Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2026/00004

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2026/00004

 

 

 

С.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШШ2026/00013 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Нгийн нэхэмжлэлтэй,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Ц.Бтэй танилцан үерхэж байгаад 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байсан. Бид хамтдаа Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багтаа мал маллан амьдардаг байсан ба нөхөр маань 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бурхан болсон. Одоо миний бие 50 нас хүрсэн ба малчин даатгуулагчаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996 оноос 2000 оны малын А дансанд нөхрийн минь овгийг хойд ааваар нь буюу Ягээр овоглож бичсэний улмаас миний бие тэтгэвэрт орж чадахгүй байна. ...Нөхрийг минь бага байхад аав нь бурхан болсон бөгөөд хадам ээж маань сүүлд Я гэж хүнтэй сууж, нөхөр маань хойд аавтайгаа төрсөн эцэг, хүү шиг өссөн гэдэг. Сүүлд нарийн учир мэдэхгүй нутгийн удирдлагууд малын А данс хөтлөхдөө нөхрийн иргэний бүртгэл дэх овгоор биш Я буюу Я.Б гэж бүртгэл хийсний улмаас одоо миний бие тэтгэвэрт гарч чадахгүй байна. Бид өөрсдөө ч тухайн үед нарийн шалгаж хэлээгүй, засаж залруулалгүй өнгөрсөн байна.

Иймд У овогт Сын Н (00000) намайг Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШШ2026/00013 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар У овогт Сын Нгийн, Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож, түүний Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч С.Нгийн хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ ...1996-2000 оны мал тооллогын А дансанд овог бичигдээгүй Я.Б гэж бүртгэгдсэн байх тул тус баримтыг Я буюу Цгийн Бгийн мал тооллогын А данс гэж дүгнэх боломжгүй байна. Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолд 1996-2000 оны мал тооллогын А дансыг овгийн зөрчилтэй гэж дүгнэсэн байхад шүүх зөвтгөж, нотлох баримтад үнэлэх үндэслэлгүй бөгөөд тухайн хугацаанд мал маллаж байсан тухай өөр нотлох баримтгүй байна... гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ талийгаач нөхөр Ц.Бгийн 1996-2000 оны мал тооллогын А дансны архивын хуулбарыг гаргаж өгсөн байдаг.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь Я.Б гэж бүртгэгдсэн нь Я буюу Цгийн Бгийн мал тооллогын А данс гэж дүгнэх боломжгүй гэсэн атлаа 1996, 2000 онуудын Я.Б гэж бүртгэгдсэн мал тооллогын А дансыг нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр 1996, 2000 онуудад давхар нотлох баримттай гэсэн үндэслэлээр дээрх хугацаанд С.Нгийн мал маллаж байсныг тогтоосон боловч 1997-1999 онуудын малын А дансанд бичигдсэн малчдын нэр 1996, 2000 онуудын малын А дансанд бичигдсэн малчдын нэртэй давхцаж байгаа, Хөвсгөл аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа 1996-2000 онуудын Хөвсгөл аймгийн Өсумын 01-р багийн мал тооллогын А дансанд Я.Бгээс өөр Б гэх хүний мал тооллогын А дансны баримт байхгүй байгаа талаарх тодорхойлолтыг үнэлээгүй, ямар учраас үнэлээгүй талаараа шүүхийн шийдвэртээ дурдаагүй байна.

Мөн талийгаач Б гуайн хойд аав Я, ээж Ц нар нь гэрлэлтээ батлуулсан, тэд хамт амьдарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ц.Б гуайн цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа.

Мөн 1998 оны мал тооллогын А дансанд Б гэж бичигдсэн байхад ямар учраас уг баримтыг Я.Б" гэж бичигдсэн мэтээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Иймд ...шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2.Нэхэмжлэгч У овогт Сын Н нь Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангаагүй байна.

4.Нэхэмжлэгч С.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар мал маллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардах эрхтэй.

5.Нэхэмжлэгч С.Н, түүний нөхөр Ц.Б нар нь 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тэдний гэрлэлт дуусгавар болсон нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 10-11-р хуудас/-аар нотлогджээ.

6.Мөн нас барагч Ц.Бгийн эх Нийн Ц нь Б-ын Ятэй 1969 оны 10 сарын 22-ны өдөр гэрлэсэн нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/-аар тогтоогдсон.

7.Нас барагч Ц.Б нь хойт эцэг Б.Я /Я/, эх Н.Ц нарын аль алинаар овоглож байсан нь:

-Иргэний үнэмлэх авах өргөдөл, БНМАУ-ын хүн амын регистрийн картад РД 00000, эцэг /эх/-ийн нэр Ц, нэр Б, эхнэр С Н, эцэг Баяр Я, эх Н Ц гэж /хх-ийн 24-26-р хуудас/,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ...Эцэг /эх/-ийн нэр Ц, өөрийн нэр Б гэж /хх-ийн 10-р хуудас/,

-С.Нгийн төрөлтийн түүхэнд ...нөхрийн овог, нэр: Ягийн Б гэж /хх-ийн 12-13-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн лавлагаанд ...Хөвсгөл аймаг Өсумын 1 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч Я овогтой Бгийн, ... Ц овогтой Бгийн гэж, мал тооллогын бүртгэлд Я.Б, Ц.Б гэж /хх-ийн 5, 6-9, 63-65-р хуудас/,

-Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын талаарх Үндэсний төв архивын лавлагаанд Эцэг /эх/-ийн нэр Я, өөрийн нэр Б ...тэргүүлэгч өөрөө гэж /хх-ийн 32-35-р хуудас/,

-Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, цэргийн батлахад Ц Б гэж /хх-ийн 44, 51-р хуудас/ тус тус тусгасан баримтуудаар тогтоогдлоо.

8.Түүнчлэн иргэний улсын бүртгэлийн цахим санд Ягийн Б /00000 / гэх иргэний бүртгэл бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр тогтоогдсон.

9.Мөн Цгийн Б /Я.Б/-ийнх Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт мал маллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба түүнээс өөр Б гэх нэртэй малчин тухайн багийн мал тооллогын бүртгэлд тусгагдаагүй тул дээрх нотлох баримтуудыг нас барагч Ц.Бд холбогдох нотлох баримтад үнэлэх үндэслэлтэй.

10.Нэхэмжлэгч С.Н, түүний нөхөр Ц.Б /Я.Б/ нар 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт мал маллаж байсан нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн лавлагаа, 1996-2000 оны мал тооллогын бүртгэл, төрөлтийн түүх дэх ..ажил мэргэжил: малчин, ажлын газар: малчин гэх бичилт, төрснийг бүртгэх анкет, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

11.Анхан шатны шүүх Ягийн Б, Я-ын Б гэх бичилттэй ...баримтыг Цгийн Б-д холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. гэж дүгнэсэн атал нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

12.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШШ2026/00013 дугаар шийдвэрийн Үндэслэх нь: хэсгийн 115.2.2 гэснийг 115.2.1 гэж, Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар У овогт Сын Нгийн Хөвсгөл аймгийн Өсумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Л.ЭРДЭНЭБАТ  

Б.СОСОРБАРАМ