| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2024/03381/И |
| Дугаар | 210/МА2026/00411 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00411
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 74,812,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******, талийгаач ******* нар найзийн холбоотой байсан ба ******* нь торго, дурдан худалддаг бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Тэрээр дэлгүүртээ хөрөнгө оруулахаар хэд хэдэн удаа *******гоос мөнгө зээлснийг талууд дүгнэж 2019.11.15-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, 17 сарын хүү 14,875,000 төгрөг, алданги 24,937,500 төгрөг нийт 74,812,500 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүү ******* нь өвийг хүлээн авахаас татгалзаж, улмаар өвийг талийгаачийн дүү ******* өвлөн авсан тул өвлөгч *******гаас талийгаачийн төлөх ёстой зээлийн төлбөрт 74,812,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь 2020.11.31-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүсч байгаа ч нэхэмжлэлийг 2024.05-р сард гаргажээ. Шаардах эрх үүссэнээс хойш 3 жил гаруйн хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Нэхэмжлэгчээс хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой гаргаж өгсөн баримтад шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал харагдаагүй ба хүсэлтэд 2023.06-р сар хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн гэдэг боловч хөөн хэлэлцэх хугацаа 2023.12.31-ний өдөр дууссан. Эмчилгээний баримтууд нь 2018 оноос эхэлсэн ба шинжилгээний баримтууд байх ба энэ хугацаанд шаардлага гаргах эрхтэй байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн. Зээлийн гэрээнээс үзвэл хариуцагч 35,000,000 төгрөгийг авсан эсэх нь тодорхойгүй ба дансаар 15,000,000 төгрөг орсон ба 20,000,000 төгрөгийг зээлээр авсан байдаг. 2019.02.29-ний өдөр өмнө нь гараар бичээд зээл авч байснаа баталгаажуулж нотариатаар гэрчлүүлжээ. Хэрэв хариуцагчийг амьд байхад нь нэхэмжлэл гаргасан бол гэрээнүүдийн талаар болон 15,000,000 төгрөг дансаар авсан, аваагүйг тодорхой болох байсан. Үүнийг мэдсээр байж зээл өгснөөс хойш олон жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй байна гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцагч *******гаас 35,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, илүү нэхэмжилсэн 39,812,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,013 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэлгүй нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэг.Шүүх Талуудын байгуулсан гэрээний шаардах эрхийн тухайд хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч эрүүл мэндийн байдлаас хэтрүүлсэн, нэхэмжлэгч эрүүл мэндийн байдлаас болж нэхэмжлэлээ гаргаж чадаагүй гэдэг нь үндэслэлгүй гэж маргаж байгаа ч шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй ... талуудын байгуулсан гэрээний хугацаа 2020.12.31-ний өдөр дуусаж, улмаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу зээлдэгч ******* 2023.10.09-ний өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч энэ хугацаанд зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй байсан нөхцөл үүссэн байна гэж дүгнэн шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Учир нь талууд хөөн хэлэлцэх хугацаа дууссанд маргаагүй, харин нэхэмжлэгчээс эрүүл мэндийн шалтгаантай байсан учир хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргадаг. Хүсэлтдээ өвчний тухай баримтаа гаргаж өгсний ихэнх нь шинжилгээний хариу, нэг удаа элэг шилжүүлэн суулгах баримт байдаг ба эмчилгээ нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө дууссан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл үүссэн гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргасан ба хөөн хэлэлцэх хугацааны дотор итгэмжлэлээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаагүй байхад мөн зүйлийн 536.2-т заасныг хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн хувьд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг түүнээс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад энэ талаарх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хоёр.Газрын үнэлгээ эргэлзээтэй байхад хариуцагч *******гаас 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээнд анхны дуудлага худалдааны үнэ бичигдсэн байдаг ба газрын анхны дуудлага худалдааны үнийн дүнг гаргахдаа Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг үндэслэл болгохоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025.05.20-ны өдрийн А/188 дугаар тушаалын 1-р хавсралтад заасан байдаг. Үүнээс харахад эдгээр үнэлгээнээс бодит үнэлгээгээр нь газрын үнийг тооцож, хэдэн төгрөгийн үнэтэй газрыг өвлөн авсныг тодорхойлох ёстой гэж үзэж байна
Гурав.Зээлийн гэрээний үүргийг торгоор төлөхөөр тохиролцсон байдаг ба талийгаач торго худалддаг байсан ба түүнтэй олон жил хамт ажилласан ажилтан нь нэхэмжлэгчийг ирээд торго авдаг байсныг хэлдэг боловч гэрчээр асуулгах хүсэлт гарган утасны дугаарыг шүүхэд өгсөн ч хүсэлтийг хангаагүй. Бидний зүгээс гэрчийн гэрийн хаягийг олох боломжгүй ба Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар оршин суугаа хаяг нь хүний хувийн мэдээлэл тул өөрийнх нь зөвшөөрөлгүй бидэнд ч өгөхгүй байгаа юм. Хэрэв гэрчийн мэдүүлэг авсан бол хэдэн метр, хичнээн тооны торго авсан нь тодорхой болж, үүргээ биелүүлж байсныг нотлох байсан. Талийгаач *******ийг мэддэг, ах, дүү төрөл, садангийн хүмүүс нь хүнд өртэй яваад байдаггүй өртэй бол хурдан төлж дуусгадаг байсан гэж тайлбарладаг.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн үндэслэл бүхий гарсан ба 2024.01.01-ний өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 3 удаа хагалгаанд орсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргах гэхэд хариуцагч нас барсан байсан. Мөн дээрх хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчийн өв хүлээн авагч түүний ганц хүү ******* тул торгоны дэлгүүрт *******ын эхнэртэй уулзан *******тай 3 удаа утсаар холбогдон торгоны үнийн дүн, төлбөр тооцоон дээр тохиролцоогүй учраас шүүхэд 5 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Бид хариуцагч нас барсан байхад нь өвлөгч *******ыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэсэн заалт, мөн өв нээгдсэнээс нэг жилийн дотор гэсэн хугацаанд хамаарах заалтын дагуу шүүх хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч ******* шүүх хуралдаан товлогдсон байхад өвөөс татгалзсан ба ээжийнхээ төрсөн эгч *******д өвийг шилжүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон. Нэхэмжлэлийн хариуцагч өөр этгээдээр солигдсон ба энэхүү процесс хуульд заасан хугацаанд явагдсан. Нэхэмжлэгч нь өвөөр хүлээж авсан 3 газар, 2 компанид үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүхээс өвлөн авсан 3 газрын өвлөх эрхийн гэрчилгээн дэх газрын суурь үнэлгээ нь нэхэмжлэлийг хангахад хангалттай тул шинжээч томилохгүй гэж хүсэлтийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холдбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү 14,785,000 төгрөг, алданги 24,937,500 төгрөг, нийт 74,812,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, талийгаач 15,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлан маргажээ.
3.Нэхэмжлэгч ******* болон талийгаач ******* нарын хооронд 2019.11.15-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 2.1-т зааснаар ******* нь 2018.07.20-2019.02.21-ний хугацаанд нийт 35,000,000 төгрөгийг *******гоос зээлсэн тухай, зээлд 2018.08 сараас эхлэн сарын 2.5 хувийн хүү тооцох, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийг хоног тутамд 0.2 хувиар алданги тооцохоор тохиролцсон, мөн гэрээний 3.2-т мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг 2020.12.31-ний дотор гэж заажээ. Талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатч гэрчилсэн байна. ******* 2023.10.09-ний өдөр нас барсан ба түүний өвлөгдөх эд хөрөнгө болох ******* аймгийн *******сумын ******* багт байх 99,415, 30,000, 99,977 м.кв талбай бүхий гурван газар эзэмших эрх, мөн ******* ХХК, ******* ХХК-иудын 100 хувийн хувьцааг ******* 2024.11.02, 04-ний өдөр тус тус өвлөн авчээ. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.Нэхэмжлэгч нь дээрх тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, өвлүүлэгчийн өвийг хүлээн авсан тухай баримтыг үндэслэн хариуцагч *******гаас 74,812,500 төгрөг гаргуулахаар шаардсанд хариуцагч нь өвийг хүлээн авсан талаар маргаагүй, харин төлбөр барагдуулах гэрээнд заасан 35,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан эсэх, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болон өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн үүргийг хүлээхэд хүрэлцэх эсэх талаар маргажээ.
4.1.Талийгаач *******ийн төрсөн хүү ******* өвөөс татгалзсанаар *******ийн төрсөн дүү ******* өвийг хүлээн авсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.2-т заасантай нийцжээ. Хариуцагчийн өвлөн авсан 5 хөрөнгийн нийт үнийн дүн 106,331,816 төгрөг байна. Иймд ******* нь өвлүүлэгчийн өвийг хүлээн авснаар мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасны дагуу талийгаач *******ийн амьд ахуйдаа бусадтай байгуулсан гэрээний үүргийг өвлөн авсан өвийн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иймээс өвлөгдсөн газрын үнэлгээ тодорхойгүй байхад хариуцагчаас 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухай гомдлыг хангахгүй.
4.2.Нэхэмжлэгч болон талийгаач ******* нарын хооронд байгуулсан гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг 2020.12.31-ний өдөр гэж заасан тул гэрээний үүргийг шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2023.12.31-ний өдрөөр дуусгавар болохоор байна. ******* 2023.10.09-ний өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч нь талийгаачийн гүйцэтгэвэл зохих үүргийг түүний хууль ёсны өвлөгчөөс гаргуулахаар 2024.05.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана гэж заасан хугацаанд багтжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь *******ийг нас барснаас хойш нэг жилийн дотор гэрээний үүргийг өвлөгчөөс шаардсан нь хуульд заасан тусгай хугацааны дотор өвлөгчөөс үүргийг шаардсанаар гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх ба анхан шатны шүүх энэ тухай зөв дүгнэжээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байх тул гомдлыг хангахгүй орхино.
4.3.Мөн нэхэмжлэгч, талийгаач нарын байгуулсан гэрээний 2.1-т ******* нь 35,000,000 төгрөгийг *******гоос хүлээн авсныг талууд баталгаажуулсан байх тул хариуцагчаас 15,000,000 төгрөгийг ******* хүлээн авсан тухай баримтгүй, түүнчлэн ******* нь зээлээ торгоор тооцон төлж байсан гэх татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг дуудаж мэдүүлэг авах тул гэрчээр асуулгахыг хүссэн этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх хаягийг хүсэлт гаргагч өөрөө тодорхойлох учиртай. Шүүх гэрчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахгүй тул энэ талаар шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.
5.Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт оролцсон ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байгааг тайлбарлаж, шүүх хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Энэ талаар нэхэмжлэгч тухайлан хүсэл зоригоо илэрхийлээгүй, шүүх нэхэмжлэгчээс тодруулаагүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж тайлбарласан тул анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тухай тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзлээ.
6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЭНЭБИШ