Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2026/00003

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2026/00003

 

 

У.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 320/ШШ2025/01421 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Мд холбогдох

Д.Цт наадамд уралдуулахаар өгсөн болон худалдсан гэх 7 тооны адууны үнэ 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч У.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ч /цахим/, түүний өмгөөлөгч Б.Баасанжав /цахим/, хариуцагч Х.М /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: .... 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Д.Ц ахад зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага, зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн морь (соёолон морь) зэргийг би Д.Ц ахаар уяа сойлгыг нь тааруулж, наадамд уралдуулах гэж өгсөн юм. ...Д.Ц ах 2021 оны 01 дүгээр сарын 23-ны үед надад худалдах морь байна уу гээд ирэхээр нь би буурал духтай хүрэн үрээ зөв гуяндаа хурээтэй алхан тамгатай, хонгор эр сарваа, сартай хээр эр сарваа, саргүй хээр эр сарваа, хээр халзан эр сарваа нийт 5 тооны адууг үнэ хүргээд худалдаж өг гэж өгсөн юм.

...Би Д.Ц, Х.М нарт өгсөн морьдоо буцааж авмаар байна, би өөрийнхөө адууг хэн нэгэн хүнд зүгээр өгөх үүрэг байхгүй, тэгэхээр би Д.Цын эхнэр Х.Мгаас дээр дурдсан 7 тооны адуугаа бүгдийг нь буцааж шаардах эрхтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

...Иймд Х.Мгаас зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага (одоо соёолон морь), зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн соёолон (одоо их насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг 6 настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), сартай хээр эр сарваа ( одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь) нийт 7 тооны адууг гаргуулж өгнө үү. ...Хүрэн гүү 2,000,000 төгрөг, алхан тамгатай хонгор даага 1,500,000 төгрөг, хүрэн соёолонг 3,500,000 төгрөг, буурал духтай хүрэн хязааланг 3,000,000 төгрөг, хонгор соёолонг 1,500,000, сартай хээр сарвай 1,500,000 төгрөг, саргүй хээр сарвайг 1,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нийт 14,500,000 төгрөг нэхэмжилсэн... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэхээр заасан байдаг. Нэхэмжлэгч нь н.Цт гарал үүслийн бичгийг нь гаргаж, ямар нэгэн доголдолгүй 5 адууг хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан. ...н.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. ...Тухайн нас барагчийн өвийг хүлээн авсан Х.М нь талийгаачтай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, хууль ёсны эхнэр нь учир нэхэмжлэлээ түүнд холбогдуулан гаргасан. ...Х.М нь өв хүлээн авахаас татгалзаагүй нь өв хүлээн авсанд тооцох үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгчийн 7 адууг зарж борлуулж гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. ...Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Х.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг нэхэмжлэлийн ...нийт 7 тооны адуу гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг адуунуудыг мэдэхгүй, хараа ч үгүй. Д.Ц гэдэг хүнтэй 1999 оноос гэр бүл болсон хэдий ч тогтвор суурьшилтай амьдраагүй, салж нийлж явсаар 2021 онд нас барсан. Бид хамт байх хугацаанд надад ийм адууны талаар ярьж байгаагүй, ер нь нэг их нээлттэй хүн биш, юмаа яриад байдаггүй, гэртээ байхаас байхгүй нь их. Аймаг аймгаар нутаг нутгаар их явдаг байсан. Хаана юу хийж явсан, хэнтэй ямар наймаа, яриа хөөрөө хийсэн талаар би мэдэхгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлага надад огт хамаагүй. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 320/ШШ2025/01421 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1, 535.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Мгаас 7 тооны адууны үнэ 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 (дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч У.Ч давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд нас барагч Д.Ц У.Чоос 7 тооны адууг авсан болох нь гэрч Э.Батзаяа, Л.Мөнхорших нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Нас барагч Д.Цт өгсөн нэг адууны мөнгийг нь Х.М авсан баримт хавтаст хэрэгт авагдсан, энэ талаар хариуцагч өөрөө 2 удаагийн шүүх хуралдаан тус бүр дээр тодорхой хэлсэн. Үүнээс дүгнэвэл Д.Цын авсан адуунаас зарж орсон орлогыг гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байсан болох нь тогтоогдож байна, ...адууны үнэ төлбөрийг буцааж төлөх үүрэг Х.Мд үүссэн байна.

...Гэр бүл гэдэг нь амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийг буюу Д.Ц, Х.М нарыг ойлгохоор байна. Тэгэхээр бусдаас худалдаж авсан адууны орлогыг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байх тул буцааж төлөх үүргийг эхнэр нь буюу Х.М хариуцах ёстой гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Л.Э буюу Б гэх хүнээс нэг адууны мөнгийг авч гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан талаар Х.М тодорхой дурдаад байгаа бөгөөд бусдын хүүхдийн үсний найр, бусдад бэлэглэж байгаа адууны талаар няцаалт хийгээгүй нь түүнийг У.Чийн 7 тооны адууг гэр бүлийн хэрэгцээндээ захиран зарцуулсан гэдгээ нотолж байхад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийээгүй гэж үзэж байна.

...Нас барагчийн тодорхой өв, эд хөрөнгө нь Х.Мд шилжсэн, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар холбогдох баримтгүй тул Д.Цын бусдын өмнө хүлээх үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө 515.2-д Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;, 527 дугаар зүйлийн 527.1-д Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно 527.2-д Өвлөгч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй 527.3-д Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хуулийн зүйл заалтаас харахад Х.М нь Д.Цын хууль ёсны өвлөгч мөн бөгөөд 3 сарын дотор татгалзал гаргаагүй бол өвийг хүлээн авсанд тооцогдож, өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд үүргийг хүлээхээр байх тул Х.Мгаас гаргуулах үндэслэлтэй байсан. Тодруулбал амьд ахуйдаа орлого олж байсан буюу миний 7 тооны адуугаар гэр бүлийн хэрэгцээгээ хангаж байсан юм чинь одоо төлбөрийг нь төлөх үүрэг эхнэрт нь байх ёстой гэж би үзэж байна.

Иймд ...шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2.Нэхэмжлэгч У.Ч нь нас барагч Д.Цт наадамд уралдуулахаар өгсөн болон худалдсан 7 тооны адууны үнэ 14,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан байх ба хариуцагч Х.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангажээ.

4.Нэхэмжлэгч У.Ч, нас барагч Д.Ц нарын хооронд 7 тооны адуутай холбогдох гэрээний болон гэрээний бус үүрэг үүссэн эсэх, гэрээний үүрэг, үнийг хэрхэн тохиролцсон, төлбөр, тооцоотой эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч дээрх адууг нас барагчид худалдсан, шилжүүлсэнтэй холбогдох баримт шүүхэд гаргаагүй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авсан байх боловч тэдгээр нь дээрх байдлын талаар тодорхой мэдүүлээгүй тул тэдгээрийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй.

6.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;-ийг хууль ёсны өвлөгч гэхээр заасан ба хариуцагч Х.М нас барагчийн хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Гэвч хариуцагч Х.М нь нас барагчийн өвлөгдвөл зохих хөрөнгийг өвлөн авсан гэх байдал холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр зохицуулсан бөгөөд өвлөгч өвлөгдвөл зохих хөрөнгийг өвлөн авсан, нас барагчийн гүйцэтгээгүй үүрэг үлдсэн нь баримтаар нотлогдсон тохиолдолд нас барагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгчөөр гүйцэтгүүлэх боломжтой.

7.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татаглзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа холбогдох баримтаар нотлоогүй байна.

8.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч У.Чийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч У.Чийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 320/ШШ2025/01421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч У.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 /хоёр зуун гучин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Л.ЭРДЭНЭБАТ  

Б.СОСОРБАРАМ