Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баярбатын Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909017220921 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, тоотод оршин суудаг,

          2008 оны 02 дугаар сарын 25-нд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар 5 хоногийн хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

          2010 оны 01 дүгээр сарын 06-нд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2012 оны 02 дугаар сарын 17-нд Булган аймгийн 439 дүгээр хорих ангиас шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Баярбатын Чийг /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Золжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Чийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Золжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Золжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Т.Золжаргалын “...Ч бид хоёр караокед архи хэтрүүлэн хэрэглэснээсээ болоод нилээн маргалдаж, тамхи татах гээд үүд рүү гарсан, ...бид 2 нэг нэгнээсээ зууралдаж байгаад Ч миний хамар луу хүрэх шиг болсон, дараа нь миний хамраас цус гарсан, ...Тухайн үед Чтэй зууралдсан, дараа нь Чтэй зууралдаж байгаад гараараа миний нүдийг гэмтээчихсэн, Тэгсэн хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,

          гэрч Г.Даваадоржийн “...караокед дуулаад сууж байгаад Золжаргал, Ч 2 тамхилъя гэж гарсан, нэг харсан Золжаргалын хамраас цус гарсан, хүнд цохиулсан байдалтай орж ирсэн. Ингээд би тэр хоёрыг цаашаа суу, юугаа хийж зодолдсон юм бэ гэж хэлээд удаагүй байж байтал цагдаа нар ирсэн үйл явдал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-21/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ¹4921 тоот актын “…Золжаргалын биед хамрын нуруу,зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-27/,

          Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹940 тоот актын “…Т.Золжаргалын биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Т.Золжаргал толгойн КТГ­ ийн шинжилгээ ирүүлээгүй ба 2019.03.01-ний өдөр 2019.04.19-ны өдрийн гавлын эгч байрлалын рентгэн зургуудад хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-31-32/,

 

Шүүгдэгч Б.Чийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Золжаргал нь намайг хэл амаараа өдөр хоргоогоод намайг цохисон учраас Золжаргалыг цохисон юм. Энэ цохисон үйлдэл маань үнэн бөгөөд дээрх үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Чт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Чт 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Баярбатын Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

           

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР