Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00067

 

Ц.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэр,

      Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00096 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ц.Н

           Хариуцагч: М.Ат холбогдох

          Нийт 3.521.311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.С гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 5 давхрын 48 тоотоос 2012 оноос хойш байнга халуун, хүйтэн ус алдаж, орон сууцанд үлэмж хэмжээний хохирол учирсан. 48 тоот байрыг эзэн нь байнга оюутан нарт түрээслүүлдэг учраас жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдгийг анхны үед мэдэхгүй байсан. Байрны хууль ёсны өмчлөгч нь М.А гэдгийг мэдсэн. Нэхэмжлэгч хариуцагчтай утсаар ярихад, тэрээр манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаа, танайд очиж байрыг үзнэ гэсэн. Ингээд түүний нөхөр тэдний орон сууцанд ирж орон сууцны бодит байдлыг нүдээр харж, орон сууцанд учруулсан гэм хорыг буюу хохирлыг төлж өгнө гэж амласан.  Орон сууцанд халуун, хүйтэн ус  дээд давхрын орон сууцнаас байнга алдаж, улмаар мөөгөнцөрдөж, хана туурга хагарч, шавар шавхай унаж, хүн амьдрах аргагүй болсон. Үүнээс болж орцны хана ч мөөгөнцөрдөж, будаг, шохой нь ховхорч унасан.  Хохирлыг төлж өгөөгүй учраас  "Азын хом шагай" ХХК-иар орон сууцанд засвар хийлгэж, барилгын засал чимэглэлийг "НULD" ХХК-иар хийлгэсэн. Зардалд нийт 3.521.311 төгрөг гарсан. Иймд  засварын хөлс  3.421.711 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99.600 төгрөг, нийт 3.521.311 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийнхөө орон сууцанд хийсэн засварын мөнгийг  бусдаас нэхэмжилж, хөршийн эрхийг зөрчиж байна.  Бусдын эд хөрөнгийг  эвдэн сүйтгэж, санаатайгаар оргон зугтаж байгаа мэтээр нэхэмжлэл бичсэнийг зөвшөөрөхгүй. Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хувийн өмчлөлийн орон сууцтай гэдгээ зөвшөөрч байна. Би уг байрны эзэн гэдгийг тус байрны сууц эзэмшигчдийн холбооноос мэдэх бүрэн боломжтой бөгөөд миний бие байнгын оршин суугаа газартаа тогтвортой оршин сууж байгаа. Хэрэв надаас хууль, журмын дагуу шаардсан, нэхэмжилсэн зүйл байгаа бол би тухай бүрт нь өгөх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч өөрийнхөө байранд дээд талын айлаас байнгын ус алдсан хэмээн бичжээ. Гэвч ус манай байрнаас алдсан эсхүл байрны  усны хоолой хагарсан эсэх нь тогтоогдохгүй байхад шаардлага гаргаж байгаа нь  үндэслэлгүй. Манай байрны доторх сантехник, усны хоолойнууд бүтэн байсан ба ямар нэгэн байдлаар ус алдсан гэх зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь уг барилгын байрнуудын хоорондох нууц хоолойнуудаас гарсан байж болзошгүй. Тэрхүү ус алдаж буй газар нь хаана, хэний эзэмшлийн газар гэдэг нь тодорхой бус байгаа юм. Манай байрны ил монтажаас ус алдаж байгаагүйг нэхэмжлэгч болон түүний гэр бүлийнхэн ч гэсэн нүдээр үзэж, харж байсан. Тус байрны далд хоолойноос ус алдсан бол СӨХ хариуцах ёстой. Иймд  хариуцагчаа буруу тодорхойлжээ. Түүнчлэн, би орон сууцны даатгалыг сар бүр төлж байсан тул нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлыг засвар хийлгэхээс өмнө надад мэдэгдсэн бол даатгалын компанид хэлээд, даатгалын байгууллагын төлөөлөл оролцуулан үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгүүлэн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлэх боломжтой байсан. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан  нэхэмжлэлээ нотолж чадаагүй., Нэхэмжлэл хэрэгсэхгүй болох ёстой атал нэхэмжлэлийг шүүх буцааж тогтоол гаргасан нь  ИХШХШТХ-ийг  зөрчсөн явдал болсон. Үүнээс болж би нэг хэрэгт 2 дахь удаагаа хариуцагчаар татагдаж байна. Хуулиараа тус нэхэмжлэлийг буцаах биш хэрэгсэхгүй болгох байсан юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчид хууль зөрчиж тусгайлан боломж олгосноос болж миний эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна. Хэрэв шүүхээс энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэвэл нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй шүүх бүрэлдэхүүнээс гэм хороо буцаан нэхэмжлэх болно.  Нэхэмжлэгч нь өөрсдийнхөө байрыг шинэчлэн засварлаж, гарсан зардлыг биднээр төлүүлэн авахыг эрмэлзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан М.Ат холбогдох Ц.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 72.550 төгрөгөөс 71.291 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1259 төгрөгийг  020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00096 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Норжмаагийн эгц дээд талын тайлаас ус алдаж нэхэмжлэгчид хохирол учирсан. Учирсан хохирлын талаар хариуцагчид хэлсэн бөгөөд “ барагдуулна” гэж байсан ч сүүлдээ холбогдох боломжгүй болсон байна. Халуун хүйтэн ус дээд талаас байнга алдсаны улмаас орон сууц мөөгөнцөртэж,шавар унаж ,орон сууцанд хүн амьдрах боломжгүй болсон. Хохирлыг төлж өгөөгүй тул үнэлгээ хийлгэж, засвар хийлгэсэн. 3.521.311 төгрөгийн бодит зардал гарсан. Шүүх  ИХШХШТХ-ийн  40 2-н заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Энэ нь ИХШХШТХ-ийн 116.2-т заасныг буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг ноцтой зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Улаанбаатар хотын, Баянзүрх дүүрэг, 3 хороо, 12 дугаар хороолол, 8-р байрны 45 тоот орон сууц руу мөн байрны 48 тоотоос ус алдсаны улмаас засвар хийж 3.421.711 төгрөгийн зардал гаргасан, засварын үнэлгээг 99.600 төгрөгөөр хийлгэсэн гэж Ц.Н /төлөөлөгч нь Я.Сьезд/ М.Ааас нийт 3.521.311 төгрөг  шаардаж, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх1-2/

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдоогүй...”  гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд  давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч “... шүүх нотлох баримтыг үнэлээгүй...” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.  

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Улаанбаатар хотын, Баянзүрх дүүрэг, 3 хороо, 12 дугаар хороолол, 8-р байрны  45 тоот орон сууц хоёр хүний өмч /хх 6/ байхад шүүх нэг өмчлөгчийн буюу Ц.Нгийн олгосон итгэмжлэлээр /хх 8/ Я.Сьездыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, итгэмжлэл олгоогүй Д.Баасанжавын эд хөрөнгөнд хохирол учирсан эсэх маргаантай хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу.

      Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

       2. Хариуцагч тодорхой тайлбар өгөөгүйгээс М.А Улаанбаатар хотын, Баянзүрх дүүрэг, 3 хороо, 12 дугаар хороолол, 8-р байрны 48 тоот орон сууцны өмчлөгч эсхүл эзэмшигч эсэх нь ойлгомжгүй байна. 

       Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Иймд нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх талаар дүгнэлт хийхэд 48 тоот орон сууцны өмчлөгч хэн болох нь тогтоогдсон байх шаардлагатай. 

       М.А 48 тоот орон сууцны өмчлөгч эсхүл эзэмшигч эсэх нь тодорхойгүй байгаа тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

       3. Орон сууцанд гарсан гэмтлийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай  акт /хх 33/-д “...гал тогооны болон ванны өрөөний тааз хууларсан, шарласан ...” талаар дурдсан бөгөөд “... 48 тоотын айл 2012 оноос эхлэн 45 тоотын дээд талаас нь байнга ус алдаж удаа дараа уулзаж, шаардлага тавьж байсан боловч арга хэмжээ аваагүй одоог хүрээд байгааг...” “Санчир” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал тодорхойлсон /хх 31/ байна. Эдгээр баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй байхад шүүх “...ус алдсан нь нотлогдоогүй...” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

       4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчжээ.  

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00096 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 71.300 төгрөгийг Ц.Нд  захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ