Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 401

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ээс 13 043 200 /арван гурван сая дөчин гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, “*******” ББСБайгууллагад /РД:5917417/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 152 000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 .Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Цэгмид нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 70 дугаар байр, 51 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-2207004399 дугаартай 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж,  үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 223 166 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ