Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0339

 

 

“Ж Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ж Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/1984 тоот албан бичгийг хүчингүй болгож, “Ж Э Т Э” ХХК-ийн XV-014070 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Ж Э Т Э” ХХК-ийн XV014070 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр хурлын товд оруулсан.

Тайланг хэлэлцэхийн өмнө тус тусгай зөвшөөрлийн танилцуулгатай танилцах явцад Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийн улсын хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 2 дугаарт “Байгалийн бүс бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж ангилал дээшлүүлэн Их газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилсүгэй” гэж заасан тул улсын тусгай хамгаалалтад авсан болно.

Мөн тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон байна. Иймд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байсан тул тайланг хэлэлцэх боломжгүй гэж зөвлөлийн бүх гишүүд санал хураалтаар хэлэлцээгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хориглох үйл ажиллагааг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмын ерөнхий зүйлийн 1.2-т зааснаар судалгааны ажил хийх эрх бүхий талбай гэдэгт ашигт малтмалын тухай болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, тус зөвлөл зөвхөн ирсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан бүрийг заавал хүлээн авч, нөөцийг бүртгэх гэж хуулийг буруу хэрэглэн, шийдсэн.

Мөн “Ж Э Т Э” ХХК-ийн зүгээс маргаан бүхий 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийг захирал н.Ялалт нь 201906 дугаар сарын 28-ны өдөр биечлэн ирж яаралтай ирж авсан бөгөөд албан бичгийг авсан баримт байхгүй байхад асуудлыг сайтар тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, энэ талаар нэхэмжлэлд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уг албан бичгийг авсан гэж шүүхэд хандсан бөгөөд уг нөхцөл байдлыг бүх талаас нь сайтар нягтлаагүй хэт нэг талыг барьж, захиргааны хэрэг үүсгэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-2019-11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад “Ж Э Т Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014070 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг оруулсан байжээ.   

Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019  оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 дүгээр албан бичгээр[1] “нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Их хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор баталсан Их газрын чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай” гэх үндэслэлээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй тухай мэдэгдсэн байна.

“Ж Э Т Э” ХХК-иас энэхүү албан бичгийг хүчингүй болгуулж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүгнэлт гаргуулахыг даалгахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг үүсгэн шалгаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалаар батлагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн[2] 1.1-д зааснаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 48 дугаар зүйлийн 48.4 дахь заалтыг тус тус үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үүрэгтэй”-гээр үйл ажиллагаа явуулдаг байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, нөхөн олговрын хэмжээг тогтооход Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэх шаардлагатай гэж тайлбарлаж байх боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэнээс шүүхэд нэхэмжлэл гарган хандаж болох бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.  

Гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 дүгээр албан бичгийг хүчингүй болгох, мөн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нөхөн олговрын асуудал шийдвэрлэгдэх боломжгүй юм.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэхгүй, харин уг шийдвэрийг үндэслэн нөхөн олговрын тооцоололд нөлөөлөх тухай тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл болохгүй байна. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь дүрэмд зааснаар мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үүрэгтэй бөгөөд нөхөн олговрын олгох асуудлыг шийдвэрлэхгүй юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.11-д тус тус зааснаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр зэргийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад хавсаргах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгохоор зохицуулжээ.

Үүнээс үзвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг байх бөгөөд нэгэнт байгалийн цогцолбор газраар тусгай хэрэгцээнд авсан газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.   

Нэхэмжлэгч нь “Хариуцагчийг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч шүүхийн шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бичиг хүргэгчийн дэвтрээр тогтоогдож байх тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.        

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.11, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Э Т Э” ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/1984 дүгээр албан бичгийг хүчингүй болгох, “Ж Э Т Э” ХХК-ийн XV-014070 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 55 хуудас

[2] Хавтаст хэргийн 57 хуудас