| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 320/2025/01477/И |
| Дугаар | 225/МА2026/00002 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 225/МА2026/00002
| 2026 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 225/МА2026/00002 |
Х инвест ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 320/ШШ2025/01363 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Хинвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Ө, Г.А нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,788,462 (арван есөн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П /цахим/, хариуцагч Т.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хинвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Тийн Ө, Гийн А нар нь Хинвест ББСБ ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ-1126130112000111 тоот зээлийн гэрээ, №ЗГ-1126130112000111 тоот Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлдэгч Т.Ө /РД:000000 /, Г.А /РД:00000000 / нарт холбогдуулан ...Үндсэн зээлийн үлдэгдэл: 18,516,592.39 (арван найман сая таван зуун арван зургаан мянга таван зуун ерэн хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөг, Үндсэн хүү 1,253,260.76 (нэг сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун жаран төгрөг далан зургаан мөнгө) төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 12,608.77 (арван хоёр мянга зургаан зуун найман төгрөг далан долоон мөнгө), Шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой зардал 6,000 (зургаан мянга) төгрөг.
Иймд хариуцагч Т.Ө, Г.А нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлын хамт нийт 19,788,462.00 төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн 256,893 төгрөгийн хамт гаргуулж, Хинвест ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн төлбөрт үндсэн зээлд 1,483,407.61 төгрөг, зээлийн хүүд 3,835,455.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,336.80 төгрөг, нийт 5,330,200 төгрөгийг төлсөн. Зээлийн эргэн төлөлт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш доголдож эхэлсэн ба хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн төлөлтийг хийсэн. Нийт зээлийн төлбөрт хариуцагч нар нь 5,330,200 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл төлбөрт 18,516,592.39 төгрөгийг, зээлийн хүүд 1,253,260.76 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 12,608.77 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал буюу нотариатын хураамж 6,000 төгрөг, нийт 19,788,462.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэжээ.
Хариуцагч Т.Ө шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би төлбөрийн чадамжгүй болсон учраас 2025 оны 02 дугаар сарын 04-нд машинаа буцааж ав гээд Хинвест ББСБ ХХК-ийн Хөвсгөл аймаг хариуцсан ажилтанд машин болох приус-30 машиныг ямар ч эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн. Би 2025 оны 2 дугаар сараас хойш энэ машиныг огт эзэмшээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй. Би тухайн машиныг өөрийн эзэмшилдээ байлгаагүй тул зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл захиран зарцуулах ямарч боломжгүй Хинвест ББСБ ХХК-ийн эзэмшилд байна.
Иймд өгсөн авснаа буцаах байдлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өр зээлээ хаалгая гэж бодож машиныг өгсөн ба 8 сарын дараа зээл төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн авто машинийг худалдаж авахад урьдчилгаа төлж авсан авснаасаа хойш зээлэнд 5.3 сая төгрөг төлсөн. Надад Архангай болон хотод торгуулсан талаарх мэссэж удаа дараа ирдэг тул Банк бус нь уг машинийг эдэлж хэрэглэж байгаа гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Машинаа өгч байгаа учир зээлийн төлбөрийг төлөхгүй. Урьд нь зээлээ хэд хэд хоног хэтрүүлж төлж байсан. Хамгийн сүүлд 2,840,000 төгрөг хоёр сараар нь төлсөн. Машинд эвдрэл, доголдол байхгүй байсан. Амаржин, түлк эвдрэл байхгүй. Орж ирээд оношилгоонд оруулаад байнга засаж янзлаад явдаг байсан. Чулуу мод ч доогуур нь хүргэж үзээгүй. Машинаа авлаа гэхэд жил гаруйн дараа ямар ч хүн унасан, ямар ч эвдрэл гарсан юм билээ. Бид нар 10,000,000 төгрөгт тооцож буцааж авна гэж байхгүй. 19,788,462 төгрөгийн зээлийн төлбөрт автомашинаа ав гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 320/ШШ2025/01363 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Ө, Г.А нараас 19,788,462 (арван есөн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хинвест ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х инвест ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,892 (хоёр зуун тавин зургаан мянга найман зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т Шийдвэр хууль есны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангахгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зохигчийн хооронд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ-1126130112000111 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр байна. Фидуцийн гэрээний зүйл болох 0000ХӨН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг 2025 оны 02 дугаар 04-ний өдөр хариуцагч Т.Ө нь нэхэмжлэгч Хинвест ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, уг автомашин одоо нэхэмжлэгч байгууллагын эзэмшилд байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож, харин дээрх автомашинаар зээлийн гэрээний үүрэг хангагдах эсэхэд талууд маргасан. Талууд автомашины үнэ 20,000,000 төгрөг учраас энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Хинвест ББСБ ХХК нь өмчлөх эрхийг бүртгүүлж, фидуцийн зүйлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эзэмшилдээ авсан, энэ өдрөөр зээлдэгчийн үүргийн хэмжээ 18,516,592 төгрөг байсан баримтаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл бүхий байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй гэж зохицуулсан.
Мөн Иргэний хуулийн 2.1-т Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 451.3-т Банк. зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байх ба тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү. нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар фидуцийн зүйлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эзэмшилдээ авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.6-д хүү" гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хэлнэ гэж заасан байдаг ба мөн хуулийн 21.1 -т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тусгайлан заасан байна.
Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний үүргийг шударгаар, зохих ёсоор биелүүлэх хүртэл хугацаанд тооцохоор байгаа ба шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.2-т Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрэзнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ, 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453 1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү..төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасанчлан тухайн асуудлаар Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарт дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хариуцагч Т.Өийн зүгээс Би төлбөрийн чадамжгүй болсон учраас 2025 оны 02 дугаар сарын 04-нд машинаа буцааж ав гээд Х Инвест ББСБ ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь хариуцсан ажилтанд өгсөн гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэгдсэн ба манай компани үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус автомашиныг хурааж аваагүй гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй байна. Т.Өийн хүсэлтээр манай байгууллага автомашиныг авч хадгалалт хамтгаалалтандаа байлган хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар удаа дараа хариуцагч нарт мэдэгдэж байсан боловч үнэлгээг хамтран хийлгэх талаар хичээл зүтгэл гаргаагүй тул шүүхэд хандсан байдаг.
2025 оны 12 сарын 15-ны өдрийн Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлангаар дээрх машин 17,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул үлдэх 2,788.462 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Нэхэмжлэгч Х инвест ББСБ ХХК нь иргэн Т.Ө, Г.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 19,788,462 (арван есөн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ Зээлдэгч Тийн Ө, Гийн А нар нь "Хннвест ББСБ ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дугаар №ЗГ-1126130112000111 тоот зээлийн гэрээ, №ЗГ-1126130112000111 тоот Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 20,000,000.00 /хорин сая/ төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, ...гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ...гэрээний дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,516,592.39 төгрөгийг, зээлийн хүү 1,253,260.76 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 12,608.77 төгрөгийг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 19,788,462 төгрөгийг гаргуулна. гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч нар 20,000,000 төгрөгийн зээлийг авч тухайн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд 5,330,200 төгрөгийг төлсөн. Барьцаа хөрөнгө болох автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр банк бус санхүүгийн байгууллага хураан авч өөрийн эзэмшилдээ авсан учир зээл төлөх үүрэггүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ...Төлөгдсөн зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй гэх агуулгаар хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
3.Анхан шатны шүүх ...зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох 0000ХӨН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлд тооцон авснаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Т.Ө, Г.А нар нь Х инвест ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ-1126130112000111 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 2,9 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээний үүргийг хангаж баталгаажуулахаар 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 0000ХӨН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг барьцаалжээ /хх-н 6-8-р тал/.
5.Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг харилцан тохиролцож сонгох эрхтэй бөгөөд Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцын гэрээ/-ний 1.1-д 2024 оны 05-р сарын 22-ны өдөр байгуулсан 1126130112000111 тоот зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх агуулгаар талууд зорилгоо тодорхойлж, дээрх автомашиныг зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна /хх-ийн 7-р тал/.
6.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн эзэмшилд байсан фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эзэмшилдээ шилжүүлэн авснаар хариуцагч нарын үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
7.Шүүх зохигчдын хоорон байгуулагдсан Автомашин барьцаалсан зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасантай нийцжээ.
8.Нэхэмжлэгч тал тухайн автомашины талаар тайлбарлахдаа ...салхины шил хагалсан, гадна талын сэв зураас мөн түүнчлэн машины явах эд ангид эвдрэл гэмтэл гарсан байдаг. Эдгээрийн улмаас тухайн машиныг үнэлүүлэхэд 10,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байгаа гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй, эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар гомдол гаргаагүй байна.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа Автомашины техникийн үнэлгээний тайлан гэх баримтыг ирүүлсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй.
10.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба 2025 оны 12 сарын 15-ны өдрийн Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлангаар дээрх машин 17,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул үлдэх 2,788.462 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.. гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 320/ШШ2025/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч Х инвест ББСБ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,565.39 /тавин есөн мянга таван зуун жаран таван төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ