Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ХШТ/76

 

 

                                                                                                        Г.Б, Д.Б, Ч.У

Э.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, хохирогч “Д” ТӨХК-ийн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч Э.Туул, иргэний нэхэмжлэгч Ш, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Ө.Одончимэг, орчуулагч Д.Наранцэцэг, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар магадлалтай, Э.Х, Ч.У, Д.Б, Г.Б нарт холбогдох 2014250006873 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.Уын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч С.Б, хохирогч “Д” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэргийг 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар сарын 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн., Б

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

Монгол Улсын иргэн, .... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, .... дүүргийн шүүхийн .... ы ... дугаар сарын ...-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2... дугаар зүйлийн 2....2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, У.

 

БНХАУ-ын иргэн ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, Э.Х , гадаад паспортын дугаар

 

Шүүгдэгч Г.Б нь БНХАУ-ын .... хотын “Т” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш /X/, “Д” ХК /ТӨХК/-ийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ЕLҮТ-2011-0125 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос авах зорилгоор БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн захирал Ш /X/-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байх хугацаанд түүний төлөөлөгч Э.Х Ннь БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бд өгч тус бланкин дээр “С” ХХК-ийн захирал Г.Б нь “гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан ...,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2 ам.долларыг Улаанбаатар хотын “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот гадаад валютын данс, Голомт банкны ... тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг боловсруулж, Д.Баар БНХАУ-ын Т хотын замаар бусдыг төөрөгдөлд оруулах үүднээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “Д” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж хуурамч баримт бичиг ашиглан хуурсан, тус 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийн дагуу “Д” ХК /ТӨХК/ нь төөрөгдөлд орон хууртаж 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Уын өмчлөлийн “С” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ... тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны ... тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг тус тус авч, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн авч залилах гэмт үйлдлийг зохион байгуулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... телевизийн “...” нэвтрүүлэгт оролцох үедээ Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай шийдвэрийн дагуу 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаа­р хороо, ...орон сууцны 1 давхарт буюу “Н” ХХК-ийн байранд явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хохирогч С.Бийн нэр төр, алдар хүндэд халдаж “С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон” гэж илт худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэрэгт тус тус,

 

шүүгдэгч Ч.У нь “Д” ХК /ТӨХК/-ийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн нийт 1,200,258.2 ам.доллар /1.543.406.400/ төгрөгийг өөрийн “С” ХХК-ийн дансаар авч Г.Бид дамжуулан өгч залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Д.Б нь санаатайгаар бусадтай бүлэглэн БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн захирал Ш /X/-г Монгол улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор түүний төлөөлөгч Э.Хд үлдээсэн БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг авсан, тус бланк дээр Э.Хгийн гарын үсгийг дуурайлган зурж, “Д” ХК /ТӨХК/-д хүргүүлэн залилах гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

шүүгдэгч БНХАУ-ын иргэн Э.Х нь БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн захирал Ш /X/-г Монгол улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор үлдээсэн БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкийг хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж Д.Баар дамжуулж Г.Бид өгч, залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж,

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.Бийг бусадтай бүлэглэн, хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Д.Быг бусадтай бүлэглэн, хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон нийт 409 хоногийн 1 хоногийг ... нэгжээр тооцон нийт 6,135,000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасч нийт торгуулийн ялыг 33,865,000 төгрөг,

шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон нийт 166 хоногийн 1 хоногийг ... нэгжээр тооцон нийт 2,490,000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасч нийт торгуулийн ялыг 32,510,000 төгрөгөөр тогтоож,

шүүгдэгч Г.Б, Д.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв төлөөгүй тохиолдолд хорих ялаас солихыг дурдаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Боос нийт 671,702,200 төгрөг, шүүгдэгч Д.Баас нийт 771,702,200 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “Д” ХК /ТӨХК/-д олгож, уг хохирлоо тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тамгын газрын Төрийн сан 100900005406 дансанд байгаа 100,000,000 төгрөгийг “Д” ХК /ТӨХК/-Д олгож,

“Д” ХК /ТӨХК/-аас 1,543,406,400 төгрөг, 547,555.2 ам.долларыг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ш /X/-д олгож,

Иргэний нэхэмжлэгч Шийн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Д.Бын өмчлөлийн ...дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... дугаар байрны ... тоот .. м.кв ... өрөө орон сууц /үнэлгээ 169,200,000 төгрөг/ ... дугаар байрны ... тоот ... м.кв ... өрөө орон сууц /үнэлгээ 198,000,000 төгрөг/ битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

“Д” ХК /ТӨХК/-ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд байгаа 550,000 ам.долларын шилжилт хөдөлгөөн, хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

шүүгдэгч Г.Б, Д.Б нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.У, Э.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “... 547,555.2 ам.долларыг тус тус ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “БНХАУ-ын Т хотын “Т” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш /X/, “Д” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга, Э.Эрдэнэбулган, Л.Намнансүрэн, хохирогч С.Б, хохирогч, иргэний хариуцагч ...ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “...  дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолд “... Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд бие организм байх бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх. тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, түүнийгээ үзүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэр арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Энэ явцдаа төөрөгдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно” гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтаас үзэхэд намайг ... үйлдвэрийн хэн нэгэн хүнийг төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тухайлбал ... үйлдвэрийн мэдэлд байсан ...өмч болох 2.0 сая ам.доллараас Д.Бын гарын үсэг зурсан 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 86\25 дугаартай албан бичгээр 1.2 сая ам.долларыг “С” ХХК-д шилжүүлсэн үйлдэлд хэн нэгэн хүн төөрөгдсөн, хэн нэгнийг төөрөгдүүлсэн шинжтэй үйл явдал болоогүй юм. Учир нь мөнгө шилжүүлсэн үйл явдал нь хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл байгуулсан ... үйлдвэр, ... бид гурвын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны үргэлжлэл юм. Онцлон хэлэхэд бид гурав Монгол улсын Иргэний хуулийн олон заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийсэн шүүхийн өмнө хэн нэгнийгээ буруутгах, хэн нэгнийгээ зөвтгөх эрхгүй яг адилхан гэм буруутай этгээдүүд болохыг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ онцгой анхаарах ёстой байсан. Миний ...тэй хийсэн зуучлалын тухай хэлцэл, түүнд үндэслэсэн төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах тухай гэрээ, энэхүү гэрээ хэлцлээс үүссэн харилцааг цааш үргэлжлүүлсэн ...гарын үсэг бүхий манай компанийн шилжүүлсэн 2.0 сая ам.доллараас 1.2 сая ам.долларыг гэрээний дагуу “С” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрөв гэсэн агуулга бүхий ... үйлдвэрийн санхүүд гэсэн албан бичиг, Д.Бын гарын үсэг зурсан 86\25 дугаартай албан бичгүүд нь хэлцлийн нэг төрөлд хамаарах, хүчин төгөлдөр бус хэлцэл учир хууль адилхан зөрчсөн, адилхан гэм буруутай хэлцэлд оролцогч талуудын нэг нь нөгөөгөө төөрөгдөлд оруулсан хуурамч нотлох баримт гэж үзэхгүй. Хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус албан бичгийн \хэлцлийн\ агуулгаас үзэхэд ... үйлдвэрийн дансанд байсан 2.0 сая долларыг ... үйлдвэрийн өмч биш гэж үзэж байгааг баталж байгаа бөгөөд ийм итгэл үнэмшилтэй байгаа нь тодорхой байхад намайг 86\25 дугаартай албан бичгийг /хүчин төгөлдөр бус хэлцлийг/ ... үйлдвэрт факсаар хүргүүлэхээс өмнө ... үйлдвэрийн мөнгийг төөрөгдөлд оруулж өөрийн болгож авъя гэсэн санаа, зорилго, сэдэлт эхэлж төрсөн гэж үзэх боломжгүй, тийм санаа төрөөгүй нь тодорхой харагдаж байгаа. Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоол бусдын эд хөрөнгийг залилж авах санаа зорилго нь гэмт үйлдээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана Энэ хэргийг үйлдэхэд халхавч болгосон гэрээ хэлцэл нь ганцаараа ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилготой хийгдсэн байна. Хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг олж авах гэсэн санаа зорилготой байсан эсэхийг заавал тогтоосон байхыг мөн тогтоолд заажээ. Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байна. Гэтэл 2.0 сая доллар нь ... үйлдвэрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө биш учир ... үйлдвэрийн хөрөнгөд халдсан гэж үзэхгүй. Эд хөрөнгө өмчлөгч этгээдийг төөрөгдсөнөөс тухайн этгээд эд хөрөнгөө шилжүүлж өгсөн байхыг шаарддаг. Гэтэл тухайн доллар ... үйлдвэрийн өмч биш учир тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудыг долларын өмчлөгч гэж үзэхгүй тул мөн тэднийг төөрөгдөлд оруулсан гэж үзэж болохгүй.

... үйлдвэрийн албан тушаалтнууд зөвхөн 86/25 дугаартай албан бичгээс болж төөрөгдөлд орсон гэж үзэх үндэслэл байхгүй юм. Тухайлбал дээрх албан бичгийг хүргүүлэхээс өмнө 2.0 сая доллараа буцаан авах, өгөх талаар олон удаа яриа хэлэлцээр болсон талаар тус үйлдвэрийн дэд захирал, захирал, нягтлан бодогч нарын дунд болсон нь тэдний мэдүүлгээр нотлогддог. Уг доллар тус үйлдвэрийн мөнгө биш учир долларыг буцааж шилжүүлэх, буцаан авах, буцаан өгөх гэсэн утга бүхий яриа болж байсан ба уг долларыг шилжүүлэхдээ буцааж гэсэн үгийг санхүүгийн баримтанд олон удаа бичигдсэнээс үзэхэд тус үйлдвэрийн албан тушаалтнууд дээрх албан бичигт төөрөгдөж өөрийн өмч болох эд хөрөнгөө бусдад шилжүүлж хохирсон гэж үзэж хэрхэн болох билээ.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.в-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэл зүй, утга агуулгын хувьд ямар ч ойлгомжгүй, тодорхойгүй, эрх зүйн ямар ч үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй шинжээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байх тул энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл болох бөгөөд энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зайлшгүй үндэслэл болдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т маш тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийн бодит байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хир үндэслэлтэй болсон талаар анхаарах, шийтгэх тогтоол нь бичвэрийн хувьд хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж яагаад үзэх болсныг сайтар хянаж өгнө үү. Шийтгэх тогтоол нь дараах шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан хянаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийнэ үү. Тухайлбал:

Тогтоол хууль ёсны байх гэдэгт уг тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, шүүх Эрүүгийн хууль болон бусад хуулийг зөв хэрэглэсэн байхыг, тогтоол үндэслэлтэй байх гэдэгт тогтоол нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийгдсэн байхыг тус тус ойлгоно. Энэ хоёр ойлголт салшгүй холбоотой. Хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх нь шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байгааг нотолдог. Энэ шаардлага хангагдсан эсэхийг,

Тогтоол нь ойлгомжтой, тодорхой бичигдсэн байх ёстой. Сул үг агуулсан, ач холбогдолгүй үйл явдлыг тодорхойлон бичихийг хориглодог. Шүүх тусгай үг, нэр томьёо хэрэглэсэн бол түүнийгээ тайлбарласан байх ёстой. Хууль зүйн хэллэгийн хувьд оновчтой, эрх зүйн мэргэжлийн түвшинд бичигдсэн байвал зохих шаардлагыг хангасан эсэхийг,

Шийтгэх тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд зөвхөн хөдөлбөргүй нотлох баримтад тулгуурласан байх ёстойг хангасан эсэхийг,

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байгаа эсэхэд хэрэгт байгаа бүх нотлох баримтад тулгуурлаж хянах үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг,

Шүүх тогтоол гаргахдаа бодитой болох нь эргэлзээтэй, бусад нотлох баримтаар давхар батлагдаагүй зүйлд үндэслэсэн дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үздэг учир ийм зөрчил байгаа эсэхийг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчвөл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөнд тооцогддог. Ноцтой зөрчил шүүгдэгчийн гэм буруутай гэж үзсэн үйлдлийг тогтоолд тодорхой заагаагүй, тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу үйлдээгүй, тогтоолыг таамаглалд үндэслэн гаргасан зэргийг хамааруулан үздэг ба тийм ноцтой зөрчлийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх гаргасан эсэхийг хэргийг хянахдаа онцгойлон анхаарч дээрх үндэслэлүүдийг харгалзан шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд хохирогч С.Б гаргасан гомдолдоо “... Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “...” нэвтрүүлэгт оролцож, тус нэвтрүүлэг ... телевизийн эфирээр цацагдаж, Youtube хуудсанд байршиж, өнөөдрийн байдлаар 47.600.000 орчим хүн үзэж, 3 жил гаруй хугацаанд байршиж, одоо ч хэн ч үзсэн болохоор энэ гэмт хэрэг үргэлжилсээр байна.

Тус нэвтрүүлэг нийт 1 цаг 10 минут 21 секунд үргэлжилсэн бөгөөд 52 минут 12 секундээс эхлэн “С.Б нь гэж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ярьж эхэлдэг ингэж ярьж байгаад 53 минутад ахин “С.Б” нь гээд тодруулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар үргэлжлүүлэн, “ийм ноцтой зүйлийн ард хонгил ажиллаж байгаа” гээд 54 минут 20 секундээс эхлэн “тагнуулын ажилтан яахлаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллааг зогсоодог билээ, та бод доо” гээд тагнуулын 2 ажилтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон тухай яриагаа үргэлжлүүлнэ.

“С.Бийн захиалгаар Тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон” гэж тасралтгүй үргэлжлүүлж яриагүй нь үнэн боловч тухайн нэвтрүүлэг үзсэн хэн ч боловч С.Б намайг ярьж гүтгэж байгаа нь тодорхой бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ярьж эхлэхдээ хэд хэдэн удаа миний нэрийг хэлж, энэ яриа үргэлжилж байгаад дээрх зүйлийг ярьсан болох нь бичлэгээс тодорхой харагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Худал мэдээлэл” тараах гэмт хэрэг нь “Хүний нэр төр, алдар, хүндэд халдсан худал мэдээлэл тараасан” үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан ба Г.Бийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоолыг холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэж, хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх данс руу мөнгө орсон хэлбэрийг харж “Д” ТӨХК-ийг хохирогчоор тогтоосон нь учир дутагдалтай, цаашид хууль хэрэглээний гажуудал үүсгэхүйц үндэслэлгүй дүгнэлт болсон. Тухайлбал, хохирогчоор тогтоосон мөнгө бол “Д” ТӨХК, БНХАУ-ын “Т хотын Т” ХХК нарын хооронд байгуулагдсан цэвэр иргэний эрх зүйн гэрээний төлбөр юм. Дээрх гэрээний хүрээнд “Д” ТӨХК-иас баяжмал худалдах авах төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл гэрээ дуусгавар болж, БНХАУ-ын “Т хотын Т” ХХК гэрээнээс татгалзаж, баяжмал авч чадаагүй үнийн дүнгийн хэлбэр талаас нь дүгнэлт хийж, мөнгийг захиран зарцуулах, өмчлөгчийн эрх тодорхойлогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээ цуцлагдсанаар хуулийн дагуу дансанд орсон мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн нөхцөл байдалд өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөө талдаа мөнгө “Дарханы ... үйлдвэл” ТӨХК-ийн дансанд шилжин орсноор өмчлөгч болсон агуулгад дүгнэлт хийхдээ хариу төлбөргүйгээр өгөх өр төлбөр байсан эсэхийг тогтоох ёстой. Хэрэв БНХАУ-ын “Т хотын Т” ХХК “Д” ХХК-д өгөх ёстой өр байсан бол “Д” ХХК ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүйгээр дансанд орсон мөнгөний эцсийн өмчлөгч гэж үзэх боломжтой. Гэтэл хоёр компанийн хооронд өр, авлагын асуудал байхгүй, гэрээний хариу төлбөртэй харилцаанд өмчлөгч гэсэн алдаатай дүгнэлт хийсэн.

Бодит байдалд “Д” ТӨХК 1,2 сая долларыг энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамаарч БНХАУ-ын “Т хотын Т” ХХК-д өгөх нь тодорхой байна. Энэ тохиолдолд “Д” ТӨХК хохирогч биш болох нь амьдралын шалгуураар тогтоогдоно. Учир нь баяжмал өгөхгүйгээр мөнгийг авч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй гэдэг нь зарчмын асуудал учир заавал өгнө. Тэгэхээр “Д” ТӨХК-ийг хохирогч гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд хяналтын шатны шүүхээс өмчлөгчийн асуудалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү. “Д” ТӨХК-иас хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хохирогч биш гэдгээ илэрхийлсээр байхад хэлбэрийн төдий дүгнэлт хийсэн.

Түүнчлэн Ш, ...гэх хүмүүсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан иргэний нэхэмжлэгч гэх ойлголтод хамааруулан зэрэгцүүлж тогтоосон гажуудал үүссээр ирсэн. Хэрэв “Д” ТӨХК хохирогч гэж үзвэл иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоож, мөнгийг буцааж иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын “Т хотын Т” ХХК-д өгвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг гажуудуулж хэрэглэсэн нөхцөл байдал үүснэ. Хууль зүйн агуулгын хувьд хохирогч хохирсон мөнгөн дүнгээ өөртөө л авч үлдэнэ. Гэтэл хохирогчоос дахин мөнгө гаргуулах хууль зүйн ойлголт байхгүй. Дээрх байдлуудыг нэлээд замбараагүй байдлаар хамтатган шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд хяналтын шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогчоор тодорхойлогдох этгээд байхгүй буюу иргэний эрх зүйн шинжтэй маргааныг эрүүгийн журмаар олон жил шалгасны эцэст хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдал үндэслэлгүй гэж үзвэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүснэ. Нөгөө талаар хохирогчийг буруу тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил үүссэн гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийх зүй ёсны шаардлага үүснэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасан иргэний хариуцагчийн асуудлаар хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Д” ТӨХК нь БНХАУ-ын “Т хотын Т” ХХК-ийн өмнө гэрээний үүргээ биелүүлэх учиртай. Хэрэв гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд гэрээний дагуу орж ирсэн үнийн дүнг буцаан өгөх үүргийг хүлээнэ...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Харин дээрх дүгнэлт нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн талаар хийсэн дүгнэлтээ бүхэлд нь үгүйсгэсэн, өөр хоорондоо логикийн зөрчилтэй дүгнэлт болсон. Өмчлөгчтэй холбоотойгоор Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан ойлголт, 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхийн агуулга, 111 дүгээр зүйлийн 111.2.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн. Иймд хяналтын шатны шүүх дүгнэлт нэг бүрийн хоорондын ялгаа, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж өгнө үү. Үүний цаана иргэний эрх зүйн гэрээнд үндэслэж иргэний хариуцагчийг тодорхойлсон байна. Ялангуяа нэг хэрэгт хохирогч бөгөөд иргэний нэхэмжлэгч, зэрэгцээд иргэний хариуцагч байх хууль зүйн боломжгүй.

“Д” ТӨХК хохирогч биш болохыг хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд нотолсон байтал үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. “Д” ТӨХК, БНХАУ-ын “Т хотын Т” ХХК нарын хооронд байгуулагдсан төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болж, баяжмал аваагүй төлбөрөө буцаан авах шаардлагын дагуу ...,000 ам.долларыг буцаан өгөхөө хүлээн зөвшөөрч БНХАУ-ын “Т хотын Т” ХХК-д шилжүүлсэн бодит үйл баримт хөдөлгөөнгүй тогтоогдсон. Гэрээний харилцаагаар үүссэн буцаан өгөх мөнгөн дүнгийн ...,000 ам.доллар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т хотын Т” ХХК-ийн өмч болсон үйл баримт бий.

Хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэсэн гэдэг нь анхан шатны шүүхэд яригдана. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй гэх агуулга байхгүй болсон. Түүнчлэн Улсын дээд шүүх хэргийг хэлэлцэх үндэслэл байсан учир хэлэлцүүлж байна гэж ойлгож байгаа. Мөн дэлгэрэнгүй тайлбарлах үүднээс өмгөөлөгч оролцдог гэж ойлгож байна. Хууль зүйн үндэслэлээ тайлбарлахын тулд нотлох баримт дурдсан. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний зөрүү гэдгийг хүчингүй болгоод ерөнхий байдлаар тусгасан.

Шүүмжлэлийг хүлээж аваад энэ хүрээнд гомдлоо тайлбарлая. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрүүтэй тайлбарлаж дүгнэлт хийсэн. Үүнийг нотолж буй баримт бол хоёр компанийн тооцоо нийлсэн акт бөгөөд “Д” ТӨХК мөнгөний өмчлөгч биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ. Дараагийн нотлох баримт бол “Д” ТӨХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан хэрэгт авагдсан байна. “Д” ТӨХК энэ тайландаа тухайн мөнгийг бусдад өгөх өглөг гэдгээр тусгасан юм билээ. Эдгээр нотлох баримтуудаар хохирогчийг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид алдаатай дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний зөрүү үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Зуучлалын гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү мөнгө шилжүүлж авснаас 2 сарын дараа зуучлалын гэрээ байгуулснаар гэмт хэргийн шинж тогтоогдсон гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ш удаа дараагийн мэдүүлэгтээ “Д” ТӨХК-тай гэрээ байгуулсан үеэс Г.Боор зуучлуулах тохиролцоо байсныг хүлээн зөвшөөрч нотолсон. Зуучлалын гэрээ мөнгө авсны дараа байгуулагдсан ч Г.Бтой хийсэн тохиролцоо, Г.Бийн гүйцэтгэсэн үүрэг хангалттай хэрэгжсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байхад хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Шүүх гэмт хэргийн шинжийг “үнэнд үл нийцнэ” гэж тодорхойлох боломжгүй. Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжээр тодорхойлно. Гэтэл номлол сургаалын шинжтэй тодорхойлсон. Гэхдээ Ш өөрийн компанийн бланк дээр өөрийн гарын үсгээ зурж, тамга дарж, “Д” ТӨХК-ийн дансанд байгаа 2 сая ам.доллароос 1.2 сая ам.долларыг “С” ХХК-ийн дансанд шилжүүлэх баримтыг Хятад хэл дээр үйлдэж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд энэхүү баримтыг хуурамч эсэхийг тогтоосон 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр Ш-ий гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Түүнчлэн Ш өөрийн гарын үсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл дээрх албан бичгийг үндэслэж мөнгө шилжүүлсэн үйл баримтад давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Энэ баримтыг үгүйсгэсэн баримт бий эсэхийг заагаагүй, харьцуулсан дүгнэлт хийгээгүй. Харин залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн нотлох баримт байсаар байтал хууль хэрэглээний зөрүүтэй нөхцөл байдал үүсгэж, гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлсон. Гагцхүү Ш-ний үйлдсэн албан бичгийг Монгол хэл дээр буулгасан төдий баримтыг хуурамчаар үйлдсэн мэтээр дүгнэж буй нь хуулийг буруу хэрэглэх үндэслэлийг бүрдүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийж өгнө үү. Хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол яригдах ёстой. Мөн зөрүүтэй баримт байвал хооронд нь харьцуулан дүгнэлт хийх ёстой. Гэрээ цуцлагдаад мөнгө төгрөгөө өгч, авсан үйл баримт байсаар байхад давж заалдах шатны шүүхээс гэрээг цуцлагдаагүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Бийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Х.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т заасан үндэслэлүүдээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан ойлголтод хамааруулан “Д” ТӨХК-ийг хохирогчоор тогтоосон үйл баримт бий. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаартай тогтоолд “... залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд бие организм байх бөгөөд гэмт этгээдээс хуурамч бичиг баримт хэрэглэх, өөрийгөө хөрөнгөтэй хүн гэж итгүүлэх, тусгай албан үнэмлэх буюу хувцас хэрэглэх, түүнийгээ үзүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэрлэх арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж хариу үйлдэл хийх чадвартай хүн байна” гэж заасан байна. Гэтэл Д” ТӨХК нь хүн биш хуулийн этгээд юм. Тиймээс Д” ТӨХК-ийн ерөнхий болон гүйцэтгэх захирал эсхүл, ерөнхий нягтлан бодогчийг төөрөгдүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй.

Шүүгдэгч Г.Б нь Ш-тэй Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаанд орсон. Энэ талаар нь Ш зөвшөөрсөн, албан бичиг гаргаж өгсөн, шагналын гэрээ гэх нэртэй албан бичиг хийгдсэн, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан зэрэг үйл баримтууд бий. Мөн шүүгдэгч Э.Х шүүх хуралдаан оролцохдоо “мөнгөө Д” ТӨХК-иас аваад өг гэсэн зүйлийг ярьсан” гэж мэдүүлдэг. Тэгэхээр шүүгдэгч Г.Б, Ш нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэний дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаар гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Шүүх үнэнд үл нийцэх, бусдыг төөрөгдүүлэх гэсэн байдлаар ойлгомжгүй дүгнэлт хийсэн” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Ч.Уын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 590 дугаар шийтгэх тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ...37 дугаартай цагаатгах тогтоолуудад Ч.Уыг 54 хоног цагдан хоригдсон гэж бичсэн байдаг. Мөн удаа дараагийн яллах дүгнэлтүүдийн хавсралтад Ч.Уыг 2014 оны 07 дугаар сарын 17-ноос 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 35 хоног, 20... оны 07 дугаар сарын 09-нөөс 20... оны 07 дугаар сарын 28-ны хүртэл 19 хоног, нийт 54 хоног цагдан хоригдсон гэж бичсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Ч.Уыг цагаатгаж шийдвэрлэхдээ түүний цагдан хохирогдсон хоногийг 35 хоног гэж багасган бичсэнийг зөвшөөрөхгүй байна. Иймд Ч.Уын цагдан хоригдсон хоногийг 54 хоног гэж зөвтгөж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд хохирогч, иргэний хариуцагч Д ... ХК-ийн /ТӨХК/ өмгөөлөгч Э.Туул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид, хохирогчоос иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “Д” ТӨХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрийг иргэний нэхэмжлэгч Шд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. 2011 онд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээг 4 сая ам.доллараас байгуулсан боловч 2 сая ам.долларыг шилжүүлсэн. Улмаар 2 сая ам.долларыг шилжүүлж авсан “Д” ТӨХК 4 сарын дотор төмрийг хүдрийн баяжмалыг нийлүүлэх байсан. Гэтэл төмрийн хүдрийн баяжмал нийлүүлэх хугацаа болоогүй байхад БНХАУ-ын “Т хотын Т” ХХК-иас 1,2 сая ам.долларыг буцаан авах тухай албан бичиг ирсэн. Тухайн албан бичигт БНХАУ-ын “Т хотын Т” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгч Э.Х гарын үсэг зурсан байсан. 2 сая.ам долларыг БНХАУ-ын “Т хотын Т” ХХК өөрийн нэрийн данснаас шилжүүлээгүй буюу нийт 13 удаагийн гүйлгээгээр БНХАУ-ын Эрээн хотын компанийн данснаас шилжүүлсэн учир буцаан авахыг хүссэн мөнгийг албан бичигт заасан дансанд шилжүүлсэн. Тэгэхээр гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан буюу Ш өөрийн итгэл хүлээлгэсэн Э.Хд тамгалсан хоосон бланк 3 ширхгийг өгсөн болохоо хэлдэг. Улмаар Э.Х гурван бланкийг “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ТӨХК-тай байгуулсан гэрээний харилцаанд ашигласан байдаг. “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр ТӨХК-иас 1,2 сая ам.долларыг шилжүүлсний дараа 6132 тонн хүдрийн баяжмалыг нийлүүлсэн. Мөн Ш-д амьдралын шаардлагаар хэрэгтэй болсон ... мянган ам.долларыг нь өгөөд үлдэх 524 мянган ам.доллар прокурорын тогтоолоор битүүмжлэгдэж үлдсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул 524 мянган ам.долларыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1,2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.5 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж Шд олгуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү. Хохиролтой холбоотой тооцооллын алдааг бичгээр гаргасан гомдолдоо бичсэн” гэв.

 

Мөн шатны шүүхэд хохирогч Ш /X/-ийн өмгөөлөгч Д.Баттөмөр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох 11 дэх заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулж гомдол гаргасан. Ш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн байр сууринаас оролцож ирснийг хэлэх нь зүйтэй. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээдийн нэхэмжлэлтэй холбоотой хохирлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан боловч давж заалдах шатны шүүх “Д” ТӨХК-иас иргэний нэхэмжлэгчид өгөх ёстой мөнгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй. “Д” ТӨХК-д 2 сая мянган ам.доллар өгсөн нь худалдах, худалдан авах ажиллагаа буюу иргэний харилцаа. Гэрээ 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ба гэрээний хугацааг тухайн оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу бараа нийлүүлсэн сүүлийн өдрөөс тооцохоор тохиролцсон. Шилжүүлсэн 2 сая ам.долларын 220 орчим мянган долларт бараа, ар гэрийн гачигдлаар ... мянган долларыг авч, үлдэх 547,555.2 ам.доллар гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш “Д” ТӨХК-ийн дансанд байгаа. Худалдах, худалдан авах гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон дараах хэд хэдэн үндэслэл бий. Үүнд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй, гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн мөнгө алга болсон, нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ТӨХК 547,555.2 ам.долларыг хөндлөнгийн байр сууринаас өгөх боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ээдрээ төвөгтэй байдлууд үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ мөнгийг худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон цагт өгөх ёстой. Анхан шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэж, хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Гэрээ дуусгавар болсныг шүүгдэгчийн өмгөөлөгч ч хэллээ.

“Д” ТӨХК-иас 547,555.2 ам.долларыг өгөхгүй гээд байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй материалыг дүгнэж дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д “гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иргэний шүүхээр нэхэмжлэх боломжгүй байсан нь харагдана. “Д” ТӨХК-иас тооцоо нийлээд 547,555.2 ам.доллар үлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт бий. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх заалтыг хэвээр үлдээж өгнө үү.

Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдааны дараа шүүгдэгч нарын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлдэг. Улмаар шийтгэх тогтоол гарах үед “Д” ТӨХК-ийн дансанд 100 сая төгрөг шилжүүлсэн. Харин хохирлыг 5 хоногийн хугацаанд төлөхөд өмчлөлийн асуудал байгаа хэдий ч өр төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Гэтэл өнөөдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж байгаа нь ямар учиртай вэ. “Д” ТӨХК хохирлоос тодорхой хэмжээг авсан байгаа нь хохирлыг шүүгдэгч нараас авах бүрэн боломжтойг харуулж байна.

Анхан шатны шүүх хор уршгийн талаар гаргасан нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 2 сая ам.доллараас гадна үйл ажиллагаа явуулахад маш их хэмжээний мөнгө зарцуулсан. Хүн ёсны хувьд 13 жилийн турш мөнгөө авах гэж яваа байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байх” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч Ш /X/-ийн өмгөөлөгч Ө.Одончимэг хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Ш-ийг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн гэж үзсэн атлаа 547,555 долларыг тусгаарлан авч үзэж буй нь үндэслэлгүй. Бүтэн 13 жилийн турш  547,555 долларыг зарцуулах эрхгүй яваа. Хэрэв мөнгөө өсгөсөн, эсхүл өрөө төлсөн бол энэ хэмжээний хохирол учрахгүй байсан. Давж заалдах шатны шүүх салган шийдвэрлэх боломжгүй мөнгийг салгаж, биднийг иргэний журмаар нэхэмжлэхийг шаардсан асуулт асуусан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Нөгөө талдаа гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглосон байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан хэлсэн саналдаа “... миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндсөн гомдол, тайлбар хэлэгдээгүй учир тайлбаргүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч С.Бийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц хэлсэн саналдаа “... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор С.Бийг тогтоож, Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс “...Хавтаст хэрэгт шүүгдэгч Г.Бийн тус үйлдлийн гол нотолгоо болсон эд мөрийн баримтаар авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан 7 ширхэг сидинд буулгасан дуу, дүрсний бичлэгээр Г.Б нь ... телевизийн “...” нэвтрүүлэгт оролцож байх явцдаа “шийдвэр гүйцэтгэлийн 12012 ажиллагаа явагдаж байхад тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж таслан зогсоосон” гэж ярьсан үйл баримт тогтоогдож байна. Мөн тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад тагнуулын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж таслан зогсоосон үйл баримт болоогүй нь хавтаст хэрэгт авагдаж улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин уг ярилцлагын дүрс бичлэгийг үзэхэд яллах дүгнэлтэд бичигдсэн шиг С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон гэж хохирогч С.Б рүү шууд чиглэсэн ярилцлага өгөөгүй үйл баримт тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх тухайн үйл баримтыг “Хуульд заасан худал мэдээлэл нь болоогүй асуудлыг болсон, эсхүл болсон асуудлыг болоогүй мэтээр үнэнийг гуйвуулсан, бодит байдалтай нийцээгүй агуулгатай байх бөгөөд олон нийтэд хүрснээр хохирогчийн нийгэмд үнэлэгдэх үнэлэмжид сөргөөр нөлөөлж, олон нийтэд хохирогчийн талаар худал ташаа ойлголт төрүүлсэн байдгаар тус гэмт хэргийн шинж тодорхойлогдоно. Хэрэгт авагдсан баримтаар, Г.Б нь “...” нэвтрүүлэгт оролцох үедээ С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын ажилтнууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон гэж ойлгогдох зүйл яриагүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй” гэж дүгнээд мөн хэрэгсэхгүй болгосон. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт илт худал мэдээлэл тараасныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Ер нь бол хууль хүчний байгууллага С.Бтэй нийлж 25 тэрбум төгрөгийн компанийг нь залилаад авчихсан гэдэг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Тэгэхээр бичлэгт илт худлаа ярьж буй нөхцөл байдал тогтоогдсон. ... телевизийн “...” нэвтрүүлгийн 36 минут 54 сэкундэд “А машиныг битүүмжилснийг С.Бийн хүмүүс ирээд бичлэг хийж мэдээллийн хэрэгслээр тараасан” гэдэг. Гэтэл С.Б болон түүний хамаарал бүхий хүмүүс очоогүй, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараагаагүй. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, 4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасан. Гэхдээ худал мэдээлэл гэдгийг АНУ-ын ашгийн төлөө бус Олон Улсын байгууллагаас тайлбарласан ч хууль зүйн хувьд хэрэглэх нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ төрлийн гэмт хэргийг өөр өөрөөр тайлбарлаж байна. Тэгэхээр Г.Б ... телевизийн “...” нэвтрүүлэгт орохдоо С.Б хууль хүчний байгууллагыг захирдаг, бүлэглэж хүн гүтгэдэг талаар ярьсан нь хохирогчийн Үндсэн хуульд заасан хүн бүр эрх зүйн этгээд байна, хүний нэр төр халдашгүй дархан байх зохицуулалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Тагнуулын хоёр ажилтан С.Бийн захиалгаар орж ирээгүй байсан ч дээр дурдсан баримтуудаар түүний нэр хүндэд халдсан эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Зөвхөн хохирогч руу чиглээгүй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Н” ХХК-ийн эрх ашиг хөндөгддөг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрвэл заавал мухарлах ёстой. А машиныг хураан авсан процесс болсон нь үнэн. Гэхдээ С.Бийн хүмүүс тухайн ажиллагааг бичиж тараасан гэж ярьсан гэмт хэргийн шинж үүний дараа үүссэн байна. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зохицуулалт хүчингүй болсон хэдий ч практикт зарим үйлдэл, холбогдлыг тусгаарлаж байгаа учир Г.Бийн энэ үйлдлийг тусгаарлаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийлгэж өгнө үү. Учир нь нэг талдаа хохирогчийн эрх ашиг бий нөгөө талдаа шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдэлд хариуцлага яригдах учир эрх зүйн байдал дордох байх” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэл байхгүй байна. Харин шүүхийн хууль хэрэглээний зөрүү үүссэн гэж харж байна. Гэхдээ хэргийн үндсэн үйл баримт, зүйлчлэлтэй холбоотойгоор хуулийг буруу хэрэглэсэн зөрүү гараагүй буюу иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг зөрүүтэй шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.Уын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо .”..анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Уын нийт цагдан хоригдсон хоногийг 35 хоног гэж буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. Иймд цагдан хоригдсон хоногийг 54 хоногоор зөвтгөн тогтоож өгнө үү” гэсэн байна.

Шүүгдэгч Ч.Уын цагдан хоригдсон хоногийг 54 хоногийг 35 хоногоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна. Улсын яллагчаас Ч.У 54 хоног цагдан хоригдсон болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснийг 25 дугаар хавтаст хэрэгт хавсаргасан байна. Мөн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад Ч.Уын цагдан хоригдсон хоногийг 54 хоногоор тооцож бичсэн. Иймд Ч.Уын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-ий өмгөөлөгч О.Баттөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүх “Д” ТӨХК-ийн дансанд байгаа 550,000 ам.долларыг иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож өөрчилсөн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.

Хохирогч “Д” ТӨХК-ийн дансанд байгаа 550,000 ам.долларыг иргэний нэхэмжлэгч Ш-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож өөрчилсөн нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан ба хуулийн дээрх заалтын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирлын асуудлыг шийдвэрлэх учиртай. Дээрх 550,000 ам.доллар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “Д” ТӨХК-иас “С” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 1,200,258 ам.доллар тооцогдох бөгөөд уг хохирлыг хохирогч “Д” ТӨХК нь иргэний нэхэмжлэгч Ш-д төлөх учиртай.

Үлдэгдэл 800,000 орчим ам.долларын асуудал нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролд хамаарахгүй бөгөөд гэрээ байгуулагч хоёр тал болох “Д” ТӨХК болон БНХАУ-ын Т хотын “Т” ХХК нар гэрээ дүгнэн тооцоо нийлж шийдвэрлэх асуудал байна. Иймд энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

“Д” ТӨХК болон БНХАУ-ын Т хотын “Т” компани нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн 2,000,000 ам.доллар “Д” ТӨХК-ийн эзэмшилд шилжсэн. Гэрээний дагуу төлбөр шилжсэнээр худалдагч тал болох “Д” ТӨХК тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь үүссэн ба тодорхой хувийг захиран зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Гэрээний хоёр тал тодорхой хэлцлийн үндсэн дээр гэрээний үнийг худалдагч тал захиран зарцуулах эрхгүй гэж тохиролцсон, дундын данс нээх замаар захиран зарцуулалтыг хэн аль нь хянасан зэрэг нөхцөл байдал байхгүй бөгөөд “Д” ТӨХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй ба шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах хохирлыг “Д” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Д ТӨХК-ийн өмгөөлөгчийн зүгээс 1.2 сая ам.долларыг шууд Ш-д олгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр өөр оролцогчийн хувьд дээрх байдлаар шийдвэрлэх боломжгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Г.Б нь “...” нэвтрүүлэгт орохдоо “С.Б гэдэг хүний захиалгаар Тагнуулын байгууллагын ажилтнууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон” гэсэн зүйлийг яриагүй, хохирогч Б нэр төр алдар хүндэд халдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Г.Бид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж  заалдах шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль хэрэглээний зөрүүг арилгах,

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Г.Б нарт холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхуйц нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд сөргөөр нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь Д.Б, Э.Х нартай бүлэглэн БНХАУ-ын “Т” ХХК-иас Монгол Улсын “Д” ТӨХК-тай байгуулсан төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.долларын зарим хэсгийг авах зорилгоор тус компанийн захирал Шээс өөрт нь хариуцуулж үлдээсэн компанийн тамгатай албан бичгийн маягтыг Э.Х нь Г.Бид өгч, Г.Б нь “... өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ зөрчиж байгаа тул 2011 оны 06 дугаар сард ачуулах ёстой ....000 тонн төмрийн баяжмалын үнэ 1.200.000 ам.долларыг “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот гадаад валютын данс, Голомт банкны ... тоот төгрөгийн дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хуурамч хүсэлт үйлдэж, Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн гарын үсгийг дуурайлган зурж “Д” рүү факсаар илгээн төөрөгдөлд оруулж 404.774.400 төгрөг, 880.000 ам.доллар залилан мэхлэн авч тухайн үеийн үнэлэмжээр “онц их” хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Г.Б нь зохион байгуулсан, Д.Б нь гүйцэтгэгчээр, Э.Х нь хамжигчаар хамтран оролцсон үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Харин шүүхээс өөрт нь итгэмжлэл үлдээсэн албан бичгийн маягтыг ашиглан гэмт хэрэг үйлдэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн Э.Хд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх дүгнэлтэд хүргэж байна.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсний улмаас Г.Бийн “... ...” нэвтрүүлэгт оролцож С.Бийн захиалгаар Тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэх үзүүлэн орж ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон гэх гэмт хэргийн үйл баримтыг нотолсон баримт мэдээлэлд хэт явцуу дүгнэлт хийж “хохирогч С.Б рүү шууд чиглэсэн ярилцлага өгөөгүй”, “... С.Бийн санаачилгаар гэж хэлээгүй” хэмээн хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж Г.Бид холбогдох Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байхын зэрэгцээ гэмт этгээдийг цээрлүүлэх төрийн албадлагыг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц шинжийг агуулсан байж гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Эрүүгийн хуулийн зорилго хангагдах учиртай.

 

Гэтэл хуурамч бичиг баримт үйлдэх замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж 1.2 сая ам.долларын хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулагч этгээдэд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байхад торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд харшилна гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруугийн хэлбэрт тохирсон ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдах үндсэн нөхцөл болохыг анхаарах нь зүйтэй.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус мөнгийг захиран зарцуулсан этгээдээс бус гэмт хэрэгт хамтран оролцсон бүх хүнээс хувь тэнцүү хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай шийдвэр болжээ.

 

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээгүй тул хохирогчийг буруу тогтоосон, хохирлыг буруу тооцоолсон, гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн үндэслэлээр хохирогч байгууллага болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд энэ удаа хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Э.Х, Ч.У, Д.Б, Г.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                               С.БАТДЭЛГЭР

 

                     ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                     Ч.ХОСБАЯР

 

                                                               Б.ЦОГТ