгүй.

 

8. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.БАТЧИМЭГ