Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 27

 

******* ХХК-ний Архангай аймаг дахь

салбарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаарсарын 03-ны өдрийн 198 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний Архангай аймгийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.*******а нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-аас 2.485.000 төгрөгийн үнэ бүхий зургаан нэр төрлийн бараа зээлээр худалдан авсан бөгөөд хамтран ажиллах гэрээний хавсралтаар баталгаажуулж, Яруу сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал болон хариуцагч нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.

*******а нь зээлээр авсан барааныхаа үнийг одоо болтол төлөхгүй байгаа бөгөөд ня-бо Г.*******т мөнгөө өгсөн гэж худлаа хэлж, мөнгөө өгөхгүй байх арга саам хийсээр байгаа тул хуулийн байгууллагад хандаж байна. Миний бие ******* ХХК-ний албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд компаниасаа итгэмжлэл авсан болно.

Хариуцагч С.*******аагаас бараа бүтээгдэхүүний үнэ болох 2.485.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.*******а нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх малчин компаниас бараа авсан нь үнэн. Уг нь лизингийн бичиг баримт бүрдүүлж авсан юм. Тэгээд тухайн үед нь Төрийн банк лизингийн гэрээ дууссан гээд ******* банк дээр хийлгэчих гэсэн. ******* банкин дээр очтол гэрээ нь Төрийн банкны гэрээ байна ирэхээр нь гэрээгээ солиулчих гэсэн юм. Тэгээд ахин, дахин ажил болгож явахаар зээл аваад өгье гэж бодоод ******* банкнаас 3.000.000 төгрөгийн зээл аваад 2015.7.2-нд сумд ирэхээр нь ******* гэдэг хүнд өгсөн. Том машины хажууд сууж байхад нь учир байдлаа хэлээд өгсөн. Тэр хүн чинь хүлээж авлаа гээд авсан шүү дээ. Хамт явсан гэрч болох хүн бий. Бидэнд ******* банкнаас 3.000.000 төгрөгийн зээл авсан баримт хүртэл байгаа. Бид жирийн нэгэн малчин хүн. Хүн гүтгэж залилж мэхлэхийг мэдэхгүй. Миний нэр хүндэд халдаж байна. Юуны учир ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.*******аас 2.485.000 төгрөг гаргуулж ******* ХХК-ний Архангай аймгийн салбарт олгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 55000 төгрөгийн 54710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 290 төгрөгийг, хариуцагчаас 54710 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* ХХК ний нэхэмжлэлтэй, С.*******ад холбогдох 2.485.000 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* би тус хэргийг хянан хэлэлцсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 198 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдол гаргаж буй үндэслэлээ тайлбарлавал.

1. Энэхүү хэргийг шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх зөвхөн нэхэмжлэгч байгууллагын дуудан ирүүлсэн гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтад хэт ач холбогдол өгч, мөнгө өгсөн асуудлыг нүдээр харсан анхдагч гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй орхисон нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсаныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө өгсөн тухай үйл явцыг нүдээр харсан анхдагч гэрчүүд болох Н.******* Би мөнгө тоолж өгч байхыг харсан *******аа эгч тоолж өгч байсан гэх гэрч Р.*******аагийн мөнгө өгнө гэж ярьж байсан *******аа, *******а нарыг мөнгө тоолж байхыг харсан *******аа *******т мөнгө тоолж өгч байсан гэх мэдүүлгүүдийг үнэлээгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх дээрхи нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг гэрч Г.*******ийн бид 07-р сарын 02-ны өдөр очихдоо энэ хүнийг сураад уулзаж чадаагүй буцсан гэсэн мэдүүлгээр гэрч Д.*******ын 07-р сарын 02-ны өдөр бид буцах гээд хамгийн сүүлийн сум дээр очсон би машинаасаа огт холдоогүй ******* 2-3 боодол их хэмжээний мөнгө орж ирж байгаа тохиолдолд намайг дуудаж давхар тоолуулдаг. Тэр өдөр надаар мөнгө тоолуулаагүй. Тэр өдөр их хэмжээний мөнгө орж ирээгүй байх гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт бичжээ. Гэтэл гэрч Д.******* нь тухайн үйл явдлыг нүдээр хараагүй бөгөөд таамагласан, шууд бус нотлох баримтийн шинжтэй дамжмал(үүсмэл )гэрчүүд байна. Мөн эдгээр гэрч Н.Пэрэнлэй, Р.*******аа нарын дээрх мэдүүлгүүд няцаагдаж байгаа юм бол гэрч Н.Пэрэнлэй, Р.*******аа нарын мөнгө өгч байхыг харсан гэсэн мэдүүлгээр гэрч Г.******* Д.******* нарын дээрх мэдүүлэг мөн няцаагдаж байна. Мөн гэрч Д.******* нь тухайн үйл явцыг нүдээр хараагүй ер нь тийм байдаг, тухайн өдөр тийм юм ажиглагдаагүй гэх мэтийн мэдүүлэг өгсөн нь тухайн гэрчийн мэдүүлэг нь шууд бус нотлох баримтын шинжтэй байгааг шүүх анхаараагүй байна.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрч Н.Пэрэнлэй, Р.*******аа нарыг тухайн үед буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* компанийн борлуулалтын цэг дээр ирээгүй байж худал мэдүүлж байна гэж эсэргүүцэж байсан учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс уг шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч бүрээс тухайн өдөр малчин компаний машин болон бараа ямар байрлалтай байсан талаар асууж гэрч нарын мэдүүлгийг тулгахад Г.******* Манай машин захиргааны урд байсан гэж гэрч Д.******* бараагаа машины буруу талын ард тавьсан байсан, машин баруун тийшээ харсан байсан гэж гэрч Н.Пэрэнлэй 1 мотоцикл 1 хөлдөөгч 2-ыг машиныхаа хойно тавьсан байсан машин баруун тийшээ харсан байсан гэж гэрч Р.*******аа ******* компаний машин баруун тийшээ хараад зогсож байсан 1 шар хөлдөөгч машины хойно байсан гэж тус тус мэдүүлсэнээс гэрч Р.Пэрэнлэй, Р.*******аа нар нь худал мэдүүлээгүйг харуулж байгаа юм.

3. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт гэрч Н.Пэрэнлэй Р.*******аа нар нь гэрч *******ааг хэдэн төгрөг тоолж өгсөн хэдтийн дэвсгэрт байсныг нэрлэн зааж мэдүүлээгүй бөгөөд хүнд мөнгө өгсөнийг харсан нь хангалттай нотлохгүй байна гэжээ. Гэтэл ойролцоо юм яриад зогсож байсан гэрчүүд заавал мөнгөний тоог нарийн мэдэх боломжгүй бөгөөд гэрч Р.*******аа их хэмжээний мөнгө тоолж өгч байгаа харагдсан яг хэдэн төгрөг, ямар дэвсгэртүүд байсныг нарийн ажиглаагүй гэж гэрч Н.Пэрэнлэй ахиухан хэмжээний мөнгө өгч байга харагдсан яг хэдэн төгрөг байсныг ажиглаагүй гэж мэдүүлсэн нь хангалттай гэж үзэж байна. Учир нь эдгээр гэрчүүд гэрч Г.*******, *******аа нарыг мөнгө тоолж өгч, авч байхад хамт тоололцоогүй учир заавал мөнгөний тоог нарийн мэдсэн байх ямар ч боломжгүй, шаардлагагүй гэж үзэж байна. Ийм зүйлээр шалтгаалан гэрч Н.Пэрэнлэй Р.*******аа нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн зүгээс гарган өгсөн Г.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нарын харилцах дансны хуулгаас харахад *******ын шилжүүлсэн гэх мөнгө тэдний дансанд ороогүй байгаа зэргээр С.*******а нь худалдан авсан барааныхаа үнийг төлөөгүй гэж мэдүүлсэн гэрч Г.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр батлагдаж байх тул дээрхи гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж шийдвэрлэлээ гэжээ. Гэтэл С.*******а барааныхаа мөнгийг дансаар шилжүүлээгүй бөгөөд харин Г.Болоцэцэгт бэлнээр аваачиж өгсөн гэж мэдүүлж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс бэлнээр өгсөн мөнгийг нь Г.*******ийг хувьдаа завшсан байх магадлалтай гэж үзэж байгаа учраас дээрхи дансны хуулгууд нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа юм.

Мөн дээрх дансны хуулгууд гэрч Г.*******ийн мэдүүлэг үнэн зөв гэж нотлогдож байгаа юм бол гэрч *******аагийн мөнгө өгсөн гэх мэдүүлэг нь ******* банкны малчны зээлийн гэрээ, гэрч Н.Пэрэнлэй гэрч Р.*******аа нарын мэдүүлгүүдээр үнэн зөв гэдэг нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн мэдүүлэг хэт зөрүүтэй байхад зөвхөн нэхэмжлэгч талын нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд хэргийн оролцогчдын эрх тэгш байх зарчим алдагдсан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ буюу нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа учраас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 198 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэн, үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ний Архангай аймгийн салбар нь хариуцагч С.*******ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 2485.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С.*******а нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ******* ХХК-ний Архангай аймгийн салбараас 2485.000 төгрөгний үнэ бүхий 6-н нэр төрлийн барааг үнийг нь дараа төлөхөөр худалдан авч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулдагдсан болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээгээр худалдагч нь худалдан авсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талууд худалдах худалдан авах гэрээ хийсэн болон 2485.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй, харин худалдан авагч С.*******а нь 2485.000 төгрөгийг ******* ХХК-ний нягтлан бодогч *******т хүлээлгэн өгсөн гэж маргажээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.3 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршинсуугаа/ байгаа / газар үүргийг гүйцэтгэхээр, мөн хуулийн 207 дугаар зүйлийн 207.2 т ... үүрэг гүйцтэгүүлэгчийн оршин суугаа, / оршин байгаа газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлсэнээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцохоор заажээ.

Талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэх газар, хугацааг тохиролцоогүй боловч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна

Хариуцагч С.*******а нь үүргийг гүйцэтгэсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар эрх бүхий этгээдэд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч С.*******а нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2485000 төгрөгийг ******* ХХК-ны нягтлан бодогч *******т хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, гэрчээр өөрийн эхнэр *******аа, түүний дүү У.Пэрэнлэй болон Р.*******аа нарыг асуулгаж мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* банкнаас 3000.000 төгрөг зээлж авсан баримтуудыг шүүхэд ирүүлжээ..

С.*******а нь ******* банкнаас 2015 оны 06 дугаар 15-ны өдөр 3000.000 төгрөгний малчины зээл авсан нь хэргийн 24-р хуудсанд авагдсан барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байгаа хэдий ч энэ баримт нь С. *******а нь гэрээний үүрэг 2485000 төгрөгийг худалдагчид төлсөнийг нотлохгүй байна.

Мөн гэрч У.Пэрэнлэй, Р.*******аа нар нь *******аа нь *******т их хэмжээний мөнгө тоолж өгч байсан гэж мэдүүлдэг боловч гэрчүүд тэнд ямар зорилготой явж байсан эсэх, ******* гэж хэрхэн таньсан эсэх, *******аа нь хэдэн төгрөг тоолж өгсөн, хэдтийн дэвсгэрт байсан талаар мэдүүлээгүй байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, эргэлзээтэй байна

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үнэлсэн нь буруу биш байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй гэж бичсэн өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. .

Хариуцагч С.*******а нь гэрээний үүрэг болох 2485000 төгрөгийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй, хариуцагч хариу тайлбараа шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагч С.*******аас 2485000 төгрөгийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчилж, зөвтгөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР